Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2016/00730

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 04 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00730

                Улаанбаатар хот

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............ тоотод оршин суух, Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... байрлах, Т ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин 2,613,625 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Б.Б нь Тны Баянхонгор аймаг дахь салбарын захирлаар 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байгаад Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/378 тоот тушаалаар хууль бусаар ажлаас халагдсан.

Дээр дурдсан хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Тинд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00029 тоот шийдвэрээр Б.Быг Тны Баянхонгор аймаг дахь салбарын захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг хариуцагч Тнаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Тны Гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/885 тоот тушаалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00029 тоот шийдвэрийн дагуу Б.Б намайг Тны Баянхонгор аймаг дахь салбарын захирлын ажил, албан тушаалд буцаан томилсон боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилох өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорыг олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаан болсон 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ажилд томилогдсон 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 2,613,625 төгрөгийг хариуцагч Тнаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2 дах хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Тинд даалгуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Тны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Бын анхан шатны шүүх хурап 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал хуралдаж ажилд эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч гардаж авсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “3охигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно” гэсний дагуу шүүхийн шийдвэрийг хүлээн авсан өдөр банкны удирдлагад танилцуулах хуудас бэлтгэн хүргүүлсэн.

Тны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин танилцан 120.2-т заасан хугацааны дотор буюу 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Давж заалдах шаардлагагүй, ажилд эгүүлэн томилох тухай цохолтыг хийснээр Хуулийн газарт ирүүлсэн.

Түүний дагуу тушаалын төслийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлтгэн холбогдох газар нэгжүүдэд хүргүүлсэн. /2016.07.09-2016.07.17-ны өдрийг дуустал бүх нийтийн амралтын өдөр байсан/

Хүний нөөцийн газраас тушаалын төслийг журмын дагуу бэлтгэж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Б/885 тоот тушаал гарган, 21-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон болно.

Иймд “Т” ХХК-ийн “Баянхонгор” салбарын захирал Б.Бын ажилд эгүүлэн томилох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш ажлын 14 хоногийн дотор “Эгүүлэн ажилд томилох тухай” тушаалыг гаргасан байх тул ажилгүй байх хугацааны нөхөн олговор хүссэн нэхэмжлэлийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 115.2.3 дах хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Тинд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2,613,625 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь эгүүлэн томилсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Б.Быг хариуцагч Т нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б/378 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар Баянхонгор салбарын захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаалд гомдол гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00029 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/378 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Быг Тны Баянхонгор салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчийн буруутай ажиллагаанаас болж 2016 оны 6 дугаар сарын 13-наас 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлсгүй байж хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан бол хариуцагч Т нь шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаагаа дуусгаж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дагуу манайх тэр даруй шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэлээр татгалзаж байна.

 

Хариуцагч Т нь анхнаасаа нэхэмжлэгч Б.Быг ажлаас нь үндэслэлгүй халсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00029 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, түүнийг дахин ажилд томилох хүртэлх хугацаанд Б.Быг цалин хөлсгүй байсан явдалд шүүх Тийг буруутгах үндэслэл болж байна.

 

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр” болсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалингаа шаардах эрхтэй байна.

 

            Хариуцагч Т нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 он 6 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2016/00029 дугаартай шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Б.Быг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Б/885 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Баянхонгор салбарын захирлын албан тушаалд эгүүлэн томилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл эмндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу Б.Бын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин нь 104,545 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 22 хоногт үржүүлэн тооцоход 2,299,990 төгрөг болж байна.

 

Ийм учраас хариуцагч Тнаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,299,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 313,635 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Бын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Тнаас ажилгүй байсан хугацааны олговорт 2,299,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 313,635 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Бын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Тинд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,768 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Тнаас 51,749 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА