Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2016/01077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч Н.Нарангэрэл, шүүгч Ч.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, Л.У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... өөрийн байранд байрлах, Ш-т холбогдох,

5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, иргэдийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор хорих 000 дүгээр хорих ангид хорих ял эдэлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаар магадлал гарсныг надад танилцуулаагүй. Миний бие энэ талаар мэдээгүй бөгөөд дахин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл буюу 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хууль бусаар 5 сар ял эдлүүлсэн.

Тухайн үед хууль бусаар хоригдож байхдаа Ш-ын даргаар ажиллаж байсан хурандаа Ч-гийн 10 гаруй өрөөтэй 2 давхар хаус барилгын цахилгааны монтажийг шахуу хугацаанд хоногт 17 цагаар тасралтгүй ажиллаж, он цагийн хүнсний хомсдолтой нөхцлийг даван туулах, мэргэжлийн түвшинд чанарын гологдолгүйгээр ашиглалт, техникийн нөхцлийг бүрэн хангасан байх шаардлагыг тулгаж энэхүү шаардлагыг ханган гүйцэтгэсний тухайд мэргэжлийн гүйцэтгэл хийсэн.

Ялтан Л.У надад газрын даргын шагналын 60 хоног, хянан зааварлаж ажилласан ахмад Н-д хугацаанаас өмнө хошууч цол шагнахаар амлаж, гүйцэтгэлийг онц, сайн үнэлгээтэйгээр хүлээн авч амласан ёсоор ахмад Н-г хугацааны өмнө хошууч цолоор шагнасан боловч ялтан Л.У надад газрын даргын шагналын 60 хоног олгогдоогүй болох нь нотлогдож байгаа юм.

Энэ нь миний бие ялтан байх хугацаандаа эрх ашгаа эрх зүйн түвшинд бүрэн хангах боломжгүй байдлыг төгс ашиглахын хамт албан эрхийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйг дордуулан ашиглаж ялтан миний бүтээлч, шударга хөдөлмөр, мэргэжлийн ур чадварыг хууль бусаар завшин ашигласан болох нь баримтаар болон хошууч Н-гийн мэдүүлгээр давхар, гарцаагүйгээр тус тус нотлогдсон тул 2003 оны 6 дугаар сараас 2003 оны 11 дүгээр сар хүртэлх үндэслэлгүйгээр хоригдож байх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг онцгойлон үзэж тарифт үнэлгээгээр тооцон 5,000,000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Л.У-гийн Хорих 000 дүгээр ангид 2003 оны 6 сараас 2003 оны 11 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд ял эдэлж байхдаа хурандаа Ч-гийн хувийн 2 давхар хаусны монтажны ажил хийсэн ажлын хөлс гэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Иргэн Л.У-гийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч өөрийн шаардлагын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн шаардлага хангаагүй байгаа тул тус нэхэмжлэлд бодит тайлбар гаргах боломжгүй байна.

Мөн хууль бусаар хоригдсон гэж байгаа хугацаа нь шүүхийн шийдвэрийн дагуу ял эдэлсэн хоногт нь оруулан тооцсон байдаг. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.У нь Ш-т холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Л.Уг 3 жилийн хорих ялаар шийтгэсэн байх ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 000 дугаар магадлалаар тогтоолыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Л.Уд 12 жилийн хорих ял оногдуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

 

Тус шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолд түүний цагдан хоригдсон 1 жил, 4 сар, 28 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсон байх тул хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 121.1-д Ялтанд хийсэн хөдөлмөрийн нь тоо, чанарт тохирсон хөлс олгоно гэж зааснаар Л.У нь 2003 онд цагдан хоригдож байх хугацаанд нь Хорих анги ялтныг өөрийн үйлдвэрлэл дээр цахилгаанчин гэсэн заалттай ажиллуулж 2003 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хорих 000 дүгээр ангийн даргын Х/15 тоот тушаалаар шагналын 10 хоног, 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Х/30 тоот тушаалаар шагналын 30 хоногоор тус тус шагнагдаж байсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10Б/63 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2-т өөрт холбогдох асуудлаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй гэж заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нь дээрх шаардлагатай холбоотой асуудлаа ял эдлэж байх үедээ хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад хандаж гаргаагүй нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байна гэж заасан хугацаа дууссан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагшаа явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцна гэж заажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 121.2-т Гэрээний үндсэн дээр ялтан ажиллуулсан ажил олгогч ялтны хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ гэж зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Л.У ял эдэлж байх хугацаандаа хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 5,000,000 төгрөгийг тарифт үнэлгээгээр тооцож гаргуулахыг хүссэн ба 2003 оны 10 дугаар сараас 11 сарыг хүртэлх 30 хоногийн хугацаанд Ш-ын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ч-гийн хувийн 2 давхар барилгын цахилгааны монтажийн ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн гэх үйл баримт хэрэгт авагдаагүй, тогтоогдохгүй байх тул Ш-аас дээрх хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч Ш-аас 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар хариуцагч Ш-аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай Л.Угийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА

 

ШҮҮГЧИД Н.НАРАНГЭРЭЛ

 

Ч.ДАВААСҮРЭН