Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/389

 

 

   2019              12              18                                                     2019/ШЦТ/389                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

хохирогч Л.Отгонбат, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн, А.Мөнхтулга,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох эрүүгийн 1934003820420 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Н. Б., 1964 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Баянжаргалан сумын Улаан ухаа 2 дугаар багт оршин суудаг, Улаанбаатар хот Багануур дүүрэг 1 дүгээр хороо сургалтын задгай 2 гудамж 1 тоотод оршин суух засаг захиргааны бүртгэлтэй, улсаас авсан  гавъяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Б-гийн өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр манайх нутаглаж байсан Уран борын хоолой гэх газраас нүүгээд тус сумын 3 дугаар багийн нутаг Гучингийн хоолой гэх газар руу явсан. Тэгээд малаа туугаад явж байгаад нар шингэж байхад нүүдлээ зогсоогоод Отгонбатын хаваржааны хажуу талд хоноглохоор болсон. Эхнэр ишгээ угжих гээд байж байтал Отгонбат мотоциклтой ирээд үгийн зөрүүгүй "чи хаваржаан дээр мэдсээр байж хүрч ирээд малаар өвс идүүллээ" гээд дайраад та муусайныг алаад өгнөө гээд хашхираад байхаар нь би тоохгүй зогсож байсан. Отгонбат мотоциклоос бууж ирээд танай гэрийнхэн цусанд дуртай улс даа гэж хэлэхээр нь миний уур хүрээд Отгонбатыг гараараа нэг удаа шанаан тус газар нь цохисон. Тэгээд эхнэр бид хоёрыг салгасан. Шанаанд нь цохиход хамар хугарсан явдлыг гайхаад байгаа юм гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Отгонбатын өгсөн: Миний бие Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Баруун шинэ ус гэх газар оршин сууж нутагладаг. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Батнасан гэх хүн эхнэр, хүүхдийнхээ хамт малтайгаа нүүж яваад манай хургатай хонь хураадаг газар ирээд зогссон. Тэгэхээр нь би очоод мэнд усаа мэдээд наад газар чинь манай хургатай хонь хураадаг газар байгаа юм манай хонь өглөө 4 цагт бэлчдэг учраас танай хоньтой нийлчихвий дээ гэж хэлтэл Батнасан гуай чамд өмчилсөн газар юм уу гэж хэлээд шууд үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа гэдэс рүү хөлөөрөө 4-5 удаа цохисон. Тэгтэл миний араас түүний эхнэр нь болох Нэргүй толгойн ар хэсэг рүү шанагаар 4-5 удаа цохисон. Тэгээд Батнасан чамайг хутгална гүйцээнэ гэж хэлээд машин руугаа явтал эхнэр нь Батнасанг хорьсон. Тэгтэл Батнасангийн хоёр эрэгтэй хүүхэд нь араас зэрэг татаад намайг газар унагаасан. Тэгээд Батнасан байгалийг биш чамайг гэр орон хаваржаатай чинь шатаана гээд хашхираад байсан. Тэгээд би явах гээд мотоцикл дээрээ суугаад явах гэтэл Батнасан гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний ам хамарнаас цус гарсан. Тухайн үед намайг зодуулж байхад Баяржавхлан хараад зогсож байсан. Намайг салгах гэтэл шөрмөс нь татаад хөдөлж чадаагүй гэсэн. Баяржавхлан гэх хүн манайд надтай хамт байж байгаад хонь хотолдог газар луу түрүүлээд явсан байсан. Тэгээд би араас нь очоод Батнасан гэх хүнд зодуулсан. Тэгээд цагдаад мэдэгдэхэд намайг шүүх эмнэлгийн тогтоол гаргуул гэсэн. Төв аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биеийн гаднах байдлыг хараад намайг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүл гэсэн. Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэтэл 7 хоногийн хугацаатай цаг байхгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот орж үзүүлчхээд эмрай зураг авахуулаад иртэл шүүх эмнэлгийн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарчихсан байсан. Миний хувьд гомдолтой байна, эхнэр нь шанагаар цохисон, хүүхдүүд нь мотоциклоос татаж унагаасан. Энэ хүн намайг зодсон. Эмчилгээний зардал 567 000 төгрөг, унааны зардал 667 000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

            Гэрч Б.Батжаргалын өгсөн: “Би тухайн үед аавындаа мал маллаж байсан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр аавынхаа гэрийг нүүлгэхээр ирсэн ба 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр аавынхаа гэр, малыг нүүлгээд орой болсон учир Отгонбатын гэрийн ойролцоо хоноглохоор зогсож байхад Отгонбат мотоциклтой ганцаараа ирээд алаад өгнө, манай хаваржааны малын өвс идүүлчихлээ энд буулгахгүй гэсэн. Тэгэхээр нь энүүгээр өнгөрөх нь миний асуудал гээд хэрэлдэж байсан. Отгонбат ах аавыг та нар цусанд дуртай гэхэд аав уурлаад нүүр лүү нь цохиход аавыг заамдаж авахад дахиад цохь дахиад цохь гээд дайраад байсан. Ээж шанага бариад дундуур нь орж салгаад хэрэлдэж байснаа Отгонбат яваад бид нар хоноглосон. Аав Отгонбатыг 1 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх 23-24, 33/,

            Гэрч Б.Батбаатарын өгсөн: “Би тухайн үед хонио туугаад нүүгээд явж байсан. Маргаан эхлэх үед би байгаагүй. 2 хонины голд явж байсан. Тэгсэн сувиа хонины баруун хойд талаас мотоциклтой хүн хурдан гарч ирээд ээжтэй уулзаж байсан. Хоорондоо маргалдаад байсан. Аав тухайн мотоциклийн хажууд Баяржавхлан гэх хүнтэй сууж байсан. Аав уурлаад түрүүлж цохисон. Отгонбат ах ч зөрүүлээд цохих шиг болсон нэг нэгнийгээ түлхээд байсан. Аавыг цохих гээд байхаар нь Отгонбатыг ар бүснээс нь татахад арагшаа унаж босож ирээд гэр бүлээрээ нийлж зодлоо гээд дайраад байхаар нь наад хүн чинь согтуу гэж би хэлэхэд дайрч хэрүүл өдсөнөө яваад өгсөн. Би Отгонбат ах, аав хоёрыг маргалдаад байхаар нь салгах гэж байгаад Отгонбатын бүснээс татахад хойшоо газар унасан. Тэгээд гайгүй холдохоор нь явсан.” гэх мэдүүлэг /хх 28-30, 35/,

            Гэрч Д.Нэргүйн өгсөн: “Бид нар Отгонбатын хаваржаанаас 1 км зайтай газар малаа туугаад явж байхад Отгонбат мотоциклтой ирсэн. Мотоциклоосоо бууж ирээд данхраадаж тогтоогоод бид нар луу та нар миний хаваржаан дээр ирж албаар буулаа гээд элдвээр хараагаад хөөгөөд байхаар нь би согтуу хүн байна даа гэж бодсон. Тэгсэн Отгонбат манай нөхөр лүү үсчиж дайраад байхаар нь би ингэж байгаад явах байлгүй гээд тоолгүй орхисон. Намайг ойртож очиход Отгонбат танай гэрийнхэн цусанд дуртай хүмүүс гэж хэлэхэд манай нөхөр уурлаад нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн Отгонбат манай нөхрийг заамдаж аваад нүүрээрээ манай нөхрийн нүүр лүү тулж ирээд цохь, цохь гээд дайраад байсан. Манай хүүхдүүд харчхаад энэ ах согтуу байгаа юм уу гэхээр нь би хол бай гээд ойртуулаагүй. Тэгсэн манай хүү Батбаатар очиж ах та боль гээд салгасан. Отгонбат мотоцикл дээрээ суугаад хөдлөхдөө Та нарыг цагдаа шүүхээр явж шоронгийн тав болгоно гээд явсан. Би нар тэр өдөртөө тэндээ хоночхоод цааш хөдөлсөн. Тэрнээс хойш Отгонбаттай тааралдаагүй. Тухайн үед би улаан өнгийн хуванцар шанага барьж явсан. Би огт цохиогүй. Батбаатар маань Отгонбатыг манай нөхөр рүү дайраад байхаар нь холдуулсан. Тэрнээс цохисон юм байхгүй.” гэх мэдүүлэг /хх 31-32/,

            Гэрч М.Баяржавхлангийн өгсөн: Батнасан гуайн Ганболд нь манай дүү Наранжаргалтай гэр бүл болсон. Тийм учраас бид хоёр ураг төрлийн холбоотой. Би эрхийнхээ хүрээнд гэрчээр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэх мэдүүлэг /хх 34/,  

           Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №562 дугаартай дүгнэлт: “1.Л.Отгонбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 41-42/,

            хохирогч Л.Отгонбатын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 07-08/, хохирлын баримтууд /хх 50-52/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэрэг болно.

            Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Батнасан нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сумын Уран борын хоолой гэх газраас тус сумын Гучингийн хоолой гэх газар руу нүүдэл хийх замдаа нүүдлээ зогсоож Отгонбатын хаваржааны хажуу талд хоноглохоор болсон. Улмаар Отгонбат ирж "хаваржаан дээр ирж малын өвс идүүллээ" гэх шалтгаанаас болж маргаан болсон байх бөгөөд улмаар Отгонбат нь Батнасанг "танайхан цусанд дуртай улс даа" гэж хэлснээр Батнасан уурсаж Отгонбатын эрх чөлөөнд халдсан байна.

Шүүгдэгч Н.Б нь хууль зүйн хувьд үл ялих зүйлээр шалтаглан “танхайн” сэдэлтээр, хохирогч Л.Отгонбатын биед санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянжаргалан сум Эрдэнэ 3 дугаар багийн нутагт иргэн Л.Отгонбатыг “танайхан цусанд дуртай гэж хэллээ” гэх шалтгаанаар уурлаж эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Н.Бгийн мэдүүлсэн: "Отгонбат мотоциклтой ирээд үгийн зөрүүгүй "чи хаваржаан дээр мэдсээр байж хүрч ирээд малаар өвс идүүллээ" гээд дайраад та муусайныг алаад өгнөө гээд хашхираад байхаар нь би тоохгүй зогсож байсан. Отгонбат мотоциклоос бууж ирээд танай гэрийнхэн цусанд дуртай улс даа гэж хэлэхээр нь миний уур хүрээд Отгонбатыг гараараа нэг удаа шанаан тус газар нь цохисон." гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Отгонбатын мэдүүлсэн: "2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Батнасан гэх хүн эхнэр, хүүхдийнхээ хамт малтайгаа нүүж яваад манай хургатай хонь хураадаг газар ирээд зогссон. Тэгэхээр нь би очоод мэнд усаа мэдээд наад газар чинь манай хургатай хонь хураадаг газар байгаа юм манай хонь өглөө 4 цагт бэлчдэг учраас танай хоньтой нийлчихвий дээ гэж хэлтэл Батнасан гуай чамд өмчилсөн газар юм уу гэж хэлээд шууд үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа гэдэс рүү хөлөөрөө 4-5 удаа цохисон. Тэгтэл миний араас түүний эхнэр нь болох Нэргүй толгойн ар хэсэг рүү шанагаар 4-5 удаа цохисон. ...тэгээд би явах гээд мотоцикл дээрээ суугаад явах гэтэл Батнасан гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний ам хамарнаас цус гарсан." гэх мэдүүлэг,

            гэрч Б.Батжаргалын өгсөн: “Отгонбат мотоциклтой ганцаараа ирээд алаад өгнө, манай хаваржааны малын өвс идүүлчихлээ энд буулгахгүй гэсэн. Тэгэхээр нь энүүгээр өнгөрөх нь миний асуудал гээд хэрэлдэж байсан. Отгонбат ах аавыг та нар цусанд дуртай гэхэд аав уурлаад нүүр лүү нь цохиход аавыг заамдаж авахад дахиад цохь дахиад цохь гээд дайраад байсан.” гэх мэдүүлэг /хх 23-24, 33/,

            гэрч Б.Батбаатарын өгсөн: “Аав уурлаад түрүүлж цохисон. Отгонбат ах ч зөрүүлээд цохих шиг болсон нэг нэгнийгээ түлхээд байсан. Аавыг цохих гээд байхаар нь Отгонбатыг ар бүснээс нь татахад арагшаа унаж босож ирээд гэр бүлээрээ нийлж зодлоо гээд дайраад байхаар нь наад хүн чинь согтуу гэж би хэлэхэд дайрч хэрүүл өдсөнөө яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 28-30, 35/,

            гэрч Д.Нэргүйн өгсөн: “Намайг ойртож очиход Отгонбат танай гэрийнхэн цусанд дуртай хүмүүс гэж хэлэхэд манай нөхөр уурлаад нэг удаа гараараа цохих шиг болсон. Тэгсэн Отгонбат манай нөхрийг заамдаж аваад нүүрээрээ манай нөхрийн нүүр лүү тулж ирээд цохь, цохь гээд дайраад байсан. Манай хүүхдүүд харчхаад энэ ах согтуу байгаа юм уу гэхээр нь би хол бай гээд ойртуулаагүй. Тэгсэн манай хүү Батбаатар очиж ах та боль гээд салгасан.” гэх мэдүүлэг /хх 31-32/,       

            Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №562 дугаартай дүгнэлт: “1.Л.Отгонбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх /хх 41-42/, хохирогч Л.Отгонбатын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 7-8/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүгдэгч Н.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх, зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Б би хохирогчийг нэг л удаа шанаанд нь цохисон. Нэг удаагийн цохилтын улмаас түүний хамар ясны хугарал үүссэн байх боломжгүй гэж маргасан.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийн талаар 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоодсон бөгөөд энэ нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. Дахин буюу 2019 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учирсан гэжээ /хх 41-42/ үүнийг хохирогч мэдүүлэгтээ: тухайн цаг хугацаанд Төв аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биеийн гаднах байдлыг хараад намайг аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүл гэсэн. Нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гэтэл 7 хоногийн хугацаатай цаг байхгүй гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот орж үзүүлчхээд эмрай зураг авахуулаад иртэл шүүх эмнэлгийн гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарчихсан тул эмрай зургаа өгч дахин дүгнэлт гаргуулсан талаар тайлбарласан. Хэдийгээр шүүгдэгч болон түүний гэр бүлийн эхнэр, хүүхдүүд нэг л удаа цохисон гэх боловч хохирогчийн цагдаагийн байгууллагад 2019 оны 5 дугаар сарын 07-ний өдөр өгсөн өргөдөлд: "...зодуулснаас болж хамар хавдаад хөхөрч өвчин ихтэй гэмтсэн нь тодорхой байна." гэх /хх 8/, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "би мотоцикл дээрээ суугаад явах гэтэл Батнасан гүйж ирээд миний нармайн дундуур нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний ам, хамраас цус гарсан байсан." /хх 16-р хуудасны ар тал/ мэдүүлэг, шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...шанаа хэсэгт нь нэг цохисон, Цохиход Отгонбатын амнаас бага зэрэг улаан өнгөтэй шүлс гарч байсан." гэх мэдүүлэг /хх 27/ зэргээс шүүгдэгчийн цохилтын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал үүссэн байх боломжтой гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Отгонбат нь гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 567 000 төгрөг, унааны зардалд 667 000 төгрөг нийт 1 234 000 төгрөг нэхэмжилжээ.

 Хавтаст хэргийн 50, 52-р хуудсанд УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн гэх 42 000 төгрөг, 25 000 төгрөг, 51-р хуудсанд Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн гэх 200 000 төгрөг, 96-р хуудсанд 175 000 төгрөг, 98-р хуудсанд 150 000 төгрөг, шүүх хуралдаанд унааны зардал гэх 687 500 төгрөгийн баримт ирүүлсэн. УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн баримтаас хавтаст хэргийн 52, 98-р хуудсанд авагдсан УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсэн гэх баримтыг давхардуулан өгсөн байх тул хасаж нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 417 000 төгрөг, унааны зардал 786 000 төгрөг нийт 1 104 500 төгрөгийг хангаж, нийт 1 234 000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 129 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох  ял оногдуулах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс торгуулын ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх,

Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргээс шүүгдэгчид торгуулын ялын дээд хэмжээгээр оногдуулах санал, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Бгийн хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүйгээс гадна шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.  

Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Эрүүгийн 1934003820420 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Н.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650 000 /зургаан зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 650 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 217 000 /хоёр зуун арван долоон мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн 1934003820420 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гаас 1 104 500 /нэг сая нэг зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, Төв аймгийн Баянжаргалан сумын 3-р багийн иргэн Боржигон Ленжийн Отгонбат /РД:НГ78081770/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 129 500 /нэг зуун хорин есөн мянга таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Т.БАТЖАРГАЛ