Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 964

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч С.Ц

шүүгдэгч Г.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905033071166 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-нд ... хотод төрсөн, ...настай, ...., дээд боловсролтой, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...; нөхөр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамж, .... тоотод оршин суух, ялгүй...... дугаарын регистртэй, Т овогт Г А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.А 2019 оны 7 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Стелла” баарны гадна хохирогч Б.Даваажаргалыг манай нөхөр С.М алгадлаа гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, үсдэж унагаан зодож тархи доргилт зүүн зулай, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, баруун шилбэ, өвдөг, шагай, зүүн мөрөнд цус хуралт зүүн гуя, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 300.000 төгрөг төлсөн. 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг зөвшөөрч байна гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б Д “... 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 10 дугаар хорооллын Стелла бааранд найзууд болох Ариунтуяа, Жаргал, Рэнцэндорж, Мөнхтуяа нарын хамт орж үйлчлүүлээд шөнийн 02 цаг өнгөрч байхад гараад алхаж байтал баарны гадна зогсож байсан үл таних эрэгтэй хүн миний бөгс рүү гараараа цохьсон. Би дургүй хүрээд гарынхаа араар савсан. Би гараараа тэр залуугийн яг аль хэсэгт цохисноо хараагүй. Тэгтэл нэг эмэгтэй миний нөхөрт гар хүрдэг хэн бэ гээд намайг хэл амаар доромжлоод намайг хүзүү рүү цохиод үсдэж, өмсөж явсан плажнаас татаж унагасан. Би унахдаа замын хажуугийн хашлага мөргөөд толгойгоо хагалсан. Намайг араас татаад үсдэхэд би газар унасан. Намайг унах үед миний хажууд хоёр эмэгтэй хүн зогсож байсан. Гэхдээ намайг нэг эмэгтэй хүн л зодсон. Намайг бүлэглэж зодоогүй, нэг л эмэгтэй хүн зодсон. Би Ариунзаяагаас хохирлын 300.000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 16-24/ гэж,

гэрч Р О “... 2019 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө манай найзууд болох Мөнхгэрэл, Ариунзаяа, Ганхуяг, Заяа, манай найз Хулан бид зургаа шөнө 00 цагийн үед 10 дугаар хорооллын Стелла бааранд орсон. Бааранд надаас бусад нь пиво уусан. Бааранд бүжиглэж байгаад шөнө 02 цаг өнгөрч байхад баарнаас гарцгаасан. Баарны үүдэнд зогсоод Ганхуяг дуудлагын жолооч дуудчихаад байж байтал хажуугаар 4 эмэгтэй 1 залуу өнгөрсөн юм. Мөнхгэрэл нэг эмэгтэйтэй юм ярих шиг болсон. Тэгтэл нэг эмэгтэй эргэж хараад Мөнхгэрэлийн хамар руу нь цохисноо Мөнхгэрэлийг нуруу руу нь өшиглөсөн. Тэгтэл Мөнхгэрэлийн эхнэр Ариунзаяа нэг эмэгтэйг нь үсдэлцэж аваад зууралдаад газар унаад, орилж чарлаад хөлөөрөө бие биенээ жийгээд байсан Мөнхгэрэл, Хулан бид гурав очиж Ариунзаяаг салгаж авсан” /хх-н 33-34/ гэж,

гэрч Г. Х “... баарнаас гараад Ганаа машинтай явж байсан учир дуудлагын жолооч дуудах гээд зогсож байтал гэнэт Мөнхгэрэлийн хамарнаас цус гарсан. Хажуугаар хэдэн хүмүүс өнгөрч байсан. Бид нар яав ийв гэтэл нэг эмэгтэй хүн Мөнхгэрэлийн араас өшиглөсөн. Тэгтэл Аринузаяа тэр эмэгтэйг араас нь түлхэсэн чинь нөгөө эмэгтэй Ариунзаяатай үсдэлцсэн. Тэр эмэгтэйн хамт явсан найзууд нь тэр хоёрын дундуур орж ирээд татсан. Ариунзаяа болон Ариунзаяатай маргалддаг эмэгтэй хоёр замын хашлага дээр унасан. Энэ үед Мөнхгэрэл, Оргил бид гурав очиж Ариунзаяаг татаж авсан. Бид хэд тэндээс салаад явж байтал Ариунзаяа хүзүү хорсоод байна гэхээр нь хүзүүг нь хартал улайсан байсан. Ариунзаяа миний гинж алга болчихлоо гэсэн. Тэгээд цагдаа дээр ирж Ариунзаяа өргөдөл гаргасан” /хх-н 31-32/ гэж,

яллагдагч Г А “... 2019 оны 7 дугаар сарын 30-ны орой 23 цагийн орчим найз Оргил, Хулан, Ганаа, Заяа, Мөнхгэрэл нарын хамт 10 дугаар хорооллын Стелла бааранд орсон юм. Бааранд ороод хүний нэг, нэг шил пиво ууж бүжиглэж байгаад шөнө 02 цагийн орчимд баарнаас гарсан. Баарнаас гараад үүдэнд зогсож байтал хэдэн эмэгтэйчүүд баарнаас гарч байсан. Тэгтэл тэнд байсан нэг эмэгтэй манай нөхрийн хамар руу гараараа савсан. Тэгээд тэр эмэгтэй манай нөхрийг өшиглөхөөр нь би тэр эмэгтэйг толгой руу түлхсэн. Тэр эмэгтэй үсдэлцээд хамтдаа замын хажуу талын хашлага руу унасан. Газар унаад хоёр биенийгээ хөлөөрөө жийлцэж өшиглөсөн. Энэ үед манай нөхөр Мөнхгэрэл, Хулан хоёр ирж намайг татаж аваад бид нарыг салгасан” /хх-н 49-55/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Д гэмтэлтэй холбоотойгоор ...Б.Д биед тархи доргилт, зүүн зулай баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд шарх, баруун шилбэ, өвдөг, шагай, зүүн мөрөнд цус хуралт, зүүн гуя, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн 9438 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 40/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ариунзаяад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Г.Абусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Д “... би Ариунзаяагаас хохирлын 300,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байна. /хх-н 46-47/

 

Шүүгдэгч Г.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Т овогт Г А “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.А авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ