Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 990

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Э хөтлөн

улсын яллагч Б.М

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Н.О

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903008080319 дугаартай, 2 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансрын 7 дугаар гудамж 17 тоотод оршин суух,

Ял шийтгэл: 1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуултийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 5 сар баривчлах ял дээр өмнөх 600 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 1 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх баривчлах ялыг 6 сарын хугацаагаар тогтоосныг

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 161 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 5 сарын хугацаагаар баривчлах ял болгосон.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулсаныг

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 69 дугаартай захирамжаар 02 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан,

..... дугаарын регистртэй, С.... овогт Г. Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Г 2019 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Улаанбаатар төмөр зам”-ын Удирдах газрын 203 тоот албан өрөөний цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч “Apple” маркийн суурин компьютерийг хулгайлж бусдад 3.753.400 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгай хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Компьютерийг хохирогчид буцаан олгосон гэсэн. Миний хувьд ченжид хохирлыг төлсөн. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б Т “… 2019 оны 7 дугаар сарын 08-ны өглөө Улаанбаатар Төмөр замын нэгдүгээр орлогч дарга Милосных И.В 07:00 цагийн орчимд ажил дээрээ ирж 2 давхарт байрлах 203 тоот өрөөнд ороход өрөөний цонх нь онгорхой, түүний ашиглаж байсан “IMAC” маркийн компьютер алдагдсан байсан гэсэн. Уг компьютерийг 2018 онд “Бодь электроникс” ХХК-иас 5.362.727 төгрөгөөр худалдаж авсан.

Хэрэгтэй дахин танилцахад 2019 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө хулгай орсон гэдгийг ойлгосон. Учир нь, 7 дугаар сарын 6 нь бямба гариг, 7 нь ням гариг байсан болохоор хулгай орсоныг мэдэх боломжгүй байсан байх. Тэгээд 1 дэх өдөр буюу даваа гаригийн өглөө ирээд мэдсэн” /1 хх-н 23-26, 216-217/ гэж,

иргэний нэхэмжлэгч О.Г  “... 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр намайг гэртээ амарч байхад нэг танихгүй дугаараас залгаад компьютер авах уу, интернэтээс дугаарыг чинь гэж хэлсэн. Би хулгайн зүйл биш бол үзэж харж болно гэсэн. Тэр залуутай Хархорин захын харалдаа уулзаад компьютерийг үзсэн. Apple IMAC-27 гэдэг компьютер байсан. Надад 2 сая төгрөг гэхээр нь би 1.200.000 төгрөгт авъя гээд 5076429344 дугаарын данс руу 980.000 төгрөг шилжүүлээд бэлэн 200.000 төгрөгийг хэд хоногоос шилжүүлэхээр болоод дансыг нь аваад салсан. Би авахдаа сайн асуусан. Хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд найдвартай гэсэн. Би тухайн өдрийн орой хөдөө явах гэж байсан бөгөөд хөдөө явах мөнгөөрөө компюьтер худалдаж аваад мөнгөгүй болсон тул авсан компьютерээ 3, 4 дүгээр хороололд байдаг ломбардад барьцаанд тавьсан. Хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй.

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр миний ХААН банкны дансаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн бэлнээр 500.000 төгрөгийг манай ажил дээр авч ирж өгсөн. Ингээд ямар нэг төлбөрийн асуудалгүй болж байна. Би “Компьютер ланд” төв дээр 2012 оноос хойш нотебүүкийн засвар хийж байгаад 2015 оноос өөрийн гэсэн засварын лангуутай болж үйл ажиллагаа явуулж байна. Манайх дандаа нотебүүкийн сэлбэг хэрэгсэл Хятад Улсаас оруулж ирдэг. Хятадад байдаг түнштэйгээ онлайнаар захиалга хийгээд бараагаа татаад авчихдаг юм” /1 хх-н 37-39, 221-222/ гэж,

гэрч М.И.В “... би өнөөдөр өглөө 06:55 цагийн орчимд ажил дээрээ ирээд өрөөндөө ороход миний өрөөний хаалга түгжээтэй байсан. Онгойлгоод ороход нэг цонх онгорхой, хойд талын өрөөний хаалга хагас онгорхой эд зүйлийг нь тарааж тавьсан, цонхны тавцан дээр байсан эд зүйл унасан байхаар нь туслахаа дуудаж, цагдаад мэдэгдсэн. Миний ажпын ширээн дээр байсан компьютер алга болсон байсан” /1 хх-н 41-43/ гэж,

гэрч Ч. М “... би 2016 оноос хойш орлогч даргын 203 тоот өрөөг цэвэрлэж байгаа. Хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн үед цэвэрлэсэн. Гарахдаа өрөөг цоожлоод гарсан. Намайг гарах үед орлогч даргын ширээний зүүн буланд саарал өнгийн Apple брэндийн компьютер, гар, хулгана гээд бүгд байсан” /1 хх-н 45-47/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хулгайд алдагдсан компьютерийг “Кости-Эстимэйт” ХХКомпани үнэлээд 3.753.400 төгрөгийн үнэтэй гэж үнэлсэн байна. /1 хх-н 87-89/

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” байхыг, хүндрүүлэхийг шинжийг нь “... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ... үйлдсэн” байхыг хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Г холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу хохирогчийг мэдээгүй байхад нь, улмаар үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлджээ.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Г г “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г  ял оногдуулахдаа түүний хувийн байдал үүнд; үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзав.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Г.Гантөгс урьд өмнө удаа дараа “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт буюу хулгайлах” гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлж байжээ.

Тухайлбал тэрээр хамгийн сүүлд буюу 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 69 дугаартай захирамжаар 02 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан байна.

 

Түүний хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр дуусгавар болох тул энэ шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарахгүй.

 

Харин “Хулгайлах” гэмт хэрэг, энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ялын төрөл нь сонгох санкцгүй, зөвхөн “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад ... хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болохоор заасан боловч хуулийн энэ зохицуулалтыг шүүгдэгч Г.Гантөгсийн хувьд хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Учир нь, шүүгдэгч Г.Гантөгс “хулгайлах” гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа нь тэрээр өөртөө дүгнэлт хийхгүй байгаагийн илрэл, нөгөөтэйгүүр “хулгайлах” гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзсан болно.

 

Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан компьютер, гар, хулгана /maus/ зэргийг эзэмшигчид буцаан олгосон болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцоогүй боловч хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий 11 ширхэг CD-г хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

          1. С овогт Г Г “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Г 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Г оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын Цагдан хорих ангид хорьсугай.

 

5. Шүүгдэгч Г.Г бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Туул, иргэний нэхэмжлэгч О.Гэрэлт-Од нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

хэргийн хамт ирүүлсэн 11 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ