Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1026

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Б.М

шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Д.Б

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915003280465 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-нд ... хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль,-татварын мэргэжилтэн мэргэжилтэй, “....” ХХК-д менежер ажилтай, ам бүл ...; ...  нарын хамт ... дүүргийн . дүгээр хороо, ..  дугаар гудамж .... тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, Б. овогт Т М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Т.М 2019 оны 7 дугаар сарын 14-ний 20 цаг 00 минутын орчимд Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг Цочиртын гүүр өнгөрөөд “Аяны анд” амралтын газрын урд замд “Тоёота приус-20” маркийн, 47-58 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгсэлийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөний улмаас замаас гарч онхолдон, зорчигч Б.Цогтбаярын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

            Миний хувьд үйлдсэн хэргийнхээ талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед осолд ороод хохирсон хүмүүст нийтдээ 5.266.053 төгрөг өгсөн. Хохирогч Цогтбаяр гомдол саналгүй гэдгээ хэлсэн гэв. 

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мөнхтуяаг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дугаар заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1915003280465 тоот хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б Ц “… тухайн үед би машины хойд суудал дээр буюу яг жолоочийн ард тал хамгаалах бүсээ зүүгээгүй явж байтал нэг мэдэхэд машин онхолдоод ухаан алдсан байсан. 80 орчим км цагийн хурдтай явж байсан. Бид хамаатнууд бөгөөд бүгдээрээ Ганаа майхан ХХК-д хамт ажилладаг. Би Мөнхтуяагаас ямар нэгэн эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” /хх-н 74/ гэж,

гэрч З З “... 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг “Аяны анд” амралтын газарт амарч байхад асфальтан зам дээр нэг чанга дуу гарахаар нь эргээд хартал шороо бужигнаж байсан. Тэгээд иртэл цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин онхолдсон байдалтай байсан. Машинд 4 том хүн, 2 хүүхэд байсан. Тухайн тээврийн хэрэгслийн ойр хавьд ямар нэгэн машин байгаагүй, цаг агаар цэлмэг байсан. Тэгээд манай хоёр дүү Эрхэмбаяр, Өлзийбаяр нар машинаас хүмүүсийг гаргаад би цагдаад дуудлага өгсөн” /хх-н 13-14/ гэж,

гэрч А Ч “... 7 сарын 14-ний өдөр миний бие болон Б.Цогтбаяр, Л.Гантулга, Т.Мөнхтуяа, Т.Тэмүүлэн, Ц.Энхжаргал нарын нийт 6 хүн Улаанбаатар хотоос Хөвсгөл аймар руу аялал зугаалгаар явж байсан. Эрдэнэтээс гараад нилээд явж байгаад би хүүхдээ харж байгаад гэнэт харсан чинь өөдөөс маркийг нь мэдэхгүй жип маркийн авто машин урсгал сөрж орж ирэхээр нь хүүе ээ гэж орилоод хүүхдээ тэврээд жолоочийн суудлын толгойны төмрөөс барьсан. Жолооч сандарсандаа хүрдээ эргүүлсэн байх шороон зам руу гарахад урсгал сөрсөн тээврийн хэрэгсэл зөрөөд бид буцаад зам руугаа ороход манай машин өнхөрч унасан. Автомашиныг Т.Мөнхтуяа жолоодон явсан” /хх-н 40-42/ гэж,

иргэний хариуцагч Б Б “... 47-58 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг манай нөхөр амьд байхдаа унадаг байсан. Миний нөхөр 2018 оны 2 дугаар сард нас барсан бөгөөд машиныг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Энэ машиныг миний охин Мөнхтуяа унадаг” /хх-н 180/  гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Ц гэмтэлтэй холбоотойгоор Б.Ц биед хүзүүний 6, 7-р нугаламын шахагдсан тогтворгүй хугарал, цээжний 1, 2, 3-р нугаламын хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн 235 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 78-79/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Т.М “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.М ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад учруулсан хохирол, хор уршигийг арилгах тал дээр санаачлага гаргаж, хохирол төлбөрөө бүрэн төлсөн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзав.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй болно.

Харин Тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Т.М № 1048634 Жолоочийн үнэмлэхийг, энэ шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Б овогт Т М “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч Т.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,

түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүгдэгч Т.М хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож,

шүүгдэгч Т.М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.М оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

түүний № 1048634 дугаартай Жолоочийн үнэмлэхийг, энэ шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч Т.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.М урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ