Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 951

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.З хөтлөн

улсын яллагч Г.Б

шүүгдэгч /хохирогч/ Ц.У

шүүгдэгч /хохирогч/ Ц.Да

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Ц.У холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905036671090 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-нд ... аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .... дэлгүүрт лангуу түрээслэдэг, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн 3 дугаар хороо, Цагдаа хотхон, .. байрны ... тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 21 А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

..... дугаарын регистртэй, .... овогт Ц. У

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ....дугаар сарын ....-нд ... хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны техникч мэргэжилтэй, ... барааны дэлгүүрт лангуу түрээслэдэг, ам бүл ...; нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны 1... тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, Т овогт Ц Д

 

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.У 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “10.000” нэрийн барааны дэлгүүр дотор хохирогч Ц.Дтой “ижил бараа авчирлаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж, нүүрэн тус газар алгадах, маажиж зэргээр эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, баруун шанаа, хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

шүүгдэгч Ц.Д 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “10.000” нэрийн барааны дэлгүүр дотор хохирогч Ц.У-тай маргалдан, улмаар түүний биед халдаж, нүүр хэсэгт нь алгадах, лангуун дээр байсан уурын индүүгээр толгойн зүүн хэсэгт цохих зэргээр эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Ц.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Цагдаа дээр байхдаа болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо нэмж ярихгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дашдолгор эгч бид хоёр эвлэрсэн. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.

Миний хувьд биеийн эрүүл мэнд сайнгүй байгаа тул нийтэд тустай ажил хийлгэхээс өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад мөн адил ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёр одоо учраа ололцоод, ажлаа хийцгээж байгаа. Бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Ц У “… 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай ажлын өөдөөс харсан лангууны эзэнд би “та яагаад манай лангууны бараатай адилхан бараа аваад байгаа юм бэ” гэж хэлсэн. Гэтэл Дашка эгч надад “чамд ямар хамаатай юм, муу гичий минь, лалар, шоронгийн хадаас” гэж намайг хэл амаар доромжлон шууд лангуу руу дайрч орж ирээд түлхэж цохьсон. Бид хоёр хоорондоо маргалдаж байхад манай хажуу лангууны Хулан салгаад намайг аваад явсан. Хэсэг хугацааны дараа лангуун дээрээ сууж байтал манай лангуу руу дахин дайрч давшлаад, хараалын үг хэлэн, хэл амаар доромжлоод байхаар нь цаашаа лангуу руугаа яв гээд барьж байсан орлогын дэвтрээр нүүр хэсэгт нь зөөлөн цохьсон чинь зөрүүлээд над руу уурын индүү авч толгой хэсэг рүү шидэн, гутал, төмөр сандал зэргээр авч шидэж цохьсон. Дашка эгч над руу дайраад байхаар нь өөрийгөө хамгаалж цааш нь түлхсэн. Над руу тасралтгүй дайрахад манай дэлгүүрийн лангууны хүмүүс салгасан. Тэгээд Дашка эгч цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн хүмүүс ирсэний дараа би түрүүлж уучлалт гуйгаад эвлэрье гэсэн боловч Дашка эгч “намайг шоронгийн хадаас болгоно гичий минь” гэж хэлсэн. Миний биед учирсан гэмтлийг Дашдолгор над руу юм шидэж учруулсан. Би гомдолтой байна” /хх-н 30-31/ гэж,

Ц Д “… тухайн өдөр бараагаа янзлаад зогсож байтал манай өөдөөс харсан лангууны эмэгтэй Уянга араас орж ирээд лангуун дээрээ сууж байгаад надад хандаж “та одоо ямар хаашаа юм бэ, хүнийхтэй ижил бараа авчирлаа” гэхээр нь би чинийхтэй ижил бараа авчраагүй, би өөрийн гэсэн толгойтой, өөрийнхөө барааг өөрөө мэдэж авчирна” гээд бид хоёрын дунд хэрүүл болсон. Тэгээд би доод давхар руу зохион байгуулагч ахад болсон асуудпын талаар хэлчихээд буцаад лангуун дээрээ иртэл чи дандаа хүний юм авчирч байдаг, танай эгч шулмас гэх мэтээр доромжилж байснаа босч ирээд намайг алгадаад авахаар нь би зуураад авсан. Хажуу лангууны Доржоо, Мягмарсүрэн нар ирээд бид хоёрыг салгасан. Тэгэхэд Уянгаа намайг хөлөөрөө гуя руу өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөх гээд хүрээгүй. Тэгэхэд буцаж ирээд миний нүүрийг маажсан. Би лангуун дээрээс кет аваад Уянга руу шидэхэд Уянга гараараа хаасан. Би Уянгад гар хүрээгүй, зууралдаж байгаад салсан. Би гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг нэхэмжилж байна” /хх-н 26-27/ гэж,

гэрч М Х “... тухайн өдөр Дашка эгч, Уянгаа нар маргалдаад чанга, чанга дуугараад хэрүүл хийгээд байсан. Намайг очиход Уянгаагийн лангуун дээр Дашка эгч тэр хоёр өөдөөсөө хараад хэрүүл хийгээд байхаар нь Уянгааг салгаад өөрийнхөө лангуун дээр авчраад хэсэг сууж байгаад лангуу руугаа явсан. Дахиад тэр хоёр хэрүүл хийгээд байхаар нь би очоод одоо больцгоо гээд зогсож байхад миний утас дуугараад би машин руугаа гараад явсан. Хэсэг хугацааны дараа орж ирэхэд тэр хоёр хэрэлдэхээ больсон байсан. Тэр хоёр ижил бараа авчирсан гэж хэрүүл хийсэн. Намайг байхад ямар нэгэн зодоон болоогүй. Маргааш нь Дашка эгч нүүрээ маажуулсан байхыг хараад мэдсэн” /хх-н 36-37/ гэж,

гэрч Х М “... намайг лангуун дээрээ байхад Дашка, Уянгаа нар зарж байгаа бараанаас болоод хэрүүл маргаан хийгээд байсан. Гэтэл нэг мэдсэн хоорондоо барьцалдаж аваад пид пад хийх чимээ гарахаар нь яваад очтол тэр хоёр бие бие рүүгээ дайраад хэрүүл маргаан хийгээд барьцалдаад авахаар нь Доржоо бид хоёр салгасан. Тэр хоёр адилхан бараанаас болж маргаад байсан. Уянга гартаа барьсан дэвтрээрээ Дашкагийн хацар руу хоёр удаа цохих шиг болсон. Түүнээс болж хоорондоо барьцалдаад авсан” /хх-н 38-39/ гэж,

гэрч С П “... хажуу лангууны Дашка, Уянга нар хоорондоо ижил бараа авчирлаа гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Нэг харсан Уянгаа Дашкаг алгадаад авах шиг болсон. Дашка зөрүүлээд юм авч шидээд тэр хоёр барьцалдаж авахаар нь хажуу лангууны Мягмардорж бид хоёр очоод тэр хоёрыг салгасан. Тэрнээс хойш дахиж зодоон болоогүй” /хх-н 40-41/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнЦ.У биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 10354 тоот /хх-н 51/ дүгнэлт,

... Ц. биед баруун хөмсөг, баруун шанаа, хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 10342 тоот /хх-н 48/ дүгнэлт тус тус гарсан байна.

 

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч Ц.У, Ц.Д нарын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ц.Уа, Ц.Д нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.У, Ц.Д нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Б “... шүүгдэгч Ц.У өмнө нь 2 удаа шүүхээр орж шийтгүүлж байсан, тэрээр хувийн байдалдаа дүгнэлт хийхгүй байна” гэсэн үндэслэлээр түүнд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал шүүхэд гаргасныг хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь; нэг цаг хугацаанд үйлдэгдэж, харилцан бие биедээ хохирол учруулсан шүүгдэгч нарт ялыг ялгамжтай оногдуулах нь зохимжгүй. Энэ байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар гэхээс илүүтэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаантай холбоотой гэх дүгнэлтэд хүргэнэ.

Нөгөөтэйгүүр шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, тухайн гэмт хэрэгт хариуцлагаа хүлээж ял эдэлсэн байхад энэ байдлаар нь хүнийг дахин буруутгаж болохгүй.

 

Шүүгдэгч Ц.Уа, Ц.Д нар харилцан бие биедээ хохирогч бөгөөд хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар тооцоогүй боловч прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Ц.У, Ц.Д нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц У “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд,

Т овогт Ц Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар

Ц.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Ц.У, Ц.Д нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Ц.У, Ц.Д нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар тооцоогүй боловч прокуророос хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.У, Ц.Д нарын тус бүрийн урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ