Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 979

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Г.Э

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Б

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1905037761082 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2; эхийн хамт ... дүүргийн ...дүгээр хороо, .... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, Б овогт Н Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Б 2019 оны 9 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Фламинго” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Цн эзэмшлийн “Samsung а-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 782.910 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г Ц “... би 2019 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Фламинго нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед Эрболд хамт сууя гээд байсан. Тэгээд Эрболдтой хамт явсан найзууд нь гээд Билгүүн, Гэрэлсайхан нар манай ширээн дээр шахаад суусан. Би хоёр найзын хамтаар хэсэг бүжиглэж байгаад эргээд иртэл миний цүнхэнд байсан гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь би их гайхсан ба нөгөө 3 залуу бүжиглэж байх хооронд нь бид нарын сууж байсан ширээ рүү харсан хяналтын камерын бичлэгийг үзтэл Билгүүн гээд залуу нь миний цүнхнээс миний гар утсыг нууцаар авч байгаа нь харагдсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирэхээр нь хэлээд тэр Билгүүн гэдэг залууг нэгжээд миний утсыг гаргаж ирсэн” /хх-н 18/ гэж,

гэрч Б Г “... 2019 оны 9 дүгээр сарын 10-ны орой өөрийн найз Билгүүн, Эрболд нарын хамт Фламинго нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Дотор ороод бид гурав пиво захиалж угаад суусан. Тэгтэл Эрболдын таньдаг охин явж байсан. Тэгэхээр нь бид нар хоорондоо танилцаад хамт нэг ширээнд суухаар болсон. Бид хэд гарч тамхилчихаад буцаад ороод иртэл Билгүүн цагдаад баригдсан гэж Эрболд надад хэлсэн. Сүүлд сонсохнээ бид хоёртой хамт сууж байхдаа Билгүүнээ Эрболдын хойгуур гараа явуулаад цүнхнээс нь утсыг нь авсан гэсэн юм ярьж байна лээ. Миний хувьд тэр талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан Билгүүн Цэдэнсодномын утсыг өөрийг нь бүжиглэж байхад авсан нь үнэн” /хх-н 21/ гэж,

яллагдагч Н Б “... би 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн найз болох Эрболд, Гэрэлсайханы хамтаар гадуур явж байгаад орой 22 цаг өнгөрч байхад Фламинго бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед 2 найзынхаа хамтаар орж сууж бага зэрэг пиво ууя гэж орсон. Дотор ороод ширээндээ суугаад 0.75 литрийн Хар Чингис архи захиалаад уугаад эхэлж байсан. Тэгсэн чинь манай найз болох Эрболд хажуу талын ширээний охиныг таньдаг болж таараад юм ярьж байсан. Бид нар хамт суугаад ойр зуурын юм яриад хэсэг суусан. Тэгээд бүгдээрээ гарч тамхи татсан. Удалгүй Эрболд бид хоёр эргээд орж ирсэн. Эрболд ширээндээ суугаад би хажууд нь сууж байхдаа тамхи татах гээд гарсан охины цүнх харагдахаар нь доторх юмыг нь Эрболдод мэдэгдэлгүйгээр, араар нь гараа явуулж байгаад үзэхэд дотор талд нь Самсунг маркын утас харагдахаар нь нууцаар аваад халаасандаа хийсэн. Удалгүй нөгөө охин ирээд цүнхээ үзээд надаас утас хаана байна гэж асуугаагүй. Би тухайн үедээ чимээгүй суугаад байсан тэгээд камер шүүж үзнэ гээд нөгөө охин яваад өгсөн. Би тухайн үед нь тэр газрыг камертай гэдгийг нь мэдээгүй байсан. Нөгөө охин ирсэнээ чи л авсан байна шүү дээ гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд надаас нөгөө утсыг гаргаж ирсэн, ийм зүйл болсон, би хийсэн зүйлээ сайн ойлгож байна. Утасны эзэн охиныг ширээнээс холдохоор нь цүнхэнд нь байсан утсыг нууцаар аваад хяналтын камерт нь бичигдэж баригдсан. Хийсэн зүйлийнхээ учир холбогдлыг маш сайн ойлгож байна. Ийм муухай хэрэг хийсэндээ харамсаж байна. Би болсон бүх зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлнэ, сайн дураар өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна” /хх-н 66-67/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-н 10/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 12/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 73-75/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 29-30/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.Ббусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, “Хулгайлах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамрах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлдэг. Цаашлаад гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх зэргийг ял оногдуулахад харгалзан үзэв.

Хохирол төлбөрийн хувьд:

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хулгайд алдагдсан эд зүйлсийг биет байдлаар хохирогчид буцаан олгож, хохирогч Г.Ц “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.

Шүүгдэгч Н. цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г. гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Ц гомдолгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Б урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ