| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/01157/и |
| Дугаар | 01102 |
| Огноо | 2015-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 01102
|
2016 оны 11 сарын 21 өдөр |
Дугаар 182/ШШ2016/01102
|
Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 30 дугаар гудамжны 46 тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй, Хүнхэрээнхэн овгийн Дашнямын Алтанхуяг /РД:ПК86062715/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 16 дугаар байрны 52 тоотод оршин суух, 58 настай, эрэгтэй, Елдэн овгийн Түвшээгийн Баатархүү /РД:УХ58012770/-д холбогдох
1 120 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Алтанхуяг, хариуцагч Т.Баатархүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтанхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Д.Алтанхуяг миний бие нь Т.Баатархүүд 2016 оны 04 дүгээр сард өөрийн эзэмшлийн 32-01 УНУ улсын дугаартай Хьюндэй Соната маркийн авто машиныг 1 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урдчилгаанд нь 500 000 төгрөг авч, түүний хүсэлтээр тээврийн хэргэслийн гэрчилгээг охин Б.Ганчимэгийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. Т.Баатархүү нь авто машины төлбөрийн үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч нэг ч мөнгө өгөөгүй.
Би Т.Баатархүүд танай охинтой уулзаж, бичиг хийлгэж авъя гэхэд “охиныг оролцуулаад хэрэггүй” гэж хэлсэн. Бид 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатайгаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлэхээр тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэтэл гэрээний хугацаа дууссан боловч Т.Баатархүү нь зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөг хүрч байна. Иймд Т.Баатархүүгээс үндсэн зээлийн 1 000 000 төгрөг, түүний хүү болох 120 000 төгрөг нийт 1 120 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Баатархүү шүүхэд хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Т.Баатархүү миний бие нь өөрийн төрсөн эгчийн хүү Д.Алтанхуягаас 2016 оны 05 дугаар сард Соната-2 маркийн машиныг 1 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 500 000 төгрөгийг урьдчилгаа болгон дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь 7, 8, 9 дүгээр саруудад төлье гэж тохирсон боловч удалгүй 2 сар болоогүй байхад утсаар болон мессежээр дарамтлах болсон. Би Д.Алтанхуяг болон ээж, ах нарт нь тодорхой хэмжээгээр тус болж байсан. Би Д.Алтанхуягийн төрсөн ах Ганболдын байшингийн халаалт тавьж байгаад ах нь 7, 8 дугаар саруудад төлж өгье гэж хэлсэн юм.
Гэвч мөнгө олоод удахгүй өгнө гэж хэлээд байхад ойлгоогүй. Би Д.Алтантуяагаас нэг ч төгрөг аваагүй. Би тухайн үед түрээсийн такси барьж байсан. Гэтэл Д.Алтанхуяг нь 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ах Ганболдын нь гадаа байсан миний машинаас машины бичиг баримт, жолооны үнэмлэх 50 000 төгрөгийг хулгайлан авч, машины хаалга төмрөөр эвдэж компанийн болон хувийн эд хөрөнгөд хохирол учруулсан...
Тухайн үед би төрсөн эгчийгээ бодоод ямар ч хэл ам гаргаагүй юм. Би бичиг баримтгүй, замын хөдөлгөөнд оролцох эрхгүй болж, сул зогсож 600 000 төгрөгийн алдангид орж, машинаа хураалгаж амьдрах мөнгөө олох эх үүсвэрээсээ салсан. Хэрвээ Д.Алтанхуяг нь миний бичиг баримтыг аваагүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Улмаар компани машиныхаа бичиг баримтыг шаардаад байсан болохоор нь Д.Алтанхуягтай зээлийн гэрээ хийж, бичиг баримтаа авсан. Гэрээнд заасан шиг мөнгө төлөх боломжгүй. Би энэ хүнээс нэг ч төгрөг аваагүй гэдгээ дээр дурьдсан. Харин надад их хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтанхуяг нь хариуцагч Т.Баатархүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 1 120 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно. /х.х-ийн 1, 13 тал/
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулж, Д.Алтанхуяг нь өөрийн эзэмшлийн 32-01 УНУ улсын дугаартай Хьюндэй Соната маркийн автомашиныг Т.Баатархүүд 1 500 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 11-13, 18 тал/
Нэхэмжлэгч Д.Алтанхуяг нь 32-01 УНУ улсын дугаартай Хьюндэй Соната маркийн автомашиныг Т.Баатархүүд өмчлөлд шилжүүлж өгөх үүрэг хүлээж, хариуцагч Т.Баатархүү авто машины үнэ 1 500 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Т.Баатархүүгийн хүсэлтийн дагуу тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний охин Т.Ганчимэгийн нэр дээр шилжүүлсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа болно.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтооосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.
Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хэн аль нь шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч худалдсан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч Т.Баатархүү нь гэрээгээр тохирсон төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүрэг нь худалдан авсан авто машины үнийг бүрэн төлөх ба, тэрээр машины үнэ болох 1 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг төлж, үлдэх 1 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Т.Баатархүү дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 6 тал/
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 236.2-д зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог зарчмын дагуу өмнөх худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн үүрэг болгон өөрчлөх нь хуулиар зөвшөөрөгдсөн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээ байгуулах талуудын эрх чөлөөнд үндэслэгдсэн хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Зохигчдын 2016 оны 07 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэлцэлээр хариуцагч Т.Баатархүү 1 000 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба зээлийн хүү сарын 4 хувь байхаар гэрээнд заажээ.
Хариуцагч Т.Баатархүү зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Д.Алтанхуяг нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.3 дах заалтын дагуу үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Т.Баатархүүгээс зээлийн үүрэгт 1 120 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтанхуягт олгох нь зүйтэй.
Хариуцагч Т.Баатархүү нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Т.Баатархүүгээс 1 120 000 /нэг сая нэг зуун хорин мянган төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтанхуягт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Алтанхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 450 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Баатархүүгээс 31 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Алтанхуягт оглгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.