Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2016/00937

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... өөрийн байранд байрлах, МБ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даалтгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие МБ-ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь МБ захирлаар томилогдож, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 00000 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

Гэтэл МБ-ын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь илт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал болсон.

Сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг гол үндэслэлээ болгосон бөгөөд ажлаас халах тушаалын 1 дэх заалтад ...хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, МБны эд хөрөнгийг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоолуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн.

Гэтэл миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш бөгөөд ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт нь огт үндэслэлгүй учраас уг актыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, Төв банкны тухай хуульд заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргаагүй учраас сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халсныг зөвшөөрөхгүй.

Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргалгүйгээр ажлаас сайн хийж байсан бөгөөд Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулж байсан. МБ-ын зүгээс миний ажлыг өөрчилж, ажил хүлээлцэх хүний талаар саналаа бэлдэж танилцуулахыг даалгасан байсан.

Ийм учраас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, Нийгмийн даалтгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч МБны ерөнхийлөгч Н.Баярсайхан шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...МБнаас тус нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

МБны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас Дархан-Уул аймаг дахь МБ үйл ажиллагаатай холбоотой бичгээр ирсэн мэдээлэл, МБ-ын өгсөн үүрэг, даалгаврын дагуу тус аймаг дахь МБны хэлтэст хэсэгчилсэн шалгалтыг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтын зорилго, хамрах хүрээ:

1. Мэдээлэл ирүүлсэн этгээдтэй болон хэлтсийн нийт ажилтнуудтай нэг бүрчлэн уулзаж, мэдээлэлд дурьдагдсан асуудлууд үнэн эсэхийг тогтоож баримтжуулах;

2.Дархан-Уул аймаг дахь МБ хяналтын камерийн бичлэгт иж бүрэн шалгалт хийх, (нуусан, эвдэрсэн, устгагдсан файл байгаа эсэхийг шалгаж тогтоох, шаардлагатай тохиолдолд сэргээн шалгах);

3.Хяналтын камерийн техникт иж бүрэн үзлэг, үйлчилгээ хийх;

4.Бусад

Гарсан зөрчил:

1.Хэлтсийн захирал Д.Дтай уулзахаар ирсэн хүмүүс нь бичиг баримтаа шалгуулалгүй хэлтсийн захирлын өрөөнд ордог байсан нь МБны байранд нэвтрүүлэх журмыг зөрчиж, гэрээт харуул, цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлдэггүй байсан.

2.Ажлын цагаар гадны хүн хүлээн авч, албаны бус уулзалттай байхдаа зузаатгал авах, мөнгө тушаахаар ирсэн банкны ажилтнуудыг удаан хугацаагаар хүлээлгэж чирэгдүүлсэн тохиолдол гаргасан.

3.МБ 00-97 ДАР улсын дугаартай албаны авто машиныг захирал Д.Д нь гадны хүнээр жолоодуулан ашигласан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед нягтлан бодогчийг орлон ажиллаж байсан хянан шалгагч Ж.Баасансүрэнг ажил дээр дуудаж 50,000 төгрөгийн бензиний талон гаргуулан авч, гадны хүнээр бариулан гарч явсан нь холбогдох баримт, камерийн бичлэгээр нотлогдож байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэлтсийн авто машиныг гадны хүнээр жолоодуулж явсан нь камерийн бичлэгт хадгалагдсан байна.

Авсан apra хэмжээ: Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газраас тус хэлтэс дээр хэсэгчилсэн шалгалтыг гүйцэтгэхдээ МБны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн үйл ажиллагааны талаар МБны ерөнхийлөгчид ирсэн мэдээлэлд тусгагдсан асуудлууд үнэн бодитой эсэхийг шалгах, баримтжуулах зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хяналтын камерийн бичлэгийг түүвэрчлэн шалгасан.

Мөн шалгалтын хэсэг нь хэлтсийн ажилтнуудтай шалгалтын хамрах хугацаанд уулзалт хийж уулзалтыг протоколоор баталгаажуулсан. Ийнхүү цугларсан мэдээлэл, нотлох баримтыг судлан үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 131.1.3, МБны хөдөлмөрийн дотоод журам-ын 10.1, 10.2, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хэсэгчилсэн шалгалтын акт, материалыг тус тус үндэслэн МБ-ын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь МБ захирал Д.Дт сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар дуусгавар болгосон болно.

Иймд МБны зүгээс нэхэмжлэгч Д.Дыг ажлаас халахдаа хууль, журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь МБинд холбогдуулж Дархан-Уул аймаг дахь МБ захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэг: Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд

Нэхэмжлэгч Д.Д нь МБ-ын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 000 дугаартай тушаалаар 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 00000 дугаартай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг МБны Тамгын газрын захирал Д.Чтэй байгуулж, Дархан-Уул аймаг дахь МБ захирлын албан тушаалд ажиллаж байгаад МБ-ын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар тушаалаар хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, МБны эд хөрөнгийг ашиглах эрхгүй гадны этгээдээр жолоодуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана гэж заасны дагуу Д.Д нь МБ-ын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б462 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд гомдлоо 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

 

Хариуцагч нь хэлтсийн эд хөрөнгийг албаны бус зорилгоор ашиглах, МБны эд хөрөнгийг ашиглах эрхгүй этгээдээр жолоодуулах зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан тул Д.Дыг Дархан-Уул аймаг дахь МБ захирлын үүрэгт ажлаас Төв банк /МБ/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, МБны дотоод журмын 10.1, 10.2, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, Дотоод, хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хийсэн хэсэгчилсэн шалгалтын акт материалыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой юм.

 

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д Төв банк /МБ/-ны тухай хуулийн 29 дүгээр зүйл, МБны хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т заасныг тус тус зөрчсөн бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хяналтын камерын бичлэг шалгасан тэмдэглэл, СД, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хэлтсийн ажилтнуудтай шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн хийсэн уулзалтын протокол, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн "Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдлийн газраас Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст газар дээрх хэсэгчилсэн шалгалт хийх удирдамж, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст хийсэн хэсэгчилсэн шалгалтын акт, материал, Ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн.

 

Гэтэл хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалын үндэслэл болсон Төв банк /МБ/-ны тухай хуулийн 29 дүгээр зүйлд: МБны албан тушаалтанд дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

-Иргэн хуулийн этгээдийг ашиг сонирхлыг төлөөлөх,

-Өөртөө болон гэр бүл, төрөл төрөгсөд, ажил төрлийн болон бусад танил хүмүүст ашигтай давуу байдал бий болгох,

-Банк, иргэн, хуулийн этгээдийн дансны үлдэгдэл, түүний гүйлгээ, тэдгээрийн хоорондын гэрээ, хэлцэл, банкны үйл ажиллагааны талаархи албан баримтыг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад мэдээлэх, танилцуулах,

-Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа,

-МБны албан тушаалтан, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн нь албан үүргийнхээ дагуу олж авсан мэдээллийн нууцлалыг хуульд зааснаас бусад тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш ч задруулж үл болно,

-МБны Зөвлөлийн гишүүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдснөөс хойш нэг жилийн дотор банкны удирдах албан тушаалд ажиллахыг хориглоно,

Мөн МБны хөдөлмөрийн дотоод журмын 3.3-т Ажилтанд хориглох зүйл-ийг

-Байгууллага, ажилтны нэр хүндийн эсрэг мэдээлэл тараах, хамтран ажиллагсад, удирдлагад байгаа ажилтанд дарамт шахалт үзүүлэх, доромжлох, хүний эрх эрх чөлөөнд халдах,

-Ажлын байр, хууль журмаар тогтоосон албан үүрэгтэй холбоотой газар болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууурах, мансуурах,

-Ажлын цагаар эсхүл ажлын байранд байгууллагын үйл ажиллагаа, албан үүрэгт үл хамаарах ажил, үйлчилгээ явуулах,

-Албаны өрөөнд гадны хүн зөвшөөрөлгүй байлгах,

-Байгууллагын ажлын байрны дотоод орчинд тамхи татах,

-Чанаргүй зээл, зээлийн хүүгийн өртэй байх,

-Хууль тогтоомж, холбогдох бусад ажил үүрэг давхар гүйцэтгэх,

-Албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн зүйл, мэдээллийг бусад задруулах, задруулах боломжийг аливаа хэлбэрээр бүрдүүлэх,

-Ажлын чиг үүрэгт тусгайлан заасан, эсхүл удирдлагаас зөвшөөрснөөс бусад тохиолдолд МБны өмнөөс түүний бодлого, үйл ажиллагааны талаар нийтэд мэдээлэх, аливаа бусад этгээдтэй хэлцэл, тохиролцоо хийх, үүрэг хүлээх,

-Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа-г тус тус хоригложээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан.

 

Д.Дын ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнээс дүгнэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт хамруулж үзэж үндэслэлгүй байна. Харин ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх боловч дээрх баримтуудаас үзэхэд Дархан-Уул аймаг дахь МБ захирал Д.Д нь албаны автомашиныг бусдаар удаа дараа жолоодуулсан нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Хяналтын камерын бичлэг шалгасан тэмдэглэл, СД, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хэлтсийн ажилтнуудтай шалгалтын ажлын хэсгийн ахлагчийн хийсэн уулзалтын протокол, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "Дархан-Уул аймаг дахь МБны хэлтэст хийсэн хэсэгчилсэн шалгалтын актаар тус тус тогтоогдож байх боловч энэ нь Хөдөлмөрийн гэрээ болон МБны дотоод журам, Төв банк /МБ/-ны тухай хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах зөрчилд хамаарахгүй байна.

 

Иймд ажил олгогчийн санаачлагаар Д.Дт сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Дыг Дархан-Уул аймаг дахь МБ захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Ийм учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу Д.Дын 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлоход нэг өдрийн цалин 131,851 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 54 хоногт үржүүлэн тооцоход 7,065,738 төгрөг болж байх тул хариуцагч МБнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Дыг урьд эрхэлж байсан ажил буюу Дархан-Уул аймаг дахь МБ захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 7,065,738 төгрөгийг хариуцагч МБнаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дт олгосугай.

 

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МБинд даалгасугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч МБнаас 128,001 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай..

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА