| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2019/0363/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/381 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/381
2019 12 13 2019/ШЦТ/381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох 1934008710439 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймаг Батсүмбэр сум 2 дугаар баг Хужирын тогоо гэх газар оршин суух, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжны 1030 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хорих ялаар шийтгүүлж ялын хугацаа дуусч суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 941 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181. 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан Б овогт Б.Д гэв.
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Буяннэмэхийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дух, зулайн дэлбэнгийн орой хэсгийн атираа ховил завсрын субарахнойдал зайн цус харвалт, баруун зулайн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-02 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл/хх-05 тал/, хохирогч Д.Буяннэмэхээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-08-09 тал/, гэрч А.Мухмедээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх17-18 тал/, гэрч Л.Соёлмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-16 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11912 дугаартай “1.Д.Буяннэмэхийн биед тархи доргилт, баруун дух, зулайн дэбэнгийн орой хэсгийн атираа ховил завсрын субарахнойдал зайн цус харвал, баруун зулай зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-22 тал/, Б.Дийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-31 тал/, Б.Д-ийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-36 тал/, хохирлын баримтууд/хх-38-39 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д нь Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн нутагт 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Д.Буяннэмэхийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дух, зулайн дэлбэнгийн орой хэсгийн атираа ховил завсрын субарахнойдал зайн цус харвалт, баруун зулайн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Буяннэмэхийн: “...2019 оны 09 дүгээр сарын 28-ны орой 17 цаг өнгөрч байхад мотоцикльтой Баянгол орчихоод гэрийнхээ гадаа ирээд зогсож байтал байрны буланд Мухмедтэй таараад сайн байна уу гэсэн чинь халамцуу чи Казакаар мэндэлсэнгүй гэхээр нь мэндэлж байгаа юм биш үү гээд маргалдаж байтал араас үл таних /урьд өмнө харж байгаагүй/ нэг нөхөр намайг шилээр толгой руу цохисон. Тэгээд доошоо тонгойгоод нөгөө сууж байхад нөгөө хоёр яваад өгсөн. Би гэртээ ороод цус тогтохгүй болохоор нь хажуу айлынхаа Эрдэнэчимэг, Соёлмаа нарыг дуудаж шархаа янзлуулсан. Тэгээд сумын эмнэлэгт ирж үзүүлсэн. Тэгсэн гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд хот руу явж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Нийт 22 хоног хэвтэж эмчлүүлсэн. Казакаар мэндэлсэнгүй гэж маргалдсан гэтэл нөгөө нөхөр нь намайг араас толгойруу шилээр цохиж намайг гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-08-09 тал/,
Гэрч А.Мухамедийн “ ... 2019 оны 09 дүгээр сарын 28-ны орой 17 цагийн орчим би Дийн хамтаар Буянбууралын дэлгүүр орж тамхи авах гээд явж байтал Буяннэмэх гэх залуу хажуу талаар мотоцикльтой дайрах шаахуу орж зогссон. Юу байна гэсэн намайг тэгэхээр Буяннэмэхийг “ахын дүү чи миний морийг унадаг хүүхэд байнадаа. Казак хэлээрээ мэнд мэдэж болдоггүй юм уу” гэсэн чинь Буяннэмэх над руу хандан “юу байна гээд мэндлээд байгаан биш үү. Яах гээд байна, эсвэл зодох юм уу” гээд томроод байсан. Буяннэмэх “Тэгэхээр би чи зүгээр сайн байна уу? гэж мэндэлж чадахгүй бол яах бэ” гээд бид маргалдаж байхад Д бид хоёрын дундуур орж ирнэ. Намайг явий гэтэл Буяннэмэх энэ хаанахын гөлөг бэ? гээд Дийг мотоцилкольний данхраадаар цохисон юм Буяннэмэх, Буяннэмэхийг боль гээд түлхтэл Дагвадэмбэрэл нэг шилээр Буяннэмэхийн толгойн тус газар нь цохиод зугатаагаад явсан. Тэгтэл Буяннэмэх өө овоо муу гөлөг юмаа гээд гэр лүүгээ алхаад явсан. Би Дийн араас явсан юм. Казакаар мэндэлж болдоггүй юм уу гэж ванх хэлсэн тэгсэн миний өөдөөс Буяннэмэх томроод байсан. Тэгээд бид 2 маргалдсан юм өөр зүйл болоогүй бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Би харсан Буяннэмэх мотоциклийн данхраад барьж байсан. Тэрүүгээрээ Дийн нуруун тус газарт цохисон юм. Буяннэмэх мотоцикльтой данхраадаад Дийг эхлээд цохисон тэгтэл зөрүүлээд Д шилээр Буяннэмэхийн толгойн тус газар нэг удаа цохисон юм. Д бид хоёрыг цуг явж байхад Буяннэмэх таарч эхлээд надтай муудалцаж дараа нь өөрөө цохих гэж оролдоод тэгээд шилээр толгой тус газраа цохиулсан” гэх мэдүүлэг /хх-17-18 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №11912 дугаартай “1.Д.Буяннэмэхийн биед тархи доргилт, баруун дух, зулайн дэбэнгийн орой хэсгийн атираа ховил завсрын субарахнойдал зайн цус харвал, баруун зулай зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-22 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар:
Хохирогч Д.Буяннэмэхийн биед тархи доргилт, баруун дух, зулайн дэбэнгийн орой хэсгийн атираа ховил завсрын субарахнойдал зайн цус харвал, баруун зулай зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйхны язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг
Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч Б.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Д-д торгох ял оногдуулсан болно.
Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичгийн баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ