Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 963

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Э.О

хохирогч Б.Э

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905020221093 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дүгээр сарын ...-нд ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3; эхнэр, хүүхдийн хамт ... дүүрэг, ... дугаар хороо, .... дүгээр гудамж, ... тоотод оршин суух,

ял шийтгэл: 1/. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сар хорих ял шийтгүүлснийг

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 149 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн.

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 66 дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг баримтлан эдпээгүй үлдсэн 1 жил 6 cap 2 хоногийн ялыг өршөөн хасч, хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

2/. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 10.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, биечлэх эдлэх ялыг 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялаар тогтоосон.

2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 217 дугаартай захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2 жил 1 сар 13 хоногийн хорих ял болгон өөрчлөн, эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 22 хоногийн хорих ялыг хаалттай хорих ангил эдлүүлэхээр тогтоосон.

2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 45 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

.... дугаарын регистртэй, Т овогт Э О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.О 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 8-206 тоотод оршин суух, хохирогч Б.Эрдэнэбулгантай хамт архи ууж байгаад унтсан хойгуур гэрээс нь БНХАУ-д үйлдвэрлэсэн 46 инчийн LCD зурагт, Айфонэ-5, Самсунг Нөтэ-2 маркийн гар утас, “Янмал” үйлдвэрийн 50 ширхэг шинэ оймс, хажуугаар үүрдэг хар өнгийн цүнх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 904.992 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй. Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд зурагтыг нь тэвэрчихсэн явсан. Өөр юу юу авсан гэдгээ хэлж мэдэхгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Хохирлыг төлөх болно гэв.

 

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

О над руу утсаар ярихаар нь итгээд гэр рүүгээ дагуулж ирсэн. Тэгээд хамтдаа архи ууж байгаад намайг тасраад унтсан хойгуур эд зүйл хулгайлсан байна лээ. Хулгайд алдагдсан нэр төрлийн эд зүйл бүгд байсан. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Хохирлоо барагдуулж авбал гомдолгүй. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б Э “... 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр О над руу залгаж “та хаана байна хариач, би таныг очиж авья, тэгээд хамт харья” гэж хэлсэн. Ингээд бид хоёр манай гэр болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 8-206 тоотод ирсэн. Тухайн үед манай охин байгаагүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гэртээ ирээд унтаад өгсөн. Ингээд 16 цагийн үед сэрэхэд манай гэрийн зурагт, Айфонэ-5, Самсунг Нөтэ-2 маркийн гар утас, янмалын шинэ 50 ширхэг оймс, хажуугаар үүрдэг хар өнгийн цүнхийг аваад явсан байсан. Би хажуу айлын хүний утсаар Отгонбаяртай ярихад гэртээ байна гээд тасалсан. Дахиад залгасан боловч аваагүй” /хх-н 10-11/ гэж,

яллагдагч Э О “... 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шиг санаж байна, Э нь хоёулаа манайх руу явъя гэж хэлээд Эрдэнэбулганы гэр болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 8-206 тоотод гэрт нь очиход хүн байгаагүй. Бид хоёр замаасаа дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Хараа архи аваад гэрт нь ороод хувааж уусан. Эрдэнэбулган тасраад унтаад өгсөн. Эрдэнэбулганыг унтаж байх хооронд нь гэрээс нь хар өнгийн зурагт, Айфонэ-5, Самсунг Нөтэ-2 маркийн гар утас, янмалын 50 ширхэг шинэ оймсийг хулгайлан авч зарсан. Тухайн үед нэлээн согтуу байсан, хаана ямар ломбарданд тавиад зарж борлуулснаа сайн санахгүй байна. Согтуу байсан учир дахиж архи авч уух санаатай тэдгээр зүйлийг хулгайлан авч явсан” /хх-н 65/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч Б.Э цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 7/, Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-н 17-18/, шүүгдэгч Э.Отгонбаярын урьд өмнө шүүхээр ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрүүд зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э.О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.О ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамрах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлдэг. Цаашлаад гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч Э.О хувийн байдлаас үзвэл тэрээр урьд өмнө хэд хэдэн удаа шүүхээр ял шийтгүүлсэн, ингэж ял шийтгүүлэхдээ 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т тухайлбал, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, Бусдын эд хөрөнгийг хулгайлах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргүүдэд ял шийтгүүлж байжээ.

 

Шүүгдэгч Э.О 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 45 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд түүний хорих ялын тэнсэнгийн хугацаа 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байна.

 

Удаа дараа “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т ял шийтгүүлсэн боловч дахин ийм төрлийн гэмт хэргийг үйлдсэн байгаа нь шүүгдэгч Э.Отгонбаярыг засарч хүмүүжсэн гэхэд эргэлзээтэй, нөгөөтэйгүүр хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Харин гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдлээс /хохирогч Б.Эрдэнэбулган нь шүүгдэгч Э.О нийлж архидан согтуурсан/ шалтгаалсан зэргийг харгалзан эдлэх хорих ялыг хамгийн доод хугацаагаар буюу 6 сарын хугацаагаар тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хохирогч Б.Э учирсан хохирлыг 904.992 төгрөг гэсэн үнэлгээ гаргасан байна. Дээрх мөнгийг шүүгдэгч Э.О гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Э.О цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Шүүгдэгч Э.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Т овогт Э О бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.О 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.О оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Э.О цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорьсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О 904.992 төгрөг гаргуулж хохирогч Б.Э олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.О “цагдан хорьсон”-г хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ