Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0004

 

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0004

Улаанбаатар хот

 

                                                 Ж.З-ийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Ж.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ж.З-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг баримтлан Ж.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улиастай сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан гомдолдоо: ...Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.З-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Улиастай сумын Засаг даргын дээрх захирамжаар иргэн Ж.З-ийн эзэмшлийн газрын хил заагт халдаагүй, давхардуулсан бусад этгээдэд олгоогүй, түүний газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийг зөрчөөгүй.

Аймгийн Засаг даргын бүрэн эрхийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан ба инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан байхаар хуульчилсан. Завхан аймгийн Улиастай сум нь 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл Улиастай сумын Засаг даргын захирамжтай газрын эрхийг сунгах, өөрчлөх, шилжүүлэх бүх ажиллагаа Улиастай сумын Засаг даргын захирамжаар олгогдож ирсэн.

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ба уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталснаас хойш аймгийн Засаг даргын захирамжаар олгогдож байгаа.

Шүүх инженерийн шугам сүлжээ бүхий газар гэдгийг Завхан аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материал, лаборатори хариуцсан мэргэжилтнээр тогтоолгосон нь үндэслэлгүй юм. Инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас буюу байгууллагаас тогтоодог.

Мөн “А.У.Т” ОНӨААТҮГ-ын тодорхойлолтоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Уг байгууллага нь цэвэр усаар хангагч байгууллага бөгөөд инженерийн шугам сүлжээний схем гаргадаг, түүний баталдаг байгууллага биш, уг байгууллагын дүрэм, үйл ажиллагааны чиглэлд уг харилцааг зохицуулах, батлах, мөн эсэхийг тогтоох эрх хэмжээ нь Газрын тухай хуулиар олгогдсон эсэх нь тодорхойгүй.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас инженерийн шугам сүлжээ бүхий газрыг баталсан талаар шүүхээс тодруулаагүй байгаа нь нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

 Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Мөн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хэргийг хянадаг учраас дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох боломжтой” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б шүүхэд гаргасан гомдолдоо: “...Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гардан авч дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээд О.Б-т эзэмшүүлсэн 422м2, 8109012117 нэгж талбарын дугаар бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байна. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн нутаг дэвсгэрт барьж байгуулагдсан, дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүчний ... эх үүсвэрээс Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан барилгын техникийн нөхцөлийг авсан болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн дулаан, цэвэрт холбогдсон гэх тайлбар, гуравдагч этгээдийн барилгын техникийн нөхцөлөө авсан гэх тайлбар, гэрч Ц.А-ийн мэдүүлэг, Завхан аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч А.У.Т ОНӨААТҮГ-н тодорхойлолт зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ.” гэж заасан.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Улиастай сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн зааг тогтоох тухай” 15 дугаар тогтоолоор инженерийн шугам сүлжээ бүхий газрууд тогтоогдсон ба үүнээс өөр эрх бүхий байгууллагын шийдвэр байдаггүй. Иймээс Улиастай сумын Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр А/172 дугаар захирамжаар иргэн О.Б-т төдийгүй нэхэмжлэгч Ж.З болон бусад оршин суугчдад газар эзэмшүүлсэн байсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Гэтэл анхан шатны шүүх “инженерийн шугам сүлжээ бүхий газар болох нь гэрч Ц.А-ийн мэдүүлэг, “А.У.Т” ОНӨААТҮГ-ын тодорхойлолтоор тогтоогдож байгаа” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын инженер дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.З-г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч тухайн асуудлаар шаардлагатай нотлох баримт бүрдсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” 6 дугаар зүйлийн 6.4-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг тус тус зөрчсөн.

Үүний улмаас нотлох ажиллагаа дутуу явагдаж, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.А-ийн мэдүүлэг, инженерийн шугам сүлжээ бүхий газрын хил тогтоох эрхгүй этгээд “А.У.Т” ОНӨААТҮГ-ын тодорхойлолт гэх баримтуудад үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ж.З-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Улиастай сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Талбайн хэмжээ өөрчлөх тухай А/172 дугаар захирамжийн 1 дэх заалтаар иргэн О.Б-т 422 м.кв газрыг барилга барьж дуусах хүртэл хугацаанд эзэмшүүлж, 2 дахь заалтаар иргэн О.Б-ийн Улиастай сумын Засаг даргын 2019 оны А/158, А/161 дүгээр захирамжаар тус тус эзэмшиж байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.  

Тодруулбал, А/172 дугаар захирамжаар О.Б нь өмнө эзэмшиж байсан 160 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийт 422 м.кв газар эзэмших эрхтэй болж,  уг талбайд 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц барихаар төлөвлөж, тус орон сууцыг баригдаж дуусмагц орон сууцны эргэн тойрны газрыг Улиастай сумын Засаг даргын мэдэлд буцаан шилжүүлэх нөхцөлтэйгөөр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Газрын даамалтай гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга нь А/172 дугаар захирамжаар О.Б-т 422 м.кв инженерийн шугам, сүлжээ бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасныг зөрчиж  тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж маргасан.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 21.4-д “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-д “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалт болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 31 дүгээр тогтоолыг үндэслэн Завхан аймгийн төв Улиастай сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг хавсралтаар баталжээ.

Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудаст байршуулсан нийтэд илэрхий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 31 дүгээр тогтоолоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж, түүнтэй уялдуулан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт даалгасан байна.

Дээрхээс дүгнэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудын хилийн заагийг 2020 оны 15 дугаар тогтоол гарахаас өмнө баталж тогтоогоогүй байх тул Улиастай сумын Засаг дарга А/172 дугаар захирамжаар О.Б-т 422 м.кв газрыг эзэмшүүлснийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.З нь Улиастай сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/25 дугаар захирамжаар 70 м.кв газрыг Жинст баг, Явуугийн 1-114 г хаягт, 118 га газрыг Жинст баг, Явуугийн 1-114 д хаягт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус эзэмших эрхтэй болсон атлаа мөн сумын Засаг даргын А/172 дугаар захирамжаар О.Б-т 422 м.кв газрыг эзэмшүүлснийг сумын Засаг дарга өөрт олгогдсон эрхээ хэтрүүлж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмшиж буй дээрх газрууд нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн Улиастай сумын Жинст баг, Бэгзийн Явуухулангийн 1 дүгээр гудамж 114 б хаягт байрлалтай 422 м.кв газартай байршлын хувьд зэргэлдээ нэг газар байх бөгөөд хэн аль нь сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...15 дугаар тогтоолоор инженерийн шугам сүлжээ бүхий газрууд тогтоогдсон ба үүнээс өөр эрх бүхий байгууллагын шийдвэр байдаггүй, ... сумын Засаг дарга иргэн О.Б-т төдийгүй нэхэмжлэгч Ж.З болон бусад оршин суугчдад газар эзэмшүүлсэн...” гэх гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...инженерийн шугам сүлжээ бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодог, “А.У.Т” ОНӨААТҮГ-ын тодорхойлолтоор тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас инженерийн шугам сүлжээ бүхий газрыг баталсан талаар шүүхээс тодруулаагүй нь шүүх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй...” гэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “...Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын инженер дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.З-г гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус зөрчсөн” гэх агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаах гомдлыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

Учир нь Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Завхан аймгийн төв Улиастай сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын хилийн заагийг хавсралтаар баталсан үйл баримттай талууд маргаагүй тул үүнийг заавал гэрчийн мэдүүлгээр нотлох шаардлагагүй бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтаар  маргаан бүхий А/172 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг нэрлэн заасан бөгөөд А/172 дугаар захирамжийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж буй 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүйгэх шинжүүдийн аль аль нь хамаарахгүйгээс гадна 47.1.1, 47.1.2, 47.1.4, 47.1.5-д заасан шинжийг агуулаагүй байх тул уг захиргааны актыг илт хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Ж.З-ийн эрх зүйн байдал хөндөгдөөгүй байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилсан.

“Гуравдагч этгээдэд нийтийн эдэлбэр талбайд газар нэмж олгосон, миний орц, гарцыг хаасан, оршин суух газраа чөлөөтэй сонгох, эрүүл аюулгүй орчинд амьдрах,  үл хөдлөх хөрөнгө эзэмших, өмчлөх эрхүүдийг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар нэхэмжлэгч маргасан.

Гэвч энэ тохиолдолд гуравдагч этгээд О.Б-т А/172 дугаар захирамжаар 422 м.кв газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай аливаа байдлаар давхацсан, түүний орц, гарцыг хаасан, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх болон 114 г, 114 д тоот нийтийн орон сууцнуудын өмчлөх эрх зөрчигдсөн талаарх гомдол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй  байх бөгөөд тус газарт 4 ба түүнээс доош давхар нийтийн орон сууц барихаар төлөвлөж, тус орон сууцыг баригдаж дуусмагц эргэн тойрны газрыг Улиастай сумын Засаг даргын мэдэлд шилжүүлэх нөхцөлтэйгөөр сумын Газрын даамалтай гэрээ байгуулсныг нийтийн эзэмшлийн газрыг О.Б-т эзэмшүүлсэн гэж буруутгах боломжгүй.  

Мөн хариуцагчаас газрын хэмжээг нэмэгдүүлсэн үндэслэлээ “...2019 онд баталсан барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагын 4.5-д “Барилгын талбай, ажлын аюултай бүс зэргийг газар дээр нь зааж тэмдэглэх бөгөөд хамгаалалтын хашааг барьж, орц гарцыг тогтоосон байх” гэж зааснаар О.Б-ийн эзэмшлийн газрыг орон сууц баригдаж дуусах хугацаанд 422 м.кв болгон нэмэгдүүлсэн...” гэж тайлбарласныг үгүйсгэх  боломжгүй байна.

Учир нь газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу барилга баригдаж дуусмагц  Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж зааснаар нэмж эзэмшүүлсэн газрын холбогдох хэсгийг гуравдагч этгээд буцаан шилжүүлэх нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. 

Хэдийгээр илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй ч уг актын үйлчлэл нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг хөндөж болох тул нэхэмжлэгчийн хувьд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байгаа нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэх буюу хамгаалагдах боломжтой байх ёстой.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул  захиргааны актыг илт хууль бус болохыг тогтооход захиргааны актыг хүчингүй болгох шаардлагын адил захиргааны актын формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчсөн эсэхийг бүхэлд нь шалгах шаардлагагүй бөгөөд маргаан бүхий А/172 дугаар захирамж нь илт үгүйсгэгдэх буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан эрх зүйн алдааг агуулсан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.З нь өөрийн өмчлөлийн Завхан аймгийн Улиастай сум, 1 дүгээр баг, Жинст баг, Явуугийн хэсэг, 1 дүгээр гудамж 114 д, 114 г тоот хаягт байршилтай 0005555320, 000555324 тоот гэрчилгээтэй, Ү-0918001250, Ү-0918000348 тоот үл хөдлөхийн дугаартай 56 м.кв, 28 м.кв талбай бүхий орон сууц, 000724019 тоот гэрчилгээтэй 118 м.кв, 70 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг нийт 142,000,000 төгрөгөөр худалдахаар Б.М.Э /гуравдагч этгээд О.Б-ийн нөхөр/-тэй 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Тохиролцооны гэрээ байгуулж, урьдчилан 1,000,000 төгрөгийг авсан бөгөөд уг үйл баримтыг нэхэмжлэгчээс няцааж маргаагүй.

Мөн тус гэрээг хийснээс 8 сарын дараа буюу 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А/172 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан, гуравдагч этгээдийн Тохиролцооны гэрээг биелүүлэх боломжгүй байсан тул гэрээнээс татгалзсан гэх тайлбараас үзэхэд талуудын хооронд харилцан тохиролцсон гэрээ биелэгдэх боломжгүй болсноор нэхэмжлэгчээс А/172 дугаар захирамжтай маргажээ гэж дүгнэхээр байх тул уг гэрээтэй холбоотой иргэний журмаар маргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.З-ийн “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 

                               ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                               ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН