| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0354/Э |
| Дугаар | 0358 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 0358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Б.О-Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ж-д холбогдох эрүүгийн 1925006980413 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Ч.Ж
Шүүгдэгч Ч.Ж нь 2019 оны 6 сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Тоёота гранд марк-2 загварын 7315 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад иргэн Ш.О-ны гээгдүүлсэн Самсунг жи-7 загварын гар утсыг завшсаны улмаас 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ж-ыг гээгдэл эд
хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ш.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ш.О-ы ...“2019 оны 6 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хорооллын эцсээс цагаан өнгийн суудлын жижиг машинд суугаад Хүрэн булаг баг 4-26 дугаар байрны автобусны буудын харалдаа буухдаа өөрийнхөө самсунг жи-7 загварын шаргал өнгийн гар утсаа машинд хаячихсан байсан. Би гэртээ ороод утсаа үзэхэд байхгүй болчихсон байсан ба утасруугаа залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-р хуудас/
2. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2/2-148 дугаартай ...“үнэлгээнд хамрагдсан Samsung J-7 маркийн гар утасны үнэлгээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 350000 / гурван зуун тавин мянга/ төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 17-22-р хуудас/
3. Үүрэн холбооны Юнител компаний 356391080701660 имэй кодтой утсанд 88027407 дугаарыг хийж ашигласан талаарх орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа. /хх-ийн 40-47-р хуудас/
4. Гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 5-7-р хуудас/
5. Шүүгдэгч Ч.Ж-ы ...“2019 оны 6 дугаар сарын сүүлээр 17 цагийн үед гэртээ байж байхад ажлаас гэнэт дуудсан. Тэгэхээр нь гэрээсээ өөрийн Тоёота гранд марк 2 загварын 7315 ОРО тээврийн хэрэгслийг жолоодож гэр хорооллын эцсээр явж байхад 3 хүн зам дээр зогсож байсныг нь машиндаа суулгасан. Миний хажууд сууж явж байсан залуу “ББ-Од” ХХК-ний харалдаа буусан. Арын суудал дээр сууж явсан 2 эмэгтэйгийн нэг нь Согоот багийн Хаан банкны харалдаа буусан. Нөгөө эмэгтэй нь Хүрэнбулаг багийн урт цагааны харалдаа буугаад би шууд ажилруугаа явсан. Тэгээд 2-3 хоногийн дараа хашаан дотроо машинаа цэвэрлэж байгаад арын суудлын доороос шар өнгөтэй Самсунг загварын гар утас олсон. Намайг гар утсыг олоход ямар ч цэнэггүй байсан. Би сандарсандаа болоод барьцаалдан зээлдүүлэх газарт гар утсыг барьцаанд тавьчихсан гээд хэлчихсэн юм. Яг үнэндээ бол гар утас надад байгаа, би гар утсыг аваад ирсэн, одоо хүлээлгэж өгнө...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 29-30 дугаар хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.Ж нь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу, яллагдагчаар татсан хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчид гар утсыг хүлээлгэн өгч, хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иймд хуульд заасан ял шийтгэлийг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.О-ы мэдүүлэг, үүрэн холбооны Юнител компанийн 356391080701660 имэй кодтой утсанд 88027407 дугаарыг хийж ашигласан талаарх орсон гарсан дуудлага, мессежний лавлагаа, гар утас хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2\2-1148 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Ж нь 2019 оны 6 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Тоёота гранд марк-2 загварын 7315 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад уг машин зорчиж явсан Ш.Оы гээгдүүлсэн Самсунг жи-7 загварын гар утсыг завшиж 350000 / гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ж-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ж-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС