Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 0305

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б  

Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н-т холбогдох эрүүгийн 1925004970343 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Х.Н

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Х.Н нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” их дэлгүүрийн гадаа 2019 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн О.Б-той маргалдан нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Н-ыг хүний эрүүл мэндэд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” Гэв.

 

Хохирогч О.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч О.Б-ын ...“2019 оны 07 сарын 11-нээс 12-ны шөнө 00 цагийн үед би найз Д, түүний найз охин Энэрэлийн хамт Амарын талбайд болж байсан шоу тоглолт үзээд явж байтал Х.Н-тай Баян их дэлгүүрийн урд явган хүний гарц дээр тааралдсан. Би Х.Н-т хандаж “сайн уу, юу байна” гэж хэлтэл Х.Н үгийн зөрөөгүй миний зүүн талын шанаа руу нэг удаа хүчтэй цохиход би газар ухаан алдаж унасан. Шинжээчийн дүгнэлтээр уруулын дотор салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Одоо миний биеийн байдал хэвийн. Хорих ангид байхдаа нэг удаа муудалцаж байсан. Тэр өдөр маргалдсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5-р хуудас/

 

2. Гэрч Ж.Э-У-ын ...“2019 оны 07 сарын 11-ний өдрийн орой 21 цагаас 01 цагийн хооронд Амарын талбай дээр Наадмын шоу тоглолт болж байсан ба тухайн үйл ажиллагаанд хамгаалалт, эргүүл шалгалтын ажиллагаа хийгээд явж байтал урьд нь над дээр шалгагдаж байсан О.Бямбацогт, Х.Н нар хоорондоо маргалдаад муудалцсан бололтой байсан. Би очоод болсон зүйлийг асуутал Х.Н, О.Б-тыг цохиж унагаасан гэж байсан. Би тухайн үед тэр хоёрыг салгаад цагдаа дээр яг одоо очоод байж бай гэж хэлээд явуулсан. Дараа нь би хэсэг хугацааны дараа цагдаа дээр очоод Х.Н, О.Б нартай уулзаад эмнэлэг дээр очиж цохиулсан шархаа оёдол хийлгэ гэж хэлээд явуулсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

3. Гэрч О.С-ын ...“Х.Н нь миний төрсөн эгчийн хүүхэд. Би Х.Н-ын нагац эгч нь байгаа юм. Би болсон зүйлийг сайн мэднээ. Би хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээж амьдрах санаатай наадмын өдрүүдээр шорлог хийж зарж байсан. Тэгээд 2019 оны 07 сарын 11-ний орой Амарын талбай дээр шоу тоглолт болно гэхээр нь би орой нь шорлог хийж зарах санаатай Амарын талбайн эсрэг талд байрлах спорт ордны урд нь шорлог хийгээд тэр өдөр Х.Н надад туслаад жигтэйхэн сайн байсан чинь надаас холдоод 5-10 минут болсон уу гэнэт Н тэнд хүн цохичихлоо, цагдаа нар ирсэн байна гээд надад хүү Хос-Эрдэнэ хэлсэн. Тэгээд би яваад очтол Х.Н цуг хамт хорих ангид ял эдэлж байсан гэх бандитай маргалдаад цохичихсон гээд нөгөө бандийн уруул нь сэтэрсэн цус гарсан байсан. Хажууд нь Х.Н тэр бандийг сайн таньж байсан Ундрах гээд цагдаа уулзаад тэр хоёрыг цагдаа руу аваад явсан. Би араас нь цагдаа дээр яваад очтол цохиулсан гэх шар залуу нь би гомдолгүй ээ гээд өргөдөл бичиж өгчихөөд би Н болон тэр цохиулсан бандийг дагуулаад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт очоод уруулыг нь оёулах гэтэл нөгөө банди нь гомдолтой гэж уурлаад Х.Н-тай маргалдаад байсан. Би тэр шар бандид уул нь сайн хэлсэн. Эгч нь их мөнгө байхгүй ч гэсэн яаж айлын хүүхдийг цустай нь холиод явуулах вэ дээ, ямартай ч уруулыг чинь оёулаад, их мөнгө өгч чадахгүй ч тав арван цаас ч болтугай өгье гэсэн чинь оёулахгүй гээд эмнэлэгийн гадаа бөөн юм болж байгаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15-р хуудас/

 

4. Гэрч З.Т-гийн ...“Х.Н-ыг зүс танина. Манай гэрийн ойролцоо амьдардаг. О.Б-ыг бас танина. Бид хоёр найзууд. 2019 оны 07 сарын 11-ний өдөр Амарын талбай дээр шоу болно гээд би найзуудтайгаа Амарын талбай дээр очоод шоу үзээд зогсож байтал Бямбацогттой тааралдсан. Тэгээд бид хоёр юм яриад байж байтал О.Б, Х.Н-тай тааралдаад “юу байна андаа “ гэж хэлэхэд нь Х.Н юм ярилгүй О.Б-тын уруул руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа нар ирээд Х.Н, О.Б нарыг аваад явсан. Би Х.Н Б-тыг ямар шалтгаанаар цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэр хоёр өмнө нь цагдан хориход хамт хоригдож байхдаа таарамж муутай байсан юм шиг байна лээ. Х.Н, О.Б-ын уруул руу гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/

 

5. Орхон аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №478 дугаартай “..О.Б-тын биед уруул дотор салстад шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт. /хх-ийн 24-25-р хуудас/

 

6. Яллагдагч Х.Н-ын ...“2019 оны 07 сарын 11-нээс 12-ны шөнө найз Мөнхбат, Золоо, Өнөбат нартай Дэнжийн урд ууланд 2-3 шил архи аваад хувааж уусан. Тэгээд 20-21 цагийн үед найз нараасаа салаад эгч дээрээ ирсэн. Манай эгч Солонго “Төгөл” их дэлгүүрийн гадаа шорлог зарж байсан. Би эгч дээр очоод байж байтал Бямбацогттой тааралдаад миний араас хөөе гээд цохихоор нь би эргээд хартал Бямбацогт нүүрэндээ маск зүүсэн байсан болохоор би эхлээд таниагүй. Дараа нь би тухайн үед ах эгч хоёртой хэрэлдээд нэлээн ууртай байсан. Тэгээд тэр уурандаа эргэж хараад Б-тын шанаа руу 1 удаа цохисон чинь Б зүгээр байгаарай пизда минь, андуураад байгаарай гэж хэлээд барилцаад авахад цаанаас цагдаа нар ирээд салгаад цагдаа дээр авчирсан. Цагдаа дээр ирэхэд Бгомдолгүй гэж хэлээд бид нар БОЭТ-ын түргэн тусламж руу явсан. Тэнд очоод Б-ын уруул хэсэгт 1 оёдол тавьсан. Тэгээд бид хоёр Төгөл дэлгүүрийн урдаас салаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 63-65-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Н нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө 00 цагийн Орхон аймгийн Баян-өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян их дэлгүүрийн урд О.Б-той муудалцаж нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь Х.Н нь өмнө 3 удаагийн ял шийтгэлтэй. Үүндээ огт дүгнэлт хийдэггүй. 2018 онд шийтгүүлсэн. Хугацаанаасаа өмнө буюу 10 сар 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Тэнсэн сулласныг танилцуулаад байхад өөртөө дүгнэлт хийхгүй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг зэрэг нь нөлөөлсөн байна. Амьдрал, ахуй нь сургуульд сурч чадаагүй, боловсролгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой зэрэг нь өмнө нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн. Одоо архи согтууруулах ундаа хэрэглэж хүн мэндэлсний төлөө цохиж болохгүй. Ийм байдал дахиж гаргаж болохгүй. 23 настай залуу хүн. Байнга шүүх, цагдаагаар орж хорих ял эдлээд байвал амьдрал нь хэцүү байдалд орно. Үүн дээр өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн 478 дугаартай дүгнэлт, Х.Н-ын нагац эгч Солонгын мэдүүлэг, Тэмүүжингийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Иймд Х.Н-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч О.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Х.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15 нэгж буюу 15 000 төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоног хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 13 хоногийн ялыг дээрх ял дээр нэмж нэгтгэн нийт 11 сар 23 хоног хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учруулсан. Хохирогч нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримт дагалдаж ирээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Түүний ялыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж оролцоно. Улсын яллагч доод ялын хэмжээ буюу 450 нэгжээр торгох ялыг санал болгож байгаа тул маргах, эсэргүүцэх саналгүй. Тухайн зүйл нь нийтэд тустай ажил хийлгэх ялын санкцитай боловч ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Өмнөх ял дээр нэмж нэгтгэхэд хоног хугацааны ялгаа байхгүй тул эсэргүүцэх саналгүй байна.” гэв.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Б-тын мэдүүлэг, гэрч Ж.Э-У, О.С, З.Т нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Х.Н нь 2019 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Баян” их дэлгүүрийн гадаа иргэн О.Б-гтын нүүрэн тус газар нь цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Х.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Н-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн №45 дугаартай захирамжаар 10 сар 13 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үйлдсэн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 45 дугаартай захирамжаар 10 сар 13 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан шийдвэрийг хүчингүй болгож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 / арван нэг/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н-т оногдуулсан 11 сар 13 хоногийг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС