Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0650

 

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0650

Улаанбаатар хот

 

 

          “Б.Ө.Х” ЗГБХН-ийн

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Б.Ө.Х” ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж давж заалдах гомдолдоо: ...Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0033 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн 4-ийн гурав дахь догол мөрөнд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын ... төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй хэмээн тус тус зааж, хурлын төлөөлөгчдийн хуралдаанд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхийг журамлан зохицуулсан байна.

Хурлын төлөөлөгч Н.Г нь ээлжит бус хуралдаан товлогдсон өдрөөс тус хуралдаан эхлэх хүртэл хугацаанд ямар нэгэн асуудал хэлэлцүүлэх санал гаргаагүй бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ээлжит бус хуралдаан эхэлж, хэлэлцэх асуудал танилцуулах үед Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгох асуудлыг нэмж хэлэлцэх санал гаргаж, хариуцагч тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн байх боловч уг тогтоолуудын улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зарим иргэдийн эрх зөрчигдөх боломжтой гэж үзэх тооцоо судалгааг хариуцагч хэн аль нь гаргаагүй болох нь ээлжит бус хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү хариуцагч нь Хурлын Төлөөлөгчдөд танилцуулаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Мөн шийдвэрийн 6-д: Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5-д зааснаар Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага тул Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар аливаа шийдвэр гаргах үүрэгтэй. Б.Ө.Х” ЗГБХН-д Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай 02, 06 дугаар дугаартай тогтоол, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээгээр бичил уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон ч түүнд урьдчилан мэдэгдэлгүйгээр эдгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудаар Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02, 09, 06 дугаартай Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай тогтоолуудыг хүчингүй болгох асуудлыг хуулиар тогтоосон журмаар хэлэлцэн батлаагүй, эрх нь хөндөгдөж буй этгээдэд урьдчилан мэдэгдээгүй... гэж дүгнэжээ.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д сонсох ажиллагаа явуулахгүй тохиолдлыг хуульчилсан ба мөн зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа явуулахаар заасан.

Ийнхүү сонсох ажиллагаа явуулахааргүй бол Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд тулгуурлах учраас мөн зүйлийн 4.2.6-д зааснаар урьдчилан мэдэгдэх шаардлагагүй.

Нөгөөтэйгүүр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 114 тоот тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай асуудлыг шийдвэрлэсэн гэх 09 тоот тогтоол нь эрх зүйн үр дагаваргүй, дугаарлалт бичихэд бичгийн алдаа гарсан техникийн алдаатай акт учраас эрх зүйн тодорхой үр дагаваргүй болохыг дүгнэсэн.

Тус тогтоолоор шийдвэрлэгдсэн хэргийн шүүх хуралдаанд эрх зүйн үр дагаваргүй гэх 06 тоот тогтоолыг залруулах, шаардлагатай бол түүнийг хүчингүй болгох арга хэмжээг авах шаардлагатай болохыг Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэн Б.Б нарын 9 хүний нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаанд хөндөгдөж байсан.

Мөн яг адил нэг асуудлаар буюу орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар 2 удаа хэлэлцэж 2 тогтоол гарах нь буруу, аль тогтоолыг нь барьж иргэд санал, хүсэлт, гомдол гаргах нь ойлгомжгүйд хүргэж буйг мөн адил хөндсөн.

Тиймээс эдгээр эргэлзээг шийдвэрлэхийн тулд 06 болон 09 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл 09 тоот тогтоол эрх зүйн үр дагаваргүй, байхгүй байсан бол 06 тоот тогтоол нь өмнө шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн, ингэхдээ ямар нэг өөрчлөлтгүй байсан тул тус тогтоолын хэрэгцээ шаардлагагүй байсан.

Харин Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай асуудлыг 02 тоот тогтоолоор баталсныг шүүх тогтоосон ба шүүхийн маргааны шатанд 02 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байсан. Тиймээс тусгай хэрэгцээнд авсан газарт Б.Ө.Х ЗГБХН үйл ажиллагаа явуулаагүй 2 жил гаруй хугацаа өнгөрч байсан учир эрх ашиг нь шууд хөндөгдсөн гэж үзэхгүй байна.

Нөгөөтэйгүүр 02 тоот тогтоолыг хүчингүй болгох саналыг хуралдааны үеэр гаргасан учраас өмнө нь мэдээгүй энэ талаар Б.Ө.Х ЗГБХН-д урьдчилан мэдэгдэх боломжгүйг илэрхийлж байна.

Гэхдээ 02 тоот тогтоол нь аль нэг этгээдэд зориулж бус, тэр дундаа Б.Ө.Х ЗГБХН-д зориулж гаргаагүй, нийтэд зориулж гарсан учраас өөр хэн боловч үйл ажиллагаа явуулах нь нээлттэй. Харин тухайн нөхөрлөл нь зөвхөн Засаг даргатай гэрээ байгуулсан нь Засаг даргаас эрх олгосон ба иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эрх олгоогүй.

Дээрх шийдвэрээс үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчдөд тараагаагүй гэж дүгнэснээс үзвэл хуралдаан болохоос 1 хоногийн өмнө саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Хурлын төлөөлөгчдөд тараасан бол зөрчилгүй гэж дүгнэхүйц байж.

Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах зарчимд нийцээгүй гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилдөж байна.

Учир нь саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж Хурлын төлөөлөгчдөд тараасан байсан ч цаг хугацааны хувьд Б.Ө.Х ЗГБХН-д мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах боломжгүй байсныг буруутгаагүй гэж үзэхээр байна.

Тиймээс Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хянаад, гомдлыг хангах үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа хууль ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд энэхүү зарчим зөрчигдсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүх засаж залруулж, захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, эрх зүйн үйлчлэлийг зогсоосноор захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь эрх зүйт төрийн үндсэн зарчим юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах үүрэгтэй ба энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хурлын төлөөлөгчийн хуралдаанд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхийг журамласан заалтыг хариуцагч зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, хурлын төлөөлөгчийн асуудал санаачлан хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхийг хуулиар тогтоосон хугацаанд бус, дуртай саналаа ямар ч тооцоо, судалгаа хийлгүйгээр, хурлын төлөөлөгчдөд урьдчилан мэдэгдэж, танилцах боломж олгохгүйгээр хурлаар шууд хэлэлцүүлж шийдвэрлүүлэх эрх гэж ойлгохгүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хурлын төлөөлөгчийн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал оруулах, хэлэлцүүлэх журмыг нарийвчлан зохицуулсан заалтыг хариуцагч зөрчсөн байх тул маргаан бүхий тогтоол гарах хуулийн урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзнэ.

Иймд эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болох Төв аймгийн Угтаалцайдам сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллага тул аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлах  үүрэгтэй.

“Маргаан бүхий тогтоолоор нэхэмжлэгчийн хувьд эерэг үйлчлэлтэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Орон нутгийг тусгай хэрэгцээнд авах, газрын байршил, талбайн хэмжээ, солбицлыг батлах тухай” 2017 оны 02, 09, 06  дугаартай тогтоолуудыг хүчингүй болгосон, 09 тоот тогтоол хуульд нийцсэн болохыг шүүхээс тогтоосон байтал урьдчилан мэдэгдэлгүйгээр хүчингүй болгосон нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх агуулгаар нэхэмжлэгч маргасан.

Дээрх 02 дугаар тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга нэхэмжлэгч “Б.Ө.Х” зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, тус 02 дугаар тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцэж 06 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий 03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж үзэх боломжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг нэрлэн зааж, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”-аар заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа явуулахаар заасан, ... 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар урьдчилан мэдэгдэх шаардлагагүй” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                   ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

 

                                   ШҮҮГЧ                                                            Д.ОЮУМАА                                                               

 

                                   ШҮҮГЧ                                                             Н.ДОЛГОРСҮРЭН