| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0233/Э |
| Дугаар | 0329 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 17.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 0329
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, Ж.Ш, А.Т
Шүүгдэгч Б.Э, Х.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, Х.А, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1925001810169 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Б.Э, Х.А, Д.Б
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
1.Шүүгдэгч Б.Э, Д.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн П.В-гын 150 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн.
2. Шүүгдэгч Х.А нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1 дүгээр байрны 1 дүгээр орцонд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.Б, Б.Э нарын бүлэглэн иргэн П.В-гын 150 000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан гэдгийг мэдсээр байж гэмт хэргийн улмаас олсон мөнгийг ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас Б.Э, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.А-ыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч П.В “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол болох 50 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэсэн байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т “Шүүгдэгч Д.Б нас барсан талаар баримтуудыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч оролцогчдод танилцуулж, шинжлэн судлав.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч П.В-гийн ... “6-1 дүгээр байрны шүдний эмнэлэг рүү орох гээд явж байхад 1 дүгээр орцны үүдэнд 2 залуу 1 эмэгтэй зогсож байсан. Би эмэгтэйгээс нь “энэ байранд шүдний эмнэлэг байдаг уу” гэж асуухад тэр эмэгтэй байдаг гээд намайг сугадаад орц руу оруулсан. Хойноос гадаа байсан 2 залуу орж ирээд шууд миний цүнх рүү дайрсан. Би өгөхгүй гэсэн чинь нэг залуу нь хүчээр миний цүнхийг булааж авсан. Тэгээд тэр 2 залуу миний цүнхийг ухаж байгаад авчихлаа, авчихлаа гээд миний цүнхийг өгчихөөд гараад явсан. Содон шинж тэмдэг нь гэвэл нэг эрэгтэй нь шонтгор хамартай өндөр залуу байсан, эмэгтэй нь улаан царайтай, нөгөө эрэгтэй нь хар царайтай байсан. Нэг залуу миний цүнхнээс татаад би өгөхгүй гэсэн чинь хүчээр миний цүнхэн дотроос миний түрийвчийг аваад цааш нь өгсөн тэгсэн чинь нөгөө залуу нь миний түрийвчийг аваад дотроос нь юм авах шиг болсон. Тэгээд нөгөө залуудаа миний түрийвчийг өгөөд миний цүнхнээс барьж байсан залуу цүнхэнд миний түрийвчийг хийсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-10-р хуудас/
2. Гэрч Г.Б-ийн ...“2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэртэй байж байх үед манай ээж П.В үсээ засуулна гэж хэлээд гараад явсан. Ингээд орой 18 цагийн үед цагдаагаас залгасан. Би очоод юу болсон талаар асуухад нэг эмэгтэй, 2 эрэгтэй намайг дээрэмдсэн гэж хэлсэн. Би хэдэн төгрөгтэй байсан талаар мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
3. Гэрч Л.Т-рын ...“Би согоот багийн 6-1 дүгээр байрны эмийн санг ажиллуулдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн үед манай эмийн санд муухан ярьдаг нэг эмээ орж ирээд надаас шүдний эмнэлэг асуухаар нь хажуу талын орцоор ороод байдаг гээд зааж өгсөн. Тэр эмээ манайхаас гараад хажуугийн орцны шатаар өгсөөд орох үед нь нэг эмэгтэй сугадаад аваад орсон. Тэгтэл удалгүй нөгөө эмээ орж ирээд түрийвчнээс мөнгө авчихлаа цагдаа дуудаад өг гэхээр нь дуудлага өгсөн. Тэр эмээ надад ойлгуулахдаа 150000 төгрөг алдсан, намайг сугадаад орц руу орсон хүмүүс авчихлаа гэж хэлсэн. Миний харсанаар бол 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн дагуулаад орц руу орж байгаа харагдсан, тэр гурван хүнийг би өмнө нь харж байсан, 6-1 болон зах орчмоор архи уудаг хүмүүс байсан ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас /
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд зэргийг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Т дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Тр би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Э Д.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Х.А нарт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Б.Э, Д.Б нар нь бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар микрийн 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн П.В-гийн 150 000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж авсан. Шүүгдэгч Х.А нь Б.Э, Д.Б нарын бүлэглэн иргэн П.В-гийн 150 000 төгрөгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан мөнгө гэдгийг мэдсээр байж 150 000 төгрөгийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч П.В-гийн мэдүүлэг, гэрч Г.Б, Л.Т нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Э, Д.Б нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Батдагвыг нас барсан болох нь хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн тогтоол зэргээр тогтоогдож байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Х.Аыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Х.А, Д.Б нар нь хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгч Б.Эаас 50 000 төгрөгийг гаргуулж хохирогч П.В-ад олгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Э-ы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Х.Аы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Шүүгдэгч Б.Э-аас 50 000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Вад олгуулах саналтай байна. Б.Э-ы цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг тус тус гаргаж байна.”гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Б.Э-ы хувьд хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн байна. Бусдад учруулсан хохирлын хэмжээг харахад Эрүүгийн хуулинд заасан бага хэмжээтэй байгаа. Хохирогчид дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэгэн хүч хэрэглээгүй, занал хийгээгүй байдаг. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү. ” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал дүгнэлтдээ “Х.А-ы хувьд хохирол төлсөн. Анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Ар гэрийн хувьд 2 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Түүний хувьд ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 7.1-д заасныг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б-вын өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Талийгаач Б-вын хувьд гэмт хэрэг үйлдсэн хохирлоо төлсөн байгаа. Нэгэнт энэ хүн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нас барсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.В-гийн мэдүүлэг, гэрч Г.Б, Л.Т нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Э, Д.Б нар нь бүлэглэн 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-1 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн П.В-гын цүнхийг булааж 150000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан, Х.А нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д.Б, Б.Э нарын иргэн П.В-гаас авсан 150 000 төгрөгийг хууль бусаар дээрэмдэж авсан гэдгийг мэдсээр байж ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э, Д.Б нарын бүлэглэж хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Х.Аы гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан,18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э, Х.А, Д.Б нарыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан болох нь баримтаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Х.А нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч Б.Э нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д хорих ял оногдуулж, шүүгдэгч Х.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.
Хохирогч П.В-д 150 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х.А, Д.Б нар нь 100 000 төгрөгийн хохирол төлсөн, 50 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Шүүгдэгч Б.Э-аас 50 000 төгрөг гаргуулан хохирогч П.В-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 17 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э, Х.А, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цагаантөмөр овогт Хадбаатарын Х.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы цагдан хоригдсон 17 /арван долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Х.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-аас 50 000 /тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 38-03 тоотод оршин суух А овогт П-вийн П.В РД: -д олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС