| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00689/и |
| Дугаар | 182/ШШ2016/00812 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2016/00812
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, П.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..... давхарт байрлах, Б ХХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,978,348 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.О, түүний өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч миний бие нь Б ХХК-д 2003 оны 11 сараас эхлэн ажилласан ба 2009 оны 11 сарын 01-нээс Үйлдвэрийн Засварын хэлтэст төлөвлөгчийн ажил хийж байгаад 2015 оны 6 сарын 02-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдаж, тус оны 6 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд гомдол гаргаж, үүнээс хойш иргэний хэрэг үүсэн, шүүхээр хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлж явсаар 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэст хуваарь гаргагчийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэллээ.
Шүүхээс ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Нийгэм Хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 сарын 05ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам -ын дагуу олгоно гэж заасан байдаг.
Анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай шийдвэр гарсан өдрөөс ажилд авах тушаал гарч хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилдаа орсон өдөр болох 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох журмын дагуу тооцоход миний сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 2015 оны 3 сард орсон амралтын мөнгийг хасаж бодоход 10,301,108 төгрөг болж байх ба үүнээс 1 сарын дундаж цалингийн хэмжээг тооцвол 3,433,703 төгрөг болж, нэг өдрийн дундаж цалинг бодоход 161,967 төгрөг болж байх ба анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажлын 111 хоногт үржүүлэхэд 17.978.348 төгрөг гарч байна.
Иймд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 17,978,348 төгрөгний цалин гаргуулах, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.О нь нэхэмжлэлийн шаардлагын бодит үндэслэлээ ...анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх ажлын 111 хоногт үржүүлэхэд 17.978.348 төгрөг гарч байна гээд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт дээрх мөнгийг гаргуулахаар шаардаж байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаартай шийдвэрээр П.Оыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг Б ХХК-д даалгасан, энэ шийдвэрийг Б ХХК нь зөвшөөрсөн тул 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрээ гардан аваад тус компанийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 14/16 дугаар тушаалаар түүнийг Засварын ажлын хуваарь гаргагч-ийн ажилд ажиллуулахаар болж, энэ тухай өөрт нь тэр даруй мэдэгдсэн юм.
Гэтэл П.О нь ажил олгогчид ...Ажилд эгүүлэн авах тушаал гаргасанд маш их баярлаж байгааг илэрхийлэхийн ялдамд анхан шатны шүүхийн ......... тоот шийдвэрийн нөхөн олговорын бодолтыг эс зөвшөөрч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 3 дугаар сарын 28-ны өдөр нөхөн олговрын тооцооллыг дахин хянуулахаар гомдол гаргасан.
Иймд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдэх өдрийг хүртэл 2016 оны 4 дүгээр сарын 04-ний 14/16 дугаартай ажилд эгүүлэн тогтоох тухай шийдвэр тушаалаа түр түдгэлзүүлнэ үү гэсэн өргөдлийг гаргасан.
П.Оын гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 867 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон.
П.О нь дээрх магадлал гарсны дараа ажилдаа ирээгүй бөгөөд түүнийг мөн л эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын гомдол гаргасныг тус шүүх хянаад 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/00849 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
П.О нь Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа ч ажилдаа ирэхгүй, ямар нэгэн байдлаар холбоо барихгүй байсан тул түүнд Б ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 177/16 дугаар албан бичгээр ... 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор ажлаа хүлээлцэн, албан ёсоор эхлүүлэхийг хүсье гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.
Энэхүү мэдэгдлийг П.О хүлээж аваад Б ХХК-д 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ...ажилд эгүүлэн тогтоох тухай 4 дүгээр сарын 04-ний өдөр гарсан тушаалыг миний бие шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдэх өдрийг хүртэл түр түдгэлзүүлсэн байсан өргөдөл хүсэлтээ ажил олгогчтой ярилцсаны дагуу 7 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгож, 7/7-ын хувиараар засварын ажлын хуваарь гаргагчаар ажиллахаар зөвшөөрч, 8 дугаар сарын 02-ноос ажилдаа орохоор боллоо гэсэн өргөдөл, хүсэлт гаргаж өгсөн.
Үүний дагуу Б ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 16/22 дугаар тушаалаар П.Оын урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд буюу Засварын ажлын хуваарь гаргагч-ийн ажлын байранд ажиллуулах тухай 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14/16 дугаар тушаалд зохих өөрчлөлтийг оруулснаар тэрээр ажилдаа явж эхэлсэн юм.
Иймд П.О нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс ажилд орсон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь Б ХХК-ийн гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс бус харин нэхэмжлэгчийн ... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан, шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдэх өдрийг хүртэл ажилдаа орохоос сайн дураараа түр түдгэлзэж, 8 дугаар сарын 02-ноос ажилдаа орохоор болсон зэрэг өөрийх нь хүсэл зоригийн дагуух эс үйлдлийн үр дагавар тул ажил олгогчоос нөхөн олговор гаргуулах үндэслэлгүй болно.
П.О нь нэхэмжлэлдээ ...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "Энэ хуулийн 36.1.2 дахь заалтад заасны дагуу ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг олгоно гэж заасны дагуу дээр дурдсан хэмжээгээр нөхөн олговор гаргуулна гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаар шийдвэрийн ТОГТООХ НЬ хэсгийн 1-д Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах заалтыг баримтлан... гэж, 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах заалтыг баримтлан... гэж хууль зүйн үндэслэлээ тус тус заажээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал, Хяналтын шатны шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн дээрх заалтуудад ямар нэгэн өөрчлөлт оруулалгүй, хэвээр үлдээсэн байдаг.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт П.Оыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тухай дурдаагүй болно.
Мөн Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 77/156 дугаартай Зохион байгуулалтын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулах тухай тушаалаар П.Оын ажиллаж байсан Үйлдвэрийн засварын хэлтсийн үйлдвэрийн засварын төлөвлөгчийн орон тоог хассан байсан.
Б ХХК-ийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 14/16 дугаартай тушаалын 1-д ... урьд эрхэлж байсан Засварын ажпын төлөвлөгчийн ажлын байр нь цомхотгогдсон тул цомхотгогдсон ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын дагуу Засварын ажлын хуваарь гаргагчаар П.Оыг ажиллуулахаар болсон.
Шүүхээс П.Оыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бус, харин мөн хуулийн 36.2-т заасны дагуу адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахаар даалгасны дагуу ажил олгогч тушаал гаргаж, ажилтан түүнийг зөвшөөрсөн тул Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр ажилтанд нөхөн олговрыг олгох боломжгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.О нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 17,978,348 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч П.Оыг хариуцагч Б ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 110/15 тоот тушаалаар Б ХХК-ийн Үйлдвэрийн засварын хэлтсийн үйлдвэрийн засварын төлөвлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаар шийдвэрээр үйлдвэрийн засварын хэлтсийн төлөвлөгчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол Үйлдвэрийн засварын хэлтсийн төлөвлөгчийн ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 14/16 дугаартай нэхэмжлэгч П.Оыг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Засварын ажлын хуваарь гаргагчийн ажлын байранд ажиллуулахаар ерөнхий захирлын тушаал гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гарсан байх ба хариуцагч нь нэхэмжлэгч П.Оыг шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Засварын ажлын хуваарь гаргагчийн ажлын байранд ажиллуулахаар ерөнхий захирлын тушаал гарсан байна.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний дундажаар тооцоогүй гэж давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 867 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2016/000849 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нь Б ХХК-ийн Хүний нөөцийн хэлтэст 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан өргөдөлдөө ...ажилд эргүүлэн авах тушаал гарсанд маш их баярлаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд анхан шатны шүүхийн 101/ШШ2016/1603 тоот шийдвэрийн нөхөн бодолтыг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 28-нд гомдол гаргасан гэдгээ хэлэх хэрэгтэй гэж бодож байна... гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан албан тушаалд буюу Б ХХК-ийн ерөнхий захирлын Засварын ажлын хуваарь гаргагчийн ажлын байранд томилсон тушаал гарсан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэх бүрэн боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д заасны дагуу ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний дундажаар тооцоогүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрт хуульд заасны дагуу гомдол гаргасан ньЗасварын ажлын хуваарь гаргагч-ийн ажил үүргээ гүйцэтгээд хуульд заасан гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй бөгөөд энэ талаар хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Ийм учраас нэхэмжлэгчийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан гэж үзэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ц.Отгонбаяр нь хариуцагч Б ХХК-иас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилогдох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацаагаа анхан шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс Б ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нэг өдрийн дундаж цалинг бодоход 161,967 төгрөг болж байх тул 111 хоногийн цалин 17,978,348 төгрөг гэж тодорхойлсон.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 1 сар 9 хоног буюу ажлын 32 хоногийн хугацаанд тооцогдох цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Ц.Отгонбаяр нь Б ХХК-ийн Үйлдвэрийн засварын хэлтсийн үйлдвэрийн засварын төлөвлөгчийн албан тушаалд сарын 2,562,360 төгрөг, өдрийн 119,179 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ......... дугаар шийдвэрээр тогтоогдсон тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан үндэслэлээр дахин нотлохгүй болно.
Иймд Ц.Отгонбаярын ажиллаагүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,813,728 төгрөг /32 хоног х 119,179 төгрөг/-ийг Б ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,164,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Г.Арслангийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Б ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3,813,728 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Отгонбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,164,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаярын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ХХК-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,850 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б ХХК-иас 75,969 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА