Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 818

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Д” ХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нарт холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нарын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаар актын...арьс шир худалдан авахтай холбоотой 798,875,093.60 төгрөгийн нэмэгдэл зардалд хамаарах 79.807.509.36 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б , хариуцагч Б.Б , Ж.Я , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Д ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Манай “Д ” ХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нар санхүүгийн баримтуудыг үндэслэн шалгаж, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаартай акт тогтоож татварын нөхөн торгууль ногдуулсан. Тус актыг манай компани 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад актыг эс зөвшөөрч 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1/225 дугаар албан тоотоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд шаардлага /гомдол/ гаргасан. 

Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж 01 дугаартай тогтоол гаргаж манай компанид 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай албан тоотоор уг тогтоолыг ирүүлснийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай компани хүлээн авсан, Тус тогтоолыг хүлээн авч танилцахад татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон татварын нөхөн төлөлтийг багасгаж, 216,565,848.91 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчлөн тогтоосон байна. Татварын маргаан таслах зөвлөл хэдийгээр татварын байцаагч нарын тогтоосон актын дүнг багасгасан хэдий боловч багасгасан дүн болох 216,665,848.91 төгрөгийн нөхөн татварыг манай компани дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Манай компани 2010-2014 онуудад нийт 26.749,447,585.20 төгрөгийн малын арьс шир худалдан авсан бөгөөд тус дүнд арьс ширийг бэлтгэхэд нийтдээ 798,815,093.60 төгрөгийн зардал гарсан. Тухайн зардалд ногдох 79,887,509,36 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Учир нь манай компани малчдаас авсан арьс, шир түүхий эдээ өөрийн тээврийн хэрэгсэл, өөрийн ажилтны хүчээр өөрөөсөө 100 хувь зардлаа гаргаж үйлдвэр дээр авч ирсэн тул эдгээр зардал нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй юм. 

2. Дараах байдлаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2013, 2014, 2015 оны “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актуудаар тогтоогдсон зөрчилд давхардуулан нөхөн татвар ногдуулсан байна. 

Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 191371 дугаартай “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу ногдуулсан 31212,6 мянган төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын дутуу ногдуулсан 585.653,9 мянган төгрөг, бүгд 616.866,5 төгрөгийн зөрчилд 61816,7 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулахаар тогтоосон ба манай компани уг актыг 2013 оны 6 дугаар сард Нэмэгдсэн өртгийн албан татварын авлагаасаа хасаж тооцох хэлбэрээр биелүүлсэн байхад уг зөрчилд давхардуулан дахин акт тогтоогдсон.

Мөн Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 190008885 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар 2013 онд орон сууцны зориулалтаар барьсан байрнаас хувь иргэдэд борлуулсан 397,183,000 төгрөгийн борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй зөрчилд 39,718,300 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, 2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татвараар гарсан 71,215,900 төгрөгийн илүү төлөлтөөс хасаж тооцохоор баталгаажуулж, уг зөрчлийг арилсан байхад мөн л дахин давхардуулж акт тавьсан байдаг. 

Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 190014779 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар 2014 онд 62,519,491.46 борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлогод тооцоогүй, импортоор худалдан авсан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж 124,012,159.83 төгрөгийн худалдан авалтанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү тооцсон, бүгд 186,531,651.29 төгрөгийн зөрчилд 18,653,165.13 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, 2014 онд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татвар тайлангаар илүү ногдуулсан 31,282,712.8 төгрөгөөс хасаж тооцохоор тус тус баталгаажуулсан байдаг.

Гэтэл өмнө нь Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч нарын дээрхи актаар тогтоогдож, биелэлтийг баталгаажуулсан зөрчилд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаартай актаар дахин нөхөн татвар ногдуулж үндэслэлгүй акт тогтоосон байна. 

Иймд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж 01 дугаартай тогтоолоор өөрчлөн тогтоосон 2,165,658,489.10 төгрөгийн зөрчилд ногдох 216,565,848.91 төгрөгийн нөхөн татварын дүнг зөвшөөрөхгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нарын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын 216,565,848.91 төгрөгтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Д ” ХК-ийн 2010-2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн баталгаажуулалтыг Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Я , Б.Б нар тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 21150900155 тоот томилолтын дагуу шалгаж, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 тоот актаар баталгаажуулсан. Тус актын маргааны асуудалд дараах тайлбарыг хүргүүлж байна. 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210201561 тоот актыг татвар төлөгч зөвшөөрөөгүй Маргаан таслах зөвлөлд хандсан юм. 

Маргаан таслах зөвлөлөөр “Д ” ХК-ийн түүхий эд болох арьс ширний үндсэн үнэд Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж худалдан авалтын хасалтыг хийх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харин уг арьс ширийг бэлтгэхэд шаардлагатайгаар гарсан нэмэгдэл зардлын дүнд Нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж хасалт хийх нь буруу гэж шийдвэрлэсэн. Энэ нь “Д ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхий, ямааны арьс татан авалтын нормативт зардал”-ыг баталсан Б-03 тоот тушаал, анхан шатны баримт болох түүхий эд тушаасан орлогын баримт, нэмэлт зардлын задаргаа, тооцооллоор нотлогдож байгаа. 

Тус компанийн нэхэмжлэлд манай компани малчдаас авсан арьс шир, түүхий эдээ өөрийн тээврийн хэрэгсэл, өөрийн ажилтны хүчээр өөрөөсөө 100 хувь зардлаа гаргаж үйлдвэр дээр авч ирсэн...” гэж дурдсан байна. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь “Д ” ХК нь түүхий эдийн бэлтгэлийг өөрсдөө бэлтгэдэггүй бөгөөд “М А ш ү хоо /МАШҮХ/”-ны төлөөлөгчтэй “Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулан ажилладаг. МАШҮХ-ны гүйцэтгэх захирал н.Бы өгсөн албан бичигт “...тус холбоо нь малчдын түүхий эдийг үндэсний үйлдвэрт тушаалгаж, малчдад урамшуулал олгох зорилгоор тухайн орон нутагт нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төлөөлөгч томилон ажиллуулах ажлыг зохион байгуулдаг ашгийн төлөө бус ТББ” гэж дурдсан байсан. Уг төлөөлөгч нь өөрийн зардлаар түүхий эд бэлтгэн “Д ” ХК-д тушааж төлбөрөө авдаг. Энэ нь тус компанийн анхан шатны баримт болох “Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ”, тус компанийн нягтлан бодогчтой хийсэн ярилцлагын тэмдэглэл, түүхий эд тушаасан баримт, төлбөрийн баримт, өглөг, авлагын тооцоо дансанд тусгагдсанаар нотлогдоно. 

2. “Дархан нэxий” ХК нь өмнө нь хэд хэдэн удаа НӨАТ-ын илүү төлөлтийн буцаан авалтаа Дархан-Уул аймгийн татварын хэлтсээр баталгаажуулан гарсан зөрчлөө илүү төлөлтөө бууруулах, бусад татварт шилжүүлэн тооцуулах байдлаар явж байсан. 

Энэ нь Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 78 тоот тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулах журам”-ын 3.5, 4.1 дэх заалтуудыг зөрчиж байсан. 

Тус журмын заалтуудад дурдсанаар НӨАТ-ын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан актыг харилцагч татварын алба үйлдэн Татварын ерөнхий газарт хүргүүлэн, Татварын ерөнхий газар илүү төлөлтийг дахин шалгахаар шийдвэрлэж дахин илүү төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэн бусад татварын өрөнд шилжүүлэн тооцуулах эсвэл буцаан олгуулах тухай хүсэлтийг Сангийн Яамны Төсвийн бодлогын газарт хүргүүлнэ. Сангийн Яам тус хүсэлтийг хүлээн авч бусад татварын өрөнд суутган тооцох, буцаан олгох асуудлыг шийдвэрлэдэг. Иймд Татварын Ерөнхий газар илүү төлөлтийг 2010 оноос дахин шалгахаар шийдвэрлэж баталгаажуулсан бөгөөд үүнд ямар нэгэн давхардуулан хариуцлага тооцсон асуудал байхгүй, анхны үлдэгдэл өөрчлөгдөөгүй болно. Иймд 2010-2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах явцад Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн илрүүлсэн зөрчилд өөрчлөлт ороогүй бөгөөд тус компанийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээр тусгагдсан” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий актаар тавигдсан нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 136,678,339.55 төгрөгийн шаардлагыг татан авч, Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр тогтоолоор тавигдсан 79,887,509.36 нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэж багасган өөрчилжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Д ” ХК нь шүүхэд анх “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б ,  Ж.Я нарын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаар актын 216,565,848.91 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, “дээрх актаар тавигдсан буюу Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурьдагдсан үнийн дүнгээс ... арьс шир худалдан авахтай холбоотой 798,875,093.60 төгрөгийн нэмэгдэл зардалд хамаарах 79,807,509.36 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” гэж өөрчилснийг шүүх хүлээн авч, багасгасан шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б ,  Ж.Я нар нь “Д ” ХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаад, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаар актаар 2,366,437,758.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр тогтоосон байна. 

Улмаар “Д ” ХК нь татварын улсын байцаагч нарын актыг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор 210201561 дугаар актаар 28,116,230,980.70 төгрөгийн зөрчилд ногдуулсан нийт 2,811,623,098.00 төгрөгийн нөхөн татвараас 25,950,572,491.60 төгрөгийн зөрчилд ногдох 2,595,057,249.16 төгрөгийн нөхөн татварыг хасч, 2,165,658,489.10 төгрөгийн зөрчилд ногдох 216,565,848.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр өөрчилжээ. 

Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь “... 2010-2014 онуудад нийт 26,749,447,585.20 төгрөгийн малын арьс шир худалдан авсан бөгөөд тус дүнд арьс ширийг бэлтгэхэд нийтдээ 798,815,093.60 төгрөгийн зардал гарсан. Манай компани малчдаас авсан арьс шир, түүхий эдээ өөрийн тээврийн хэрэгсэл, өөрийн ажилтны хүчээр буюу өөрөөсөө 100 хувь зардлаа гаргаж үйлдвэр дээр авч ирсэн тул эдгээр зардал нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж маргасан байна. 

Гэвч М А ш ү хооны гүйцэтгэх захирал Т.Бы татварын улсын байцаагч Б.Б т 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 144 дүгээр албан бичгээр хүргүүлсэн тайлбарт “ ... уг Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо нь малчдын түүхий эдийг үндэсний үйлдвэрт тушаалгаж, малчдад урамшуулал олгох зорилгоор тухайн орон нутагт нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төлөөлөгч томилон ажиллуулах ажлыг зохион байгуулдаг ашгийн төлөө бус төрийн бус байгууллага” гэснээс үзвэл малчин, үйлдвэрлэгч хоёрыг шууд холбох зорилготой “М А ш ү хоо”-ны төлөөлөгч болох хувь хүнтэй “Д ” ХК нь “Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулан ажиллаж байжээ. 

Өөрөөр хэлбэл “Д ” ХК нь 2010 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаар гэрээнүүдийг иргэн н.Д той, 2013 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 95/1498 дугаар, 2014 оны 04 дүгээр “Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ”-нүүдийг иргэн Х.Г тэй тус тус байгуулж, хамтран ажиллаж байсан ба дээрх гэрээнүүдэд “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчээс малчдын гар дээрээс авсан үнэ дээр худалдан авагч талд тушаах хүртэлх зардлыг бэлтгэн нийлүүлэгч нь өөрөө хариуцаж байгаа учир худалдан авагчид тушаасан түүхий эдийн үнэ, малчдаас худалдан авсан түүхий эдийн үнийн зөрүүг өөрөө хариуцна” гэж тодорхойлсноос үзвэл арьс шир худалдан авахтай холбоотой 798,875,093.60 төгрөгийн нэмэгдэл зардалд хамаарах 79,807,509.36 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан нь үндэслэлтэй байна. 

Түүнчлэн “Д ” ХК-ийн удирдлагаас тус компанид түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалтыг баталсан баримт нь хэрэгт авагдсан бөгөөд үүнд дээрх н.Д , Х.Г нарын нэр бичигдсэн байгаа нь эдгээр бэлтгэн нийлүүлэгч нь нэхэмжлэгч компанид ажилладаггүй болохыг нотолж байна. 

Мөн “Д ” ХК нь түүхий эдийн бэлтгэлийг өөрсдөө бэлтгэдэггүй бөгөөд “М А ш ү хооны төлөөлөгч нь өөрийн зардлаар түүхий эд бэлтгэн “Д ” ХК-д тушааж төлбөрөө авч байсан нь  “Д ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхий, ямааны арьс татан авалтын нормативт зардал”-ыг баталсан Б-03 тоот тушаал, анхан шатны баримт болох “Түүхий эд бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний дагуу түүхий эд тушаасан орлогын баримт, нэмэлт зардлын задаргаа, тус компанийн нягтлан бодогчтой хийсэн ярилцлагын тэмдэглэл, төлбөрийн баримт, өглөг, авлагын тооцоо дансанд тусгагдсан зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, хуулийн этгээд өөрөө бэлтгэсэн буюу тариалсан бөгөөд үйлдвэрлэлийн анхан шатны боловсруулалтад ороогүй ноос, ноолуур, мах, өндөг, арьс шир, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ болон дотооддоо үйлдвэрлэсэн гурилыг дотоодын үйлдвэрлэгчдэд борлуулсан бол үнэд нь 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэж үзэж, тэдгээрийг худалдан авсан этгээдийн төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг уг хувиар хасч тус тус тооцно”, 14.2-д “Энэ хуулийн 14.1.4-т заасан анхдагч түүхий эдийг импортолсон буюу худалдан авч зуучлан борлуулсан бол төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийхгүй” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч “Д ” ХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,  106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Д ” ХК-ийн “Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б , Ж.Я нарын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 210201561 дугаар актаар зөрчилд тооцогдсон буюу Татварын Ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолд дурьдагдсан үнийн дүнгээс ...арьс шир худалдан авахтай холбоотой 798,875,093.60 төгрөгийн нэмэгдэлд зардалд хамаарах 79,807,509.36 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУМАА