| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0333/Э |
| Дугаар | 0346 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 0346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Л.О
Хохирогч Ц.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 1925004770363 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.А
2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын хаягдал төмрийн агуулахаас 1940 кг марганецыг машин механизм ашиглан хулгайлж 14 356 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А-ыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ц.Гр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Хулгайд алдагдсан эд зүйлсээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буцаан авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21-р хуудас/,
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-26-р хуудас/
3. Б.А-ын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11-р хуудас/,
4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-32-р хуудас/,
5. Хохирогч Ц.Г-ын ...“Манай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводаас төмөр хайлуулахад хэрэглэдэг гадаад улсаас экспортоор худалдан авдаг марганец алдагдсан юм. Энэ марганецыг манай улсад үйлдвэрлэдэггүй, ОХУ, БНХАУ-аас үг бүтээгдэхүүнийг тусгай захиалгаар худалдан авдаг. Уг бүтээгдэхүүнийг манай Эрдэнэт үйлдвэрийн ЗМЗ-ийн хэсэг буюу хаягдал төмрийн агуулахаас төмрийн бэлдэц бэлтгэгч ажилтай Б.А, мөн энэ үйлдвэрт АТБ жолооч ажилтай Х.Э нар албаны 3923 ОРХ улсын дугаартай краз машин буюу ачаа тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгслийг ашиглан тус агуулахаас 2 шуудайг хулгайлсан байсан. Байгууллагаас уг хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40-41-р хуудас/
6. Гэрч Н.Х-ийн “...2019 оны 07 сарын 03-ны өдөр 13 цагийн үед манай хашаанд ногоон өнгийн толгойтой шар өнгийн тэвштэй краз маркын тээврийн хэрэгсэл гэнэт орж ирээд шороо буулгасан. Шороо буулгаад хэлэхдээ хог буулгалаа эргэж ирээд авна гэж жолоочийн хажууд сууж явсан залуу хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 114-115-р, 125-126-р хуудас/
7. Гэрч Х.Э-ны “...Миний өнөөдрийн гүйцэтгэх ажил үүрэг бол Засвар механикийн засвар дотор хаягдал төмрийн цэг рүү Скоробазаас хуйлуулах төмөр ачаад төмөр хайлуулах хэсэг рүү хүргэж өгөх, мөн хайлуулах хэсгийн хажууд байдаг хэвний хог ачих цэг дээрээс хог ачаад хогийн жалгаруу аваачих ажил үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ өдөр миний бие Скоробазаас болон хэвний хэсгээс 2 удаагийн ачилтаар хог асгасан. Эхний ачилт буюу хэвний хэсгээс ачсан хогоо хогийн жалганд буулгасан. Дараагийн Скоробазаас ачсан хогоо хогийн цэгрүү буулгах гээд явж байхад надтай хамт явж байсан Засвар механикийн заводын ажилтан Б.А вокзалын ойролцоо явж байхад гар утас нь дуугараад утсаар ярьж байснаа надад хандаж дахиад Скоробазаас төмөр ачих гээд байна энэ хогийн энэ хавьд ойролцоо газар буулгачих хогийн жалга явж амжихгүй юм байна гэж хэлээд Вокзалын төмөр замын ард байх хашааруу ороод энд ухраад буулгачих гэхээр нь би буулгасан юм. Хэсэг хугацааны дараа манай цагдаа залгаад вокзал дээр хүрээд ир гэхээр нь тухайн газар очоод хашаан дотор ороход цагдаа нар ирчихсэн буулгасан хогоо харсан чинь 2 цагаан шуудайтай зүйл байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 118-р хуудас/
8. Гэрч Х.Н-гийн “...Миний хувьд тэр өдөр марганец хадгалдаг агуулахыг онгорхой орхисон шалтгаан гэвэл манай скаладанд өөр газрын засварын компани засвар үйлчилгээ хийж гүйцэтгэж, материалын агуулахын ган хийцийг буулгах нураах шинээр хийх будах ажил явагдаж байсан учраас өөрийн хариуцсан скаладны онгорхой орхиж явсан. Б.А-ын хувьд надаас болон хэн нэгэн хүнээс зөвшөөрөл аваагүй. Би бол тэр цаг хугацаанд агуулахаа засварын үйлчилгээ оруулж хаалга үүдээ онгорхой орхисон байсан. Би тэр үед хотын төвд байрлах захиргааны төв байр болох Гендерекц рүү орлого хийх ажилтай явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 121-122-р хуудас/
9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 21/353 дугаартай төмөрт марганец 75 /ферромарганец 75/ цутгуурын цехийн хайлах хэсгийн технологийн үндсэн түүхий эд. Тус материалын нэг тооны үнэлгээ нь 7 051 874,9 төгрөг болно” гэсэн албан бичиг /хх-ийн 102-р хуудас/,
10. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 19/145 дугаартай дүгнэлт. /106-111-р хуудас/
11. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ий шинжээчийн 2019 оны 07 сарын 9-ний өдрийн 19/101 дугаартай дүгнэлт /96-101-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ: “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.А-т холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Б.А нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Засвар, механикын заводын хаягдал төмрийн агуулахаас 1940 кг перомарганзыг машин механизм ашиглан хулгайлж Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т 14 356 000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт Б.А нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж байна. Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг шүүх шийдвэрлэх, тээврийн хэрэгсэл уналга нь тухайн этгээдийн өмчлөл байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг устгах, хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж байгаа боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнийг тодорхой хувиар гаргуулах нь зүйтэй гэж улсын яллагч үзэж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О дүгнэлтдээ “Б.А шүүхэд хэрэг шилжүүлэх гэж байгаад намайг өмгөөлөгчөөр авсан. Өмнө нь Д өмгөөлөгч байсан. Хэрэгт байгаа хэд хэдэн нотлох баримтуудыг анхаарах нь зүйтэй байна. Б.А-ын хэрэгт хамааралгүй баримтууд хавтаст хэрэгт байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн хуулийн 6.5-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцлийг шүүх бүрэлдэхүүн анхаараасай. Үүнд тохиолдлын шинжтэй нөхцөл байдал улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Яагаад гэмт хэрэг үйлдэх болов гээд ярилцахад үдийн цайнд орох гээд явж байхад агуулах онгорхой байсан. Ээжийн бие муу гэж ярьдаг. 2 ууттай марганз харагдахаар нь авч мөнгө болгох гээд гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй байгааг. Хохирогчийн талаас үйл ажиллагаанд ажилдаа хайнга хандсан байдлын улмаас хэрэг гарсан тул хөнгөрүүлж үзэх нөхцөлд харгалзаж үзээч. Хувийн байдлыг харгалзаж үзэх, ээж нь 2015 оноос хойш өвчтэй хэвтрийн болсон. Шүүгдэгч нь хамт олон гээд гарч орох боломжгүй, орой очоод л ээжийгээ асрах, хөл дээрээ босоод ирэх байх гээд гадагш явуулахад нь хэдэн төгрөг нэмэрлэх, түрхэн зуурын бодлоос гэмт хэрэг үйлдэгдсэн. Өөрт нь тохиолдсон хүнд нөхцөлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Тухайн асран хамгаалагчаар байнгын асран хамгаалагч гэж явдаг тэтгэмж, авч байгаагүй, өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр саяхан халамжид хандаж тэтгэмж авсан. Гэмт хэрэг үйлдэхэд өөрийнх нь хууль эрх зүйн байдал, амар хялбар аргаар даван туулах гэж бодсоноос гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломж байгаа эсэх, хөнгөрүүлэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал зэрэг хэр хэмжээ шинж чанарыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломж олгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах гэж заасан тул үүнийг Б.А-т хэрэглэж өгөөч. Б.А нь ээжийгээ асран хамгаалдаг ганц хүн. Аав нь 70 нас дөхсөн хөгшин хүн байдаг. Ер нь ах дүү байхгүй, ээж аавтайгаа гурвуулаа амьдардаг. Ар гэртээ хүнд байдалтай байдаг тул ялыг хөнгөрүүлж өгөөч. Хэрэг учрал болсноос хойш үнэхээр их гэмшиж байгаа. Байгууллагадаа нэр хүндтэй, найз нөхдийн хувьд ч үнэлэгдсэн. Нийгмийн идэвхи зүтгэл сайтай, спортоор өөрийгөө хөгжүүлдэг. Үнэхээр их гэмшиж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна.” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ц.Г-рын мэдүүлэг, гэрч Н.Х, Х.Э, Х.Н нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.Аын мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 21/353 дугаартай албан бичиг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн 2019 оны 07 сарын 09-ны өдрийн 19/101, 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 19/145 дугаартай эд зүйл үнэлсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.А нь 2019 оны 07 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын хаягдал төмрийн агуулахаас 1940 кг марганецийг машин механизм ашиглан хулгайлж 14 356 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөгдсөн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О “шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан үйлдэл бөгөөд, машин механизм ашигласан гэж үзэх боломжгүй байна” гэж мэтгэлцсэн боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж үзэх боломжгүй, хулгайлах гэмт хэргийг үйлдэгдэж төгссөний дараа илэрсэн байна. Мөн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан болох нь баримтаар тогтоогдсон байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-т авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС