Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 942

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.З хөтлөн

улсын яллагч Г.Б

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805012421122 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын-нд Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бү; эхийн хамт ... аймгийн .... сум, ... дугаар баг .... гэх газарт оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, Б овогт Б Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Ахуй үйлчилгээний ордны автобусны буудлын орчим хохирогч Ш.Ш эзэмшлийн эд хөрөнгө болох цамц, түрийвч бүхий гар цүнхийг хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авч 64.000 төгрөгийн хохирол учруулсан гэх “дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос авсан эд зүйлийг тухайн үед буцаагаад өгсөн болохоор надаас нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ш Ш “… 2018 оны 2 дугаар сарын 20-ны орой 20-21 цагийн орчим найз нарынхаа хамтаар караокед сууж байгаад гараад явсан. Би гараад такси барих гээд Ахуй үйлчилгээний автобусны буудал дээр зогсож байтал үл таних нэг залуу миний барьж явсан гар цүнхийг булааж аваад зугтаасан. Тэр банди миний цүнхийг аваад цааш зугтах үед урдаас нь алаг машинтай цагдаагийн албан хаагчид гарч ирээд тэр хүүхдийг бариад авсан. Миний цүнхэнд 2 ширхэг нимгэн цамц, набор, шоколад, гоо сайхны хэрэгсэл, түрийвч, 10.000 төгрөг байсан” /хх-н 31-32/ гэж,

яллагдагч Б Э “... 2018 оны 2 дугаар сарын 20-ны орой 21-22 цагийн орчим Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс эмэгтэй хүнээс гар цүнхийг нь булааж аваад урд зүг рүү зугтсан. Гэтэл цагдаа өөдөөс гарч ирээд намайг бариад авсан. Ингээд би цагдаа дээр ирээд дээрэмдэж авсан гар цүнхийг цагдаа хурааж аваад дээрэмдүүлсэн эмэгтэйд цүнхийг хүлээлгэн өгсөн. Тухайн эмэгтэйг танихгүй” /хх-н 48-49/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь “хулгайлах”, “дээрэмдэх”, “залилах”, “завших” гэх мэт гэмт үйлдэлтэй байдаг.

2015 оны Эрүүгийн хууль дахь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт “булаах” гэсэн гэмт хэрэг байхгүй буюу энэ үйлдлийг эрүүжүүлээгүй байна.

 

Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйл “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжид “булаах” гэмт хэргийн “... хохирогчийн мэдэлд байгаа эд зүйлс, өмч хөрөнгийг ил аргаар бусад хүмүүсийн болон хохирогчийн нүдэн дээр харсаар, мэдсээр байхад нь хүч хэрэглэхгүйгээр авах” гэсэн шинжийг оруулж хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтаар гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэсэн, заналхийлсэн байхыг шаардахгүй харин илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг тухайн гэмт хэргийн үндсэн шинж болгосон байна.

 

Шүүгдэгч Б.Э холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн шинжид нийцнэ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б.Э бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Хохирогч Ш. эд зүйл түүнд буцаан олгогдсон буюу шүүгдэгчээс өөр зүйл нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Эрхэмбаярын хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

            1. Б овогт Б Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Э ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Б.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Э урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ