Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 981

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Э хөтлөн

улсын яллагч Н.Э

шүүгдэгч Н.Н

хохирогч С.С

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905040351216 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, “....” сургуульд санхүү хариуцсан менежер ажилтай, ам бүл-4; нөхөр, хүүхдүүдийн хамт ... дүүргийн .... дугаар хороо, ... хороолол .... дугаар байр, ... тоотод оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Б овогт Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Н 2019 оны 10 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 24 дүгээр байрны 1 тоотод хохирогч С.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би түр зуурын уураа барьж чадалгүй Со гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж, гэмшиж байна. Хохиролд гэж 850.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлөх болно гэв.

 

Хохирогч С.Сшүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 8-ны орой хадам эгчийнд очсон байхад маргаан үүссэн. Науурандаа над руу тавга авч шидээд миний хамрыг оночихсон. Бид хоёр нэг айлын бэрүүд учир одоо гомдол санал гээд байх юмгүй. Хоорондоо эвлэрсэн. Н надаас уучлалт гуйж 850.000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардал болон хагалгаанд оруулж өгнө гэдгээ хэлсэн. Би хувийн эмнэлэгт үзүүлж зөвлөгөө авахад хамрын хагалгааны зардал 3 сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. Хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С С “... Сарантуяатай гар утсаараа яриад Дарь-Од эгчтэй үүсээд байгаад маргааныг цэгцлэх хэрэгтэй байна гэсэн чинь, манай хадам ээж надад ээж нь аавтай нь 61-н гармаас гарах гэж байна, бид хоёрыг очихоор хамт уулзаж учраа олцгооё. Битгий хэрүүл маргаан хийгээрэй гэхээр нь би өөрийн нөхрийн хамтаар гэрээсээ гараад замаараа би өөрийн төрсөн эгч С.Номинбилэгийг аваад бичил хороололд байдаг Дарь-Од эгчийн гэрт очсон. Тэгээд Дарь-Од эгчийн гэрт орохгүйгээр гадаа нь хүлээгээд байж байтал манай хадам аав, ээж хоёр 61-н гармаас ирэх замаараа манай нөхрийн төрсөн ах Даринчулуун, Нандинцэцэг нарыг аваад хүрээд ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө Дарь-Од эгчийн гэр рүү орцгоосон. Тэгээд бид нарыг ороод байтал Дарь-Од эгч юм дуугараагүй байхад гэнэт юу болсон юм мэдэхгүй Даринчулуун ахын эхнэр Нандинцэцэг миний хажууд зогсож байснаа надад хандаж би чамд юм хэлье, чи миний хэлэхийг сонсож бай гэхээр нь би эхэндээ Нандинцэцэг эгчид юу ч хэлэлгүй за та хэлэх юмаа хэл гэсэн. Тэгээд Нандинцэцэг эгч надад юм хэлэх гэж байгаа үг нь гэсэн чинь намайг боловсролтой, боловсролгүй, арчаатай, арчаагүй гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай төрсөн эгч Номинбилэг, Нандинцэцэг эгчид хандаж чи яахаараа манай дүүг хэл амаар доромжилдог юм, чамд ямар ч хамаагүй юм байхад гэж хэлэхээр нь би Номинбилэг эгчийг дуугүй бай, зүгээр хэлэхийг нь сонсож бай гэж хэлээд дуугүй болгосон чинь Нандинцэцэг эгч надад ганц, хоёр үг хэлээд зүүн гараараа нэг удаа, баруун гараараа нэг удаа миний хоёр хацарт алгадсан. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Би цусаа цэвэрлэх гээд ариун цэврийн өрөө орох үед манай эгч Номинбилэг, Нандинцэцэг эгч рүү дайрсан. Тэр үед маргааныг хэн нь мэдэхгүй салгасан байх. Тэр үед би өөрийн хамраас гарсан цусаа цэвэрлэх гээд гал тогооны өрөөнд хадам ээжийн хамтаар байсан бөгөөд хамраас гарсан цусаа цэвэрлээд дөнгөж эргээд хартал миний хамар руу нэг таваг ирээд оночихсон. Тэр үед миний хамар язраад, дахин цус гараад тогтохгүй байхаар нь би хадам ээжийн хамтаар 103 дуудсан. Бас би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд103 ирээд гэмтэл орж хамраа үзүүлээд цагдаа дээр ирж өргөдөл өгсөн” /хх-н 14-15/ гэж,

гэрч А Д “... тухайн хэрэг гарах болсон шалтгаан нь манай дүү Чулуунбаярын эхнэр Сонинбилэг надад хэдэн төгрөгний өртэй байсан бөгөөд хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө би мөнгөө нэхсэн боловч Сонинбилэг мөнгө байхгүй, өгч чадахгүй гэх зэргээр бид хоёр маргалдсан юм. Тэгээд яг хэрэг болдог өдөр Сонинбилэг өөрийн нөхөр болон төрсөн эгчтэйгээ, бас манай дүү Даринчулуун болон эхнэр Нандинцэцэг, манай ээж, аав нарын хамтаар манай гэр бүлийн түрээслэн амьдардаг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24-р байрны 1 тоот гэрт ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд Сонинбилэг өөрийн төрсөн эгчтэйгээ нийлээд над руу хэл амаар доромжлон дайраад байсан. Тэр үед Нандинцэцэг намайг өмөөрөөд чи эгчтэйгээ ингэж ярьж болохгүй, уучлалт гуй гэсэн боловч Сонинбилэг ямар нэгэн уучлалт гуйхгүйгээр Сонинбилэг, эгчтэйгээ Нандинцэцэг рүү дайраад тэр хоёр Нандинцэцэгийн үснээс зулгаах үед би очиж салгасан. Тэр үед Сонинбилэг над руу дайраад миний үснээс зулгаасан. Харин тэр үед манай ээж бид хоёрыг салгасан. Тэгээд юу болсон юм мэдэхгүй Сонинбилэгийн хамарнаас цус гарчихсан байсан. Удалгүй цагдаа орж ирээд Нандинцэцэг бид хоёрыг аваад гарсан” /хх-н 16-17/ гэж,

яллагдагч Н Н “... тухайн үед би уурандаа Сонинбилэгийн биед гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Энэ асуудалдаа одоо их гэмшиж байна. Хэрэг гарсанаас хойш өөрийн төрсөн дүү Насанжаргалын Наранбаатарын эхнэр Эрдэнэ-Очирын Ариунгэрэлийн 5031511854 дугаартай ХААН банкны данснаас Сонинбилэгийн нөхөр хадам дүү Чулуунбаярын 5015296109 дугаартай ХААН банкны данс руу 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд би өөрийн ХААН банкны 5434037667 дугаартай данснаас 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 350.000 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Хохирлыг бүрэн барагдуулсан” /хх-н 63-64/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч С.С гэмтэлтэй холбоотойгоор С.С биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдлмөрийн чадварыг тогтонги алдадтанд нөлөөлөхгүй гэсэн 12192 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 27/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Н.Н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Н ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Н.Н бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч С.Сонинбилэг “... надад эмчилгээний зардал 850.000 төгрөгийг гаргаж өгсөн. Цаашид гарах хагалгаа эмчилгээний зардлыг гаргаж өгнө гэсэн тул сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 92/

 

Иймд хохирогч С.С цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Н.Н шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н Н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Н торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Н цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Сгомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

хохирогч С.С цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Н урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ