Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1931

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01931

 

Д.Цэндийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05904 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Цэндийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Баясгаланд холбогдох

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байрны  32 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг сууцыг иргэн Д.Цэндэд өмчлүүлсэн бүртгэл хийхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулах  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Баясгалангийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Цэнд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ариунаа

Хариуцагч: Д.Баясгалан

Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.Жаргалсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Цэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 оны 11 дүгээр сард Д.Баясгалангаас Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот 1 өрөө сууцыг 3.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед байр хувьчлагдаагүй Батлан хамгаалах яамны мэдэлд байсан. Д.Баясгалан нь мөнгөний чухал хэрэгцээ гараад зарж байна, байр хувьчлагдмагц 7 хоногийн дотор манай хүүгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө гээд түлхүүрийг өгөөд явсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл бид байрандаа амьдарч байна. Тухайн үед байрыг зуучилж зарсан С.Шинэцогт гэдэг хүнд мөнгийг бэлнээр өгсөн. Тэрээр санаа зоволтгүй, байрандаа амьдарч бай, бичиг баримтыг хүүгийн чинь нэр дээр гаргаад өгчихнө гэж хэлсэн. Д.Баясгалан нь миний хүүгийн иргэний үнэмлэхийг 2 жил гаран авч явсан. Гэтэл Баясгалан намайг байрнаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, маргаан жил гаруй хугацаанд үргэлжилж, Улсын Дээд шүүхээс энэ байрыг Д.Цэнд худалдаж авсан байна гэж тогтоож өгснөөр түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.  

Тухайн үеийн ханшаар байрыг худалдан авч, мөнгөө төлж үүргээ биелүүлсэн боловч Д.Баясгалан нь мөнгийг авсан хэрнээ байрыг өөрөө өмчилж аваад, байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй 15 жил хохироож байна. Тэр үед байр хувьчлагдаагүй байсан учир бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр хийгдээгүй. Иймд Д.Цэнд намайг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 21 дүгээр байрны 32 тоот 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгах шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.Баясгалан өмгөөлөгчийн хамт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэндийн худалдаж авсан гэх байр нь тухайн үед Батлан хамгаалах яамны мэдлийнх байсан. Уг байранд миний бие 1978 оноос хойш тасралтгүй амьдарч байсан, улсаас надад өмчлүүлсэн. Д.Цэндийн нэхэмжлэлээр Нийслэлийн захиргааны шүүх энэ асуудлыг хэлэлцэж 2011 оны 12 сарын 05-ны өдөр 482 тоот шийдвэрээр маргаж буй орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож иргэн Д.Цэндийн өмчлөл тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Байрны мөнгийг дамжуулан өгсөн гэх н.Шинэцогт гэдэг хүнийг танихгүй бөгөөд надаас орон сууцыг худалдаж авсан гэх үед орон сууцыг н.Шагдарсүрэнд түрээслэж байсан. Намайг байрандаа амьдарч байх цаг хугацаанд Д.Цэнд нь байрыг бусдаар дамжуулан худалдаж авсан гэдгийг зөвшөөрөхгүй. Тухайн үед дээрх орон сууцыг хэн нэгэн өмчлөх эрх байгаагүй, уг орон сууц төрийн өмч байсан. Улс надад 2000 онд хувьчилж өгснөөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ орон сууцыг бусдад худалдах шаардлага надад ерөөсөө байгаагүй. Учир нь тэрээр мөнгийг бөөнд нь өгсөн, эсхүл мөнгийг хувааж өгсөн гээд өөр өөрөөр тайлбарлаад байдаг. Гэвч байр худалдаж авсан юм бол надад мөнгө өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Д.Цэнд худалдаж авсан юм бол үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Д.Цэндийг худалдаж авсан гэдгийг тогтоосон гэх Улсын Дээд шүүхийн 2014 оны 131 тоот тогтоолд уг байрыг Д.Цэнд нь 1999 онд худалдаж авахдаа 2001 оны ханшаар худалдаж авсан байна гээд дурьдсан байгааг анхаарах хэрэгтэй. Улсын Дээд Шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 93 тоот тогтоолоор миний байрыг н.Шагдарсүрэн гэдэг хүн хөлслөн амьдарч байсан болохыг тогтоож өгсөн. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалан Хөх тугч ХЗХ-оос зээл авахдаа өгсөн бөгөөд тус холбогдох хүмүүс нь хаана байгаа нь тогтоогдохгүй гээд мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн. Д.Цэндийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 72 дугаар байрны 32 тоот орон сууцыг Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тогтоолоор иргэн Д.Баясгалан /ЦВ50091764/-д хувьчилсныг үндэслэн 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2204011377 дугаарт бүртгэсэн байх бөгөөд ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах газрын 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10/5-933 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Уг байрны анхны өмчлөх эрхийн бүртгэл нь холбогдох нотлох баримтыг үндэслэн хууль, дүрэм, журмын дагуу хийгдсэн. Нэхэмжлэлийг хангахгүй орхино уу гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар Д.Цэндийг Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байр, 32 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Нэхэмжлэгч Д.Цэнд нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 21 дүгээр байр 32 тоот 1 өрөө орон сууцыг өмчлүүлсэн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах шаардлага болон уг газрыг хамтран хариуцагчаар татсанаас татгалзсаныг баталж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар /Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар/-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэндээс улсын тэмдэгтийн хураамжид 337 750 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулан, хариуцагч Д.Баясгалангаас 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цэндэд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх үйл баримтыг тогтоох биш талуудын хооронд хийгдсэн гэх хэлцлийг хуульд нийцсэн болон хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэхийг тогтоох ёстой байсан. Хэргийн үйл баримтыг тогтоох байсан бол онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг байсан. Тухайн үед үйлчилж байсан 1994 иргэний хуулийн 39, 41 дүгээр зүйлд хэлцлийн хэлбэр, түүнийг зөрчвөл үүсэн гарах үр дагавар, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх хэлцлийн талаар, 203 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээний хэлбэрийн талаар хуульчилсан. С.Шинэцогтоор дамжуулан хийсэн гээд байгаа ам хэлцэл нь хуулийн шаардлагад нийцээгүй утга агуулгаар хууль зөрчжээ. Мөн С.Шинэцогт нь итгэмжлэл өгөөгүй байхад Д.Баясгалангийн төлөөлөгч гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой з өрчсөн. Маргааны зүйлийн талаар шүүхийн шийдвэр гарсан байхад шүүх хүлээн авч шийдэж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Иймд хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Цэнд нь хариуцагч Д.Баясгаланд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, бүртгэл хийлгэхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...би тухайн үед байраа зараагүй, түрээслүүлж байсан” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар татагдсан Улсын бүртгэл, Стасистикийн Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхцэцэг нь шүүхэд тайлбар гаргаж, татгалзлаа нотлохоор маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой 8 хуудас баримтыг өөрийн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлжээ. /х.х-ийн 107-111 дүгээр тал/

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Гэтэл уг баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. / х.х-ийн 202 дугаар тал/

 

Түүнчлэн маргаан бүхий орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг тодруулахаар зохигчийн хүсэлтээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус байгууллага нь шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтыг ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн шаардлагыг хангуулаагүй байна. Эдгээр зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй. /х.х-ийн 121-130 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч Д.Цэнд нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд  Улсын бүртгэл, Статистикийн Ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татсан хүсэлт болон улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэснийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай байжээ. Хэд хэдэн шаардлага гаргасан нэхэмжлэгч зарим шаардлагаас татгалзаж байна гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан шаардлагаа багасгасан агуулгатай байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар татгалзах нь нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзахыг ойлгоно. Гэтэл шаардлагаа багасгаж байгаа тохиолдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаж,  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр дугаар 20-ны өдрийн 101/ШШ2016/05904 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                          Ш.ОЮУНХАНД