Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 0325

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А    

Улсын яллагч Г.Т  

Хохирогч Г.З

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Ц.Э

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонтуяа

Шүүгдэгч Э.Э, О.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э, О.Н нарт холбогдох эрүүгийн 1925000780247 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

            Э.Э, О.Н

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Э.Э, О.Н нар нь бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17в байрны 62 тоот иргэн Г.З-гийн гэрээс Худалдаа хөгжлийн банкны виза карт хулгайлж 2019 оны 01 дүгээр сарын 16-аас 17-ны өдрийн хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 2 925 350 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э, О.Н нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”гэв.

 

Хохирогч Г.З мэдүүлэхдээ “Амралтын өдөр байсан. Эмүжин тэмцээнд орох гээд пүүз авах гэсэн юм гэсэн. Тэгээд манай Эмүжинг энэ 3 ирсэн. Эмүжинг би явлаа гээд явсан. Тэгээд энэ хоёр надтай хамт байсан. Эмүжин пүүз авна гээд явсан. Би картаа алдсан гэж бодоогүй. 4,5 хоногийн дараа Э манайд ирэхээр нь карт алга болсон байна гэсэг чинь тэр доороо гүйгээд гараад явчихсан. Та нарыг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Би хохирлоо авсан. Дахиж ийм хэрэг битгий хийгээсэй гэж хүсч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Г.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“2019 оны 01 дүгээр сарын 1.6-ны өдрийн 18 цагийн орчим Э.Э, О.Н нар ирсэн. Би пицца захиалж, хүргэлтээр ирэхээр нь пос машинаар 36900 төлбөрийг өөрийн Худалдаа хөгжлийн банкны 407181941 дугаарын данстай виза картаар төлсөн. Удалгүй Э.Э, О.Н нар манай гэрээс гараад явсан. Тэгээд 2 хоногийн дараа дансаа шалгаж үзэхэд миний картнаас 8 удаа гүйлгээгээр нийт 2.920.000 төгрөгийн зарлага гарсан байсан. Пицца захиалж, хүргэлтээр ирэхэд би өөрийн Худалдаа Хөгжлийн банкны картаа уншуулан тооцоог нь хийсэн. Тэр үед миний ард О.Н зогсож байсан. Би жаахан халамцуу байсан. О.Н, Э.Э хоёр гарч явсны дараа Э.Э ганцаараа орж ирээд удаагүй гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11, 129-1З0-р хуудас/

 

2. Гэрч А.Э-гиин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Г.З ахын гэрт найз Э.Э, О.Намуунаа нарын хамт очсон. Г.З ах над руу залгаад хүрээд ирээч гээд салахгүй байхаар нь би хоёр найзтайгаа хамт очсон. Намайг Г.З ахын гэрээс гарахад Э.Э, Намуунаа нар үлдсэн. Г.З ах гэртээ ганцаараа байсан. Г.З ахын виза картыг би аваагүй. 2 хоногийн дараа виза карт нь алга болчихсон байна гэдгийг Э.Эээс сонссон ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-25-р хуудас/

3. Насанд хүрээгүй гэрч Г.М-Э-ний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...“Тухайн өдөр О.Н их хэмжээний мөнгөтэй явсан. Ямар ч л байсан хэвтэвчинд нь нилээн зузаан 20000 төгрөгийн дэвсгэрт харагдаж байсан. Буудалд байхад О.Н гараад дэлгүүр орчихоод ирье гээд 1 эрэгтэй хүүхэдтэй хамт гарч яваад удалгүй тор дүүрэн архи, пиво, чихэр, чипс аваад орж ирсэн. Маргааш өглөө нь О.Н бид хоёр “Оюу гоёл” нэртэй дэлгүүр орж О.Н өөртөө ээмэг авсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31-р хуудас/

4. Гэрч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...“Б-И, О, О.Н, Э.Э бид 5 билльярдаас гараад Хуримт буудлын урд талын 5 давхар байрны караокед орсон. Караокены тооцоог Э.Э хийсэн. 23 цагийн орчим караокеноос гараад буудалд орсон. Буудлын тооцоог Э.Э хийсэн. Өглөө сэрэхэд О.Н явчихсан байсан. Э.Эийг явсны дараа буудлын өрөөнд пиво үлдсэн байсныг Бат-Ивээл, Отгонбаатар бид гурав хувааж уугаад буудлаас гарсан. Тэр өдрийн орой Э.Э утсаар залгаад дахиад өрөө аваад намайг хүлээж бай гэж хэлсэн. Бид нар “Оргил” буудалд 2 ортой нэг өрөө аваад унтсан. Буудалд Бат-Ивээл, О, Б-Э, О, Б, Э.Э бид нар байсан тэгээд дахиад нэг өрөө авсан. Буудлын тооцоо болон хоол хүнсний мөнгө зэргийг Э төлсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 32-р хуудас/

 

5. Гэрч Н.Б-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...“2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Оргил буудалд Эрдэнэхүү дээр очиход Э.Э гэдэг нэртэй охин байсан. О.Н гэдэг нэртэй охинтой уулзаж байгаагүй. Тэр өдөр Э.Э бид нартай хамт “Оргил” буудалд хоносон. Буудлын тооцоо болон хоол хүнсний мөнгө зэргийг Э.Э төлсөн. Э.Э намайг байхад л ойролцоогоор 200 000 – З00 000 төгрөгийн тооцоо хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-р хуудас/

 

6. Гэрч Э.О-рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...“Б-И, О нартай хамт 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Голд” нэртэй билльярдын газар тоглож байхад Э.Э нэг найз охинтойгоо орж ирсэн. Тэр хүүхдийг О.Н гэж байсан. Бид нар тоглож дуусаад такси бариад төв Хаан банкны АТМ дээр очсон. О.Н ганцаараа АТМ рүү мөнгө авахаар орсон. О.Н дараа нь “Төгөл” их дэлгүүрийн гадна талын АТМ орсон. Бид нар тэндээсээ “Эрхэс” нэртэй караокед орсон. Тооцоог нь О.Н, Э.Э хоёр ярилцаад хийгээд байсан. Караокеноос гараад Сонорхайрхан төвийн буудал орж 3 ортой өрөө авсан мөнгийг нь Э.Э, Эрдэнэхүү нар төлсөн. Маргааш өдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн орчим О.Н буудлаас явсан. 12 цагийн орчим Б-И, О бид 3 Сонорхайрхан төвийн буудлаас гараад “Оргил” буудалд орцгоосон. Орой 18 цагийн орчим Э.Э ганцаараа “Оргил” буудалд ирсэн. Хэсэг хугацааны дараа Бат-Ивээл, Э.Э бид 3 гараад Мэнд-Амарт байрлах Худалдаа хөгжлийн банкны АТМ орсон. Энэ үед Э.Э надад хандаж миний таньдаг хүн гадаа зогсоод байна чи ороод мөнгө аваад ир гээд надад виза карт өгсөн. Пин кодыг нь Э.Э өөрөө хэлж өгсөн Э.Э хэлэхдээ эхлээд 400000 төгрөг ав, дахин мөнгө гарвал аваарай гэхээр би эхлээд 400000 төгрөг аваад, дараа 800000 төгрөгийг авсан санагдаж байна. Авсан бүх мөнгөө Э.Эт виза картны хамт өгсөн. Тэндээсээ хөдлөөд 6-17-р байр орцгоосон. Э.Э хүнд юм өгнө гээд гараад 5-10 минутын дараа, орж ирсэн. Тэгээд :Б-И, О, Э.Э бид 4 “Оргил” буудалд өөр өрөө авч орсон. Тооцоог нь Э.Э хийсэн. Бид нарын өмнө авсан өрөөнд бид нарыг байхгүй хойгуур Б, О нар орсон байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 105-109 хуудас/

 

7. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 113, 114-р хуудас/

 

8. Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“Согоот багийн 6-17в байрны 62 тоотод пицца;хүргэж өгөхөд нэг эрэгтэй хөгшиндүү хүн, 3 охин байсан санагдаж байна. Би пос машинаа гаргахад тэр хөгшин хүн нь картаа уншуулан кодыг нь хийсэн. Тэр үед тэр хөгшин эрэгтэйн ард нэг охин зогсож байсан. Тэгээд л би гараад явсан ...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 131 хуудас/

 

9. Гэрч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонорхайрхан төвийн буудалд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Би дээрх хүмүүсийг танихгүй буудлын дэвтэрт байгаа байх. Намайг үүрэг гүйцэтгэж байхад хэн нэгэн надад мөнгө төгрөг болон бусад зүйлийг хадгалуулаагүй. Ер нь огт тийм зүйл авдаггүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-133 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ: Шүүгдэгчид хохирогч Г.З-гийн гэрээс Худалдаа хөгжлийн банкны виза карт авч 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16,17-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр 2.925.350 төгрөгний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар болон гэрч,хохирогчийн өгсөн мэдүүлэг, дансны хуулгаар нотлогдож тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Э, өсвөр насны шүүгч О.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд 17-ны өдрийн 3 гүйлгээ хийсэн байдаг. 800.000 төгрөгөөр, 3350 төгрөг, нийт 1.203.350 төгрөгийн гүйлгээ байдаг. Үүнийг шүүгдэгч Э.Э виза картнаас нь гаргаж авсан нь тогтоогддог. Тиймээс дээрхи 17-ны гүйлгээг шүүгдэгч Э.Эээс гаргуулах саналтай байна. Мөн 16-ны өдөр хийгдсэн гүйлгээ байдаг. 16-ны эхний 120000 төгрөгийн гүйлгээ Төгөл худалдааны төвийн АТМ-ээс хийгдсэн байдаг. Хаан буузны АТМ-ээс хийгдсэн 800000 төгрөгийн гүйлгээг шүүгдэгч О.Н, Э.Э нараас гаргуулах саналтай байна. О.Н 120000, 800000 төгрөгийг АТМ-ээс Э.Эт өгсөн гэж мэдүүлдэг. Харин өөрөө Хаан буузны АТМ-ээс авсан 500.000 төгрөгийн гүйлгээг өөрөө авсан гэдгээ мэдүүлдэг. Эхний 120.000, 800.000 төгрөгийн гүйлгээнээс 200.000 төгрөгийг нь Э.Э надад өгсөн. Нийт 700.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Бусад мөнгийг Э.Э авсан гэдэг. Эрдэнэт Сувилалын АТМ-ээс авсан 300.000 төгрөгийн гүйлгээг О.Н би аваагүй. Энэ талаар мэдэхгүй гэдэг. Энхчимэг гэрчээр мэдүүлэг өгөхдөө 300000 төгрөгийн гүйлгээний талаар мэдээд байдаг. 300.000 төгрөгийг хамт үрсэн гэж мэдүүдэг. Үүнийг хувааж төлүүлэх үндэслэлтэй юм байна гэж үзлээ. О.Н өөрийнхөө авсан 700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Үлдсэн 2.203.350 төгрөгнөөс хамт төлбөр тооцоонд зарцуулсан 300000 төгрөгийг хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзэж О.Нийн хууль ёсны төлөөлөгч Отгонтуяагаас 150.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Зд, шүүгдэгч Э.Э-ээс 2.075.300 төгрөг гаргуулж хохирогч Г.З-д олгох санал гаргаж байна. Иймд О.Н, Э.Э нарыг тус бүр 6 сарын хугацаанд хорих ял оногдуулах саналтай байна”гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд дүгнэлтдээ: “Миний бие шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй байгаа. Э 5 удаа мэдүүлэг өгдөг. Яллагдагчаар 4 удаа мэдүүлэг өгсөн. Сүүлийн хоёр байцаалтандаа өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн. Сүүлийн мэдүүлгээрээ хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн талаар ярих зүйл байхгүй байна. Хоёр шүүгдэгчийн хувьд нэг нь 20, нөгөөх нь 16 настай охин байгаа. Шүүгдэгч Э.Э 10 дугаар сарын 14-ны өдөр 20 нас хүрч байгаа. Эрүүгийн хуульд 21 насанд хүрээгүй бол өсвөр насны шүүгдэгч гэж үздэг. Энэ хэрэгт Эмүжин гэж охины талаар яригдаж байна. Эмүжин бол 17 настай хүүхэд байсан. Өсвөр насны, насанд хүрээгүй хүүхдүүд ганц бие Г.Згийн гэрт очиж санхүүгийн дэмжлэг тусламж аваад байна. Э-тэй ямар харилцаа холбоотой юм бэ гэхээр би тэрийг хэлэхгүй гэж байна. Хэлэхгүй байгаа харилцаа холбоо нь ямар холбоо байна вэ гэдгийг сонирхож байна. Маш олон охидуудын нэр хэлж байна. Хэдэн настай вэ гэхээр настай хүмүүс гэж яриад байгаа. 25 настай хүнийг настай гэж байна. Хохирогчид ямар ашиг сонирхол байгаа болоод өсвөр насны охидуудыг гэртээ цуглуулаад байна вэ. Хохирогч эд нар гэрт дайрч орж ирээд байдаг гэж байна. Хэрвээ тийм бол өдий дайны боловсролтой хүн ийм жаахан охидуудаар дээрэлхүүлээд байна гэж байхгүй. Өмнө нь ч гэсэн утсаа алдаж байсан гэж байна. Дахиад ч тийм охидууд байна гэж байна. Г.З гэж хүний энэ үйлдлийг анхааралдаа авч шалгамаар санагдаж байна. Одоо бол шалгаагүй байгаа. Өөр сонирхол байж магадгүй юм болов уу гэсэн сэжиг таамаглал харагдаж байна. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй охидуудыг гэртээ оруулж санхүүгийн дэмжлэг үзүүлээд байдаг нь ямар учир холбогдол байна вэ. Энхчимэгийн хувьд хохирол төлбөрийн асуудал байна. Хамт төлбөр тооцоо хийж зарцуулаад байгаа 300000 төгрөгийг хувааж гаргасан гэж ойлгож байна. Мөн 1.700.000 төгрөг өөрөө авсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Нийт 2.000.000 төгрөг авсан байна. Эхний өдөр 800000 төгрөг авсан гэдэг, дараа өдөр 1.200.000 төгрөг авсан гэдэг. 300.000 төгрөгийг хувааж 150.000 төгрөгийг О.Нээр төлүүлнэ гэдэг дээр санал нэг байна. Э.Эийн хувьд 1.850.000 төгрөг төлөх үндэслэлтэй байна. Яг хэд хэдэн төгрөг авсан нь тодорхой биш байна. Иймд Э.Эт хорих ял оногдуулахгүйгээр 240 цагаар албадан ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “Н-гийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй байна. Анхнаасаа үнэн зөв мэдүүлэг тууштай өгсөн. Э-гтэй хамт З-гийн гэрт очиж картыг нь авсан гэдэг мөрдөн байцаалтын шатнаас эхлээд мэдүүлсэн. Эхлээд 120000 төгрөг авсан. Дараа нь 800000 төгрөг авч Э-гт өгсөн. Тэгээд караоке, бааранд орсон гэдэг. Эдгээр нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Караокед орж 300000 төгрөгийн тооцоо гарсан гэдгийг мэдэж байна. Хохирогчийн картнаас авсан мөнгийг О.Н юунд үрээд байна вэ гэхээр өөртөө хувцас аваад өмчихсөн байдаг. Өсвөр насны хүүхэд учир холбогдолоо ойлгохгүй байгаа зүйлс харагддаг. Э-гийн хувьд Э-г дагаж З-гийнд анх очиж байсан гэдэг. Дараа нь Э-тэй хамт Н-гийг дагуулж очсон байдаг. Э.Э, О.Н хоёрын хувьд 300000 төгрөг дээр үл ойлголцолд хүрч байх шиг байна. О.Н тэр мөнгийг огт аваагүй.Э Эрдүкээр авхуулсан байх гэдэг. Тухайн өдөр О.Н мөнгийг нь авчихаад Э-т картыг нь өгчихсөн. Харин Эорой нь Г.З-гийн картыг нь өгөх гээд орсон гэдэг. Маргааш нь О.Н Улаанбаатар хот руу явчихсан байдаг. 300.000 төгрөгийг андуурч ярьж байхыг үгүйсгэх аргагүй. Буруу аргаар мөнгө, төгрөг олж хувцас авч байгаа нь О.Н-ийн буруу. Г.З-гийн хувьд ямар зорилгоор өсвөр насны хүүхдүүдээр хүрээлүүлээд байгаа юм бэ. Вино уу гээд шахаад байсан гэж байна. Бага насны хүүхдүүдийг гэртээ дуудаад байгаа нь ямар нэгэн зүйл байна гэж үзэж байна. Г.З бол нилээн том барилгын компаний захирал. Харахад бол хөгшин хүн байна. Мэргэжил, боловсролтой, мөнгөтэй давуу байдлаа ашиглаж өсвөр насны хүүхдүүдийг санхүүгээр хангаж гэртээ оруулж хооллож, хувцаслаад байгаа нь цаана нэг зүйл байна гэдгийг харуулж байна. Хохирогчид бол учир холбогдолыг нь ойлгохгүй байна гэсэн байхгүй. Бага насны хүүхдүүдийг уруу татаж байгаа нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байна. Хохирол дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Сүүлд гарсан 300.000 төгрөгийг О.Н төлөх үндэслэлгүй байна. Хохирлыг хууль ёсны төлөөлөгч төлж барагдуулсан гэж үзэж байгаа. Мөн шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа.Иймд хохирол төлбөр төлж барагдуулсан. Улсын яллагчийн саналыг сонслоо өсвөр насны шүүгчдэг МСҮТөвд суралцдаг үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлж хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 18.2-т заасан шаардлагыг харж үзэж 18.6-д зааснаар ял хойшлуулж өгнө үүгэв.” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.З-гийн мэдүүлэг, гэрч А.Э, Г.М-Э, М.Э, Н.Б, Э.О, Д.Э, Д.Г нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Э, О.Н нар нь бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-17в байрны 62 тоот иргэн Г.З-гийн гэрээс Худалдаа хөгжлийн банкны виза карт хулгайлж 2019 оны 01 дүгээр сарын 16-аас 17-ны өдрийн хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 2925350 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.Э, О.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э, О.Н нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бүлэглэн гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Зд 2.925.350 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нөхөн төлөгдсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э О.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Н-т ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Н нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э, өсвөр насны шүүгдэгч О.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС