Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2016/00582

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

     Дугаар 182/ШШ2016/00582

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух Ж.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .........., Кинд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2012 оны 10 сарын 12-нд Кны гүйцэтгэх захирлын 472 тоот тушаалаар анх Дамбадаржаа тооцооны төвд түр теллерээр Б.Алтаншагай эрхлэгчийн шууд удирдлага дор ажилд орж байсан.

2013 оны 10 сарын 28-нд тушаал дэвшин ахлах теллерээр 50 мянгат салбарлуу шилжин ажиллаж байгаад 2014 оны 10 сард жирэмсний амралтаа авсан.

2016 оны 2 дугаар сарын 29-нд Чингэлтэй тооцооны төвийн ахлах теллерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилдаа эргэн орсон юм.

Ажлаа хийж байх үед 2016 оны 7 дугаар сарын 07-нд дотоод аудитын газраас харилцагч Б.Чинзориг гэгч гомдол мэдүүлсэн хэмээн очиж уулзахад 2013 оны 6 дугаар сарын 24-нд харилцагч Б.Чинзоригийн данснаас 999,800 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн уг мөнгийг харилцагч аваагүй гэсэн гомдол гаргасан байна, гомдлын дагуу баримт материалтай танилцахад тухайн үед захирлаар ажиллаж байсан Б.Алтаншагай нь уг гүйлгээг хийлгүүлсэн, 2013 оны 6 дугаар сарын 24-нд ажил тарах үеэр СБД-ийн НХҮХ-ийн ажилтан Н.Нямбаатар нь захирлын өрөөнд нэг хүнтэй орж вип харилцагч маягаар үйлчлүүлсэн би гүйлгээ ихтэй байсан учир ямар хүнтэй явааг хараагүй, уг гүйлгээг захирал ирж хийлгүүлэн өөрөө өрөөндөө авч орж Чинзориг гэж гарын үсэг зуруулж Нямбаатарын утасны дугаарыг бичиж баримтыг надад өгч байсан.

Тухайн үед уг гүйлгээг шууд удирдлагын дагуу хийж өгч байсан ба харилцагч байхгүй байсныг мэдээгүй, мэдэх боломж байгаагүй, 2016 оны 7 дугаар сарын 21-нд захирал Б.Алтаншагай болон СБД-ийн НХҮХ-ийн ажилтантай холбогдон очиж уулзахад уг гүйлгээг мэдэж байсан ба хүлээн зөвшөөрч 1,000,000 төгрөгийг бэлнээр Нямбаатар надад өгснийг дотоод аудитын газрын ахлах хянан шалгагч Тэмүүжиний хэлсний дагуу Б.Чинзоригийн дансруу төв Кин дээр очиж дансанд тушаасан.

2016 оны 7 дугаар сарын 22-нд СБД-ийн НХҮХ-ийн ажилтан Нямбаатар нь харилцагч Б.Чинзоригийн 1,000,000 төгрөгийн гомдлыг барагдуулсан ба харилцагч гомдолгүй болсон талаарх мэдэгдлээ дотоод аудитын газар мэдэгдэн өргөдлөө бичиж ахлах хянан шалгагч Тэмүүжинд өгсөн, мөн захирал Б.Алтаншагай нь уг гүйлгээг хийлгүүлсэн, СБД-ийн НХҮХ-ийн ажилтан уг 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн ч Кны дотоод аудитын газар бүх нотлох баримт, дуу хураасан баримт, видео бичлэг хийн нотолсон.

Удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байна гэж бодож байснаас ямар нэг залилан, банкны нэр хүндэд нөлөөлөхүйц үйлдэл хийж байгаагаа мэдээгүй.

2016 оны 7 дугаар сарын 26-нд гүйцэтгэх захирлын 559 тоот тушаалаар намайг ажлаас халсан, уг тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба хууль бус, хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэж байна.

Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Ж.Огийн Кинд холбогдуулан гаргасан “ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд: Жамц овогтой Отгонсүрэн нь Дамбадаржаа тооцооны төвийн теллерээр ажиллаж байхдаа 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж харилцагчийг банкны байранд өөрийн биеэр ирээгүй байхад дансанд нь дур мэдэн халдаж 999,800 төгрөгийг бусдын дансанд шилжүүлж ашиглуулсан, банкны нэр хүндэд хохирол учруулсан нь тус банкны Хяналт шалгалтын газрын шалгалтаар нотлогдсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Ж.О нь банкны ажилтны хувьд өдөр тутам хувь эзэмшигчдийн харилцагчдын, төрийн, орон нутгийн, олон нийтийн, бусад ажилтнуудын гэх мэт олон олон дансны мэдээлэлтэй харьцан ажиллаж байсан бөгөөд энэ бүх харилцааны цаана банкны нэр хүнд, үнэ цэнэ, хөрөнгө мөнгөний тухай асуудал хөндөгддөг. Банкны бизнес талуудын харилцан итгэлцэл дээр тогтдог учраас ажилтанд үнэнч шударга ажиллах үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээлгэдэг.

“Кны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 3 дахь хэсэгт зааснаар “ажилтан нь өөрийн эрх мэдэл, албан тушаалыг зүй бусаар ашиглан өөрт байгаа мэдээллийг санаатай бусдад өгөх, ашиглуулах, өөрөө хувийн зорилгоор ашиглах, хөнгөн хуумгай, болгоомжгүй хандах” зэрэг сөрөг үйлдэл гаргахыг хатуу хориглодог.

Ж.О нь банкны ажилтны хувьд “Кны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 7 дахь хэсэгт зааснаар банкны өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөж буй хууль, дүрэм, заавар, журам, банкны бодлогыг ягштал дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй, гагцхүү банкны бодлогод заагдсан, түүгээр журамлагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрвээ бодлого, журамд заагдаагүй хоёрдмол утгатай ойлгогдох заалтыг хэрэглэхдээ өөрийн дураар тайлбарлах, бие даан шийдвэр гаргахыг хориглох ба энэ тохиолдолд холбогдох удирдлагад мэдэгдэж, заавал бичгээр тайлбар, зааварчилгаа авч ажиллаагүй байна.

Түүнчлэн Ж.О нь дээрх үйлдлээрээ Кны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын Ажилтанд хориглох зүйлийг журамласан 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “Банкны системийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм журам, заавар, тушаал, шийдвэрийг зөрчих”, “Сахилгын шийтгэл ноогдуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2.2 дахь хэсэгт заасан “Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргаснаас ... банкны бизнесийн нэр хүндэд их хэмжээний хохирол учруулсан”, 10.2.3 дахь хэсэгт заасан “Банкны нууц задруулсан,банкны нууцын зэрэглэлтэй мэдээ, мэдээллийг тараах, задруулах зэргээр банкны ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон”, 10.2.8 дахь хэсэгт ажилтантай  байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, “Төлбөр тооцооны ерөнхий журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлэн авчирч өгөөгүй болон дансны хувийн хэргийн бүрдэл дутуу засвартай баримтаар гүйлгээ хийхийг хориглосон, “Кны теллерийн системийн багц журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан Ажилтан өөрийн дураар болон хэн нэг ажилтны амаар батлагдсан маягтаас өөр гарын үсэг, тэмдэгтэй, бүрдэл дутуу баримтаар бэлэн мөнгө олгох, хүлээн авах, бэлэн мөнгөний оронд баримт авч хадгалах, 8.2.13 дахь хэсэгт заасан “Харилцагч өөрийн биеэр банкны байранд ирээгүй байхад орлого, зарлагын гүйлгээг харилцагчийн дансанд хийх”-ийг тус тус хориглох зэрэг заалтыг тус тус зөрчсөн байдаг.

Иймд Ж.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.О нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч Кинд холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Ж.О нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Кны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журмын  6 дугаар зүйлийн 63.10.4, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.8 дахь заалт, Төлбөр тооцооны ерөнхий журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Кны салбар нэгжийн теллерийн системийн багц журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.13 дахь заалт, Кны ёс зүйн дүрмийн 3, 7 дугаар зүйл, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4.3, 6.4.23 дахь заалтуудыг зөрчсөн гэж маргаж байна.

             

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасны дагуу Ж.О нь Кны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 559 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаалд гомдлоо 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Кны Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Сахилгын шийтгэл ногдуулах журмын  6 дугаар зүйлийн 6.10.4, 10 дугаар зүйлийн 10.2.2, 10.2.3, 10.2.8, Төлбөр тооцооны ерөнхий журмын 6 дугаар зүйлийн 6.1, Кны салбар нэгжийн теллерийн системийн багц журмын 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.13, Кны ёс зүйн дүрмийн 3, 7 дугаар зүйл, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4.3, 6.4.23-т заасныг тус тус үндэслэн цуцалж, Кны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 559 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргажээ.

 

Ж.Ог “Дамбадаржаа” тооцооны төвд теллерээр ажиллаж байхдаа буюу 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Б.Чинзоригийн Хүний хөгжил сангийн 999,800 төгрөгийг харилцагчийг өөрийн биеэр ирээгүй байхад бусдад шилжүүлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Харилцагч Б.Чинзориг нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Кны Дамбадаржаа тооцооны төвд “Миний бие 2013.06.24-нд 999,800 төгрөг аваагүй учир энэ мөнгийг шалгаж өгнө үү”, мөн өдөр дахин “Бат-Очир овогтой Чинзориг миний бие 2012 оны 6 сарын 20 хүртэл 21,000 төгрөг эх орны хишиг гэж авдаг байсан. Харин 1072 хувьцаа буюу 1,000,000 төгрөг аваагүй болно. Ийм учир миний өргөдлийг шалгаж өгнө үү” гэсэн өргөдлийг тус тус гаргасан байна.

 

Кны Хяналт шалгалтын газрын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11/112 дугаартай “Санамж бичиг”-т харин Б.Чинзоригийн /РХ76043011/ 2022000177 тоот Онлайн гүйлгээний түр дансаар дамжин ХХСангийн мөнгө нь орж зарлагын гүйлгээ нь “Дамбадаржаа” тооцооны төвд теллерээр ажиллаж байсан /одоо Чингэлтэй ТТ-д ахлах теллерээр ажиллаж байгаа/ Ж.О дээр хийгдсэн байна.

 

...Дүгнэлт: Харилцагч Б.Чинзоригийн ХХСангийн мөнгийг Чингэлтэй ТТ-д ахлах теллерээр ажиллаж байгаа Ж.О нь удирдлагынхаа гуйлтаар харилцагчтай огт хамааралгүй хүнд өгсөн нь баримт нотолгоогоор батлагдсан ба өөрөө хүлээн зөвшөөрсөн. Эндээс дүгнэхэд харилцагчийн ХХСангийн мөнгө дансанд орсноос хойш тодорхой хугацаа буюу 1 жилээс дээш хугацаагаар хөдлөөгүй байдлыг банкны гүйлгээний ажилтанууд болон тэдгээртэй холбоотой хүмүүс үгсэн хуйвалдан авч байгаа нь харилцагч болон Банк хоёрын хооронд үл ойлголцол үүсгэж байна.

 

 ...Арга хэмжээний санал: Чингэлтэй ТТ-н ахлах теллерээр ажиллаж байгаа Ж.О нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, харилцагчийн дансанд халдаж 999,800 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж бусдад өгч ашиглуулсан, банкны нэр хүндэд эрсдэл учруулсан, ...үндэслэн Хөдөлмөрийн гэрээг цуцлах саналтай байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь энэ асуудал 2013 онд болсон учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.

 

Тус банкны харилцагч Б.Чинзориг нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Кны Дамбадаржаа тооцооны төвд хандаж өргөдөл гаргасан байх тул  сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.

 

Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Ж.О Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан “ноцтой зөрчил”-ийг гаргасан болох нь харилцагч Б.Чинзоригийн Кны Дамбадаржаа тооцооны төвд бичгээр гаргасан өргөдөл, Кны Хяналт шалгалтын газрын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11/112 дугаартай “Санамж бичиг”, Б.Чинзоригийн Кин дахь 2022008808 тоот данснаас 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 999,800 төгрөг гарсан нь Кассын зарлагын 201306244923029497-0 дугаартай баримт, Б.Чинзоригийн Кин дахь 2022008808 тоот дансанд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Отгонсүрэнгээс орлого гэж 1,000,000 төгрөг тушаасан нь Кассын орлогын 201607226047077281-0 дугаартай баримтуудаар нотлогдож байна.

 

Тодруулбал, ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.23-т “Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зохих журмыг зөрчин бэлэн болон бэлэн бус зарлагын гүйлгээ хийсэн, харилцагчид дарамт шахалт үзүүлсэн, харилцагчийг хууран мэхэлсэн” гэж заасан, Кны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 211 тоот тушаалын 02 хавсралт “Сахилгын шийтгэл оногдуулах журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2.8-д “ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 610 тоот тушаалын 01 хавсралт “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1-д “Банкны системийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавар, тушаал шийдвэрийг зөрчих”, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 222 тоот тушаалын 03 хавсралт “Кны теллерийн системийн багц журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.1-д “Ажилтан өөрийн дураар болон хэн нэг ажилтаны амаар батлагдсан маягаас өөр гарын үсэг, тэмдэгтэй, бүрдэл дутуу баримтаар, бэлэн мөнгө олгох, хүлээн авах, бэлэн мөнгөний оронд баримт авч хадгалах, дараа өрийн гүйлгээний баримтаар бэлэн мөнгө олгох”, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 354 тоот тушаалын 01 хавсралт “Төлбөр тооцооны ерөнхий журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлэн авчирч өгөөгүй болон дансны хувийн хэргийн бүрдэл дутуу засвартай баримтаар гүйлгээ хийх”-ийг тус тус ажилтанд хориглосон заалтуудыг нэхэмжлэгч Ж.О зөрчсөн үйл баримт нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлахаар заасан үндэслэлд хамаарч байх бөгөөд Кны захирлын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 559 тоот Ажлаас чөлөөлөх тушаал нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэстэй байна гэж шүүх үзэж Кинд холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай Ж.Огийннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Кинд холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай Ж.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Х.ДАШДЭЧМАА