| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00806/и |
| Дугаар | 182/ШШ2016/01109 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 182/ШШ2016/01109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, шүүгч Н.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...... тоотод оршин суух С.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....... өөрийн байранд байрлах, Ш-т холбогдох
Гэм хорын хохиролд 81,386,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, прокурор Э.О, иргэдийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...2010 оны 4 дүгээр сард С.Н нь 1400x8x 2 ЛК-400 маркийн конвейрийн ремень Хятадаас оруулаад ир Б.Б гэдэг манай найз Эрдэнэтийн ДЦС-д найдвартай зараад өгнө гэж надад хэлсний дагyy би дээрх ременийг авчирч Эрдэнэт хотод Б.Бод хүлээлгэн өгсөн.
Б.Б нь Иргэний шүүхийн шийдвэрээр Я.Ж-д 81,386,800 төгрөгийн төлбөртэй байсан байдаг, энэ төлбөрийг барагдуулахаар Орхон аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх албаны ажилтан шийдвэр гүйцэтгэгч Д.А ажиллаж байсан байдаг.
Ингээд миний ремень Б.Бын хашаанд байж байхад шийдвэр гүйцэтгэгч Д.А, Л. Батцагаан нар 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Эд хөрөнгө хураан авах акт үйлдэн хурааж аваад, иргэн Я.Ж-д энэ өдрөө хүлээлгэн өгсөн байдаг.
Я.Ж- нь Эрдэнэт үйлдвэрт Баянгол тайж ХХК-ийн нэрээр 70.000 ам долларт буюу 81,386,800 төгрөгийн өрөнд шилжүүлж, ингэснээр Я.Ж-гийн хүсэлтээр хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусч, би хохирч үлдсэн.
Би Б.Быг намайг залилж конвейрийн ременийг авлаа гэж цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан. Уг өргөдлөөр 2013 оны 3 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр эрүүгийн 201314000149 тоот хэрэг үүсгэсэн.
Цагдаа прокурорын байгууллага бүтэн жил шалгаад Б.Б нь таны ременийг өерийн мэдэлдээ байлгаж байхад нь Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Б.Б, А.Орхонсайхан нарын Ханбол Эрдсам ХХК-д төлөх ёстой байсан өрөнд хураан авч... тогтоогдсон, ЭХТА-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хзргийн бүрэлдэхүүнгүй байх тул гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Энэ тогтоолд нь гомдол гаргахаар Нийслэлийн прокурор 2014 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 5/1215 дугаар хариу мэдэгдэх хуудсаар Б.Б таны ременийг өрөнд өгөх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд сайн дураараа зөрчиж өгөөгүй ба уг байгууллагаас иргэдийн мэдээллийн дагуу очиж ременийг хураан авсан байна гээд гомдлыг маань хүлээн авахаас татгалзсан.
Мөн энэ хэрэгт байцаалт өгч байсан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Л.Батцагаан нь 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлэгтээ Б.Б уг ременийг үйлдвэр лүү шахах гэж байна гэсэн мэдээлэл ирээд байгаа газраас нь уг ременийг хурааж авсан. Тухайн үедээ Батболдынх гэж ойлгосон. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө болох машин тэрэг нь тухайн хүний нэр дээр байдаг учир тухайн хүнийх байна гэж мэддэг.
Ремен мэтийн зүйлүүдэд тийм бичиг баримт байдаггүй учир мэдээллээр хурааж авахаас өөр арга байдаггүй гэж хууль зөрчсөн үйлдлээ хаацайлсан байдаг.
Миний ременийг хэнийх болохыг нь тогтоолгүй хураан авч, эзэн надаас зөвшөөрөл авалгүй өрөнд дамжуулж өгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж дууссан нэр зүүсэн шийдвэр гүйцэтгэгч нарын үйлдлээс болж хохирч байна.
Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 заасныг үндэслэн 81,386,800 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба өмнөх шүүхийн шийдвэрээр надад олгохоор шийдвэрлэсэн 11,300,000 төгрөгийг хасч байгаа тул 70,037,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү" гэв.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 999 дүгээр захирамжаар Ханбал Эрсом ЗБН-өөс 70,000 ам.доллар буюу 81,690,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 257,225 төгрөг, нийт 81,947,225 төгрөгийг гаргуулж Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрт олгохоор шийдвэрлэжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны7 дугаар сарын 30-ны өдрийн 857 дугаар шийдвэрээр Аюушийн Орхонсайхан, Баатарын Батболд нараас 80,773,300 төгрөг гаргуулж Ханбал Эрсом ЗБН-ийн захирал Я.Ж-д олгохоор шийдвэрлэсний дагуу төлбөр төлөгч Б.Б, А.Орхонсайхан нар1400x8x 2 ЛК-400 маркийн 280 м.кв кониверийн ременийг төлбөртөө тооцон өгөх хүсэлтийг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, улмаар төлбөр авагч Я.Ж- зөвшөөрч, эд хөрөнгийг хүлээн авсан нь тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байна.
Ханбал Эрсом ЗБН-ийн 81,690,000 төгрөгийн төлбөрт уг конвейрийн ременийг иргэн Я.Ж-гаас хураан авч, улмаар Эрдэнэт үйлдвэр-тэй харилцан тохиролцож, төлбөрт тооцон өгөхөөр болсон, төлбөр авагчид үзүүлэх шаардлагатай гэх хүсэлтийн дагуу хураасан эд хөрөнгийг 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 53/10 дугаар актаар төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн.
Төлбөр авагч Эрдэнэт үйлдвэр 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 70,000 ам долларт тооцон авснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ гэж заасны дагуу төлбөрт тооцон авсан эд хураан авсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул иргэн С.Бийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэв.
Төрийг төлөөлж оролцсон прокурор Э.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болсон эд хөрөнгө хураах ажиллагаа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд 2010 онд явагдсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэрлэж тогтоол гаргана, энэ тогтоолыг зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхэд гаргах-аар хуульчилжээ.
Мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн эдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар заасан тул нэхэмжлэгч гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн.
Хоёр. Иргэн С.Б нь конвейрийн ременийг худалдан борлуулахаар Б.Б гэгчид хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэлд дурдаж, хүлээлгэн өгсөн баримтыг хавсаргажээ.
Энэ үйлдэл нь Иргэний хуульд зааснаар талууд харилцан тохиролцож, эд хөрөнгөө хүлээлцсэн гэж үзэж болохоор байна. Нэг талын хүсэл зоригийг нөгөө тал хүлээн зөвшөөрч хөрөнгө шилжүүлсэн, гэвч Б.Б нь үүргээ гүйцэтгээгүй тул шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй, эсхүл бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ гүйцэтгээгүй талаас шаардах эрхтэй.
Түүнчлэн иргэн Б.Б нь бусдаас авах авлагыг хүлээн авах итгэмжлэлийг иргэн С.Бд өгч, түүний дансаар нийт 1.3 сая төгрөгийг хүлээн авсан дансны хуулгыг нотлох баримтаар нэхэмжлэгч шүүхэд өгч, Батцэнгэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулж байгаа нь баримтаар тогтоогдож байна.
Төлбөр төлөгч Ханбол Эрсом ЗБН-ийн 81.6 сая төгрөгийн төлбөрт конвейрийн ременийг иргэн Я.Ж-гаас хураан авч, хураасан хөрөнгийг төлбөр төлөгчид буцаан олгосон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн иргэн Б.Боос хохирлоо нэхэмжпэх нь хуульд нийцэж байх тул үндэслэлгүй гаргасан иргэн С.Бийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь Ш-т холбогдуулан гэм хорын хохирол 81,386,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч С.Б нь Ш-т холбогдуулан Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Л.Батцагааны буруутай үйл ажиллагааны улмаас болон эрүүгийн 201314000149 дугаартай хэргийн улмаас бусдын өр төлбөрт хураагдсан ремений үнэ 81,386,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11,300,000 төгрөгөөр багасгаж 70,037,600 төгрөгийг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч С.Б нь 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр конвейрын ременийг Монгол улсын хилээр оруулж ирснээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлж түүнийгээ үндэслэн ремений үнэ 81,386,800 төгрөг шаардаж байна.
Нэхэмжлэгч С.Б Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн буруугаас хохирсон гэж Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 228 дугаар зүйлийн 228.1.-т зааснаар учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч С.Бийн гомдлоор Орхон аймгийн Прокурорын газрын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор С.Н, Б.Б нарт холбогдуулан 201314000149 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 272 дугаартай тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2891/С шийдвэрт "...20,000,000 төгрөгийн ремень аваад ирвэл Эрдэнэт үйлдвэрт шахаад өрөө дуусгахаар нэхэмжлэгч С.Бтэй Нарангэрэл гэгч нь тохиролцож байсан байна гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч С.Бийн 20,000,000 төгрөгийн үнэ бүхий 1.4 метр өргөнтэй тус бүр нь 100 метр урттай, 8 давхар мяндсан утастай 2 ширхэг ременийг Б.Б хүлээн авсан хүлээлгэн өгсөн талаар маргаагүй байна.
2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б нь Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан баталгаандаа "Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009.07.30-ны өдрийн №857 тоот шийдвэрээр Ханбал-Эрсом ЗБН-ийн захирал Я.Ж-гийн нэхэмжлэлээр Батболдод 40,877,016 төгрөг, А.Орхонсайханд 40,877,016 төгрөг гарсныг миний мэдэлд буй 280 м.кв конвейрийн ременээр тооцон төлбөр барагдуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлттэй байна... гэжээ.
Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх баталгааг үндэслэн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө хураан авсан актыг үйлдэж, төлбөр төлөгч Б.Боос 82,000,000 төгрөгийн төлбөрт конвейрийн туузан ременийг хураан авч төлбөр авагч Ханбал-Эрсом ЗБН-ийн захирал Я.Ж-д хүлээлгэн өгсөн байна.
Б.Б нь А.Орхонсайханаас 44,873,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаартай шүүгчийн захирамжаар 33,837,300 төгрөгийн хэмжээнд зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийн дагуу 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 458 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 202 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Б.Б нь А.Орхонсайханаас авах 33,873,300 төгрөгийн төлбөрийг Р.Батцэнгэлд олгохоор түүнд нэг жилийн хугацаатай итгэмжлэл олгож, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дээрх итгэмжлэлийг 3 жилийн хугацаагаар сунгаж дахин итгэмжлэл олгожээ.
Дээрх итгэмжлэлийн дагуу А.Орхонсайханаас нэхэмжлэгч С.Бийн Хас банкны 5000433777 дугаартай дансанд 2015 оны 3 дугаар сарын 27-нд 299,700 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-нд 50,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 07-нд 64,800 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 22-нд 185,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 180,000 төгрөг, нийт 784,500 төгрөг орж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжилж байгаа болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.1.1.төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах,төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах хуульд заасан ажиллагааг төлбөр төлөгч Б.Бын "Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009.07.30-ны өдрийн 857 тоот шийдвэрээр Ханбал-Эрсом ЗБН-ийн захирал Я.Ж-гийн нэхэмжлэлээр Батболдод 40,877,016 төгрөг, А.Орхонсайханд 40,877,016 төгрөг гарсныг миний мэдэлд буй 280 м.кв конвейрийн ременээр тооцон төлбөр барагдуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлттэй байна... гэсэн хүсэлтийн дагуу хураан авч төлбөр барагдуулах ажиллагаа явуулсан Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө хураан авсан акт гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзвэлШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар гомдол гаргах эрхтэй байжээ.
Нэхэмжлэгч С.Б нь Б.Бын бусдаас авах 33,873,300 төгрөгийн төлбөрийг итгэмжлэлийн дагуу өөрийн Хас банкны дансаар тус тус хүлээн авч байгаа болох нь хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 81,386,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Дээрх нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар С.Бээс 564,884 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498 дугаар зүйлийн 498.2-т заасныг баримтланШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гэм хорын хохиролд 81,386,800 төгрөг гаргуулах тухай С.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бээс 564,884 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА