Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 0362

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О     

Улсын яллагч Б.О-Э

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох эрүүгийн 1925007720454 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Э.Э

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг давсгэрт байрлах “Дуурга” дэлгүүрийн гадаа иргэн М.Х-ыг зодож, хоёр шүд унасан, дээд доод уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.Х “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч М.Х-ын ...“2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 20 цаг 50 минутын орчим би эхнэр хүүхдийн хамт хапитатаас такси бариад гэртээ харих гээд Дуурга дэлгүүр дээр буусан. Тэгээд эхнэр хүүхдээ гэртээ оруулчихаад замын цаана байсан хүн дээр очоод миний дүү гар утсаараа нэг яриулчих гэж хэлтэл тэр хүний эхнэр нь байхгүй, нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүн болгонд л утас байдаг ш дээ ганц яриулчихаач гэтэл тэр залуу байхгүй гэж байна гэхээр нь тэгвэл галаа өгөөч гэж хэлтэл байхгүй гэж байна гээд эхнэр нь намайг түлхтэл нөхрийнх нь гар араас нь эхнэрээ давж орж ирээд миний нүүрэн тус газар хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд эхнэр нь манай эхнэр бас замын цаанаас ирээд салгасан. Тэгээд манай эхнэр буцаад гэр рүүгээ гүйгээд явсан. Тэр залууг эхнэр нь аваад Дуурга дэлгүүрийн хажуугаар цаашаа явсан би араас нь очоод би танай эхнэрийг цохиогүй гэж хэлсэн чинь цохио биздээ гэж хэлснээ гүйж ирээд надтай барьцалдаж авсан. Миний гутал халтираад би газар унасан чинь миний нүүрэн тус газарт өшиглөсөн чинь миний хоёр үүдэн шүд унасан... ” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8-р хуудас/

 

2. Гэрч Б.А-гийн ...“М.Х-ыг араас ороод ирэх байх гэтэл орж ирэхгүй байхаар нь би нимгэн цамц, тавчиктай гараад хартал замын цаана “Дуурга” дэлгүүрийн гадаа хүнтэй маргалдаад нэг танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй хамт зогсож байсан. Эрэгтэй нь толгой руу нь цохиж байхаар нь очиж салгасан. Тэгээд би буцаж гэррүүгээ гүйж ороод хувцасаа өмсөөд гараад ирсэн чинь ахиад цохиулчихсан, амнаас нь цус гарч нэг шүдээ гартаа барьсан зогсож байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

 

3. Гэрч С.А-гийн ...“Дуурга” дэлгүүрийн гадаа такси барих гээд зогсож байтал замын цаанаас нэг хүн ирээд ахдаа гар утсаараа яриулаач гэж хэлсэн. Тэгсэн Э.Э нэгж байхгүй гэж хэлсэн чинь пизда минь одоо хүн бүр гар утас үнэгүй ярьдаг биздээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь нэгж байхгүй ахаа та яв гээд түлхсэн чинь намайг цээж рүү минь түлхсэн. Тэгсэн Э.Э миний эхнэр цохилоо яаж байгаан та гээд нүүүрэн тус газарт нь цохисон. Тэгээд энэ хоёр маргалдаад барьцалдаад авсан чинь замын цаанаас нэг хүүхэн гүйж ирээд салгачихаад буцаад гүйгээд явсан нүцгэн явж байсан болохоор даарсан байх. Тэгээд Э.Э бид хоёр охинтойгоо цаашаа алхаад явж байтал араас ирээд ахиад барьцалдаж аваад газарт унаж байсан. Би хүүхдээ тэврээд салгаж чадаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаартай ... “М.Х-ын биед хоёр шүд унасан, дээд доод уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-Э би Прокурорын тухай хуулийн 17, 19 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Э.Э-т Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн “Дуурга”  дэлгүүрийн гадаа иргэн М.Х-ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.А-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Х-ын мэдүүлэг, гэрч Б.Алтанцэцэг, С.А нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Г-гийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 717 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Э нь 2019 оны 10 дугаар сарын 26-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн “Дуурга” дэлгүүрийн гадаа иргэн М.Х-ыг зодож, хоёр шүд унасан, дээд доод уруулын дотор талд зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх, зүүн шанаанд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-ыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Хохирогч М.Х нь гэм хорын хохиролд 1 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 200 000 төгрөг төлсөн 800 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-аас 800 000 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 37-1б тоотод оршин суух Хиад овогт Мягмаржавын М.Х /ГБ86011613/-т олгосугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС