| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0165/Э |
| Дугаар | 0356 |
| Огноо | 2019-11-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 0356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-ад холбогдох эрүүгийн 1925001290131 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ж.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 2а-1 тоотод оршин суух иргэн Г.Я-гийн монгол гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн ТСЛ маркийн ЛСД зурагт хулгайлан 700 000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ багийн 5-48 тоотод оршин суух Д.О-гийн байшинд нэвтэрч BSB загварын 43 инчийн зурагтыг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Г.Я, Д.О нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7-р хуудас/,
2. Хохирогч Г.Я-гийн ...“Миний бие 2019 оны 02 сарын 14-ний өдөр 17 цагийн үед гэрээ цоожлоод Улаанбаатар хот явчихаад 2019 оны 02 сарын 16-ны өдөр Орхон аймагт ирээд гэртээ орох гэтэл манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл манай гэрт байсан 43 инчийн ТСL маркийн ЛСД зурагт алга болсон байсан. Би нөхрийн найз Ж.Б гэх залууг сэжиглэж байна. Ж.Б манай гэрээс хулгай хийж авсан зурагтаа 2019 оны 04 сарын 22-ны өдөр авч ирж өгсөн. Зурагт маань бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9-11-р хуудас/
3. Гэрч Д.А-гийн ...“2019 оны 02 дугаар сар болоод 10 орчим хонож байхад манай баруун талын хашааны үүдэнд танихгүй согтуу халамцуу залуу зурагт зарна гээд 43 инчийн ТCL маркийн зурагт бариад зогсож байсан. Яагаад зурагтаа зарж байгаа юм бэ хулгайн эд зүйл биш биз гэхэд зурагт зарсан залуу миний өөрийн зурагт байгаа юм. Манай гэр Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн суманд байдаг энд хүүхдүүдийнхээ үздэг зурагтыг зарж байна. Хөдөөнөөс ирээд цагаан сар хийгээд явах гэсэн чинь мөнгөгүй болчихлоо гэж байсан. Хэд хоногийн өмнө зурагт зарсан залуу зурагтны эзэн, өөрийн эгч гэж хүмүүсийг дагуулж ирээд хулгайн эд зүйл байсан гэж уучлалт гуйгаад миний мөнгийг өгөөд зурагтаа аваад явсан. Би энэ зурагтыг 130 000 төгрөгөөр авсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/
4. “Ашид билгүүн ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 518-006 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 19-23-р хуудас/
5. Хохирогч Д.О-гийн ...“2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум руу эгчийнхээ гэр рүү явсан. Хөдөө очоод хоёр хонож байхад манай хүүхэд утсаар яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн өглөө гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь манай гэрт орсон хулгайч манай байшингийн вакум цонхыг хагалж ороод байшингийн хойд стекен дээр байсан 43 инчийн ВSВ маркийн хар өнгийн зурагтыг хулгай хийж авч явсан байсан. Үүнээс хойш нэг хоёр хоногийн дараа байх өглөө боссон чинь манай хашаанд байсан миний эзэмшлийн машин доогуур хулгайд алдсан зурагтыг авч ирж тавьсан байсан. 3урагтаа олж авсан гомдолгүй, гэхдээ хагархай цонхоо шиллүүлсэн 120 000 төгрөгийг Ж.Б-аас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 80-81-р хуудас/
6. Гэрч Д.Ц-лийн ...“Би О-г ахын хашаанд 2015 оноос хойш амьдарч байна. Өнөөдөр өглөө үнс асгаж байгаад О ахын байшин руу хартал нэг талын цонх нь хагарсан, хажуу талын салхивч нь онгорхой байсан. Ойртоод хартал телевизор нь харагдахгүй байсан. Тэр даруйд нь Б гэж хүүд нь мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-84-р хуудас/
7. Гэрч Б.О ...“Хөдөө очоод байж байхад 2 хоногийн дараа миний хүү Баасанхүү утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ ирсэн. Гэртээ ирсэн чинь манай байшингийн 2 вакум цонхыг хага цохиод манай гэрт байсан 2016 онд 820 000 төгрөгөөр худалдан авч байсан 43 инчийн хар өнгөтэй ВSВ маркийн зурагтын хулгай хийгээд авч явсан байсан. Нөхөр бид хоёрыг хөдөөнөөс ирээд нэг байна уу хоёр хонож байхад нэг өглөө боссон чинь хашаанд байсан миний нөхрийн машин доогуур хулгайд алдсан зурагтыг маань авч ирж хийсэн байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 82-р хуудас/
8. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-75-р хуудас/
9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай “шинжлэгдэж буй 3 дугаартай гарын мөр МК1003010004925 дугаараар санд бүртгэгдсэн Жаргалсайханы Ж.Б-ын зүүн гарын долоовор хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, нийлэлт, салаалалт, төгсгөл зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 89-р хуудас/
10. “Бан Хас” ХХК-ий шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн э-0052 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт. /хх-ийн 97- 101-р хуудас/ болон шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.О би Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон тогтоох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Ж.Б-ад холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 2а-1 тоотод оршин суух иргэн Ягаанцэцэгийн монгол гэрийн цоожыг эвдэж ТиЭлСи загварын зурагт хулгайлан 700 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө О-гийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч 43 инчийн зурагт хулгайлан бусдад 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байна. Ж.Б нь хулгайн эд зүйл болох зурагтыг биет байдлаар хүлээлгэж өгсөн. Хохирогч Очирхуяг нь вакум цонх хагалсаны шууд бус хохирол болох 120 000 төгрөгийг нэхэмжилж байгааг шүүгдэгч Ж.Б-аас гаргуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Б-ад ял хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй. Хүлээхэд татгалзах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас мэдүүлдэг. Хохирол төлбөрөө төлснийг харгалзаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэж хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээгээр хорих ял оногдуулах боломжтой. Ж.Б нь хохирлыг сайн дураар төлсөн. Цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой гэж бодож байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Г.Я, Д.О нарын мэдүүлэг, гэрч Д.А, Д.Ц, Б.О мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 518/006 дугаартай дүгнэлт, “Бан Хас” ХХК-ий шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0052 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 02 дугаар сарын 14-нөөс 16-нд Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 2а-1 тоотод оршин суух иргэн Г.Я-гийн монгол гэрийн цоожийг эвдэн орж 43 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлан 700 000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 5-48 тоотод оршин суух Д.О-гийн байшинд нэвтэрч BSB загварын 43 инчийн зурагтыг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэгт тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял шийтгэл оногдуулах боломжтой гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нийт 1 100 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд учирсан хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч Д.О нь вакум цонх шиллүүлэх төлбөр 120 000 төгрөг нэхэмжилснийг шүүх хуралдааны явцад төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ад оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б-ад авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС