Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2016/00148

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 24 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00148

                Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............. байрлах А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............. тоотод байрлах Б ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 35,059,544 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А ХХК нь Замын-Үүдээс Улаанбаатар хотод автомашин авч ирэхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлж, Б ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан.

2013 оны 11 дүгээр саырн 30-ны өдөр автомашиныг Улаанбаатар хотруу хүргэх явцад авто замын 113 дахь км-т зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн бөгөөд учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий “Итгэл эстимэйт” ХХК-иар гаргуулан шаардагдах бусад баримтын хамт бүрдүүлж нөхөн төлбөр авахаар Б ХХК-д хандсан.

Гэтэл Б ХХК-иас даатгалын гэрээний 8.3-т зааснаар тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлснээс үүдсэн хохирол байх тул Даатгалын тухай хуулийн 8.5.3-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

Харин Цагдаагийн байгууллагаас ослыг шалгаад улсын дугааргүй Лексус 470 маркийн автомашины дугуйнд 20 см урагдал үүсч, техникийн бүрэн бус байдлаас болж осол болсон гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Ингээд бид даатгалын тухай хуулийн холбогдох гааль болон даатгалын гэрээний 9.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б ХХК-д нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгохыг үүрэг болгосон шийдвэр гарсан боловч уг шийдвэрийг Б ХХК-иас биелүүлээгүй.

Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар уг шийдвэрт Б ХХК-иас гомдол гаргаагүй бөгөөд одоог хүртэл нөхөн төлбөр олгохоос татгалзсаар байна.

Иймд үнэлгээгээр тогтоосон хохирол 32,909,544 төгрөг, үнэлгээний зардал 650,000 төгрөг, зам тээврийн осол болсон газраас автомашиныг тээвэрлэж ирсэн зардал 1,500,000 төгрөг нийт 35,059,544 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талууд хохирлын үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээр маргаж байгаагаас бид аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тохиолдолд Даатгалын гэрээний 8.12.1-д зааснаар нөхөн төлбөр олгохгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ослын шалтгаан нөхцөлийг дугуй урагдсанаас болсон, мөн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэж байгаа.

Тэгэхээр техникийн бүрэн бус байдал бий болсон гэдэг үндэслэлээр дээрх заалтын дагуу бид нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. Тэгээд хавтаст хэрэгт тухайн үнэлгээг хийсэн компани хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх талаар баримт байхгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Итгэл эстимэйт” ХХК-ийн эрх нь тодорхойгүй байгаа учраас биднээс уг үнэлгээгээр хохирол нэхэмжлэх эрхгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн хувьд даатгалын гэрээнээс үүдэлтэй, уг гэрээний зүйл заалтан дээр маргаж байгаа тохиолдолд бид уг шийдвэрийг дагаж мөрдөх үндэслэл байхгүй.

Даатгалын гэрээний дагуу маргаан нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхээр заасан байдаг учраас Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэх байдлаар хандах боломжгүй, шүүхийн практикт энэ талаар тогтсон жишиг бий.

Тэгэхээр хариуцагч талыг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр буруутгах боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан.

Гэтэл тухайн осол болох үед жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй тохиолдолд явж байгаад осол болсон гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 32,909,544 төгрөг, автомашины үнэлгээний зардал 650,000 төгрөг, ослын газраас автомашиныг тээвэрлэн авч ирсэн зардал 1,500,000 төгрөг, нийт 35,059,544 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б ХХК нь зам тээврийн осол нэхэмжлэгчийн буруутай үйлдэл буюу хурд хэтрүүлсэн, мөн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал осол гаргахад нөлөөлсөн учраас даатгалын гэрээний 8 дугаар зүйлд зааснаар нөхөн төлбөр олгохгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

 

А ХХК нь Б ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаатайгаар “Лексус-470” маркийн автомашиныг Замын-Үүдээс Улаанбаатар хотод авч ирэх хүртэл болзошгүй осол, эрсдлийг 0300003342 дугаартай “Байгууллагын тээврийн хэрэгслийн екстра даатгалын гэрээ”-г байгуулж, даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагч А ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд даатгалын нөхөн төлбөрийг даатгагч Б ХХК нь төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А ХХК-ийн эзэмшлийн “Лексус-470” маркийн автомашиныг жолооч Д.Оюун-Эрдэнэ нь жолоодож явахдаа Дорноговь аймгийн Замын-үүд сумаас Улаанбаатар чиглэлийн авто замын 113 километрт зам тээврийн осолд орж уг автомашинд 32,909,544 төгрөгийн хохирол учирсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн автомашины хохирлын үнэлгээний тайлан зэргээр тогтоогдлоо.

 

Уг ослыг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж улмаар 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/18 дугаар Прокурорын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

“Лексус-470” маркийн автомашины дугуй 20 см орчим урагдсанаас дээрх осол гарсан болох нь Замын цагдаагийн шинжээчийн Б/50 дугаартай дүгнэлт, Замын-үүд сум дахь Замын цагдаагийн шинжээч Ж.Явуухулангийн гэрчээр өгсөн “...Энэ осол нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон ба зүүн урд дугуй урагдал үүссэн байх нь уг зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 580 дугаартай дүгнэлтэд “иргэний хэрэгт авагдсан материалд тухайн осолд орсон тээврийн хэрэгслийн бүрэн бус байсан эсэхийг ШШҮХ-ийн Авто оношлогооны лабораторт тусгай тоног төхөөрөмж дээр шалгуулах мөн хагарсан дугуй нь ослын өмнө, дараа хагарсан эсэхийг тогтоох шаардлагатай байх тул дүгнэлт гаргах боломжгүй байна” гэжээ.

 

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд зам тээврийн осол жолоочийн буруутай үйлдлийн улмаас буюу хурд хэтрүүлсэнээс үүссэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Тээврийн хэрэгслийн экстра даатгалын гэрээний 7.1.16-д “...нөхөн төлбөр гаргуулан авахтай холбоотой баримт, материалыг даатгагчид саадгүй, үнэн зөв гаргаж өгөх” үүргийн дагуу даатгуулагч А ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 14/004 дугаартай “Нөхөн төлбөр гаргуулах тухай” албан бичгээр Б ХХК-д хүргүүлсэн байна.

 

Б ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03/081 дугаартай “Нөхөн төлбөрийн тухай” албан бичгээр “...Шинжээчийн дүгнэлтэд Тоёота лексус маркийн улсын дугааргүй автомашины жолооч Д.Оюун-Эрдэнэ гэгч нь МУ-ын ЗХД-ийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, ...тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчин, мөн зүүн урд талын дугуй 20  см орчим урагдал үүсэж хагарсан, техникийн бүрэн бус байдал нь зам тээврийн осол гарч, замын хажуу руу онхолдсон” гэсэн дүгнэлт гарсан.

 

Иймээс байгууллагын тээврийн хэрэгслийн 0300003342 тоот даатгалын гэрээний 8.3-т заасан “...хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон...” Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3 заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй байна гэж үзэж А ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

 

Даатгагч Б ХХК нь даатгуулагч А ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд Тоёота лексус 470 маркийн улсын дугааргүй автомашиныг “техникийн бүрэн бус” байдалтай тээврийн хэрэгслийг даатгуулагч А ХХК нь хөдөлгөөнд оролцуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримт тогтоогдсонгүй.

 

Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан татгалзлыг А ХХК хүлээн зөвшөөрөхгүй Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6/180 албан тоотоор Б ХХК-д “Нөхөн төлбөрийн тухай” буюу нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгохыг мэдэгджээ.

 

Мөн нэхэмжлэгч А ХХК нь осолд орсон “Лексус-470” маркийн автомашиныг засварлаж худалдан борлуулсан гэж тайлбарласан учраас тухайн үед уг автомашин техникийн ямар бүрэн бус байдалтай байсныг тогтоох боломжгүй бөгөөд хариуцагчийн маргаж байгаа уг автомашины жолооч нь хурд хэтрүүлсэн, техникийн бүрэн бус байдал нь осол гаргахад нөлөөлсөн гэж маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар маргаж байгаа үндэслэл нь тогтоохгүй байна.

 

Б ХХК нь А ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг мөн хүлээнэ”, мөн хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4-т “Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй”, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцлийн дагуу 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед осол болоход Б ХХК-ийн Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь төлөөлөгчид нь мэдэгдсэн гэж тайлбарласан боловч энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй болно.

 

Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.1-д “...мөн зам тээврийн ослын талаар даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийн дүнгийн 30 хувь хүртэл хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалтыг нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй, энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-д “даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг” мөн хуулийн 4.1.6-д “даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчаас олгох мөнгөн хөрөнгийг” ойлгоно гэж хуульчилсан.

 

Нэхэмжлэгч нь гэрээ болон хуулиар хүлээсэн даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр тогтоосон үнийн дүн болох 32,909,544 төгрөгийн 29 хувь буюу 9,543,767 төгрөгийг хасч тооцох, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.

 

Мөн үнэлгээ хийлгэхэд гарсан 650,000 төгрөг, ослын газраас автомашиныг тээвэрлэн ирсэн зардал болох 1,500,000 төгрөг, нийт 11,693,767 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, Б ХХК-иас 23,362,767 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.1, 439.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т тус тус зааснаар хариуцагч Б ХХК-иас 23,362,767 төгрөг гаргуулж, А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,693,767 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 274,763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА