Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 0017

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүхийн танхимд   

 

          Нарийн бичгийн дарга                                 С.Төртулах

          Улсын яллагч                                               Н.Улсболд

          Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цогоогийн Од холбогдох 1932001800214 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бул 2, эгчийн хамт *тоотод оршин суух хаягтай,эрхэлсэн тодорхой ажилгүй улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Цогоогийн О РД:/*/

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар:

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг Сити худалдааны төвийн Хаан банкны АТМ-с М.СЭийн Хаан банкны 5001150084 дугаарын Хаан банкны данснаас түүний виза картаар нийт 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

           

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: “....2019 оны 09 сарын 01-ний өдөр би хуурай эгчтэйгээ хамт архи уугаагүй байсан юм. Бт гарч явчихаад ирэхдээ жаахан халамцуу ороод ирсэн. Тэгээд танай Соёлоо ах чинь чамайг хүрээд ир гээд гэртээ дуудаад байна гэсэн юм. Тэгэхээр нь яваад очсон чинь миний хуурай дүү гээд архи авч өгөөд хоёр, гурван шил архи хувааж уусан. Тэгээд жаахан халцгаагаад тийм юм болчихсон байсан. Тухайн үед 550,000 төгрөгийг үрээд дуусгачихсан. Хорь гучаар дэлгүүрээс юм аваад уншуулаад, 300-г нь үрээд 200-г нь сайн санахгүй байгаа. Гэхдээ би авснаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэжээ.

 

 

            Хохирогч М.СЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... Би тухайн үед согтохоосоо өмнө нь өөрийн "Хаан банк"-ны виза картаа шкафны дээд талын хулдаасны завсарт хийсэн юм. Тухайн үед 16 цаг болж байсан. Тэгээд согтоод унтаж байгаад сэрэхэд манай гэрт Мэндээ бид хоёр л байсан юм. Тэгээд байшин дотроосоо виза картаа хайгаад олоогүй. Тэгээд Мэндээ бид 2 спиртийн 10 дугаар байранд байдаг найз Бүдээгийн гэрт 19 цагийн орчим очоод гэрт нь сууж байхад миний 99543348 дугаарын утсанд Хаан банкны картнаас 20.000, 30.000, 300.000, 200.000 нийт 550.000 төгрөг хасагдсан талаар мессежээр мэдээлэл нь ирсэн юм. Тэгээд тухайн уед хамт архи уусан хүмүүс авсан байж болзошгүй гэж бодоод цагдаад мэдэгдээгүй юм. Би нийт 550.000 төгрөгөөр хохирсон тул уг хохирлоо барагдуулах саналтай байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 15, 21 хуудас/,

            Гэрч М.Бтгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....О намайг гэрээс нь гаръя гээд бид 2 гараад "2 Хүү Б" дэлгүүр лүү явж байхад О, Соёлоогийн виза картыг нь авчихсан байсан. Тэгээд би "картыг авч болж байгаа юм уу" гэж асуухад О "Зүгээрээ хамт ажиллаж байсан юм" гээд Сити худалдааны төвийн АТМ орж явахад Золоотой тааралдаад бид 3 хамт АТМ ороод Соёлоогийн картнаас Золоо, О 2 мөнгө аваад байсан. Хэдэн төгрөг авсаныг нь би мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

            Гэрч П.Збын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.....тэгээд дэлгүүрээс 1 шил архи идэж уух юм аваад гэрт нь очоод тэрнээсээ хэд хэд татаад тэгээд би харих болоод бид хэд хойшоо цуг яваад Ц.О АТМ-ээс мөнгө авч эгчийгээ эргэнэ гэхээр нь цуг Сити төвийн АТМ-с орсон. Тэгээд Ц.О мөнгө авсан. Хэдэн төгрөг авсаныг би мэдэхгүй байна. Өөрийнх нь карт юм байх гэж бодож байсан. Тэгээд Ц.О эмнэлэг орж эгчтэйгээ уулзаад гарч ирэхээр нь Бт, О бид 3 зах ороод Ц.О Хүнсний захын АТМ-ээс бас дахин мөнгšөавч байсан....." гэх мэдүүлэг, /хх-ийн 27 хуудас/,

            2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46 хуудас/,

Мижид овогтой СЭийн Хаан банкны 5001150084 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48 хуудас/ болон шүүгдэгч Ц.Оийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох

Ц.Оийн оршин суух хаягийн тодорхойлол /хх-ийн 38 хуудас/, Ц.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 хуудас/, шүүгдэгчийн хурууны хээний дардас /хх-ийн 41   хуудас/, Ц.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/ зэрэг болно.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.О нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг Сити худалдааны төвийн Хаан банкны АТМ-с М.СЭийн Хаан банкны 5001150084 дугаарын Хаан банкны данснаас түүний виза картаар нийт 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч М.СЭийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 21 дүгээр хуудас/, гэрч М.Бтгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч П.Збын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46 хуудас/,  Мижид овогтой СЭийн Хаан банкны 5001150084 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48 хуудас/, Шүүгдэгч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.О нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар багийн нутаг Сити худалдааны төвийн Хаан банкны АТМ-с М.СЭийн Хаан банкны 5001150084 дугаарын Хаан банкны данснаас түүний виза картаар нийт 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Оийг иргэн М.СЭэтэй архидан согтуурч байхдаа хохирогчийн виза картыг авч Хаан банкны 5001150084 дугаарын данснаас нийт 550.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 550,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Оээс гаргуулж хохирогч М.СЭэд олгох нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн М.СЭийн Хаан банкны виза картыг хохирогч М.СЭэд буцаан олгох, хэргийн газрын үзлэг бүхий СД 1 ширхэг, камерын бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг хавтаст хэрэгт хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Оийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Оээс 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Спиртийн 2-3-36 тоотод оршин суух, Бөртэ овогт Мижидийн СЭэ /*, утас:*/-д  олгосугай.

5.Шүүгдэгч Ц.Од өмнө нь авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Б.АЛТАНЦЭЦЭГ