Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1022

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч С.Ц

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905034541021 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ... дүгээр сарын ...-нд ..... хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......” ХХК-д бэлэн мөнгө, бараа материал хариуцсан нярав менежер ажилтай, ам бүл 3; эцэг, ахын хамт ..... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр .... тоотод оршин суух, ялгүй, ..... дугаарын регистртэй, Т овогт Х Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Х.Б Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-д кассын няраваар 2019 оны 8 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа компаний орлогоос 8.183.933 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би ажиллаж байсан компанийхаа мөнгийг өөртөө авч завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Энэ мөнгөний зарим хэсгийг хөрөнгө оруулалтад оруулна гээд алдчихсан. Ажиллаж байх хугацаандаа цалингаасаа 2 сая гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Харин намайг цагдан хоригдож байх хугацаанд үлдэгдэл хохирол болох 6 сая төгрөгийг миний ах Пүрэвдорж төлж дуусгасан байна. Цагдан хоригдож байгаа болохоор энэ талаар өнөөдөр мэдлээ. Компаний зүгээс хохирол дууссан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг ирүүлсэн юм байна.

Би компаний нярав-менежер гэсэн ажилтай байсан. Харин 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн намайг нярав-менежерээр ажиллуулахаа болиод сард 650.000 төгрөгийн цалинтайгаар ээлжийн жижүүр болгосон гэв.  

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б холбогдуулан түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд үүнд: хохирогч буюу “Цоглог инвест” ХХКомпаний захирал Э.Б мэдүүлэг, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд, байгууллагын “Хөдөлмөрийн гэрээ” /хх-н 106/ зэргээс үзвэл шүүгдэгч Х.Банзрагчийг тухайн аж ахуйн нэгжид “компаний менежер-бэлэн мөнгөний нярав” гэсэн ажил эрхэлдэг байсан гэж үзэхээр байна.

 

Гэвч ажил олгогчоос ажилтантай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г хууль ёсны гэхэд учир дутагдалтай, тухайлбал уг “Хөдөлмөрийн гэрээ”-г хэзээ байгуулсан огноо /он, сар, өдөр/ байхгүй, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэх баримт байхгүй зэрэг болно.

 

Түүнчлэн” ХХКомпаний Гүйцэтгэх захирал Э.Б “... тус компаний пабын ахлах бармен Х.Банзрагчийг 2018 оны 08-р сарын 07-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, 2018 оны 08-р сарын 07-ны өдрөөс эхлэн компаний менежер ба бэлэн мөнгө, бараа материалын няраваар томилсугай” гэсэн 30 дугаартай Тушаалыг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь цаг хугацаа, үйл явдлын хувьд хоорондоо зөрчилтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл компаний Гүйцэтгэх захирал Тушаал гаргахаасаа өмнө ажилтны ажлын байрыг өөрчилсөн гэж дүгнэгдэхээр байна.

 

Байгууллагын эрх бүхий албан тушаалтны зүгээс ажилтны ажил үүргийг өөрчилж, ажилд томилсон албан ёсны тушаал, шийдвэр эргэлзээтэй байхад тухайн ажилтныг “албан тушаалын байдлаа ашигласан” гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг үгүйсгэхээс гадна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтад хамаарна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б холбогдуулан түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Нөгөөтэйгүүр прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Х.Б “..” ХХК-д кассын няраваар 2019 оны 8 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ажиллах хугацаандаа компаний орлогоос 8.183.933 төгрөг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэж дүгнэсэн нь агуулгын хувьд алдаатай байгааг дурдах нь зүйтэй.

Учир нь, Х.Б зөвхөн 2019 оны 8 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 21-ний өдрийн хооронд “нярав” гэсэн ажлын байранд ажиллах хугацаандаа компаний орлогоос 8.183.933 төгрөг ... завшсан гэж ойлгогдохоор байна.

 

Шүүгдэгч Х.Б Баянгол дүүргийн 7 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “Цоглог инвест” ХХКомпаний итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу компаний орлогоос 8.183.933 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 7-ноос 8 дугаар сарын 21-ний өдрийн хооронд завшсан болох нь

хохирогч Э Б “... манай “Цоглог Инвест” ХХК нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр хорооллын эцэст “Очир титэм” нэртэй зочид буудал, ресторан караоке паб ажиллуулдаг. Хүрэлсүхийн Банзрагч нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс манай компаний кассын нярав, менежер албан тушаалд миний 36 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байгаа юм. Кассын нярав, менежерийн ажлын байрны тодорхойлтоор Х.Банзрагч байгууллагын мөнгөн кассын гүйлгээг гүйцэтгэх, хөтлөн явуулах, хадгалах, архивын ажлыг гүйцэтгэх, жагсаалт гаргах, батлуулах, хөдөлмөрийн гэрээ хийж хавсран гүйцэтгэх болон ажил үүрэгтэй холбоотой бусад ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байдаг учир зочид буудлын хүлээн авагч, пабын бармен, миний баарны үйлчлэгч, түрээсийн орлого гэх мэт байгууллагын өдөр дутмын мөнгөн орлогыг хүлээн аваад cap бүрийн 05-ны өдөр байгууллагын нягтлан бодогчтой тооцоо хийдэг. Хамгийн сүүлд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нягтлан бодогч С.Булганбилэгтэй тооцоо нийлэхэд байгууллагын орлого зарлага хэвийн байсан юм. Би байгууллагынхаа санхүүд хяналт тавих зорилгоор хааяа гэнэтийн тооллого хийдэг юм. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гэнэтийн тооллого хийхээр Банзарагчид тооллого хийнэ гэж хэлэхээр аавын бие гэнэт муудлаа, ар гэрт ажил гарлаа гэх зэргээр ажлаас чөлөө авч явчихаад тооллого хийх нөхцөл бололцоо олгохгүй байж байгаад 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ирэхэд нь Банзрагчийн хариуцдаг бэлэн мөнгөний сэйфэнд тооллого хийхэд зочид буудлын орлого, миний баарны орлого, караоке пабын, түрээсийн орлого гээд нийт 9,198,853 төгрөг байх ёстойгоос 2,028,190 төгрөг байсан бөгөөд 7,170,663 төгрөг дутахаар нь түүнээс шалтгаан нөхцлийг асуухад 4,000,000 төгрөгийг порекс буюу хөрөнгийн арилжаанд оруулж мөнгө өсгөх зорилгоор хүнд өгч алдсан, үлдсэн мөнгөөр нь архи уучихсан гэж хариулсан. Банзрагч байгууллагын ажилчдын цалин олгох, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зардлуудад мөнгө захиран заруулахаас өөрөөр хувьдаа байгууллагын мөнгийг захиран зарцуулах эрх байхгүй. Мөн манай зочид буудалд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр урьдчилгаа 967,800 төгрөг өгч орсон хүмүүсийн мөнгийг, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 45,561 төгрөгийн урьдчилгаа мөнгийг кассын тайланд тусгалгүй өөрөө хувьдаа авсан байсан. Банзрагч манай байгууллагад 8,184,024 төгрөгийн хохирол учруулаад байна” /хх-н 13-14/,

“... манай нягтлан бодогч буруу бодсоны улмаас 8,184,024 төгрөг гэж бичигдсэн байна. Мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн акттай танилцлаа. Мөн би өөрөө дахин бодож үзлээ. Мөрдөгчийн тооцоо нийлсэн актанд тусгагдсан 8,183,933.84 төгрөгтэй таарч байна. Хохирлоо барагдуулж авмаар байна” /хх-н 15-16/ гэсэн,

гэрч караоке, пабын өдөр дутмын бэлэн мөнгөний орлогын компаний касс нярав, менежер Х.Банзрагч кассын орлогын баримт үйлдэн ажилчдаас хураан авч компаний санхүүгийн программд шивж оруулан мөнгөө сейфэндээ хадгалдаг. Би cap болгоны 05-наас 07-ны өдрүүдэд тооллого хийдэг. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тооллого хийхэд Х.Банзрагчийн сейфэнд 1,192,340 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба орлого зарлага нь тэнцэж бүх юм нь таарч байсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай захирал Батзаяа над руу яриад Банзрагчийн кассын орлогыг тоолсон чинь мөнгө дутчихлаа яаралтай ажил дээр ир гэж дуудаад, би ажил дээрээ ирж кассын орлого зарлагын баримтанд тулгуурлан бэлэн мөнгөнд нь тооллого хийхэд нийт 9,198,853 төгрөг байхаас 2,028,190 төгрөг нь байсан бөгөөд 7,170,663 төгрөг дутахаар би 2019 оны 8 дугаар сарын 01 -ны өдрөөс хойших караоке, паб, зочид буудлын орологыг нягталж шалгаж үзэхэд зочид буудлын урьдчилгаа мөнгө гэж тушаагдсан 2019 оны 8 дугаар сарын 05-ны 45,561 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 787,800 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 09-ны өдөр 60,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 60,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 60,000 төгрөгийг санхүүгийн тайландаа тусгаагүй программд шивж оруулаагүй байсан бөгөөд Банзрагч нь нийт 10,212,123 төгрөг байхаас 8,184,024 төгрөгийг дутаасан байсан юм. Гүйцэтгэх захирал Э.Батзаяа, Х.Банзрагч бид гурвын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо хийсэн, тооцоог дахин нягталж үзэхэд 8,183,933.84 төгрөгийн дутагдал гарч байна” /хх-н 3-4/ гэсэн,

гэрч Б Х “... би Цоглог Инвест ХХК-ийн хорооллын эцэст байх Очир титэм зочид буудлын пабд нь 2019 оны 5 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл барменаар ажилласан ба хоёр өдөр өдрийн 16 цагаас шөнийн 04 цаг хүртэл ажиллаад, хоёр өдөр амардаг байсан юм. Би ээлжнээс буух болгондоо тухайн өдрийн гарч байгаа зочид буудлын ресепшнд пабынхаа бэлэн мөнгөөр орж ирсэн орлогоо тушаадаг байсан ба ресепшн цааш нь бэлэн мөнгөний нярав Банзрагчид өгдөг байсан. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 330,160 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 378,056 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 11- ний өдөр 188,084 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 464,672 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 31,356 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 122,426 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 255,522 төгрөгийг тус тус тушааж байсан юм” /хх-н 21/ гэсэн,

гэрч Д Д “... би Цоглог Инвест ХХК-ийн хорооллын эцэст байх Очир титэм зочид буудлын ресепшнээр 2017 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байна. Манай зочид буудлын ресепшн нь зочид буудлын мини баар, пабынхаа бэлэн мөнгөөр орж ирсэн орлогыг хураан аваад компани бэлэн мөнгөний нярав Банзрагчид хүлээлгэн өгдөг. 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр мини баарны 157,100 төгрөг, буудлын 173,400 төгрөг, зочид буудлын 1 хувь орлого болох 19,150 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зочид буудлын урьдчилгаанд өгсөн 787,800 төгрөг, мөн буудлын урьдчилгаа 180,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10- ны өдөр зочид буудлын 1,252,950 төгрөг, буудлын 1 хувийн орлого 23,950 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,114,450 төгрөг, буудлын 1 хувь 25,950 төгрөг, мини баарны 110,600 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зочид буудлын орлого 688,250 төгрөг, буудлын 1 хувийн орлого 14,900 төгрөг, мини баарны 69,200 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зочид буудлын орлого 708,600 төгрөг, буудлын 1 хувийн орлого 15,850 төгрөг, мини баарны 95,400 төрөгийг тус тус хураан авч нярав Банзрагчид өгсөн” /хх-н 22/ гэсэн мэдүүлгүүдээр, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдоно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Х.Б бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч “Цоглог инвест” ХХКомпаниас тус шүүхэд ирүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон 09 тоот албан бичигт тусгагджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ялын санкцыг “... хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан байх ба тухайн зүйл хэсгийн гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

 

Эрүүгийн хуульд заасан хөнгөн ангилалын гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Х.Банзрагчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Т овогт Х Б бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,

мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Б шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Х.Б 9 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж,

түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Шүүгдэгч Х.Б бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Батзаяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Б “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ