Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2026/ХШТ/84

 

..., ... нарт

                                                          холбогдох эрүүгийн хэргийн тухай                                                                                                                                                                                                         

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч ...-ийн өмгөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 734 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 626 дугаар магадлалтай, ..., ... нарт холбогдох 2409029520015 дугаартай хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, ....

 

2.Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ....

 

... дүүргийн ... газрын ..., ... ..., ..., ... ...нар нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цаг 01 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “7 буудлын эцэс" нэртэй автобусны буудлын хажууд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ... алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.5-д заасан “гэмт хэрэг, зөрчил болон золгүй тохиолдлоос хохирсон, биеэ хамгаалж чадахгүй, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой аюул учирч болзошгүй иргэнд хүнлэг энэрэнгүй хандаж, боломжит дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг эрмэлзэх, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээ авах” гэснийг, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон ... алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө” гэснийг тус тус зөрчин өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон ...-ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгөх албан үүргээ биелүүлээгүй орхисны улмаас осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Баянзүрх, Сүхбаатар, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч ..., ... нарыг “үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Хууль сахиулагч үүргээ биелүүлээгүйн улмаас үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ...-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял, ...-ийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолохоор тогтоож,

шүүгдэгч ..., ...нарын цагдан хоригдсон 115 хоногийг тэдний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 4 дэх заалтын “... мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг” гэснийг “... хууль сахиулагчийн үйл ажиллагаа явуулах эрхийг...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүгдэгч ... түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч ... ... нар хамтран гаргасан гомдолдоо “... анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ... ... бидэнд тус бүр 6 сарын хорих ял оногдуулсныг биечлэн эдэлж дуусгаад байна.

Гомдлын үндэслэл:

Улсын яллагч биднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгахдаа “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэг, ... алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2, 3, 5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүх ... алба хаагчийн ёс зүйн дүрмийн заалтыг Хууль зүй дотоод хэргийн яаманд албан ёсоор бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус акт гэж үзээд зөвхөн “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэг хэсгийг зөрчсөн гэм буруутайд тооцсон.

Харин давж заалдах шатны шүүх ... алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2, 3, 5 дах заалт, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэг, мөн ... албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 4 дэх хэсэг, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйл зэргийг үндэслэж шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг нэмж гэм буруутай гэж дүгнэсэн.

Бидний өмгөөлөгч болон бид өөрснөө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсгийг үндэслэн гэм буруутайд тооцох боломжгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, амь хохирогч архийг хэтрүүлэн хэрэглэснийг мэдээгүй гэж маргасан. Учир нь:

... алба хаагч бид амь хохирогчийг тухайн үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэдгийг нь мэдэх ямар ч боломжгүй байсан учраас эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх шаардлагагүй байсан.

Бид 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3067 дугаартай шинжээчийн дүгнэлт гарахад “... амь хохирогч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн буюу хүнд зэргийн согтолттой байхдаа нам хэмийн буюу +5 градусын үйлчлэлийн улмаас осгож нас барсан гэдгийг мэдсэн.

Амь хохирогч нь бидэнтэй мөн дуудлагаар очсон түргэний эмч ... нартай хэвийн харьцаж, биеэ авч явах чадвартай байсан, осгох боломжгүй куртик, ноосон цамц гэх мэт дулаан хувцастай байсан, ярьж хэлж байсан үг яриа нь тод, ойлгомжтой байсан.

Архи уусан хүнийг халамцуу, хэтрүүлсэн гэж ангилах ба амь хохирогчийн согтолтыг гадаад шинж байдал, гаргаж буй авир, зан үйлээр нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэж дүгнэх ямар ч боломжгүй, харин ч биеэ авч явах чадвартай байсан нь хэрэгт авагдсан 103-н эмч ... эмчийн мэдүүлэг, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 103-н дуудлагын хуудас зэргээр нотлогддог юм.

Хэрэв амь хохирогчийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснийг ажил үүргээ гүйцэтгэж явсан ... алба хаагч бид нар мэдсэн бол Эрүүлжүүлэх байранд 103-ийн эмч ...тэй заавал хамт хүргэж өгдөг хуулийн зохицуулалт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь болон мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтаар тус тус зохицуулагдсан байсныг анхан шат, давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулж бидний эрх зүйн байдлыг дордуулсан юм.

Яриа тод, асуултад ойлгомжтой хариулсан, царай нь улайгаагүй, хараа тогтвортой, нөхцөл байдалд тохирсон харилцаатай, юм ярихдаа инээсэн, дуулсан, өөртөө хяналттай байсан амь хохирогчийг Эрүүлжүүлэх байранд заавал хүргэх шаардлагагүй байсан гэдгийг дахин хэлье. Тэгэхээр ийнхүү биеэ авч явах чадвартайд дүгнэгдэж байсан амь хохирогчийг эрүүлжүүлэх байранд заавал хүргэх үүрэгтэй байсан гэж хуулийг буруу хэрэглэж ял халдаасанд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ... ... биднийг гэм буруутай гэж дүгнэхдээ ... алба хаагч нар халамцуу болон согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг ямар эрх зүйн хэм хэмжээний актад зааснаар мөн ажлын байрны тодорхойлолтын яг аль заалтаар эрүүлжүүлэх байранд заавал хүргэх үүрэгтэйг зохицуулсан бэ гэдэг асуулт гарна. Тэгвэл бидний ажлын байрны тодорхойлолтод халамцуу, согтуу иргэнийг эрүүлжүүлэх байранд ажлын байраа орхиод заавал хүргэх үүрэг байдаггүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг нэмж хэрэглэж буруутгаж байгаа нь алдаа гэж бодож байна.

Амь хохирогчийг эрүүлжүүлэх байранд хүргэх үүргээ биелүүлээгүй орхиж явсны улмаас ... нь осгож нас барсан гэж хуулиар зохицуулсан шалтгаант холбоог буруу тайлбарласан. Амь хохирогчийг орхиж явсны улмаас тэрээр осгож нас бараагүй, амь хохирогчийн өмсөж байсан зузаан ноосон цамц, гадуураа өмсөж байсан куртик алга болсны улмаас осгож нас барсан үйл баримт тогтоогддог. Гуравдагч этгээдийн халдлагад өртсөн ч байх боломжтой. Алга болсон хувцас болон камерын бичлэгийн талаар мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан.

Бид осгож нас барсан иргэнийг оршуулахтай холбоотой зардлыг бүрэн төлсөн ба манай өмгөөлөгч нар биднийг гэм буруугүй болохыг нотолсон цагаатгах баримтуудыг шүүхээс шийтгэх тогтоол, магадлалын үндэслэх хэсэгт няцаасан тухайгаа огт тайлбарлаагүй.

Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж байсан магадлал, 60 хоногоор буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шударга бус шийдвэр болсон. Иймд бидний гомдлыг хяналтын журмаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч ... гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... би эх орон, ард иргэдээсээ урван тэрсэлсэн гэмт хэрэг үйлдээгүй. Хүний амь нас авардаг ажлыг би 25 жил хийж гүйцэтгэсэн. Тухайн өдөр би иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 3 хүний амь нас аварч, үнэн сэтгэлээсээ хандаж ажилласан. Амь хохирогчид хамгийн их санаа тавьж, Сүхбаатар дүүргийн ... 2 дугаар хэлтэс рүү утсаар ярьж, би 3 хүний дунд явж байна, надад туслаач гэж хэлж байсан. Гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.   

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч ...ийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... ... дүүргийн ... хэлтсийн ... ... ... нарыг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх албаны үүргээ зохих ёсоор биелүүлээгүй орхисны улмаас хүний амь нас хохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх зарчимд нийцээгүй, хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан, шуурхай яаралтай тусламж үзүүлэх албаны ажлын байрны тодорхойлолт болон албаны үйл ажиллагааны журамд заасан ямар чиг үүргийг биелүүлээгүй болохыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байхыг шаарддаг. Хэрэв тогтоогдоогүй бол цагаатгаж шийдвэрлэсэн хэд хэдэн тохиолдол байдаг. Шүүгдэгч нар Монгол Улсын ... байгууллагын үйл ажиллагааны журмын 402-т заасан шуурхай, яаралтай тусламж үзүүлэх үүргээ бүрэн биелүүлж, иргэний өгсөн мэдээллээр харанхуй гудамжнаас эрэн хайж олоод, түргэн тусламж дуудсан. Амь хохирогчийн биед үзлэг хийсэн түргэн тусламжийн хуудаст “ухаан саруул, орчиндоо харьцаатай, үг яриа хэвийн, цусны даралт 110, 170, зүрхний цохилт 100, хүчилтөрөгчийн хэмжээ 96, биеийн халуун 36” гэж тэмдэглэсэн байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Монгол Улсын ... байгууллагын үйл ажиллагааны журмын 629.3-т зааснаар “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болсон” гэдэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд хүрээлэн байгаа юмс үзэгдлүүдийг зөв тусгах ба танин мэдэх үйл ажиллагаа алдагдсан, тэдгээрийг гаж буруугаар, хий хоосноор, хувирч өөрчлөгдсөнөөр тусгах, тэдгээрийн хоорондын харилцаа холбоог саланги, тасархай, авцалдаагүй байдлаар хүлээж авах, буруу ойлгох зэрэг хэвийн бус байдлыг хэлэх бөгөөд энэ нэр томьёог баримтлан ажиллахыг хуульчилж өгсөн. Түргэн тусламжийн эмчийн үзлэгээр дээрх бүх байдлууд үгүйсгэгдэж байгаа учраас Согтууруулах ундаа хэрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно” гэж заасныг хэрэглэх ёстой. ... ...хуулийн дээрх заалтыг хэрэглэсэн нь хууль ёсны зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн ... алба хаагч түргэн тусламжийн төвийн ажилтан буюу иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч уг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна” гэж заасны дагуу түргэн тусламжийн эмч амь хохирогчийн биед үзлэг хийгээд Эрүүлжүүлэх байрны эмчид шилжүүлэв гэсэн бичиг хийж өгсөн боловч хүргэж өгөөгүй. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/294 дүгээр тушаалаар баталсан Түргэн тусламжийн үйлчилгээг зохион байгуулах үлгэрчилсэн журмын 5.1-д “гүн согтолттой хүнийг яаралтай дуудлагад хамааруулах бөгөөд уг журмын 3.3.4-т зааснаар үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учрах эрсдэлтэй тохиолдолд холбогдох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт тээвэрлэн өгөх тухайгаа мэдэгдэж, бэлэн байдлыг хангуулж гараас гарт хүртгэж өгнө” гэж заасан байна. Хэрэв тухайн хүн амь нас нь эрсдэлтэй байсан бол түргэн тусламжийн эмч дээрх арга хэмжээг авах байсан. Амь хохирогчийн гаргаж байгаа зан үйл, байгаа байдал нь өөрийгөө удирдах чадваргүй болтлоо согтсон этгээд биш байсан учраас Согтууруулах ундаа хэрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар тухайн үед алба хааж байсан ..., ...нар хүргэж өгөөгүй нь хууль ёсны зөв шийдвэр байсан. Согтууруулах ундаа хэрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасныг хэрэглэснээр дараах хэд хэдэн ач холбогдолтой. Үүнд, ... албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд 102 дугаарт 1200 дуудлага бүртгэгддэг бөгөөд үүнээс согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг Улаанбаатар хотын хэмжээнд нэг шөнө 70 хүнийг эрүүлжүүлэх боломжтой. Ийм учраас шархтай, цусны даралт өндөртэй этгээдийг авдаггүй, миний үйлчлүүлэгч үдээс хойш 16 цагийн үед нэг этгээдийг хүргэж өгөхөд аваагүй байна.

Хоёрдугаарт, Согтууруулах ундаа хэрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3-т тус тус заасан албадан эрүүлжүүлэх эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн боловч биеэ авч явах чадвартай этгээдийг албадан эрүүлжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг шүүх хэрэглэхдээ зааг ялгааг тогтоож өгөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хууль хэрэглээг нэг мөр ойлгоход зарчмын хувьд чухал ач холбогдолтой. Хэдийгээр Монгол Улсын ... байгууллагын үйл ажиллагааны журамд ... албан хаагчийн бүрэн бүтэн байдлыг хангана гэж сайн сайхнаар бичсэн байх боловч бодит байдалд драйгер олголт дутмаг, өдөрт 10 литр шатахуун өгдөг зэрэг маш олон шаардлага хангагдаагүй зүйлс байна. 

Гуравдугаарт, түргэн тусламжийн эмч Согтууруулах ундаа хэрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг зөрчиж ... хамт яваагүй, эрүүлжүүлэх байрны эмчийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичиг хийж өгсөн. Эмч хамт яваад хүргэж өгөх ёстой юм уу, эсвэл бичиг үйлдээд хүлээлцэж өгөх юм уу гэдэг ялгаа заагийг гаргахад чухал ач холбогдолтой. Монгол Улсын ... байгууллагын үйл ажиллагааны журмын 402.6.8-д гэмт хэрэг, зөрчлийн дуудлагад очсон үед жолооч цагдаа нь эргүүлийн ахлах болон офицерын удирдлагаар зөвхөн туслах үүрэгтэй ажиллана гэж заасан бөгөөд ... нь ...-гийн удирдлагад туслах үүрэгтэй ажилласан. ... нь энэ хэргийн субъект болж чадахгүй, уг журмын 402.12-т зааснаар автомашины бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллаж байгаа нь шүүхэд буруу жишиг тогтоосон гэж үзэж байна. ... нь офицерын удирдлагыг дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн нэгдсэн практик тогтоох нь ... өдөр тутмын үйл ажиллагаанд ач холбогдолтой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүхэд шүүгдэгч ...-гийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа “... Өмгөөлөгч Г.Баярмаагийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн гэдгийг мэдээгүй байсан алба хаагч нар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн дагуу албадан эрүүлжүүлэх ёстой байсан гэж буруутгагдаж байгаа үйл баримт нь буруу жишиг тогтоохоос урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн шударга шүүхээр хэргээ шийдүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хяналтын журмаар гомдол гаргасан. Тухайн өдөр ..., ...нар нь ... дүүрэгт 3 хороо хариуцаж, 21,000 иргэний эрүүл, аюулгүй байдлыг хариуцаж ажилласан байна. Энэ албан үүргээ орхиод амь хохирогчийг заавал эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх үүрэггүй байхад шүүх гэм буруутай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавьж байгаа шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой. Энэ хэргийн хувьд үйл баримт, гэмт хэргийн шинжийг харьцуулан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тайлбарыг шинжлэн судлахад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэргийн болж өнгөрсөн нөхцөл байдлыг бүрэн бодитой сэргээн тогтоох, хэргийн зүйлчлэл зөв эсэх, хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд, хийгдсэн нотлох ажиллагаа хуульд нийцсэн эсэх, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь хянасан эсэхэд дүгнэлт гаргаж, гэм бурууг эргэлзээгүй тогтоох зарчим хоёр шатны шүүхэд хэрэгжээгүй учраас нотлох баримтуудын хувьд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн. Хэрэв нотлох баримтыг үнэлэхэд, хэргийн үйл баримтыг дүгнэхэд эргэлзээ байгаа бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцож өгнө үү.

Тухайн өдөр түргэн тусламжийн эмч ирж амь хохирогчийн биед үзлэг хийгээд түргэн тусламжийн дуудлагын хуудас бөглөсөн байдаг. Уг баримтын доор байх урьдчилсан онош гэсэн хэсгийг анхан шатны шүүхийн шүүгч “Т51-9, согтууруулах ундаа, тодорхойгүй” гэснийг “согтолтын зэргийг хүнд юм уу хөнгөн гэж тодорхойлоогүй байна”, өөрөөр хэлбэл ямар төрлийн архи, спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн болох нь тодорхойгүй гэж буруугаар тайлбарласан. Амь хохирогчийг тухайн үед биеэ авч явах чадваргүй гэж үнэлсэн үйл баримтын талаар шийтгэх тогтоолд няцаагаагүй байгаа учраас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэрэгслээр шаардлагатай бүх ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох, тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн гэх эргэлзээтэй асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэнэ. Няцаан үгүйсгээгүй байх юм бол шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэх ёстой. Өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс дээрх зарчмыг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байсан.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд хамааралтай. Амь хохирогчийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглээд хүнд зэргийн согтолттой байсан гэдгийг мэдэх боломжгүй байхад 2024 оны 10 дугаар сард гарсан шинжээчийн дүгнэлтээр цусанд нь 3.4 промилли спиртийн зүйл илэрсэн гэдэг. Иргэний мэдээллээр шүүгдэгч нар амь хохирогчийг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөөгүй байсан ч хүнд зэргийн согтолтын улмаас нас барах эрсдэлтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд аваачиж өгөх ёстой гэж ... албан хаагч нарыг үндэслэлгүйгээр буруутгаж, зөрүүтэй нотлох баримтад дүгнэлт хийсэн нь хяналтын журмаар гомдол гаргах үндэслэл болсон.

Камерын бичлэгээс харахад амь хохирогч 2024 оны 09 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө зузаан ноосон цамцтай, гадуур хүрэмтэй байсан бөгөөд гадна градус нэмэх байхад осгож үхнэ гэдгийг, мөн амь хохирогчтой харилцахад ухаан саруул, хэвийн харилцаж байсан учраас гүн согтолттой гэдгийг мэдээгүй. Эдгээр нөхцөл байдлуудыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцааж байхад ямар ч ажиллагаа хийгдэхгүй байгаад харамсаж байна. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн боловч ... ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна гэж үзэж, прокурор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний үйлчлүүлэгч тэтгэвэр тогтоолгоход 3 сарын хугацаа дутуу байхад ... ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газар алба хаагчаа шууд утгаар буруутгасан дүгнэлт гаргасан нь хэргийг шударгаар шийдвэрлэхэд нөлөөлсөн. Гэмт хэрэг гарах болсон шалтгааны нөхцөлийн хувьд амь хохирогч осгож нас барсан байхад эрүүлжүүлэх байранд аваачиж өгөөгүйгээс болж осгож нас барсан гэж буруутгасан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг сайтар хянаж хууль хэрэглээний нэгдсэн нэг дүгнэлт хийж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн бодитой сэргээн дүрсэлж тогтоосон, үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон. Гэхдээ Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн алдаа гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр нь 2 болон түүнээс дээш этгээд санаатай нэгдсэн байхыг шаарддаг. Шүүгдэгч нарын хувьд болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт санаатайгаар нэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Шийтгэх тогтоолд авагдсан энэ хууль хэрэглээний алдаатай байдлыг хяналтын шатны шүүхээс зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан агуулгыг шийтгэх тогтоол, магадлалд няцаасан үндэслэлүүдээ хангалттай зааж өгсөн байх тул нэмж хэлэх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр шүүгдэгч нарын хамтран гаргасан гомдлын дагуу ..., ...нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдвал зохино.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд “... ... дүүргийн ... газрын ..., ..., ..., ...нар нь 2024 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах ... хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа зөрж өнгөрсөн иргэний “гудамжинд хүн хэвтэж байна” гэсэн мэдээллийг шалгаж ...ыг эрэн олж, хэн болохыг нь тогтоож, эмнэлгийн яаралтай тусламж дуудан биеийн байдлыг нь тодорхойлуулсан атлаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх арга хэмжээ авахын оронд “өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай” хэмээн үзэж “... гүүр гараад гэр рүүгээ алхаад орчихно, та нарт төвөг чирэгдэл болмооргүй байна, 7 буудал дээр буулгаад уух юм аваад өгчих” гэсэн дагуу замын хажууд гудамжинд орхисны улмаас ... осгож нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд “... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэсэн” хэмээн шууд санаатайгаар зориуд хохирол, хор уршигт хүргэсэн мэтээр тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа болно.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох асуудал нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэгт тодорхойлогддог шинж юм.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн энэхүү хууль хэрэглээний алдааг зөвтгөж залруулалгүй шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн буруу хэрэглээг шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөж засах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын гаргасан “... анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болохыг дурдах нь зүйтэй.

 

Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинж нь албан тушаалтан хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ огт “биелүүлээгүй”, эсхүл “зохих ёсоор биелүүлээгүй” эс үйлдэхүйн улмаас бусдад  бодитой үнэлэгдэхүйц буюу их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг бол уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тусгайлан нэрлэсэн субъект тухайлбал, хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч болзошгүйг, эсхүл их хэмжээний эдийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан ч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсоны улмаас, эсхүл урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.    

 

Хууль сахиулагч, ... ..., ...нар нь ... албаны тухай хуульд заасан албаны чиг үүргийн дагуу нийтийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах эргүүлийн үүрэг гүйцэтгэхдээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсны улмаас амь нас, эрүүл мэндэд нь шууд хохирол учирч болзошгүй нь хяналтын камерын бичлэгт дэлгэрэнгүй тод дүрслэгдсэн, ... машинаас буулгаж гудамжинд орхих үед хөл дээрээ зогсох чадалгүй, гутлаа ч өмсөх чадваргүй нь илт тодорхой ...ын гутлыг ...хажууд нь орхиод явахын оронд хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн хамгаалах хүн дуудаж хүлээлгэж өгсөн бол эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах бүрэн боломжтой байжээ.

 

Мөн шүүгдэгч нар нь ...т эмнэлгийн тусламж яаралтай үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч шүүгдэгч ...-ийн мэдүүлснээр “... оршин суугаа газраасаа алга болсон” гэх үндэслэлээр эрэн сурвалжлагдаж буй этгээдийг олж тогтоосон тохиолдолд холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгөх, эсхүл албадан эрүүлжүүлэх тухай хуульд заасан журмын дагуу арга хэмжээ авах чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас тэдний “үйлдлээ удирдан жолоодох чадвартай” гэж тодорхойлсон амь хохирогч нь цагдаа нарын буулгаж орхисон газарт нам хэмийн нөлөөгөөр осгож нас барсан нь хэрэгт авагдсан баримт сэлтээр хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Дүрс бичлэгт амь хохирогчийн тайлж хаясан хувцсыг гудамж цэвэрлэж явсан тохижилт үйлчилгээний ажилтан хогийн сав руу хийж байгаа нь тодорхой тэмдэглэгдсэн байх тул шүүгдэгч нарын “... амь хохирогчийг орхиж явсны улмаас осгож нас бараагүй, өмсөж байсан зузаан ноосон цамц, гадуур хүрэм алга болсноос осгож нас барсан” гэх гомдол үгүйсгэгдэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөн амь хохирогчийг нас барсны дараа хийсэн задлан шинжилгээгээр цусанд нь 3.4 хувийн промилл спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолтын шинж бөгөөд согтуурал шалгах багажийн тусламжгүйгээр согтолтын хэмжээг тодорхойлох боломжгүй боловч өөрийгөө ухамсартайгаар удирдан хянах чадваргүй байдал нь дүрс бичлэгт тодорхой дүрслэгдсэн байна.

 

Иймд хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын хамтран гаргасан “гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 734 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн” гэснийг,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан” гэснийг тус тус хүчингүй болгосугай.

 

 

2. Шийтгэх тогтоол түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 626 дугаар магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч ..., ...нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ                                              Б.АМАРБАЯСГАЛАН

 

                        ШҮҮГЧИД                                              Ц.ОЧ

 

                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Ч.ХОСБАЯР                                               

 

                                                                                          Б.ЦОГТ