Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 0361

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О     

Улсын яллагч Б.О-Э

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1925007590452 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

Ц.Б

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Өндөр дэнжийн 49-0-1 тоотод эхнэр З.С-ийг өмдний тэлээгээр ороолгож баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэм хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч З.С “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч З.С-ийн ... “тухайн өдөр Ц.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн шөнө 03 цагийн үед орж ирээд намайг хэнтэй хаагуур юу хийж явдаг юм гээд хардаад хэрүүл маргаан хийсэн. Би өөдөөс нь хэрэлдээд бид хоёр маргалдаж байтал Ц.Б өмднийхөө тэлээг тайлж намайг нэг удаа ороолгосон. Ер нь байнга харддаг” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-гийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 698 дугаартай ....З.С-ийн биед баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 18-р хуудас/

 

3. Шүүгдэгч Ц.Б-гийн         ...“2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би ажлаасаа бууж ирээд архи уучихсан юм. Тэгээд З.С уурлаад байхаар нь гарч яваад архи уучхаад шөнө гэртээ орж ирээд эхнэр З.С-тэй маргалдаж уурандаа өмдний тэлээгээ тайлаад нэг удаа ороолгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41- 42-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.О-Э дүгнэлтдээ “Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.О-Э би Прокурорын тухай хуулийн 17, 19, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24.1-д тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Ц.Бд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Өндөр 49-5 тоотод эхнэр З.С-ийг өмдний тэлээгээр ороолгож гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Шүүгдэгч Ц.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, яллагдагч нар нь эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч З.С-ийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-гийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 698 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Өндөр дэнжийн 49-0-1 тоотод эхнэр З.Сийг өмдний тэлээгээр ороолгож баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС