Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 980

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч Д.Ө

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905034141172 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дүгээр сарын ...-нд .... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой цахилгаанчин мэргэжилтэй, “....” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл ....; эхнэр, хүүхдүүдийн хамт ..... дүүргийн ... дугаар хороо.... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, Ч овогт Д Ө

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Ө согтуурсан үедээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Суурь” ХХК-ийн хашааны гадна автомашины зогсоол дээр байрлуулан тавьсан хохирогч П.Одонбаярын эзэмшлийн 61-20 УНЕ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг маргалдах явцдаа 81-72 УНА улсын дугаартай ачааны автомашинаар хууль бусаар 2 удаа мөргөж, гэмтээсний улмаас 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлж барагдуулсан гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч П   О “... 2019 оны 8 дугаар сарын 9-ний орой 19 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад хамт ажилладаг Отгонбаяр, Хилчинболд, Мягмаржав болон түүний эхнэрийн хамт Суурь ХХК-ийн урд талын автомашины зогсоолд тамхи татаад зогсож байсан. Энэ үед том оврын цемент зөөдөг 81-72 УНА улсын дугаартай автомашин Суурь ХХК-ийн зогсоол дээр ирээд бид нарыг наанаасаа холд гэсэн. Би энэ том зогсоол байхад тойроод гар гэтэл холдохгүй бол би өөрөө холдуулаад өгье гээд зогсоолын зүүн тал руу тойрч ирээд миний 61-20 УНЕ улсын дугаартай Приус-20 маркийн машины урд хамар хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би болиоч гэхэд зогсоогүй буцаж ухраад дахиад ирж мөргөөд буцаад Суурь ХХК-ийн хашаа руу орохоор нь хойноос гүйж очиход өөрөө машинаа байрлуулаад бууж ирэх үед нь бариад авсан.

Миний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй. Миний машиныг мөргөсөн Өлзийжаргал гэх хүн миний эвдэрсэн машиныг 10 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бид хоёр эвлэрч, хохиролгүй болсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 24-25/ гэж,

иргэний нэхэмжлэгч Ж Б “... 350.000 төгрөгийн хохирол учирсаныг Өлзийжаргал янзлуулж өгсөн. Өлзийжаргалд гомдох зүйлгүй. Хохирол мөнгө барагдуулахгүй байсан ч би нэхэмжлэхгүй байсан. Учир нь бид хоёр 2002 оноос бие биеэ мэдэх найзууд юм. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 28/ гэж,

гэрч С О “… Суурь гээд зуурмагийн үйлдвэрийн урд талын автомашины том зогсоол дээр очсон. Бид хэд машин дотроо Едэн архи ууж дуусаад явах гэж байтал том зуурмагийн машин Суурь зуурмагийн компаний хашаанаас гарч ирээд бид нар дээр ирээд зайлаач гэсэн. Би тийшээ зөндөө зай байна шүү дээ тэнд очоод зогсож болохгүй юмуу гэсэн чинь тэр жолооч та нарыг дайрч ална гэхээр нь Одонбаяр хаалгыг нь онгойлгож хөдөлгөөнийг нь хорих гэсэн боловч хөдлөөд явчихсан. Зогсоолын том зайн дээр буцаж эргээд давхиж ирээд Одонбаярын мөнгөлөг саарал өнгийн, 61-20 УНЕ улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг урд талаас нь мөргөсөн. Тэгээд нөгөө том машин буцаж ухраад дахиж мөргөх гэхэд мөнгөлөг саарал 61-20 УНЕ улсын дугаартай приус-20 маркийн автомашинд сууж байсан 8 гаруй сартай жирэмсэн эхнэрээ Мягмаржав гаргаж авч амжсан. Тухайн том машин Одонбаярын машиныг 2 дахиа мөргөж түрээд 20 гаруй метр газар яваад замын хашлага тулаад зогсоход тэр том машин Суурь зуурмагийн компаний хашаа руу зугтаад орчихсон. Миний биед гэмтэл учраагүй шинжээч эмчид үзүүлэх шаардлагагүй” /хх-н 29/ гэж,

гэрч Д Х “... орой 18 цагийн үед ажлаа тараад би гадаа цуг явах хүмүүсээ хүлээгээд зогсож байсан. Суурь ХХК-ийн зогсоол дээр машиндаа бусдыгаа хүлээгээд байж байтал том зуурмагны машинтай хүн ирээд та нар эндээс зайлцгаа гэсэн. Бид хэд тийшээ яваад зогсоол байгаа тийшээ зогсчих гэсэн. Тэгсэн нөгөө жолооч би та нарыг дайрч ална гээд уурлаад цаашаа явсан би зогсох гэж байгаа юм байна гэж бодсон. Буцаж цаашаа тойрч ирээд хурдтай ирээд хурдаа жаахан багасгаад Одонбаярын приус-20 маркийн автомашины нүүрэн талыг мөргөөд жаахан ухарч байгаад дахин хүчтэй ирж мөргөөд тэр чигт нь түрээд явсан. Мөргүүлсэн машин хажуу тийшээ болоод замаас холдуулсан. Тэгээд том зуурмагны машин Суурь ХХК хашаа руу орсон. Тэр үед бид хэд айгаад тал тал тийшээ зугтсан. Миний хувьд бол гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй ” /хх-н 36/ гэж,

гэрч Ж С “... 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 19 цаг болж байхад ажил дээр ирээд хаалга хаалттай байсан тул манаачийг хаалга онгойлго гэж хэлэхээр би машинаас буусан хойгуур Өлзий гэдэг залуу компани үүдэнд зогсож байсан автомашиныг асаагаад урд талбай дээр зогсож байсан приус-20 маркийн автомашиныг урд хамарнаас нь мөргөсөн. Дараа нь дахин нэг удаа ухарч ирээд нэг мөргөсөн. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Надад гомдол санал байхгүй” /хх-н 38/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн автомашины үнэлгээг “Дамно” ХХКомпани гаргасан /хх-н 43/ болон бичгийн бусад баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Д.Өлзийжаргалыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ө ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч Д.Ө холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Ө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.О, иргэний нэхэмжлэгч Ж.Б нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Шүүгдэгч Д.Ө шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Ч овогт Д Ө “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Өл торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ө цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Ор гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Ө урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ