Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 0313

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.Д

Хохирогч П.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

            Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-эд холбогдох эрүүгийн 1925004300282 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Д.А

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.А нь 2019 оны 06 сарын 10-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 9-20 тоотод оршин суух иргэн П.У-ын байшингийн цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

нэвтэрч тээврийн хэрэгслийн лед гэрэл, ангийн зориулалттай буу зэрэг эд зүйлсийг хулгайлан 330 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А-ийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архинд буруугаа өгмөөргүй байна. Миний өөрийн буруу учраас хоёр хүүхдийг минь бодож энрэнгүй хандаж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогч П.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Би хөдөө явсан байсан. Тэр үед түлхүүрээ мартаад аваад явчихсан байсан. Шөнө ирж хоноод өглөө босч ирээд харсан чинь буланд байсан лед гэрэл байхгүй байсан. Бас буу байхгүй байсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.У-ын ...“2019 оны 06 сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Булган аймгийн Хангал сум руу ажил гараад хүүгийнхээ хамт явсан юм. Тухайн үед гэрээсээ явахдаа гэрийнхээ хаалгыг түгжээд явсан бөгөөд Хангал суманд ажлаа амжуулчихаад маргааш нь буюу 2019 оны 06 сарын 11-ний өдрийн 03 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой хаалганы цоож гэрийн ширээн дээр байсан. Тэгэхээр нь би нэг их юм бодоогүй гэртээ ороод унтаж байгаад өглөө гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд огтор шар буу, суурьтай том лед гэрэл зэрэг эд зүйл алга болсон байсан”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-р хуудас/

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7-р хуудас/

 

3. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай “Ундрага хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Бямбасүрэнгээс зэвтэй, овоогүй огтор шар бууг хураан авч хохирогч П.Ут хүлээлгэн өгсөн” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 8-р хуудас/

 

4. Гэрч Д.Б-гийн ...“2019 оны 06 дугаар сарын 10-ны 22 цагийн үед баз Зоригтын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багт үйл ажиллагаа явуулдаг “Ундарга” хүнсний дэлгүүрт манай эхнэр ажилладаг юм. Тэгээд би дэлгүүрийн гадна талыг цэвэрлэж байх үед үл таних залуу дэлгүүрээс пиво аваад гадаа сандал дээр суугаад пивоо ууж байгаад намайг галт зэвсэг худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би юун буу юм бэ хаанаас авсан юм бэ гэж асуухад манай өвөөгийн буу байгаа юмаа. Би эхнэр хүүхдээсээ салж байгаа юм. Энэ буугаа хямдхан зарчмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би маргааш өдөр үзий гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө танихгүй залуу би буугаа аваад ирье гэж хэлээд хашааны булангийн өвснөөс буугаа аваад ирсэн. Тэгээд бууг нь үзтэл зэвэнд эдэгдсэн овоогүй огтор шар буу байсан. Тэгээд тэр залуу надад нэг шил архи, 20.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ бууг чинь худалдаж авахгүй гэж хэлтэл намайг авчихаач гээд шалгаагаад байхаар нь би маргааш өдөр үзий гэж хэлээд нөгөө залууг явуулсан. Тухайн үед би согтуу хүнд галт зэвсэг өгөөд явуулж болохгүй гэж бодоод бууг нь өгч явуулаагүй аваад үлдсэн юм” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

5. “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 02/02-68 дугаартай ...“машины лед гэрлийн үнэлгээ 180000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх- ийн 19-24-р хуудас/

 

6. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн №19/90 дугаартай ...“буу 150000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 28-31-р хуудас/

 

7. Шүүгдэгч Д.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл. /хх-ийн 41-45-р хуудас/

 

8. Шүүгдэгч Д.А-ийн яллагдагчаар өгсөн ...“Би 2019 оны 06 сарын 10-ны өдөр 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа эхнэрийн төрсөн ах П.У-ын Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы нутаг дэвсгэрт байдаг байшингийн цоожийг эвдэлж ороод гэрээс ангийн зориулалттай буу, тээврийн хэрэгслийн лед гэрэл зэрэг эд зүйлүүдийг хулгайлж аваад тухайн эд зүйлүүдийг зарж борлуулах гэж явж байгаад тээврийн хэрэгслийн лед гэрлийг даахгүй гудамжинд үлдээгээд ангийн зориулалттай бууг нь дэлгүүрт барьцаанд тавих гэтэл авахгүй гэсэн болохоор бууг нь тэр дэлгүүртээ үлдээгээд гоорд руу явсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 39-40-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.А нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сум, Даваат манхан 9-20 тоотод оршин суух П.У-ын хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн цоожийг цохиж эвдэн гэрт нь орж лед гэрэл, ангийн шар буу хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Өнөөдөр хохирогч миний гэр орон би амьдарч байсан гэж мэдүүлэг өгч байна. Тухайн өдөр эхнэр, хүүхэд нь байгаагүй. Би Булган аймгийн Хангал сум руу явсан. Д.А өмнөх өдөр нь манайд ирж хоноогүй. Би ямар нэгэн байдлаар ор гэж хэлээгүй. Цохиж онгойлгоорой гэж хэлээгүй гэж мэдүүлж байна. Хэргийн газрын гэрэл зургаас харахад хүн амьдарч байсан орон сууцанд нэвтрэн орж Д.А эд зүйл авсан байна. Хохирогч өмнө нь нэг удаа түлхүүр байхгүй оръе гэхээр нь онгойлгоод орчих гэж хэлсэн гэдэг. Харин дараа нь өөрийнхөө гэр оронд ингэж ороод авч байгаа бол өөр. Гэрийн эзэн нь гэрээ цоожлоод явчихсан байхад нь нууцаар орсон байдал харагдаж байна. Ангийн бууг нь “Ундрах” дэлгүүрийн худалдагчид буугаа зарах гээд өөртөө ашигтай байдлаар хандсан байдаг. Худалдагч Б бууг нь авч үлдсэн тулдаа энэ хэрэг илэрсэн. Шинжээчийн дүгнэлтээр лед гэрэл шинээрээ байсан. Хохирогч лед гэрэл 180.000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг. Д.А нь хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 320.000 төгрөг хохиролд учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж өөрөө ярьж байна. Найз нөхөд, ах, эгчийндээ орж байна гэж бодоод хууль бусаар эд зүйл хулгайлах нь би хулгай хийгээгүй гэсэн үг биш. Өөртөө дүгнэлт хийхгүй бол засрахгүй. Тийм учраас хүний байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А-ийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Бусдын орон байранд хамт амьдарч байхдаа гэрийн эзэн байхгүй үед нь гэрт нь хууль бусаар нэвтрэн орж эд зүйлийг нууцаар авсан байна. Гэхдээ яагаад хүндрүүлсэн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хэлж байна. Манайд эхнэр хүүхэдтэйгээ манайд амьдарч байсан. Сүүлийн 2 хоног ирээгүй гэж мэдүүлсэн. П.У-ын гэрт хамт амьдарч байсан гэдэг нь гэрч Д бас өөрийн гараар бичиж өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Д.А-эд эцэг, эх нь өөрийн гэсэн орон байр бэлдэж өгөөгүйгээс болоод айлаас айл дамжин явдаг юм байна. Аав нь 7-р хорооллын хашаанд гэр бариад жижүүрийн ажил хийгээд амьдарч байгаа юм байна. Аав нь бол шударгаар мэдүүлэг өгсөн байсан. Д.А-тэй хамт амьдрахаар гэрийн эд зүйл аваад явчихдаг юм гэж мэдүүлсэн байсан. А бол ер нь бол архины хамааралтай болчихсон хүн байна гэж хэлж байсан. Прокурор ч гэсэн энэ талаар хэлж байна. Энэ хоёр бол ажил хийдэг. Айл дамжиж яваад байхаар олсон мөнгө нь юм болохгүй байна гэдэг. Амьдрал нь болж өгөхгүй, урсгалаараа яваад байхад архи уух сонирхолтой болчихсон байна гэдэг нь харагдаж байна. Хохирогч П.У бол одоо гэртээ амьдруулахгүй гэж байна. Архи уулаа гэж хөөгөөд байхаар хэцүү. П.У өөрийнхөө дүүг яаж хөөж явуулах уу. Дэл сул явж байгаад архинд орсон байна гэж харж байна. Гэрийн эзэн та хоёр манайд бай гэж зөвшөөрөл олгоод тодорхой хугацаанд амьдарчихсан байдаг. Гэрийн ганцхан түлхүүртэй. Тэрийг нэг газар нуудаг байдал байна. Энэ явдал түгээмэл байдаг. П.У бол түлхүүрээ өгье гэж бодож утас руу нь залгасан гэдэг. Тэр гэрт орох эрх бол Д.А-эд байсан байна. Орох эрхийг нь далимдуулж цоожийг нь эвдэж орсон байна. Харин орон байранд нууцаар орсон гэх үндэслэл байхгүй байна. Шүүх ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр үнэхээр тэр гэрт амьдарч байсан юм уу?, үгүй юу?, өмнө нь П.Уын гэрт нь очиход П.У яаж нэвтэрч орох аргыг хүртэл зааж өгч байсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцох үндэслэл байна. Хохирол төлбөрийг төлсөн. Үнэлгээний хувьд бодитой гараагүй байна гэж үзэж байгаа. Гэхдээ хохирлыг төлчихсөн. Хохирогч бол өөрийнхөө дүүг гэртээ оруулаад чамайг гэртээ оруулахгүй гэж байна. Хулгай хийсэн гэдэг байдлаар хандаж байна. Хэрэг үйлдэх үедээ Даваат манханы 9-20 тоотод амьдарч байсныг тодорхойлсон байна. Үүний дараа подволд хэсэг хугацаанд амьдарсан байна. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас ялын хувьд байр сууриа хэлье. Улсын яллагч хамгийн доод хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг үндэслээд хуульд заасан ялын доод хэмжээ буюу 1/2-ээс багагүй ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Нэгдүгээрт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлчихсөн байгаа. Хувийн байдлын хувьд хэдийгээр архи уудаг, өмнө нь 2 удаа өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байгаа ч гэсэн тэрийг нь энэ хэрэг дээр хүндрүүлэх нөхцөлд байдалд оруулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан зарим хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэхийг хүсч байна. Шүүгдэгч бол би энэ гэрт амьдрах эрхтэй гэж амьдарч байсан. Цоожийг нь хэрхэн яаж онгойлгох аргыг нь хадам ах нь өмнө нь зааж өгсөн байна. Ар гэрт нь эхнэр нь 2 хүүхдийн хамт 500.000 төгрөгийн орлого олж амьдардаг юм байна. Өөрөө бол гарын ур сайтай болохоор энд тэнд очиж ажил хийж орлого олдог юм байна. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл биеэрээ эдэлж байгаагүй юм байна. Улсын яллагч одоо бол биеэрээ хариуцлага хүлээх ёстой гэдэг байдлаар хандаж байх шиг байна. Үүнийгээ бас Д.А ойлгох байх. Хүмүүжээд гараад ирэх байх. Харин ял шийтгэл эдлэх хугацааны хувьд оновчтой байгаасай гэж хүсч байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч П.У-ын мэдүүлэг, гэрч Д.Б-гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Далайван аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 02/02-68 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 07 сарын 03-ны өдрийн №19/90 дугаартай хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.А нь 2019 оны 06 сарын 10-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 9-20 тоотод оршин суух иргэн П.Уын байшингийн цоожийг эвдлэн орж лед гэрэл, ангийн зориулалттай буу зэрэг эд зүйлсийг хулгайлан 330.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогчид 330.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч П.У нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.А-эд авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС