Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0632

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0632

Улаанбаатар хот

 

 

                                                    Я.Б-ын нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 585 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Я.Б-ын нэхэмжлэлтэй, БОАЖС-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 585 дугаар шийдвэрээр: “…Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 46 дугаар зүйлийн 46.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй хүлээлгэсэн хугацааны болон ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан цалин, олговрыг давхардуулалгүйгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг даалгажшийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан  гомдолдоо: “Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдсан ажиллаж байгаа этгээдийг хэлэхээр, мөн хуулийн 10.3-д Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ, мөн хуулийн 12 дугаар зүйлд Төрийн захиргааны албан тушаалд 12.1.5-д яамны ... удирдах, гүйцэтгэх албан тушаал хамаарах”-аар тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч Я.Б нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн гэж үзнэ гэх тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан бөгөөд төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоход тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж заавал тэнцсэн байхыг шаарддаг.

Нэхэмжлэгч Я.Б нь өөрөө хүлээн зөвшөөрч, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон цагаасаа нэг ч удаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны Я.Б-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/19 дүгээр тушаалтай маргаж байгаагүй.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нь даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон хэдий ч түүний албан тушаалын цалинг Т3-8-5 шатлалаар тогтоож, төрийн алба хаасан хугацааны 15, ахлах түшмэлийн дөтгөөр зэргийн 20 хувийн тус тус нэмэгдэл олгож байснаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т заасан төрийн албан хаагч, тэр дотроо төрийн жинхэнэ албан хаагч мөн бөгөөд энэ тохиолдолд түүнийг төрийн албаны нөөцөд байсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна гэж, мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам-ын 2-т заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүн зэрэг зохицуулалтыг анхан шатны шүүх зөрчиж нөөцөд байсан гэж үзэхгүй, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 33 дүгээр зүйлийн 33.8-ыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам-ын 2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албаны нөөцийн сангийн бүрэлдэхүүнийг заасан байхад анхан шатны шүүх зөвхөн эрхэлж байсан албан тушаалын ангилал, цалин зэргийг үндэслэж төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж үзнэ хэмээн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/178 тоот албан бичигт тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад Я.Б оролцож байсан баримт байхгүй болно хэмээн тодорхойлолт хэрэгт авагдсан байхад Төрийн албаны төв байгууллагын тодорхойлолтыг шүүх үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

“Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 46.2.5-т Хуульд заасан бусад үндэслэл гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Я.Б-ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлж байгаагаа тодорхой заагаагүй нь хууль бус, нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолыг үндэслэсэн боловч уг тогтоол нь БОАЖС-д зөвлөмж болгосон шинжтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуульд заасан Төрийн албанаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна гэж шүүх дүгнэв” гэх тухайд:

Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх бүрэн эрхтэй бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгохыг даалгасан.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Нэхэмжлэгч Я.Б нь Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолтой маргаагүй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Төрийн албаны тухай хуулийн 65.5 болон Төрийн албаны зөвлөлийн 28 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилласан.

Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй буюу ...төрийн албаны мэргэшлийн шалгалтыг Төрийн албаны зөвлөл нь тухайн байгууллагын захиалгыг үндэслэн зохион байгуулах, захиалагч байгууллага нь сул орон тооны талаар нийтэд мэдээлэх тус тусын үүрэгтэй бөгөөд ийнхүү шалгаруулалт зарлаагүй үйл баримт нь нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаан гэж үзнэ хэмээн хэргийг дутуу дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно, 31.1.1-д Энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Туул голын сав газрын захиргааны даргын орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг өгч байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 144, 146, 147-150 дугаар талд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Туул голын сав газрын захиргааны даргын орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахаар захиалга, зар өгч байсан талаар баримт хэрэгт авагдсан байхад сонгон шалгаруулалт зарлаагүй гэж хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Я.Б нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолтой маргаагүй ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Төрийн албаны тухай хуулийн 65.5-д заасан үүргээ хэрэгжүүлж ажилласан юм.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8-д Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Я.Б-ын нөөцөд байх хугацаа дуусгавар болсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

“Я.Б нь 2019 оны ээлжийн амралтын олговор болон 08 дугаар сарын урьдчилгаа цалинг тус тус авсан нь тогтоогдсон ба 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс Усны газрын Усны нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон тул түүний ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговрыг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаагаар тооцох үндэслэлтэй байна” гэх тухайд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбарт ...Я.Б нь 2019 оны ээлжийн амралтаа 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд авахаар төлөвлөж, 26 хоногийн ээлжийн амралтын олговрыг 7 сард, мөн ажлаас чөлөөлөгдөх эсэх нь тодорхой болоогүй байсан учир сарын эцэст тооцоо хийхээр 8 сарын эхээр урьдчилгаа цалин тус тус авсан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөний улмаас нийт 922,705 төгрөгийг байгууллагад буцаан өгөх тооцоо үүссэн байна хэмээн хариу тайлбар хүргүүлсэн бөгөөд энэ талаар анхан шатны шүүх анхаарч үзэлгүй талууд энэ талаар маргаагүй хэмээн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Я.Б-ын 2019 оны 07 дугаар сарын ажиллавал зохих хоног 20 хоног бөгөөд үүнд холбогдох цалин 811,127 төгрөг, харин 08 дугаар сард ажилласан хоног 9 хоног бөгөөд түүнд бодогдох цалин 556,314 төгрөг нийт 1,367,441 төгрөг олгох байснаас ээлжийн амралтын 1,798,446 төгрөгийг урьдчилан олгож, 07 дугаар сарын ажилласан хоногийг 8 хоногоор бодож 371,351 төгрөг, 08 дугаар сарын цалинд 247,240 төгрөгийг тус тус олгожээ.

Өөрөөр хэлбэл, Я.Б нь 2019 онд ээлжийн амралтын мөнгөө урьдчилан авсан бөгөөд ээлжийн амралтын мөнгийг ажилласан хоногийн цалингаар дүйцүүлж тооцоход 1,442,342 төгрөгийн зөрүү үүсч байгааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 585 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий, бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэг. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгч Я.Б-ыг  удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр тус яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлжээ.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 12 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч 2006 онд төрийн захиргааны албан хаагчийн тангаргыг өргөж, 2005 оноос маргаан бүхий Б/42 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд төрийн албанд тасралтгүй ажилласан байх бөгөөд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““Төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ” гэж заасны дагуу Я.Б нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч мөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно.”, 21.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно.”, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө” гэж тус тус зааснаас үзвэл тухайн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх албан хаагчийг томилохдоо сонгон шалгаруулалт заавал зарлах хуулийн зохицуулалтгүй байжээ.

Харин маргаан бүхий 2019 оны Б/42 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 28 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 27, 33 дугаар зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд иргэдийн сонгон шалгаруулалтгүйгээр томилсон хавсралтад заасан 2013-2017 оны тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын сул орон тоог хууль, журамд заасны дагуу нөхөх арга хэмжээ авахыг БОАЖС-д зөвлөсөн байна.

Дээрхээс үзвэл 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль үйлчилж байх үед буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар Я.Б-ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримтыг 2017 онд батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй  хуулийн үйлчлэлд хамааруулан ажлаас нь чөлөөлснөөр нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан баталгааг зөрчиж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халджээ гэж дүгнэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулах зохицуулалттай. Үүнийг нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил, албан тушаалын байдалд хамааруулан авч үзвэл Я.Б нь 2005-2009 онуудад Усны хэрэг эрхлэх газарт хэлтсийн дарга, 2009-2012 онуудад Усны газар мэргэжилтэн, 2012-2015 онуудад Туул голын сав газрын захиргаанд хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2016 оноос Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь дээр дурдсан хуулийн шатлан дэвших зарчмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/6358 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хандан Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан тухай мэдэгдэж, Авлигатай тэмцэх газрын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05/8353 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлага хэсгийг дахин хянахыг зөвлөснөөр уг сонгон шалгаруулалтыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсан бөгөөд үүнээс хойш сонгон шалгаруулалт явагдаагүй, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/178 дугаар албан бичигт “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд 2016 оноос хойш удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулаагүй” гэснээс үзвэл нэхэмжлэгчид тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох боломж  олдоогүй байна.

Хэрэв хариуцагчаас удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарлан явуулж, уг шалгаруулалтад нэхэмжлэгч ороогүй, эсхүл орсон боловч тэнцээгүй тохиолдолд нэхэмжлэгчийг уг үндэслэлээр ажлаас нь чөлөөлж болох боловч хариуцагч тухайн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлыг тухайн албан тушаалтныг томилох байгууллага, эрх бүхий албан тушаалтан Төрийн албаны зөвлөлтэй хамтран явуулж, тухайн орон тоог нөхөж, төрийн албыг тасралтгүй явуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү сонгон шалгаруулалтыг явуулаагүй, бодит үр дүн гараагүйн улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байх тул хариуцагчийн “...сонгон шалгаруулалтын захиалгыг өгч байсан талаарх баримт 1 дүгээр хавтаст хэргийн 144, 146, 147-150 дугаар талд авагдсан тул сонгон шалгаруулалт зарлаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн маргаан бүхий 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар Я.Б-ыг удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй гэх үндэслэлээр чөлөөлсөн атлаа, маргааш өдөр нь буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Б.Б-ийг Туул голын сав газрын захиргааны менежер бөгөөд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон үйл баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хийсэн “сонгон шалгаруулалт зарлаагүй тул түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэх тайлбар нь ойлгомжгүй бөгөөд төрийн албаны шударга,  эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна. 

Хэрэв хариуцагч байгууллага Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 28 дугаар тогтоолын дагуу 2013-2017 оны тушаалуудыг хүчингүй болгож, удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг явуулж, нөхөх арга хэмжээ авах гэж байгаа бол сонгон шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулсны үндсэн дээр Я.Б, Б.Б, эсхүл өөр хэн нэгэн шаардлага хангасан иргэнийг томилох ёстой байжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй бөгөөд маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны Б/42 дугаар тушаал нь үндэслэл бүхий, зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хангаагүй байх тул эрх зүйн зөрчилтэй уг захиргааны актыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. 

Маргаан бүхий Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын 7.а-д “...Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид  даалгах нь зүйтэй.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Хэдийгээр ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох хуулийн зохицуулалттай ч  нэхэмжлэгч урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс Усны газрын Усны нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон тул хууль бус актын улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжилснийг хангасан анхан шатны шүүхийн шийдэл  үндэслэлтэй байна. 

Харин нэхэмжлэгч нь үндсэн цалин 928,378 төгрөг, удаан жил ажилласан нэмэгдэл 139,257 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 204,243 төгрөг, хоол 88,000 төгрөг, 1 сарын нийт 1,359,878 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн байх бөгөөд Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар ажиллаагүй хугацааны хоол, унааны зардлыг олгохгүй тул шаардлагын энэ хэсгийг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн ажилгүй хүлээлгэсэн болон ээлжийн амралттай байх хугацаанд ажилласан цалин, олговрыг давхардуулалгүйгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг даалгах” гэх байдлаар шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны хоолны мөнгийг олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу. Мөн ээлжийн амралтаа биеэр эдлээгүй үндэслэлээр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн 2019 оны А/46 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Сав газрын захиргаадын дарга нарын 2019 оны ээлжийн амралтын хуваарь, мэдэгдэх хуудас болон Я.Б-ын 2019 оны цалингийн дэлгэрэнгүй картаас үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл ажлын 26 хоногийн ээлжийн амралтыг эдлэх ёстой байсан бөгөөд 07 дугаар сард ээлжийн амралтын мөнгө /1,798,446 төгрөг/ авснаас гадна 07 дугаар сард 8 хоног /371,351 төгрөг/, 08 дугаар сард 4 хоног /247,240 төгрөг/ ажилласан цалингаа тус тус авсан нь тогтоогдож байх тул ээлжийн амралтаа биеэр эдлээгүй үндэслэлээр 1,5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний улмаас нийт 922,705 төгрөгийг байгууллагад буцаан өгөх тооцоог үүссэн гэж тайлбарлаж, давж заалдах гомдолдоо 1,442,342 төгрөгийн зөрүү үүссэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Ээлжийн амралт олгох заавар”-ын 15-д зааснаар ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийх үүрэгтэй. Ээлжийн амралтын тооцоог ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох, ажилтнаас суутган тооцох 2 хэлбэрээр хийж болох бөгөөд хариуцагч уг үүргээ биелүүлж, Я.Б-ыг ажлаас халагдах үед нь тооцоо нийлээгүй тул уг маргааны хувьд ээлжийн амралтын тооцоог ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох амралтын тооцооны дагуу мөнгөн олговор олгох байдлаар шийдвэрлэх боломжтой байна.

Учир нь хариуцагчаас Б/42 дугаар тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд хэрэв уг тушаал гараагүй байсан бол нэхэмжлэгч ажил, албан тушаалаа хэвийн эрхэлж, ээлжийн амралтыг зохих хугацаанд, хуульд заасан журмын дагуу эдлэх боломжтой байсан.

            Хариуцагчаас ирүүлсэн нэхэмжлэгчийн цалингийн цэснээс үзвэл нэхэмжлэгчид 2019 оны 07 дугаар сард 8 хоногийн цалин 371,351 төгрөг, 08 дугаар сард 4 хоногийн цалин 168,796 төгрөгийг холбогдох нэмэгдлүүдийн хамт олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь уг хугацаанд ээлжийн амралтаа аваагүй, ажил албан тушаалаа эрхэлж байсан тул түүнд олгосон цалинг суутган тооцох үндэслэлгүй.

            Мөн урьдчилан олгосон ээлжийн амралтын 1,798,446 төгрөгийг  нэхэмжлэгчийн тухайн ажиллаж байсан хугацаанд давхардуулан олгох үндэслэлгүй ч нэхэмжлэгч нь Б/42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөөгүй бол 2019 оныг дуустал ээлжийн амралтаа хувиарын дагуу эдэлж, 1,798,446 төгрөгийг авах байсан гэх агуулгаар ээлжийн амралтын мөнгийг түүнд олгох нь зүйтэй байна.

            Маргаан бүхий Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн хугацаанаас түүнийг Усны газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар Усны газрын Усны нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд  томилогдох хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож олгох боломжтой.  

            Тодруулбал, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх нийт ажлын 265 хоног байгаагаас тухайн хугацаанд нэхэмжлэгч 26 хоногийн ээлжийн амралт эдэлсэн гэж үзэн /ээлжийн амралтын 26 хоногийн 1,798,446 төгрөгийг нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сард авсан/ тооцоход нийт 239 хоногийн өдрийн дундаж цалинг /2019 оны 6, 7, 8 сарын дунджаар / 60,566 төгрөгөөр тооцож нийт 14,475,182.95 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор байх тул үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 585 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 46 дугаар зүйлийн 46.2.5, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.4, 35 дугаар зүйлийн 35.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин нийт 14,475,182.95 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож олгохыг хариуцагч БОАЖС-д даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ШҮҮГЧ                                       Д.ОЮУМАА

                               ШҮҮГЧ                                      С.МӨНХЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                       Н.ДОЛГОРСҮРЭН