| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0303/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/356 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.2., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/356
2019 12 02 2019/ШЦТ/356
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Ж.Отгонбат,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын мөрдөн шалгах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор И.Мөнхцэцэг,
хохирогч Ч.Мягмарсүрэн,
шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн 1934004220290 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.Б, Төв аймгийн Зуунмод сумын 1990 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 4-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар хойшлуулж байсан,
2.Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
3.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмцээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,
4.Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн урд талын зогсоол дээр иргэн Б.Анхбаатартай маргалдаж, улмаар пивоны шилний хагархай хэсгээр хүзүү тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-3 тоотод байрлах иргэн П.Чүнсэрээгийн хашаанд иргэн Д.Түмэнцогтын хэвлийн тус газарт зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдоржийн баг 7-12 тоотод иргэн Ч.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохирогч Д.Түмэнцогт болон хохирогч нараас уучлалт гуйсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-04-05 тал/, Төв аймгийн Зуунмод сумын Өгөөмөр 5-р багийн нутаг 6-3 тоотод хүн хутгалуулсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-06 тал/, хохирогч Д.Түмэнцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-08-09 тал/, гэрч Д.Баярсайханаас мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-10 тал/, гэрч Б.Алтанцэцэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-12 тал/, гэрч П.Чүнсэрээгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/1-р хавтас хх-13-15 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №378 дугаартай дүгнэлт/1-р хавтас хх-17 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07 дугаартай нэмэлт дүгнэлт/1-р хавтас хх-18 тал/, Д.Түмэнцогтын өвчний түүх/1-р хавтас хх-20-39 тал/, О.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас хх-51, 156, 157/, О.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /1-р хавтас хх-55-66, 137-160, 175-193 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-93 тал/, хохирогч Б.Анхбаатараас мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хавтас хх-105-107 тал/, гэрч Б.Дашдэмбэрэлээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-110 тал/, Б.Анхбаатарын өвчний түүх /1-р хавтас хх-115-120 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №476 дугаартай дүгнэлт /хх-121-122 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-215-216 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №596 дугаар дүгнэлт/1-р хавтас хх-226-227 тал/, яаралтай түргэн тусламжийн хуудас/хх-228 тал/, хохирогч Х.Мягмарсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/2-р хавтас хх-9-10 тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн урд талын зогсоол дээр иргэн Б.Анхбаатартай маргалдаж, улмаар пивоны шилний хагархай хэсгээр хүзүү тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн яллагдагч О.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-3 тоотод байрлах иргэн П.Чүнсэрээгийн хашаанд иргэн Д.Түмэнцогтын хэвлийн тус газарт зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Нацагдоржийн баг 7-12 тоотод иргэн Ч.Мягмарсүрэнгийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Түмэнцогтын мэдүүлсэн: “ ...Тэгтэл нэ их удалгүй О.Б буцаж ирээд Цогоо ахаа гараад ир наашаа ир май гэсэн тэгэхээр нь би юу юм бол гээд гараад очтол Чүнээгийн гэрийн үүдэнд май гомдолгүй юм байгаа биз дээ гээд миний хэвлийн тус газарт 1 удаа хутгалсан тухайн үед надад юм мэдрэгдээгүй Чүнээгийн гэр рүү орох гэж байгаад үүдэнд нь явж чадахгүй хэвтээд өгсөн. Тэгээд би эмнэлгийн тэргээр эмнэлэг ороод хагалгаанд яаралтай орсон” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-08-09 тал/,
Гэрч Д.Баярсайханы мэдүүлсэн: “ ... Тэр хоёр дагаад Чүнсэрээ ахын гэрт ороод байсан архийг нь хувааж уугаад сууж байхад Түмэнцогт, Бид хандан чамтай архи уухгүй чи яв гэж Бийг явуулсан. Тэгтэл удалгүй 3-5 минутын дараа Б буцаж ирээд Цогоо ахаа уулзаа байна та гараад ир гээд дуудаад байсан тэгэхэд Түмэнцогт дагаад гарсан ба удалгүй араас нь гараад хартал Түмэнцогт байшингийн үүдэнд гэдэсээ дараад хэвтэж байхаар нь хартал гэдэснээс нь цус урсаж байсан яасан гэж асуутал Б намайг хатгачих шиг боллоо гэсэн тэгэхээр нь би Бийн араас нь барьж авах гээд хөөгөөд гүйсэн боловч гүйцээгүй” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-10 тал/,
Гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлсэн: “ ... 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хөдөө байж байтал манай нөхөр Д.Түмэнцогт нь хүнд хутгалуулаад эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон талаар нь манай ээж надад хэлсэн тэгэхээр нь би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт ирээд нөхөртэйгээ уулзтал надад хүнд хутгалуулаад эмнэлэгт хэвтэж байна гэж хэлсэн. Би2019 оны 06 дугаар сарын 01-нээс одоог хүртэл нөхөрөө сахиад байж байна” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-12 тал/,
Гэрч П.Чүнсэрээгийн мэдүүлсэн: “...2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ойролцоогоор 20-21 цагийн үед байх Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-3 тоотод байрлах манай гэрт Энхбат, Ханбүргэд, Цогоо, Түмбээ, Мөнхбат бид зургуулаа 1 шил архи хувааж уугаад сууж байсан тэгтэл гаднаас Доржоо орж ирээд Цогоог дуудаад Цогоотой хамт манай гэрээс гарсан тэгээд удалгүй 2-3 орчим минутын дараа л байх Цогоо манай гэрийн үүдний довжоон дээр атиралдаад гэдсээ тэврээд хэвтэж байсан цонхоор харсан юм. Тэгээд бид нар гэрээс гараад “юу болсон юм бэ” гэж Цогоогоос асуухад “намайг хутгалчихлаа” гэсэн” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-14 тал/,
Хохирогч Б.Анхбаатарын мэдүүлсэн: “ ...Миний биед надтай хамт ажил хийж байсан Бямбаа гэж залуу пивоны шил хагалж байгаад хүзүү рүү хатгаж гэмтэл учруулсан. Миний мөгөөрсөн хоолой зүсэгдсэн. Артерын судас гэмтэлтэй. Цус нь тогтохгүй дотор талд нь 13-н удаа оёдол тавьсан. Гадна талд нь 5 оёдол тавьсан. Зүүн суганы доор зүсэгдсэн байсан. Гурван оёдол тавьсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-105-106 тал/,
Гэрч Б.Дашдэмбэрэлийн мэдүүлсэн: “...тэгээд нөгөө хоёр зууралдаад байхаар нь би дундуур нь ороод хоёр тийшээ түлхээд салгасан чинь Доржоо та хоёр нийлж намайг зодох гэж байна гээд өөрийн барьж явсан пивоны шилээ цэцгийн мандал дээр цохиж хагалаад дараа нь Анхбаатарын тавьсан байсан пивоны шилийг бас авч баруун гартаа бариад цэцгийн мандал дээр хагалаад шууд Анхбаатарын хүзүүний зүүн талд 1 удаа хагархай шилээр цохиод хэвлийн зүүн талд нь 1 удаа цохьсон. Тэгээд би салгаад Доржоог цааш нь түлхээд эргэж хартал Анхбаатарын хүзүүнээс цус ихээр гарч байсан” гэх мэдүүлэг /1-р хавтас хх-110 тал/,
Хохирогч Ч.Мягмарсүрэнгийн мэдүүлсэн: “...Би орой 20 цагийн үед Төв аймаг Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар баг 7-12 тоотод Чулуунбямба ахын гэрт нь хоол хийгээд байж байтал манай 5 дугаар хороонд байдаг О.Б, Чулуунбямба ахын гэрт нь орж ирсэн ба ямар ч шалтгаангүйгээр миний барьж байсан аяга руу өшиглөсөн тэгэхээр нь би босоод барьцалдаж авах гэтэл О.Б гаднаас орж ирэхдээ гартаа барьсан байсан хар өнгийн борооны шүхрээр миний нүүр лүү 2-3 удаа цохисон би Бтой барьцалдаж аваад заамдалцсан чинь миний ухаан балартаад орон дээр суусан тэгтэл Чулуунбямба ах та хоёр боль би цагдаа дуудлаа шүү гэтэл Б гараад зугатаасан” гэх мэдүүлэг /2-р хавтас хх-09-10 тал/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас хх-03 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас хх-04-05 тал/, Төв аймгийн Зуунмод сумын Өгөөмөр 5-р багийн нутаг 6-3 тоотод хүн хутгалуулсан гэх хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт/хх-06 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №07 дугаартай “1.Д.Түмэнцогтын биед хэвлийд шарх, хэвлийн хөндийд цус хуралт, элэг, ходоодонд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна”гэх нэмэлт дүгнэлт/1-р хавтас хх-18 тал/, Д.Түмэнцогтын өвчний түүх/1-р хавтас хх-20-39 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/1-р хавтас хх-93 тал/, Б.Анхбаатарын өвчний түүх/1-р хавтас хх-115-120 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №476 дугаартай “1.Б.Анхбаатарын биед хүзүүний шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Дээрх гэмтэл ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/хх-121-122 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт/1-р хавтас хх-215-216 тал/, Төв аймаг шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №596 дугаар “Ч.Мягмарсүрэнгийн биед зүүн хөмсөг, хамарт шарх, дээд урууланд зулгаралт, шүд дунд зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт/1-р хавтас хх-226-227 тал/, яаралтай түргэн тусламжийн хуудас/хх-228 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн баримтаар шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон болно.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг санаатай алах гэмт хэрэг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.
Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар түүний өмнөх буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Б.Анхбаатар, Ч.Мягмарсүрэн, Д.Түмэнцогт нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэмт хорын хохиролгүй байна.
Эрүүгийн 1934004220290 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Б-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 40 /дөч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 1 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан 7 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Эрүүгийн 1934004220290 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус даалгасугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Ш.ГАНДАНСҮРЭН