Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/359

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ууганзаяа,  

иргэний нэхэмжлэгч Ц.Нямгарьжав,

иргэний хариуцагч Б.Төгсжаргал,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 1934006650373 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.С, Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 5, аав, ээж ах дүү нарын хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22 дугаар хороо зүүн наран 17-43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Соломын хөтөл” гэх газарт 93-08 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч У.Ганболдын амь насыг хохироон Н.Дөлгөөн, Ц.Тэмүүлэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б..С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ууганзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай хүүхэд найзуудтайгаа цэргийн найзаа  эргэнэ гээд явсан болохоор нь зөвшөөрсөн. Б.С өглөө гэрээс машин авч явсан. 12 цагийн үед осол гарсан гэж хэлсэн. Налайхын эмнэлэг дээр очиход Төв аймагт байгаа гэсэн. Тэгээд энд ирж мэдсэн” гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Нямгарьжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Төгсжаргал гэдэг хүн 10.050.000 төгрөг зээлээр авсан. Хэвийн төлөөд явж байтал осол гараад 3.500.300 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа. Зээлээ сар сард нь төлөх юм бол нэмж нэхэмжлэхгүй” гэв.

Иргэний хариуцагч Б.Төгсжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл мөнгөө сар сард нь төлнө” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04 тал/,  Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-05-13 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-14 тал/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-15 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/, 93-08 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-17-18 тал/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-21-22 тал/, Төв аймаг Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багийн нутагт Солом 4-р зөрлөгөөс Зуунмод чиглэлийн замд 93-08УНЭ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож Ууганзаяагийн Ганболд 19 настай эрэгтэй нас барсан гэх хэргийн цогцосны гадна үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-23-25 тал/, магадлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ууганзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-31-33 тал/, насанд хүрээгүй хохирогч Н.Дөлгөөнөөс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-37 тал/, хохирогч Ц.Тэмүүлэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-38-40 тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Нямгарьжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-44 тал/, насанд хүрээгүй гэрч Г.Ирмүүнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-47 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №599 дугаартай дүгнэлт/хх-49 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №600 дугаартай дүгнэлт/хх-53-54 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №4639 дугаар дүгнэлт/хх-57 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №607 дугаартай дүгнэлт/хх-60-61 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №608 дугаартай дүгнэлт/хх-64-65 тал/, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №5104 дугаартай дүгнэлт/хх-68 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №127 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт/хх-71-72 тал/, Б.Сын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-80 тал/, шүүгдэгч Н.Сын хувийн байдлыг тогтоосон баримтууд/хх-81-86 тал/, №0000239327 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/хх-87 тал/, Хас Үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-91-92 тал/, иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-100 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Соломын хөтөл” гэх газарт 93-08 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч У.Ганболдын амь насыг хохироон Н.Дөлгөөн, Ц.Тэмүүлэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Дөлгөөний: “... Тус өдөр би Улаанбаатар хотоос Тэрэлж амралт руу очиж амрахаар найз Сын машинтай Тэмүүлэн, Ирмүүн, талийгаач Ганболд нарын хамтаар гараад явах замдаа зам дээр гэнэт малын яс харагдаад жолооч С тойрч гарах гээд жолоогоо баруун гар тал руугаа дарахад тойрч чадалгүй мөргөөд машин хөндөлсөөд түүнээс хойш би юу болсныг мэдээгүй сайн санахгүй байна. Жолооч суудлын бүс зүүсэн байсан мөн жолоочийн хажуу талд суусан зорчигч Тэмүүлэн зүүсэн байсан арын гурав суудлын бүс зүүгээгүй байсан. Би арын суудлын голд сууж явсан талийгаач миний зүүн гар талд, Ирмүүн жолоочийн ар талд сууж явсан” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

Хохирогч Ц.Тэмүүлэнгийн: “Миний нуруунд зулгаралт гэмтэл үүссэн өөр ямар нэгэн гэмтэл зовиур байхгүй. Би жолоочийн хажуу талд сууж явсан юм гэнэт зам дээр малын яс харагдсан. Жолооч түүнийг зайлуулж дарах гэсэн боловч мөргөсөн ингээд машин хөндөлсөөд замын хажуу руу онхолдсон.” /хх-40 тал/,

Насанд хүрээгүй гэж Г.Ирмүүний: “ ... Би жолоочийн ар талд сууж явсан. Гэтэл гэнэт замын голд малын яс байсан. Жолооч С түүнийг хараад жолоогоо баруун гар тал руугаа дарахад машин хөндөлсөөд нөгөө тийшээ хариулж дарахад замаас гараад онхолдсон” гэх мэдүүлэг /хх-47 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №607 дугаар “1.Н.Дөлгөөний биед зүүн шуунд шарх, дух, зүүн нүдний зовхи, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-60-61 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №608 дугаар “Ц.Тэмүүлэнгийн биед нуруу, баруун өгзөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-65 тал/,

Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №127 дугаар “1. Талийгаач У.Ганболдын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүрхэнд цус харвалт, зүрх чичирхийлэлт, зүүн тохой, сарвуу, нуруу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй. 3. Талийгаач нь зүрх доргилтын улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-71-72 тал/,

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №104 дугаартай “1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 93-08 УНС улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Баяржаргал овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 93-08 УНС улсын дугаартай Тоёото Приус -20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Баяржаргал овогтой С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна” гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход зам, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв. 4.Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-68 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-04 тал/,  Төв аймгийн Сэргэлэн суманд гарсан зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт/хх-05-13 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт/хх-14 тал/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-15 тал/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/, 93-08 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-17-18 тал/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20 тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-21-22 тал/, Төв аймаг Сэргэлэн сум Баянбүрд 1 дүгээр багийн нутагт Солом 4-р зөрлөгөөс Зуунмод чиглэлийн замд 93-08УНЭ улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл онхолдож Ууганзаяагийн Ганболд 19 настай эрэгтэй нас барсан гэх хэргийн цогцосны гадна үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/хх-23-25 тал/, магадлан шинжилгээний дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-28 тал/, №0000239327 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар/хх-87 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Н.С нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироосон гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Соломын хөтөл” гэх газарт 93-08 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх хориглосон заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч У.Ганболдын амь насыг хохироосон нь гэмт хэргийн улмаас талийгаачийн биед “зүрхэнд цус харвалт, зүрх чичирхийлэлт, зүүн тохой, сарвуу, нуруу, зүүн мөрөнд зулгаралт” гэмтэл учирсаны улмаас амь нас нь хохирсон болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон ослын шалтгааныг тогтоосон дүгнэлтээр нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.“Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг”

Шүүгдэгч Н.С нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Н.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, учруулсан хор уршиг, хор уршгийн шинж чанар, Н.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хасаж”, гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул Н.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоол хүчинтэй болсон үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршигийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ууганцэцэг, хохирогч Ц.Тэмүүлэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нямдорж нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

Харин иргэний нэхэмжлэгч Ц.Нямгарьжав нь шүүхийн хэлэлцүүлэгт 3.500.300 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа уг 3500300 төгрөгийг нэхэмжилж байна. Графикийн дагуу төлбөрөө төлсөн тохиололд нэмж нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх бөгөөд энэ шүүх хуралдаанаар уг зээлийн үлдэгдэл болох 3500300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй үлдээж, иргэний нэхэмжлэгчийн 3.500.300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүйг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Харин хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн №1289137 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.С-ыг ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С нь шүүхээс тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.С нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ууганзаяад хохирлын төлбөрт 4900000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, иргэний нэхэмжлэгч Ц.Нямгарьжавын 3500300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагааар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдаж №1289137 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ю.ЭНХМАА