| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0318/Э |
| Дугаар | 0339 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 0339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г
Улсын яллагч Ц.М
Шинжээч эмч Ц.Н
Хохирогч Ц.Э
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 1925004980344 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Г.М
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 07 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын 4 дүгээр байрны гадаа иргэн Ц.Э-тай маргалдан улмаар хазаараар толгой тус газар нь ороолгож, эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байсан. Би спортын сонирхолтой хүн. 07 дугаар сарын 12-ны өдөр орой болтол бөхийн барилдаан үзээд байж байтал орой эхнэрийн ангийн 2 хүүхэн болох Ю, Г нар ирээд юм яриад сууж байгаад Г гэнэт явахаар болоод 23 цаг 50 минутад Ю-тай хамт гэрээсээ гаргаад байрны зүүн талаар тойроод Г-ыг унаанд суулгаж өгсөн. Тэгж байтал урд талын Хос бадрах дэлгүүрийн гаднаас 3 морьтой залуучууд тойроод явж байсан. Юмлай бид 2 гэр лүгээ орох гээд тойрч явтал байрны булан харанхуй байсан чинь морьтой хүмүүс өөдөөс гараад ирсэн. Сийрсэн цагаан малгайтай залуу морь дээрээс ташуураар ташуурдсан. Би Шагай ах нь байна хэн бэ? гэж хэлэхэд болихгүй байсан. Би зугтаая гэж бодсон боловч зугтаах завдалгүй учир зүггүй цохиод байсан. Би гэрээсээ гарахдаа табчик, шорт цагаан фодвалктой гарсан байсан. Тэгээд би цохиход цементтэй газар сөхөрч унахдаа өөдөө босож байх хооронд нэг морьтой залуу мориороо дайраад. Тэгэхээр нь би хажуу тийшээ болонгуутаа дээлээс нь зуураад авсан. Тэгээд зууралдаж байхад нөгөө залуу унахаар нь хазаараар нь хэд ороолгосон. 4-р байрнаас Э гэдэг залуу, 3-р байрнаас Отгонцагаан гэдэг эмэгтэй 2 гарч ирээд цагдаа дуудсан болиоч гэж хэлж байсан. Би нөгөө залууг ороолгоод зууралдаж байхад нөгөө 2 залуу нь бас ташуурдаад байсан. Тэгэхээр нь би машины голоор орж зогсоход О цагдаа дуудсан байгаа та нар хүн алах гэж байна гэж байсан. Сийрсэн малгайтай залуу буцаж ирж ална гэж заналхийлсэн. Би шургаж унахдаа зүүн хэлний шагайгаа эвгүй гишгээд сууж байх хооронд нөгөө 2 залуу нь морин дээрээ суугаад яваад өгсөн. Тэгж байтал цагдаагийн машин ирэхэд энэ 3 залуу морьтойгоо зугтаагаад явсан. О гэх эмэгтэй гэрэл тусгаж байгаад миний утсыг газраас олж өгөөд би утсаа авсан. Цагдаад би энэ хазаараар ороолгосон гээд хүлээлгэж өгсөн. Газар унасан зүйлийг О гэрээсээ уут гаргаж ирээд тэнд байсан эд зүйлсийг хийж цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Би намайг ташуурдаж ороолгосон юм чинь ирж уучлалт гуйх байхдаа гэж бодсон.Цагдаа нар танд гомдол санал байна уу? гэхэд нь байхгүй гэж хэлээд залуучууд баярын өдөр дарвисан юм болов уу? гэж бодсон. Сүүлд энэ залуучууд мэдүүлгүүддээ ондоо өгсөнд нь харамсаж байна. Гэм буруутай үйлдэл хийснээ ойлгож хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн өмгөөлөгчид хэлэхэд би худлаа мэдүүлэг өгөөгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э мэдүүлэхдээ: “Би 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өгөөмөр тамир гэдэг дэлгүүрээс морио уячхаад ганцаараа гарч ирээд морин дээрээ мордох үед эргээд хартал энэ ах намайг дуудаад очсон. Тэгсэн намайг таних уу гэж асуухад Батбилэг ирсэн. Батбилэг бид 2-ыг байж байхад ганц хоёр алгадахаар нь би ташуур далайхад Б ташуурдчихсан. Тэгтэл далан дээрээс татаж унагаагаад зодсон. Б салгаж дийлэхгүй болонгуутаа Э-О-ыг дуудахаар явсан. Намайг ухаан алдсан хойгуур Батбилэг Э-Онар ирсэн байсан. Одоо эмчилгээний зардал алдсан зүйлээ гаргуулахыг хүсэж байна. Анх мэдүүлэг авч байхад Ц.Э-н мэдүүлгийг хавтаст хэргээс үзүүлсэн. Түүн дээр энэ залуу намайг турбадсан гэж бичсэн байсан. Сүүлд нь турбадсан гэдэг нь алга болчихсон байсан. Хохирогчийн өмгөөлөгч ярихдаа Б-тай найз гэж байна тэр хүн 4-р орцонд байдаг юм. Д гэдэг байцаагчид 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөдлөө өгье гэж хэлсэн түүнийг авч хэлэлцээгүй. Би ер нь спортоор хичээллэдэг тулдаа амьд гарсан” гэв.
Шинжээч эмч Ц.Н мэдүүлэхдээ “Баруун нүдний дотор хананд дотогш ивэршсэн гэдэг нь энэ хүнд учирсан гэмтэлтэй ямар ч хамааралгүй хуучин зүйл байгаа. Гэмтэл мөн үү гэдэг нь нарийн мэргэжлийн эмч нар тогтооно.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 4-6-р хуудас/
2. Хохирогч Ц.Э-гийн ...“Би 2019 оны 07 сарын 12 нд 23 цагийн үед ганцаараа гэртээ харих гээд Вокзалын Өгөөмөр дэлгүүр рүү ороод ууттай боорцог, 1 ширхэг лаазалсан загас, 1 кг будаа, 1 ширхэг хиам худалдаж аваад гарч ирээд байж байтал нэг ах “нааш ир дүү” гээд дуудахаар нь би хартал төмөр замд ажилладаг хүн мөн шиг санагдаад би яваад очтол тэр ах “ганц юм аваад өгчих” гэхээр нь би “үгүй тийм юм байхгүй ээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах “чи ахыгаа таньж байна уу” гэхээр нь би “таньж байна” гэж хэлтэл тэр ах “би хэн байна” гэж асуусан тэгэхээр нь би “таны нэрийг би мэдэхгүй ш дээ” гэж хэлтэл тэр ах миний зүүн талын хацар луу 1 удаа алгадсан. Би “яасан юм бэ ах” гэх хэлтэл дахиад зүүн талын хацар луу алгадсан. Тэгэхээр нь би ташуур далайсан чинь миний мөрний дал хэсгээс зулгаагаад газар унагаасан. Тэгсэн морь үргээд би мориндоо чирэгдсэн. Эргээд хартал тэр ах миний морин дээр илүү байсан хазаарыг аваад миний толгой руу цохисон. Тэр үед би нүүрээ дараад доош хараад толгой манарсан. Нэг мэдсэн нэг үл таних эгч байсан. Намайг тэр эгч өшиглөөд байсан уу хөлөөрөө жийгээд түлхээд байсан уу би сайн санахгүй байна. Тэр эгч “энэ ямар овоо юм бэ” гээд байсан. Нэг мэдсэн манай найз Э-О, Б хоёр ирээд намайг морин дээр суулгаад хөтлөөд бензин түгээгүүрийн гадаа аваад явсан. Миний толгой руу хазаараар цохисон болохоор толгойн зулайн хуйханд шарх, дух, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дал мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Мөн миний биедээ авч явж байсан хувь хүнээс 370 мянган төгрөгөөр худалдаж авсан Samsung J7 маркын гар утас, Өгөөмөр дэлгүүрээс 18 мянган төгрөгийн дүнтэй худалдаж авсан хиам, боорцог, будаа, лаазалсан загас зэрэг эд зүйлээ алдсан. Эмчилгээний зардлыг төлүүлмээр байна. Мөн алдагдсан эд зүйлээ төлүүлмээр байна ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-11-р хуудас/
3. Гэрч Г.Э-О-ын ...“Би Б-гийн хамт Вокзал дээр найз охин дээрээ ирж байхад Ц.Э-тай тааралдсан. Ц.Э тухайн үед ганцаараа явж байсан. Б бид хоёр Н-г тосож аваад Петровис руу явж байхдаа Б Ц.Эг очиж авахаар явсан. Би найз охинтойгоо юм яриад сууж байхад удаагүй Батбилэг ирээд “тэнд Ц.Э зодуулаад байна” гэж хэлсэн. Би найз охиноо эндээ байж байгаарай гэж хэлээд Батбилэгийн хамт Ц.Э дээр яваад очтол Ц.Э газар хэвтсэн байдалтай нэг ах дээр нь гараад хөлөө толгой дээр нь тавиад хазаараар толгой руу нь цохиж байсан. Тэгээд би Батбилэгийн хамт яваад очтол тэр ах цаашаа явж байсан. Би Ц.Э дээр очоод гар утасны гэрэл тусгаад харсан чинь Ц.Э цус болсон байсан. Тэр ах “наадах чинь өөрөө эхэлсэн” гэж хэлж байсан. Тэгээд би Ц.Э-г босгоод морин дээр нь суулгаад эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18-р хуудас/
4. Гэрч Б.Ю-гийн “...Гхотоос ач зээ нар ирсэн, би гэртээ харихгүй бол болохгүй нь гээд байхаар нь Г.М бид хоёр гаргаж өгөхөөр хамт гарсан. Г.М бид хоёр замаас машин зогсоогоод Г-ыг суулгаж өгсөн. Тэр үед гурван морьтой хүүхэд зөрөөд өнгөрсөн. Би тухайн үед анзаараагүй. Тэгээд Г.М бид хоёр Вокзалын 4 дүгээр байр араар нь тойроод орц тал руу эргээд алхаж байтал гэнэт Г.М-г хажуугаар өнгөрсөн 3 морьтой хүүхэд ташуураараа толгой дундуур нь тас хийтэл нь хэд хэдэн удаа ороолгосон. Тэр гурав ээлжлээд морьтой давхиж ирээд л ташуураараа ороолгоод байсан. Би Г.М руу ойртохын аргагүй байсан. Би хүртэл морины хөлд дайрагдах гээд, ташууранд нь өртчих гээд байсан. Би “хүүе хүн аллаа ш дээ, хүн байна уу” гэж чангаар орилсон. Тэр үед орцноос нэг хүүхэн залуу гарч ирээд “хүүе болиоч ээ” гээд байсан. Тэр гарч ирсэн хүүхэн цагдаа дуудсан. Тэгээд нэг харсан чинь Г.М тэр гурван морьтой хүүхдүүдийн нэгийг нь татаад мориноос унагаасан. Унагаагаад 2-3 удаа ороолгож байгаа харагдсан. Цагдаа ирж байна гэж нэг хүүхэн хэлэхэд тэр 3 морьтой хүүхэд морин дээрээ суугаад цагдаа ирэх хооронд зугтаагаад явцгаасан. Тэгээд цагдаа нар ирэхэд газар унасан хүнсний зүйл болон хазаарыг нь цагдаа нарт өгсөн. Тэр гурван хүүхдийн нэгийг нь татаж унагаагаагүй бол тэр хүүхдүүдийг олж мэдэж чадахгүй байсан байх ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р хуудас/
5. Гэрч Б.С-О-ын ...“Би тэр шөнө гэртээ унтаж байсан чинь шөнө 02 цагийн үед манай цонхны доор хүмүүс маргалдаж байгаа чимээ гарсан. Би цахилгаан бороохойн гэрэл доош тусгаад харсан чинь 2 морьтой хүн нэг явган хүнийг ээлжлэн ташуураараа ташуурдаж байгаа харагдсан. Би тэгээд цахилгаан бороохойгоо дуугаргаад “болиоч ээ та нар хүн аллаа” гээд хэлсэн. Тэр морьтой хүмүүс огт тоохгүй байсан. Тэгээд ногоон өнгийн дээлтэй хүнийг явган хүн нь мориноос нь татаж унагаагаад дээрээс нь цохиж байгаа харагдсан. Тэгээд удалгүй дахиад нэг морьтой хүн ирээд газар унасан байсан нэгнийгээ моринд нь суулгаад аваад явсан. Тэр залуучууд бүгдээрээ согтуу байх шиг байсан. Яагаад гэвэл ярьж байгаа өнгө аяс нь чанга чанга орилоод байсан. Тэр залуучуудыг Вокзал дээр танхайраад байгаа талаар өмнө нь хэд хоногийн өмнө манай Вокзалын хүмүүс надад хэлж байсан. Морьтой хүнийг газар унагаагаад хазаараар цохиж байсан хүнтэй өдөр нь тааралдахад эрүүл байсан. Ямар ч байсан газар унагаагаад цохиж байгаа харагдсан. Энэ үйл явдал 10 аад минутын хооронд болоод өнгөрсөн. Эхлээд хоёр морьтой залуу явган хүнийг морьтойгоо давхиж ирээд ташуурдаад байсан. Тэр хооронд нэгийг нь явган хүн нь мориноос нь зуураад унагаасан. Шөнө байсан болохоор сайн харагдаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 23-24-р хуудас/
6. Гэрч Д.О-ны ...“гадаа хүмүүс маргалдаад байхаар нь цонхоор хартал хоёр морьтой залуу төмөр замд ажилладаг Г.М-г толгой руу нь ташуураар цохиж байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд гараад ирсэн чинь дахиад нэг морьтой залуу ирчихсэн байсан ба би больцгоо цагдаа дуудсан та нар хүн аллаа гэсэн чинь Г.М жижиг биетэй залууг мориноос нь унагаагаад хазаараар нь нуруу руу нь цохиж байгаад дараа нь толгой хэсэг рүү нь цохиж эхлэх үед нь би Г.М-г боль гээд зогсоол дээр байсан машин луу түлхэж оруулсан..” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/
7. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №479 дугаартай ...“Ц.Э-гийн биед толгойн зулай хуйханд шарх, дух, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дал, мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 33-34-р хуудас/
8. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 сарын 09-ний өдрийн 525 дугаартай нэмэлт дүгнэлт. /хх- ийн 43-44-р хуудас/
9. Яллагдагч Г.М-гийн ...“Г-лыг машинд суулгаж өгөөд Ю-гийн хамт 4 дүгээр байр тойроод булангаар эргэж байхад эхлээд цагаан өнгийн цайвар сийрсэн малгайтай морьтой залуу нь миний толгой руу ташуураар ороолгохоор нь би “хэн бэ, Шагай ах нь байна аа” гэж хэлж байхад тэр гурван залуу ташуураар ороолгохоор нь би зугатаах гэхээр зугтааж болохгүй байсан. Тэгээд толгойн зулай дээр хэн нэгэн нь ташуураар хүчтэй ороолгоход би газар сөхөрсөн. Тэр үед дээрээс буюу 4 дүгээр байрны 4 давхраас цахилгаан бороохой дуугарч байгаа сонсогдоод “та нар болиоч ээ” гэж хэлж байх шиг байсан. Тэгтэл тэр залуус болихгүй байсан. Тэгээд би газраас дээш өндийж байхад нэг морьтой залуу нь морьтойгоо дайраад ирэхээр нь би хажуугаар зөрөхөд нь хувцаснаас нь татаад зууралдаж байхад миний ар нуруу толгой руу ташуураар нөгөө морьтой хүмүүс нь ташуурдаад байсан. Би зуурсан байсан залуугаа зуураад мориноос нь буулгаад газар унагаасан. Би тухайн үед нэгийг нь ингэж барьж авахгүй бол болохгүй юм шиг байсан. Тэгээд би хохирогч залууг зуураад унагаахад мориноос нь хазаартай нь хамт унагаах шиг болсон. Тэгээд би хохирогчийг газар унагаагаад хазаараар ар нуруу бөгс рүү нь 3-4 удаа ороолгосон. 102-ын цагдаа гэрэл тусгаж байгаад газар унасан байсан зүйлүүдийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 76-77-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.М дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.М би Г-тын Г.М-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Г.М нь 2019 оны 07 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэр дээр иргэн Ц.Э-тай маргалдан архи нэхсэний улмаас түүнийг хазаараар толгой тус газар ороолгож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлэхдээ Г.М нь архи авч өг гэсэн. Архи авч өгөхгүй гэсний улмаас хоорондоо маргалдсан байна. Г.М-н үйлдсэн хэрэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хохирогч Ц.Э-н мэдүүлэг, гэрч Д.Эр-О, Б.Ю, Б.С-О, Д.О нарын мэдүүлгүүд байдаг. Мөн хэргийн газрын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогчийн биед учирсан шүүх эмнэлгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтүүд, шүүгдэгч Г.М нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байдаг. Энэ гэмт хэргийг харж үзэхээр хохирогчийн хууль бус үйл ажиллагаа нөлөөлж маргалдсан байдал мөн нөлөөлсөн байна. Хохирогч болон түүний найз нарт зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгосон байдаг. Тиймээс шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.6.1-т зааснаар гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд өмгөөллийн зардал, гар утасны зардлыг гаргах боломжгүй. Гар утсыг хохирогч өөрөө нэхэмжлэхээсээ татгалзсан. Өмгөөллийн зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогддоггүй учраас үүний хасаж, эрүүл мэндэд учирсан бодит зардлыг тооцож гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Мал маллуулсан цалинг тодорхой баримт байхгүй учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн санал гаргаж байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байхгүй. шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн. Шүүгдэгч цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргуулах зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Хохирогч Ц.Э 2019 оны 07 дугаар сарын 12-ны орой Г.М-д зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Энэ гэмтэл нь Г.М түүний толгой дээр гишгээд унагааж дээр нь сууж цохиж байсныг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт нэмэлт дүгнэлтүүд нотолж байгаа. Хохирогч Ц.Эн мэдүүлэг, гэрч Б, Г.Э-О нарын мэдүүлэг давхар нотолдог. Шүүгдэгч хазаараар 1-2 удаа цохисон гэж мэдүүлдэг боловч хохирогчийн толгойд олон тооны шарх үүссэн байдаг. Сая өгсөн фото зургаас тодорхой харагдана. Мөн компьютер томографын шинжилгээнд дурдагдсан байгаа. Хамрын ясны хугаралт бол томографаар илэрч гарч ирсэн. Үүнийг шүүгдэгчийн талаас хуучин гэмтэл гэж маргах гэж байгаа юм шиг байна. Тухайн үед шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтийг шүүгдэгч өөрөө уншиж танилцсан. Гомдол саналыг авахад ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоолгох гомдол гаргаагүй.Өөрийн биед учирсан гэмтлээ тогтоолгооч гэхэд өөрөө үзүүлээгүй байсан. Сүүлд шүүх хуралдааны явцад хэдэн ширхэг зураг гаргаж ирсэн байна. Энэ нь ямар нэгэн он сар өдөргүй байх тул тухайн үеийн зураг гэж харагдахгүй байгаа учир нотлох баримтаас хасуулах саналыг шүүхэд гаргаж байна. Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлгийг уншиж судалж байгаа нь шүүгдэгч болсон хэргийн талаар худал мэдүүлэг өгсөн гэдгийг нотлох үүднээс уншсан. Шүүгдэгч худал мэдүүлэг өгөх эрхтэй хэдий ч гурвуулаа ирээд дайрсан гэдэг яриа нотлогдохгүй байна. Ц.Э нь ганцаараа явж байсан талаар гэрчийн мэдүүлгээс харагдаж байна. Ц.Э-г эмнэлэгт байхад ээж аав нь намайг өмгөөлөгчөөр авсан. Хүүхэд маань эмнэлэгт сахиуртай байна гэж байсан. Очиж уулзахад эмч нь тархины гэмтэлтэй хамаагүй хөдөлгөж болохгүй гээд тэргэнцэр дээр суулгасан хэвтрийн дэглэм барь гэсэн байдалтай байж байсан. Бид нарыг дотогш оруулахгүй өөрийг нь тэргэнцэр дээр суулгаж надтай уулзуулсан. Эмч нь хэлэхдээ тархины няцралттай хүн босгож болохгүй гээд битүү боодолтой байсан. Ээж аав хоёр нь малыг нь хүнээр маллуулж байгаа. Өмгөөлөгч авахгүй бол болохгүй байна. Яагаад гэвэл шүүгдэгч тал цагдаад ажилладаг Б-гийн найз нөхөд нэг орцонд амьдардаг. Б бүх зүйлийг зохицуулж өгч байгаа юм байна. Би тийм мэдээлэл авлаа гээд үнэн зөв мэдүүлэг өгөх хүн олдохгүй байна. Энэ хүмүүсээс айгаад Орхоны цагдаа нараар шалгуулмааргүй байна гэдэг саналыг удаа дараа тавьж байсан. Өргөдөл бичүүлээд авч яваад цохуулаад өгсөн гэсэн боловч одоо хүртэл хэрэгт өргөдөл нь байхгүй учраас би сая өргөдлийг нь өгч байна. Болсон процессыг Ц.Э-гаар өөрөөр нь яриулаад бичсэн. Гэтэл энэ өргөдөл яагаад алга болсон юм бол. Тэр үед нэг эмэгтэй оролцсон байсан тэрийг хаясан. Бүх зүйл худлаа байна. Гэхдээ Г.М цохисноо өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс гэм буруутайд тооцох бүрэн үндэслэлтэй байна. Иргэний нэхэмжлэлийн хувьд эмнэлэгт байх хугацаанд бүх төлбөр ор хоног, эм тариаг ээж аав нь авч байсан юм билээ. Тухайн үед гарч байсан зардлын баримтуудаа авчирч өгч бид хамт сууж байгаад өргөдлөө бичсэн. Түүнээс 4000 төгрөгийн котексыг хасаж тооцно биз. Компьютер томографыг Медиапаст эмнэлэгт хийлгэсэн 195 000 төгрөг, эмнэлгийн ор хоногийн төлбөр болох 312 420 төгрөг, эмийн сангаас авч байсан эм тарианы баримт болох 61000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн тухайн үед биед байсан хүнсний зүйл байгаа. Тухайн үед хүнсний дэлгүүрт бичлэг нь байсан аав нь очиж үзсэн байсан. Тэр бичлэгийг аваад өгөөч гэсэн боловч цагдаагийн байгууллага авч өгөөгүй. Хүнсний зүйлийн 18000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байх. Гар утсыг өөрөө татгалзсан учраас хасуулъя. Мөн нэг нүдний дуран хазаар 2-ыг үнэлж нэхэмжилсэн байсан ч буцааж авсан учраас хасуулъя. Өмгөөллийн хөлснөөс татгалзаж байгаа. Харин мал харуулсан 700 000 төгрөгийг гаргуулахыг хүсэж байгаа. Үүн дээр баримт байхгүй ч хэдий ч тухайн үед малаа маллах ямар ч боломжгүй байсан учир гаргуулж өгөөч гэсэн хүсэлттэй байна. Олох ёстой байсан орлого нотлох баримт байхгүй учир жичтэйгээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч. Үүнийг нотлох баримт бүрдүүлж нэхэмжилж болно. Мөн Samsung J7 маркын гар утсыг ээж аав нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөөч гэсэн санал тавьж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “: Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан гээд байгаа энэ хэргийн хувьд тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл юу байсан талаар яригдаж байна. Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хуулийн 1.3 дээр шударга ёсны зарчимтай тохирч байна уу? гэдэг асуудал байна. Хохирогчийн буруутай үйлдлээс энэ нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр гэм буруу дээрээ маргадаггүй би цохисон гэж хэлдэг. Хохирогч шүүх хуралдаан дээр үнэн зөв мэдүүлэг өгч байна уу гэдэг нь эргэлзээтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан 4 удаагийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна. Мөн хуулийн дагуу худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээнэ гэсэн гэрч болох Б.Ю, Д.О, Б.С-О нарын өгсөн мэдүүлгийг яах гээд байгаа вэ?. Тухайн өдөр шүүгдэгч Г.М-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг хохирогч өөрөө л мэдүүлээд байгаа болохоос өөр хүн нотолсон зүйл байхгүй. Хажуугаар зөрж гарахад ташуурдсан гэдгийг шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Ю-гийн мэдүүлгээр тогтоогддог. Ташуурдсан гэдгийг Ц.Э биш Б гэдэг хүн ташуурдсан гэдгийг хохирогч өөрөө шүүх хуралдаан дээр хэлээд байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэрвээ гомдолтой байсан бол хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын шатанд өргөдөл гаргах эрх нээлттэй байсан. Энэ хүн өнөөдөр аргагүй хамгаалалтыг хэтрүүлсэн гэж үзэх гээд байна. Энэ аргагүй хамгаалалт биш. Шүүгдэгч би аюулыг өөрөөсөө холдуулах үүднээс би барьж аваад цохисон гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Энэ хүн худал зүйл ярьсан зүйл огт байхгүй гэрчийн мэдүүлгээр хүртэл нотлогдсон. Тэр аавын ээжийнх нь бүрэг даруу ноомой хүүхэд гээд байгаа нь хаана байна.3-4 үүлээ нийлсэн үедээ архи согтууруулах ундаа уугаад бусдыг ташуурдаад байгаа нь зүйтэй юм уу. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд ивэршсэн гэмтэл гэдэг нь хуучин гэмтэл юм уу? шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдоогүй. Үүн дээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зааснаар дахин нэмэлт шинжилгээ хийлгэх боломжтой гэж үзэж байна. Хохирогч толгойныхоо зургийг авхуулахдаа яагаад нүүрний зургаа авхуулаагүй байсан. Яаж цохисон бэ гэж асуухаар хохирогч тодорхой хариулт хэлж чадахгүй байсан. Энэ гэмтэл нь урьд өмнө үүссэн гэмтэл байх боломжтой учраас нэмэлт шинжилгээг хийлгэх хүсэлттэй байна. Мөн иргэний нэхэмжлэл дээр хавтаст хэрэгт авагдсан хувийн байдалд ямар эд хөрөнгөтэй ямар тооны малтай нь харагддаггүй. Улсын бүртгэл, сум орон нутгаасаа малын тоог авчрах хэрэгтэй байсан хэчнээн тооны малтай нь харагдахгүй байна. 700000 төгрөгийн цалингаар хүн авч цалинжуулан маллуулсан гээд байгаа нь хэчнээн тооны малтай нь тогтоохгүй байна. Мөн шүүх эмнэлгийн дүгнэлтээр энэ хүний хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 700 000 төгрөгийг хангахгүй байх үндэслэл байна гэж харж байна. 1 800 000 төгрөг, өмгөөллийн хөлс, гар утас, нэг нүдний дуран хазаарын үнээс татгалзаж байна гэж бодож байна. Хүнсний зүйлийг нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэх шаардлагагүй юм байна гэж үзэж байна. Харин компьютер томографаар хийлгүүлсэн зардал гаргуулах үндэслэлтэй байна. Ор хоногийн төлбөр болох 312420 төгрөг гэж байна. Энд ямар өвчний түүх байгаа. Үүнтэй холбоотой баахан эмийн баримтууд жагсаасан байна. Энэ баримтуудыг нэг бүрчлэг судалж үзэхэд гялс гэсэн баримт байсан. Үүнийг хохирогч өөрөө тайлбарлаж чадахгүй байсан бөгөөд өвчний түүхэнд ямар өвчинд хэрэглэсэн нь тодорхойгүй баримт байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. 192500 төгрөгийн ханиадны эм нь тархины гэмтэлд ямар хамаатай вэ?. 9620 төгрөгийн эмийн бүтээгдэхүүн гэсэн байгаа нь бас тодорхойгүй байна. Гэмтлийн эмчилгээ хийлгүүлсэн цаашид эмчилгээ хийлгүүлэх талаар өвчтөний түүх буюу эмчийн магадлагаанд байх ёстой бөгөөд тэгж байж энэ тариа эмчилгээний зардал гаргагдах ёстой гэж үзэж байна. Өнөөдөр энэ гаргасан иргэний нэхэмжлэл нь тодорхойгүй байна. Тэр стор нь байсан бол гэмтлүүд маш нарийн бичигдэх байх. Тиймээс иргэний нэхэмжлэл болох эмчилгээний зардлаас томографын зардлыг хангах боломжтой бусад нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгөөч. Бусад эд зүйлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан, нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгөөч. Тухайн үед мал маллуулсан зардал гээд байгаа нь тодорхойгүй бэлнээр төлсөн юм уу дансаар төлсөн юм уу гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын зүйл байхгүй байна. Ор хоногийн 312420 төгрөг гээд байгааг гайхаад байна. Хохирогчийн мэдүүлэгт би эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэртээ эмчлүүлж байсан гээд байгаа хэрвээ эмчилгээ хийлгэж хэвтсэн бол и-баримт гарч ирдэг болсон. Яаж эмнэлэгт хэвтсэнээ нотлох гээд байгаа вэ?. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл хөнгөн гэмтэлд хамаарна гэж заасан байна. Энэ хавтаст хэрэгт гаргаж өгөөд нотлох баримтууд иргэний нэхэмжлэл гаргах шаардлага хангахгүй байгаа тул ганцхан томографын зардлыг хангах нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн хохирогчийн гэмтлийг нэмэлт шинжээч томилж тогтоолгох зүйтэй гэж үзэж байна. Тэр гэмтэл юунаас болж үүссэн талаар эргэлзээ үүсэж байгаа учраас хуулиараа дахиж нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломж байгаа учраас нэмэлт шинжилгээ хийлгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгөөч. Зөрчлийн тухай хуулийн 5.6-д зааснаар 100 000 төгрөгөөр торгоод байдаг. Энэ хүмүүсийн гаргаад байгаа үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан. Мөн архи уусан эсэх нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Энэ хэрэг ер нь бүрэн шалгагдсан уу?. Г.М-н хувьд хүүхдүүд архи уугаад сагсуурч байгаа юм болов уу гээд гомдол гаргаагүй орхичихсон. Тэрнээс бол хавтаст хэрэгт авагдсан фото зурагт байгаа ташуурдуулахдаа сөхөрч суугаад өвдөг нь халцарсан байдлыг хэн учруулсан бэ? гэдэг асуудал байна. Тухайн үед гэмтлийн зэргийг тогтоолгож чадаагүй ч бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмтэл авсан нь тогтоогдоод байна. Тиймээс дахиж нэмэлт шинжилгээ хийлгэж өгөөч гэсэн саналтай байна. Гэм буруугийн шүүх хуралдаан дээр гэм буруу дээр маргахгүй. Ял хариуцлагын хувьд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заасан гэмт хэргийн хамгийн боломжит 450 000 төгрөгийн санал болгож байгаад татгалзах зүйл байхгүй. Харин албадан ажил хийлгэх шаардлагагүй. Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан гэдгийг эрүүгийн хариуцлага гаргахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалтай авч үзээсэй гэж хүсэж байна. Торгох ялаар шийтгэж өгөөч” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Э-гийн мэдүүлэг, гэрч Г.Э-О, Б.Юмлаагийн, Б.С-О, Д.О нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.М нь 2019 оны 07 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-өндөр сумын Баянцагаан баг Вокзалын 4 дүгээр байрны гадаа Ц.Э-тай маргалдан хазаараар толгой тус газар нь ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.М-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Хохирогч Ц.Э нь гэм хорын хохиролд 4 112 170 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар эмчилгээний зардалд 278460 төгрөг зарцуулсан гэх нэхэмжлэл баримтаар нотлогдож байна. Нэхэмжлэлийн бусад шаардлаг баримтаар нотлогдохгүй байна. БОЭТ-д хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө, өвчтэй байх хугацаанд малчин хөлсөлж ажлуулсан гэх зардал нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав. Хохирогч Ц.Э нь хэрэг учрал болох үед гээгдүүлсэн гэх гар утасны үнийн дүнг нэхэмжлэхээс татгалзсан байна. Шүүгдэгч нь хохирогчид 278 460 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС