Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 943

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч О.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905041961200 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..6-нд ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “....” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл-...; эхнэр, хүүхдийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, .. дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ялгүй, ...... дугаарын регистртэй, Б овогт О А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.А 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 97 тоотод хамтран амьдрагч Т.Ц-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газар цохиж биед нь зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зовхи шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт няцарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй тул дахин мэдүүлэхгүй. Прокурорын ялын саналын талаар хэлэх тайлбар байхгүй.

Ц бид хоёр амьдраад 5 жил болж байна, дундаасаа 3 настай охинтой. Гэхдээ гэрлэлтийн баталгаа байхгүй. Урьд өмнө нь зодолдож, маргалдаж байгаагүй. Одоо хоорондоо эвлэрсэн. Хохирлын мөнгө төгрөг гэж өгөөгүй. Миний мөнгөний виза карт эхнэрт байдаг. Тэндээс мөнгө төгрөгөө авч хэрэглэдэг гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Т Ц “... 2019 оны 10 дугаар сарын 7-ны өглөө 09 цагийн орчимд би ажилдаа явах гээд хувийн бэлтгэлээ хангаж байсан юм. Мөн хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд нөхрөөсөө надад туслаачээ гэж тусламж гуйсан. Нөхөр Алтантулга ирээд надтай маргалдаад миний зүүн нүд рүү гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг тайвшруулаад цус нөж цэвэрлэж өгөөд 103 дуудаад явсан. Би зүүн нүдэндээ 3 оёдол тавиулсан. Би гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 26-27/,

“... өмнө нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Нүдний эмчид 3 удаа үзүүлсэн. Баримт байхгүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 48-49/ гэж,

яллагдагч О А “... 2019 оны 10 дугаар сарын 7-ны өглөө манай эхнэр Ц хүүхдийн хувцас өмсүүлж байгаад охин Номуулинг уйлуулаад байхаар нь би хувцсаа өмсөөд хүүхдээ хүргэж өгөх санаатай гэрийн үүд рүү очтол чи хаачих гэж байгаа юм гэхээр нь хүүхдээ хүргэж өгье гэсэн. Гэтэл эхнэр Цогзолмаа над руу юм шидсэн. Хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ аваад унтлагын өрөөндөө орсон байхад эхнэр Цогзолмаа хашгираад элдэв янзаар доромжлоод байхаар нь би гараа савах шиг болсон. Тэгтэл эхнэр Цогзолмаагийн хөмсөг хэсгийг миний гар оноод Цогзолмаагийн хөмсөгнөөс цус гарсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 45, 53/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Т.Ц гэмтэлтэй холбоотойгоор ... Т.Цо биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхи шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн 12383 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 18/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч О.А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.А ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч О.Абусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Ц “... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 48-49/

 

Шүүгдэгч О.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт О А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.А 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. О.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. О.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Ц гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.А урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ