Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1016

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Б.Б

шүүгдэгч У.З

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905042651255 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ...-нд Өвөрхангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “....” ХХК-д захирал ажилтай, ам бүл 38; эхнэр, хүүхдийн хамт ....дүүргийн .... дугаар хороо, ... дугаар хороолол, .. байр ... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, Б овогт У З

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч У.З 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Стелла” бааранд хохирогч А.А тодорхой шалтаг шалтгаангүйгээр шанаа руу нь цохих, сэрээгээр хатгах зэргээр зодож биед нь тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, даланд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч У.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин ярих шаардлагагүй, гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нэхэмжлэх бодит зардал байхгүй, надад гомдолгүй гэдгээ хэлсэн гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А А “... 2019 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Стелла” баарны хаах цаг болоод 04 цагийн үед байх, бааранд 2-3 ширээний хүмүүс үлдсэн. Би согтуу хүмүүсийг тарааж явуулаад “Стелла” баарны үүдний шатны доод хэсэгт сандал дээр сууж байтал үл таних согтуу залуу намайг хальт харсан. Би тоохгүй хажуу талд байсан хүнтэй юм ярьж байхад намайг 2-3 удаа цохисон. Би “яаж байгаа юм” гээд үл таних залуугийн 2 гарнаас бариад цаашаа хаалга руу түлхсэн. Тэр согтуу залуу “би чамайг ална, чи эхлээд намайг мангасдаад байсан биз дээ” гэж хэлсэн. Намайг сэрээдсэн залууг бааранд байлгаж байгаад цагдаад өгч явуулсан. Миний нүүр рүү 2 цохисон. Араас нуруу руу хоолны сэрээгээр хатгасан. Эмчилгээний зардал байхгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” /хх-н 9/ гэж,

яллагдагч У З “... би Стелла нэртэй бааранд ороод баарнаас 2 найзын хамт гарч явахад баарны үүдэнд хамгаалагч нар нэг согтуу хүн рүү дайрч цохиж байсан. Тиймээс би хажуугаар нь өнгөрч явахдаа боль гэж хэлэхэд өндөр шар хамгаалагч намайг түлхээд би хойш хана руу унасан. Тэгээд би босож ирээд тэр хамгаалагчтай маргах гэхэд манай найз Бямбадорж боль гээд аваад гарсан. Бямбадорж намайг машинд суулгаад дүү Ариунбаатар гэрт хүргэж өгсөн. Би гэртээ орчихоод хоол иддэг сэрээ авч гараад Стелла баар руу очсон. Баарны үүдний шатан дээр намайг түлхсэн шар царайтай өндөр хамгаалагч байхаар нь шууд очоод нэг удаа шанаа руу нь цохиж, дараа нь сэрээгээр далны хэсэгт хатгасан. Тэгэхэд хүмүүс салгаад цагдаа иртэл намайг тэнд байлгасан. Намайг зүгээр боль гэж шаардлага тавих үед тэр хамгаалагч түлхэж унагаасан. Тэр түлхсэн хамгаалагчийг харж авчихаад эргэж баар руу очиж ийм асуудал гаргасан. Намайг түлхсэн хамгаалагч надад гомдол гаргаад энэ асуудлаас хойш хамгаалагчийг Алтангэрэл гэдэг нэрийг нь мэдэж авсан” /хх-н 34-35/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч А.А гэмтэлтэй холбоотойгоор ...А.А биед тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, даланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн 13012 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 14/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч У.З “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч У.З ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч У.З бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.А “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж мэдүүлсэн байна. /хх-н 37/

 

Шүүгдэгч У.З цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч У.З шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт У З “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.З 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. У.З торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. У.З цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.З авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ