Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/354

 

 

 2019              11              29                                                     2019/ШЦТ/354                                                             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сандагдулам, О.Оюунчимэг,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц-д холбогдох 1934003760323 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Л.Ц, Монгол улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2 , нөхрийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Өлзийт-Уулын 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд 1.Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №639 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  2.Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3.Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна гэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Өртөө толгой гэх газарт нутаглах Б.Нэргүйгийн гэрт нөхрийн хамт уригдаж очсон байх үедээ байшингийн 2 давхарын авдар дээр байсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 10 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сард би Бөртэй гэдэг айлд очсон. Тэгээд авдар дээр байсан юмыг авсан. Цагдаад мэдэгдэхээс өмнө аваачиж өгсөн. Би буруу зүйл хийснээ болон намайг уучлаарай гээд машинтайгаа аваачиж өгсөн. Сувдан дараас нь олдохгүй удсан. Мартын өмнө хийгээд өгөөч гэхэд наадмын дараа нэг сувдан дараас нэг энгэрийн зүүлт тэгээд жижиг дараастай нийлээд 3 дараас аваачиж өгсөн. 1.500.000 төгрөгөөр хийлгэсэн. Сувдан савных нь оронд 1.200.000 төгрөгийг өгсөн. Хэт хутга, юу хоёрыг аваачиж өгөхдөө 500.000 төгрөгийг өгсөн. 250.000 төгрөгөөр хоёр удаа мөнгө хийсэн. Би өөрсдийнх нь хэлсэн 1.500.000 төгрөгийг өгсөн. Би уучлалт гуйсан. Тэр хүмүүсийн сэтгэл санааг засахын тулд өөрийнхөө тэтгэврээс болон нөхрийнхөө тэтгэврээс 10.000.000 төгрөгний юм өгсөн. Манай нөхөр ийм зүйл хийснийг мэдээгүй. Сэтгэлийг засъя гээд цагаан сарын дараа 30 эмэгтэй хүний бэлэг, 30 хүүхдийн бэлэг нийт 777.000 төгрөгний зүйл өгсөн. Өгсөн зүйлсээ үнэлэх юм бол 12.000.000 төгрөгний болсон. Заавал сувдан дараасаа авна гээд байсан болохоор жоохон оройтож өгсөн. Гадна талынх нь төмрийн цэвэр мөнгөөр хийгээрэй гэсэн. Мөнгө нь 250.000 төгрөг, сувд нь 1.250.000 төгрөг нийлээд 1.500.000 төгрөг болсон” гэв.

Шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 тал/, хохирогч Ч.Баярмандахаас мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-06-08 тал/, гэрч З.Байгалмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-09 тал/, гэрч Д.Норжмаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-10 тал/, гэрч З.Маш-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-13 тал/, гэрч Б.Нэргүйгээс мэдүүлэг авсан тэмдэглэл/хх-15-16 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-24 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-27 тал/, Д.Цгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-29-33 тал/, Д.Цгийн урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-34 тал/, гэрч Н.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-45-46 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ц нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Өртөө толгой гэх газарт нутаглах Б.Нэргүйгийн гэрт нөхрийн хамт уригдаж очсон байх үедээ байшингийн 2 давхарын авдар дээр байсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 10 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

Хохирогч Ч.Баярмандахын: “...Би 2018 оны намар 10 дугаар сарын эхээр байх гэрээсээ мөнгөн эдлэлээ алдсан юм. Би мөнгөн эдлэлээ хамгийн сүүлд манайд ирсэн Ц гэх хүнд үзүүлсэн. Тэрнээс хойш сар гарангийн дараа мөнгөн эдлэлээ хэрэглэх гээд авдараа ухахад миний мөнгөн хэт хутга, нөхрийн хөөрөг, хормойн боолт, миний сувдан сам, даруулгатай алга болсон. Тэгээд бид хамгийн сүүлд үзүүлсэн Цд хэлэхэд би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд 2, 3 хоногийн дараа нөхрийн мөнгөн хутга, хөөрөг, хормойн боолт гурвыг авч ирж өгсөн. Миний сувдан сам, сувдан даруулга хоёрыг авч ирж өгөхгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. Ц нь 500 мянган төгрөг бэлнээр 2018 оны өвөл авч ирж өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 10-нд ирэхдээ 300 мянган төгрөг, шинэ  мөнгөн даруулга, энгэрийн зүүлт хоёрыг хосыг өгсөн. Надад 500 мянган төгрөг өгнө гэж бид 2 тохирсон” гэх мэдүүлэг /хх-06-07 тал/, 

Гэрч Д.Норжмаагийн: “...Манай хөрш Нэргүй нь өнгөрсөн намар 10 сарын эхээр байх гэрээсээ хөөрөг болон мөнгөн хэт хутга, мөнгөн эмэгтэй хүний даруулга алдсан гэсэн. Сүүлд сонсохнээ хотоос ирсэн хүн авсан гэсэн. Би уг хүнийг нь таньж мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-10 тал/,

Гэрч З.Маш-Эрдэнийн: “ ...Нэргүй, Баярмандах хоёр Төв аймгийн Өндөрширээт сумын салдаг гэх газарт мал, маллаж амьдардаг хүмүүс байсан. Нэргүй намайг 10 сарын дундуур унага тамгалан чи ирээрэй гэсэн. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын эхээр байх би яг өдрийг нь санахгүй байна. Эхнэр Лувсанчойнболын Цгийн хамт очсон тэгээд дайлуулж цайлуулаад хоносон. 2018 оны 11 дүгээр сарын эхээр намайг гэртээ байж байхад манай гэрт ирээд би унага тамганы үеэр гэрээсээ хөөрөг, мөнгөн хэт хутга, эмэгтэй хүний хэрэглэдэг сувдан сам, даруулга алдчихлаа гэж хэлсээн ирсэн. Тэгээд би мэдэхгүй тухайн үед танайд олон хүн байсан гэж хэлсэн. Нэргүй надад үзүүлээгүй харин 2018 оны 6 дугаар сарын үеэр дааганы наймаа хийж байхад эхнэр Баярмандах нь надад хөөрөг болон сувдан сам зарна гэж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Б.Нэргүйн: “ ...2018 оны 10 дугаар сарын эхээр байх манайх унаганы найр хийсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа би авдарнаас мөнгөн хэт хутга эдлэлтэйгээ, мөн мөнгөн хормойн боолт, хөөрөг, сам, даруулга, сувдан сам алга болсон байсан. Эхнэр бид хоёр нэг нэгнээсээ асуухад манай эхнэр Баярмандах нь хамгийн сүүлд надтай морины наймаа хийсэн Маш-Эрдэнийн эхнэр Цд үзүүлсэн гэсэн. Тэгээд эхнэр бид хоёр Цтай очиж уулзахад би аваагүй гэж хэлээд хоёр гурав нь хоногийн дараа миний хэт хутга, хөөрөг, хормойн боолт авч ирж өгсөн. Би нарийн ширийн зүйл мэдэхгүй манай эхнэртэй уулзаад байсан” гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч Н.Анхбаярын: “... Лувсанчойнбол овогтой Ц/РД:УБ59112400/ нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай “Бан Бан” нэртэй Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт хөөрөг 1 ширхэгийг 600 000 төгрөгөнд 2018 оны 11 сарын 12-нд хэт хутга 1000000 төгрөгөнд тавиад хөөрөгөө буцаагаад 2018 оны 10 дугаар сарын 25-нд авсан. Харин хэт хутгаа 2018 оны 11 дүгээр сарын 14-нд нь буюу 2 хоногийн дараа авсан байна. Ц нь хөөргийг 600000 төгрөгөнд тавиад 616000 төгрөг төлж авсан. Харин хэт хутгыг 1000000 төгрөгөнд тавиад буцааж авахдаа 1023350 төгрөг өгсөн талаар манай ломбарданд бүртгэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-24 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Д.Ц-гийн 2018 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Өртөө толгой гэх газарт нутаглах Б.Нэргүйгийн гэрт нөхрийн хамт уригдаж очсон байх үедээ байшингийн 2 давхарын авдар дээр байсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 10 сая төгрөгийн хохирол төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Д.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.Ц-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.Ц нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг тэнсэн хянан харгалзах хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох мөнгөн хэт хутга, хөөрөг, хормойн боолт зэргийг шүүгдэгч Д.Ц нь хохирогчид биет байдлаар буцаан өгсөн байна.

            Мөн сувдан даруулга, сувдан самны хохирлын төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан талаар шүүгдэгч Д.Ц нь мэдүүлдэг бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдүүлдэг тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, гэмт хэргийн улмаас Д.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овогт Л.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-г 1/нэг/ 6/зургаан/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаан/ сарын хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4/дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Цд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6.Хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ц-д авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.ГАНДАНСҮРЭН