Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0647

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0647

Улаанбаатар хот

 

 

                                                   “С” ХХК-ийн

        нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд “Ч.Х.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээд “М. ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НГЗБА, СБДГЗБА, СБДУБХт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 28 дугаар зүйлийн 28.5, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-иас НГЗБА, СБДГЗБА, СБДУБХт тус тус холбогдуулан гаргасан “С” ХХК-ийн Ү-2203028922 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “М. ББСБ” ХХК болон “Ч.Х.Б” ХХК нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул давж заалдах шатны журмаар дараах гомдол гаргаж байна.

“С” ХХК нь Ү-2203028322 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 3 тоотод байрлалтай контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийн өмчлөгч, эзэмшигч нь мөн бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг “М. ББСБ” ХХК болон “Ч.Х.Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3996\01СС-2016 тоот зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн хариуцагч нарын хууль зөрчиж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нэхэмжлэгч нь дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээ “Ч.Х.Б” ХХК-ийн барьцаанд бүртгэж өгөх хүсэлт /мэдүүлэг/ буюу зөвшөөрлийг хариуцагч нарт хандан гаргаж байгаагүй, гэтэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэл хийж, барьцаанд бүртгэсэн байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”, мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.7-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд албан бичгийг үндэслэн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын газрын даамал эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээг өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж, мөн журмын 8.8-д “Эрхийн гэрчилгээ барьцаалах болон эзэмшил газраа бусдад ашиглуулах хүсэлтийг тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд энэ тухай албан бичгийг үндэслэн газрын кадастрын мэдээллийн сантай бол мэдээллийн санд, байхгүй бол энэ журмын 5 дугаар хавсралт “Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэл”-д бүртгэж өргөдөл гаргагчид мэдэгдэнэ” гэж маш тодорхой заасан байна.

Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалах тохиолдолд тухайн шатны Засаг даргын зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэгээ хийж, мэдээллийн санд бүртгэх мэдээллийн сан байхгүй бол “Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэлд” бүртгэх журамтай байх бөгөөд үүнийг дагаж мөрдөх учиртай.

Гэтэл анхан шатны шүүхээс “Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийг барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдуулан НГЗБА нь дүүргийн Засаг даргын саналыг авах үүрэггүй ... НГЗБА-ны үйлдэл хуульд нийцсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь дээр дурдсан хууль журамд тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл авна гэж маш тодорхой заасан байтал шүүхээс ямар хуулийн аль заалтыг үндэслэж НГЗБА нь дүүргийн Засаг даргын зөвшөөрлийг авах үүрэггүй гэж тайлбарласнаа дүгнээгүй.

Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 8.7-д “Дүүргийн Засаг дарга бус тухайн шатны Засаг дарга зөвшөөрсөн тохиолдолд” гэж дурдсан байтал шүүхээс буруу тайлбарлаж барьцаанд бүртгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхэд Засаг даргаас зөвшөөрөл авах шаардлагагүй мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалах хүсэлтийг газрын кадастрын мэдээллийн сан болон “Газар ашиглуулсан, барьцаалсан тухай бүртгэлд хэзээ бүртгэсэн болон барьцаалсан тухай эрхийн гэрчилгээний арын нүүрэнд холбогдох тэмдэглэгээг хийж өргөдөл гаргагчид хэзээ хүлээлгэн өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар, үзлэгийн явцад тогтоогдоогүй төдийгүй хариуцагч талаас өргөдлийн бүртгэлийн дэвтэр, хяналтын картыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс уг барьцааны бүртгэл үнэн зөв хийгдсэн эсэх дээр маргаж байгаа бөгөөд шүүхэд НГЗБА-наас нотлох баримтаар ирүүлсэн барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газрын 000318659 дугаартай гэрчилгээний арын нүүрэнд “ “Ч.Х.Б” 2016.07.08 Г.Н” гэсэн тэмдэглэгээг хийсэн байх боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Ч.Х.Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “М. ББСБ” ХХК нарт холбогдох иргэний хэргийн материалд авагдсан маргаан бүхий газрын гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэгээ огт хийгдээгүй байдаг бөгөөд гэрчилгээний арын нүүрэнд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нотариатаар батлуулсан тэмдэг дарагдсан байдаг.

Үүнээс үзэхэд хариуцагч НГЗБА нь хэн нэгний хүсэлт зөвшөөрөлгүйгээр 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш бүртгэл, тэмдэглэгээг хийсэн болох нь тодорхой ойлгомжтой байна. Харин үүнийг тодруулах үүднээс буюу гэрчилгээний арын нүүрэнд тэмдэглэгээг хэзээ хийсэн, барьцааны бүртгэлийг хэзээ хэн хийсэн зэргийг тодруулахаар шүүхээс НГЗБА-д үзлэг хийсэн боловч үзлэгээр энэ бүгд тогтоогдоогүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “ ... гэрээг улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ ...”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/ -ийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ”, 28.2-т “...Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараах бичиг баримтыг хавсаргана” гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 7 дугаар зүйлийн 7.8-д “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу барьцааны гэрээг бүртгүүлэх мэдүүлэг гаргахдаа “мэдүүлэг гаргагч” гэсэн хэсэгт өмчлөгчийн тухай мэдээллийг бичиж, “мэдүүлэг гаргасан” гэсэн хэсэгт барьцаалагч, барьцаалуулагч нар гарын үсгээ зурна. Хэрэв хуулийн этгээдийн хувьд төлөөлөгч нь гарын үсгээ зурсан байна.” гэж заасан ба барьцааг бүртгүүлэх талаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагуудад хандаж хүсэлт, мэдүүлэг гаргаж байгаагүй.

Мөн СБДУБХ-т гаргасан эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг хэсэгт “С” ХХК-ийн захирал Ц.Б-ийн нэр бичигдсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гарын үсгийн тайллыг Ц.Б-ийн гарын үсгийн загвартай тохирч байгаа эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5487 дугаар дүгнэлтээр мэдүүлэгт зурагдсан нэр Ц.Б-ийн гарын үсгийн загвартай тохирохгүй болохыг тогтоосон.

Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс СБДУБХ-т хандаж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бүртгүүлэх тухай мэдүүлэг гаргаж байгаагүй, мэдүүлэгт гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл шүүхээс шийдвэртээ шинжээчийн дүгнэлтийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Мөн барьцааны гэрээнд заавал тусгахаар хууль тогтоомжоор шаардсан шаардлагыг тусгасан буюу хангасан эсэхийг шалгахгүйгээр хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэхийг хянан шалгах, хэрэв шаардлага хангаагүй байвал гэрээг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эсхүл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах үүрэгтэй байх ба уг үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Хууль тогтоомж зөрчиж нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг “Ч.Х.Б” ХХК-ийн барьцаанд бүртгэсэн хариуцагчийн энэ хууль бус үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг буюу “ Энэ хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн гэрээг улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно ...” гэснийг зөрчсөн.

Мөн Барьцааны гэрээний “тохиролцоо” хэсэгт нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхээр баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Гэтэл нэхэмжлэгч нь “М. ББСБ” ХХК болон “Ч.Х.Б” ХХК-ийн аль алинтай нь баталгааны гэрээ байгуулаагүй мөн хуульд зааснаар баталгаа нь үндсэн үүргийг хангах нэмэгдэл үүрэг буюу шаардлага биш тул 3996\01CC-2016 тоот барьцааны гэрээнд дээр дурдсан хууль тогтоомжийн дагуу барьцааны гэрээнд заавал тусгах шаардлагыг тусгаагүй гэж үзнэ.

Хариуцагч нь уг хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2.2-т заасны дагуу хууль тогтоомжийн шаардлагад нийцээгүй хүчин төгөлдөр бус барьцааны гэрээг бүртгэхийг хойшлуулах, татгалзах ёстой байсан. Гэтэл шүүхээс дээрх хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг “Ч.Х.Б” ХХК-ийн барьцаанд бүртгэсэн хариуцагч нарын хууль бус үйлдлийг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хоёр шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд тохирсон улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн байтал шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг ...” гэснийг зөвтгөх нь зүйтэй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 555 дугаартай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэг. Гуравдагч этгээд “М” ББСБ ХХК-ийн захирал Б.Б  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд “Ч.Х.Б” ХХК-тай байгуулсан 3996/01/СС-2016 дугаар зээлийн гэрээгээр нийт 1.050.000.000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийг зээлэн авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Ч.Х.Б” ХХК, “М. ББСБ” ХХК-ийн захирал Б.Б болон нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр харилцан тохиролцон 3996/01/СС-2016 дугаар Барьцааны гэрээг байгуулж, “С” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-2203028922 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий 1260.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 148002/011418643310029061 дугаартай, “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000318659 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалт бүхий 3,649 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ болон “М. ББСБ” ХХК-ийн захирал асан Б.Б-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204038175 дугаартай Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол улсын гудамж, 412 дугаар байрны 245 тоот 88,9 м.кв 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ. Энэхүү үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.   

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүрэг дэх бүртгэлийн хэлтэс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 11-728806 дугаар[1] Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн 3996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгохоор нэхэмжлэгчээс маргасан.  

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ”, 28.2-т “Гэрээгээр үүссэн барьцааг барьцаалагч, барьцаалуулагчийн хамтарсан мэдүүлгээр бүртгэх ба уг мэдүүлэгт дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заажээ.

Хэрэгт авагдсан 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт огноо болон чухам ямар мэдүүлэг гаргаж байгаа тухай тэмдэглэгээ хийгдээгүй, мэдүүлэг гаргасан этгээдийн гарын үсэг зурагдаагүй байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “М. ББСБ” ХХК болон “Ч.Х.Б” ХХК нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот зээлийн гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээ[2], “С” ХХК-ийн захирал Ц.Б-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичиг[3], 11-728822 дугаартай барьцаалбар[4], 11-755553 дугаартай барьцаалбарт[5] Ц.Б гарын үсэг зурсан талаар маргаагүй, харин зөвхөн 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Ц.Б гарын үсэг зураагүй, уг мэдүүлгийг бүртгэлийн байгууллагад гаргаагүй тул уг барьцааны бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй гэх тайлбарыг хийсэн. 

3996/01/СС-2016 дугаар барьцааны гэрээний Ерөнхий зүйлд “...3996/01/СС-2016 тоот Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалуулагч нар / “М. ББСБ” ХХК, “С” ХХК, Б.Б / нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг Барьцаалагчид барьцаалуулах хүсэлтэй байна”, Тохиролцоо, барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл болон гэрээний 13-д “...барьцаалуулагч нар нь энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэх, түүнчлэн бүртгүүлэхтэй холбогдох бүх төлбөр хураамжийг төлнө”, 14.2-т “Гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцсон, уг гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хэргийн оролцогчид уг асуудлаар маргаагүй гэдгээ илэрхийлсэн. 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б нь Ү-2203028922 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамжны 3 тоотод байрлах контор, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 000318659 дугаарын гэрчилгээтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг “М. ББСБ” ХХК болон “Ч.Х.Б” ХХК нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд барьцаалуулж байгаагаа мэдэж байсан ба энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ”, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.6-д “Энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцаалуулагч буюу газар эзэмшигч нь ипотекийг бүртгүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байна.

Мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.5-д зааснаар мөн хуулийн 28.2-т заасан эрхийг барьцаалбараар гэрчлэн нотолж болох бөгөөд нэгэнт барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой харилцааг барьцааны гэрээ болон хуулиар зохицуулсан байх тул зөвхөн 11-728806 дугаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгт Ц.Б гарын үсэг зураагүй гэх шалтаг, шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 3996/01/СС-2016 тоот гэрээний барьцааны зүйлд бүртгэсэн бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд боломжгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болох бөгөөд 3996/01/СС-2016 тоот гэрээний хувьд нотариатч П.Х Ц.Б-г байлцуулан 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 156 дугаарт бүртгэж,  бүртгэлийн дэвтэрт Ц.Б гарын үсэг зурсантай талууд маргадаггүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 5487 дугаар дүгнэлтээр мэдүүлэгт зурагдсан нэр Ц.Б-ийн гарын үсгийн загвартай тохирохгүй болохыг тогтоосон ...гэтэл шүүхээс шийдвэртээ шинжээчийн дүгнэлтийн талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан” гэх тухайд.

Шинжээчийн дүгнэлтээр “... 11-728806 гэсэн дугаартай ... мэдүүлэг ... “Ц, Ц, Б” гэсэн гар бичмэл нь харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Б-ийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй байна” гэснээс үзэхэд шинжээч Ц.Б-ийн гарын үсгийн загвартай холбогдуулан дүгнэлт гаргаагүй харин 11-728806 дугаартай мэдүүлгийг бөглөсөн гар бичмэл нь Ц.Б-ийн бичгийн хэвийн загваруудтай тохирохгүй гэсэн байх тул “...Ц.Б-ийн гарын үсгийн загвартай тохирохгүй болохыг тогтоосон” гэх гомдол үндэслэлгүй байна.

Тухайн мэдүүлэгт хэн нэгний гарын үсэг зурагдаагүй үйл баримттай талууд маргаагүй бөгөөд уг мэдүүлэгт зээлийн гэрээ, барьцааны гэрээ, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг хавсаргаж өгснөөс гадна  11-728806 дугаартай мэдүүлгийг бөглөсөн бичгийн хэв нь 11-755553 дугаартай мэдүүлгийг[6] бөглөж Б гэж гарын үсэг зурсан бичгийн хэвтэй энгийн нүдээр харахад ижил байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч маргааны гол зүйл болох 3996/01/СС-2016 тоот гэрээ, уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн талаарх бүртгэлийн дэвтэр, “С” ХХК-ийн захирал Ц.Б-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар албан бичиг, 11-728822 дугаартай барьцаалбар, 11-755553 дугаартай барьцаалбарт Ц.Б гарын үсэг зурсантай маргаагүй тул түүний хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан уг гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Хоёр. Нийслэлийн Засаг даргаас өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “С” ХХК-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 3,649 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байх бөгөөд шатлан захирах зарчмын хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах шаардлагагүй, тухайн бүртгэлийг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба хийх үүрэггүй бөгөөд СБДГЗБА-ны ямар буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүйд холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Гурав. Хариуцагч НГЗБА нь “С” ХХК-ийн захирал Ц.Б-ийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 68 дугаар “ “М. ББСБ” ХХК-ийн Ч.Х.Б-наас авч буй 1,050,000,000 /нэг тэрбум тавин сая/ төгрөгийн зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах “С” ХХК-ийн эзэмшлийн 3,649 м.кв газрыг зээлийн барьцаанд бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авна уу” гэх хүсэлт, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “С” ХХК-ийн захирал Ц.Б-гээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн /Мишээл/ төвд Үйлчилгээний бүртгэлийн хуудас болон хавсралт 23 хуудас материалыг бүрдүүлэн өгснийг үндэслэн “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн 000318659 дугаар гэрчилгээний эрхийн гэрчилгээ барьцаалсан тухай тэмдэглэл хэсэгт “Ч.Х.Б 2016.07.08 Г.Н” гэсэн тэмдэглэгээг тус тус хийжээ. 

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгийг бүртгүүлэхээр өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, 68 дугаар албан бичиг болон Ц.Б-гээс Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн /Мишээл/ төвд Үйлчилгээний бүртгэлийн хуудаст Ц.Б гарын үсэг зураагүй гэж маргаагүй бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.1.3-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс өргөдөл гаргах зохицуулалтыг хангасан байх тул хариуцагч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж зааснаар тухайн шатны Засаг дарга буюу Нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийж бүртгэснийг буруутгах боломжгүй ба энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч нь 3996/01/СС-2016 тоот гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, түүнтэй маргаагүй атлаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд ипотекийг бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээ зөвтгөхөөр 11-728806 дугаар  мэдүүлэгт гарын үсэг зураагүй, мэдүүлэг гаргаагүй гэх үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. 

Шүүхийн шийдвэр хууль ёсны, бодит байдалд биелэгдэх боломжтой байх, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байх зарчмын үүднээс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 11-728806 дугаар мэдүүлэгт Ц.Б гарын үсэг зураагүй нь бусад нотлогдож буй үйл баримтыг үгүйсгэж чадахуйц хэмжээний үндэслэл болохгүй бөгөөд уг бүртгэлийг хүчингүй болгосон ч  3996/01/СС-2016 тоот барьцааны гэрээ /гэрээний нөхцөл/ хүчин төгөлдөр хэвээр   үлдэхээр байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 140,400 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа 70,200 төгрөгийг тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн байхад шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасантай нийцээгүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 дэх мөрөнд “эл” гэснийг “эд” гэж үг үсгийн алдааг зөвтгөсөн болно.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 555 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 9 дэх мөрөнд үл хөдлөх гэсний дараа “эл” гэснийг “эд” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

                                 ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН

 

                                 ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал

[3] 2 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 77 дахь тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал