Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/00438

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 17 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00438

                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, С.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... байранд байрлах, З-ад холбогдох

З-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ж.Должинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Алтанчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2009 оны 9 дүгээр сард З-ад жолоочоор ажилд орж тасралтгүй 6 жил 8 сар ажиллаж байсан.

Гэтэл Авто баазын захирлын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр тушаалаар үйлчилгээний доголдол гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласан.

Би ажлаасаа халагдах үедээ ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэгийн жолоочоор ажиллаж байсан. Би баазаас гараад даргынд очиход 10-15 орчим минут болдог. Энэ өдөр миний утас унтарсан байсан тул асаагаад “даргаа миний утас унтарсан байна” гэхэд чи юу яриад байгаа юм гээд утсаа тасалсан.

Намайг ярьснаас хойш дарга 1 цаг 30 минутын дараа гэрээсээ гарч ирсэн. Би гарч ирэх хүртэл нь гэрийнх нь гадаа хүлээгээд байж байсан. Дарга намайг тэр өдөр ажлаа хийгээгүй гэж баазын даргад хэлж баахан гомдол мэдүүлсэн байсан. Гэтэл би тэр өдөр даргыг ордонд хүргэж өгсөн.

Сайнбилэг дарга өөрийнхөө нөхрийн талын хүнийг ажилд оруулахын тулд баазын даргад гомдол гаргаж, аар саар юмаар шалтаглаж ажлаас халсан.

Ийм учраас би ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2,741,996 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргасан учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З- бол Төрийн засгийн үйл ажиллагаа, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээний байгууллагад үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг улсын төсөвт үйлдвэрийн газар байгаа юм.

Цэрэнбат нь З-тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 108 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнд Цэрэнбат гэрээний гол нөхцлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Гэрээ цуцлах, ноцтой зөрчлийг хөдөлмөрийн хуулинд тусгасан байгаа. Цэрэнбат Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Сайнбилэг гэдэг хүний машиныг барьдаг байсан.

Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Сайнбилэг нь 2016 оны 02 дугаар сарын 15, 2016 оны 02 дугаар сарын 23, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд манай дарга Нямдоржруу утсаар залгаж Цэрэнбат жолоочийн талаар гомдол гарсан.

Мөн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр байгууллага дээр очиж гомдол гаргасан тул С.Цыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн З-ын захирлын 39 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.2, 9.9, 9.14, 7.2.4, дотоод журмын 7.2-т заасныг тус тус удирдлага болгон Сайнбилэгийн удаа дараагийн гомдол болон баазын өргөтгөсөн хурлын шийдвэр зэргийг үндэслэж гарсан ажлаас нь чөлөөлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ц нь З-ад холбогдуулж З-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. 

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч С.Ц нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 188 дугаартай хөдөлмөрийн гэрээг Засгийн газрын Автобаазын захирал Т.Нямдоржтой байгуулж, Засгийн газрын Автобаазын жолоочоор ажиллаж байгаад Автобаазын захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр тушаалаар “хэрэглэгчид үйлчилгээний доголдол гаргаж, гомдол ирүүлсэн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 3, 4-8 х/

 

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу С.Ц нь Засгийн газрын Автобаазын захирлын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Ц нь Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан ба хэрэглэгчээс нь удаа дараа гомдол гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 7.8В, хөдөлмөрийн гэрээний 9.9-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.9-д “хэрэглэгчид үйлчилгээний доголдол гаргаж гурваас доошгүй удаа гомдол ирүүлсэн” бол, мөн Засгийн газрын автобаазын дотоод журмын 7.8В-д “жолооч үйлчлүүлэгчтэй зүй бусаар харьцсан буюу үйлчлүүлэгчээс гомдол гаргасан нь албан бичгээр тогтоогдсон бол” ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан байна.

 

Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Захиргааны зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурлаас жолооч Цэрэнбатыг байгууллагын дотоод журмын 7.8В-д заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Сайнбилэгийн утсаар ярьсан гэх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлд “2016 оны 02 дугаар  сарын 23-ны өдөр С.Цын үйлчилдэг дарга болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэг нь З-ын захирал Т.Нямдоржтой утсаар ярьсан талаар”, мөн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлд “2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Сайнбилэг, баазын захиралтай 99111913 дугаартай утсаар холбогдож С.Цын талаар гомдол мэдүүлэв гэсэн утсаар ярьсан тэмдэглэлүүд, мөн  2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “...жолооч С.Цын талаархи гомдлыг хэлэлцсэн” тэмдэглэл зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн.

 

Дээрх баримтуудаас  буюу 2016 оны 02 дугаар сарын 15, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр утсаар гомдол гаргасан гэх тэмдэглэлүүд нь он сарын хувьд зөрүүтэй, үйлчлүүлэгчээс гаргасан гомдол нь албан бичгээр тогтоогдсон гэсэн дотоод журамдаа заасан шаардлагыг хангахгүй байх тул зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Харин нэхэмжлэгч С.Цыг хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэл нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үйлчлүүлэгч буюу Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга П.Сайнбилэгийн өөрийн биеэр гомдол гаргасан өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна.

 

Гэвч талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “байгууллагын санаачлагаар халагдах тохиолдолд 14 хоногийн өмнө мэдэгдэл өгөх болно...” гэсэн байх ба хариуцагч нь 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн нь үндэслэлгүй байх тул С.Цыг Засгийн газрын Автобаазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл эмндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Ийм учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу С.Цын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин 28,268 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 97 хоногт үржүүлэн тооцоход 2,741,996 төгрөг болж байх тул хариуцагч Засгийн газрын Автобаазаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар З-ын захирлын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 39 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Цыг урьд эрхэлж байсан ажил буюу Засгийн газрын Автобаазын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 2,741,996 төгрөгийг хариуцагч З-аас гаргуулж, нэхэмжлэгч С.Цад олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч С.Цын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч З-т даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.Ц нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч З-аас 58,821 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай..

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                                       Х.ДАШДЭЧМАА