Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1024

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч Г.Гг

шүүгдэгч /хохирогч/ И.И

шүүгдэгч Б.Б

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

И.И холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905044661333 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-нд ... аймагт төрсөн, .. настай, ...., дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ...; нөхрийн хамт ... аймгийн .... сум... дугаар баг... гэх газар оршин суух, ялгүй, ... дугаарын регистртэй, Х овогт И И

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд .... хотод төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, бичиг хэргийн ажилтан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4; ....  хамт ... дүүргийн ... дугаар хороо, .... дугаар гудамж, ...тоотод оршин суух, ялгүй, .... дугаарын регистртэй, О овогт Б Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч И.И нь шүүгдэгч Б.Б, хохирогч С.Б нартай 2019 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар С.Б биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүү, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б нь хохирогч И.И биед халдаж нүүрэнд зулгаралт, уруулд язарсан шарх, цээжинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ И.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Цагдаа дээр мэдүүлгээ өгсөн. Надад дахин ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бямбасүрэн бид хоёр учраа ололцож эвлэрсэн. Бие биеэсээ нэхэмжлэх зүйлгүй. Хохирогчийн хувьд би гомдол саналгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Бн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Надад мөн адил ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

И И “… 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 14 цагийн үед би охин дээрээ очиход манай охин 55-60 орчим насны нэг эмэгтэйтэй машинаа холдуулсангүй гээд тэр хоёр маргалдаж байсан. Тэгэхээр нь би очиход тэр эмэгтэй манай охиныг элдэв янзаар доромжлоод байхаар нь би тэр эмэгтэй дээр очоод би машиныг чинь хөдөлгөөд машинаа гаргачих уу, эгч нь яараад байна гэж хэлэхэд тэр эмэгтэй солиор чадахгүй гэж байна гээд над руу татаж байсан тамхины ишээ шидээд, над руу нулимсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нулимсан юм. Гэтэл тэр эмэгтэйн машинаас 20-25 орчим насны намхан нуруутай эмэгтэй хүрч ирээд манай ээжийг яаж байна аа гээд шууд миний нүүр рүү дайраад нүүрийг маань самардчихаар нь би нэг гараараа нүүрээ илэхэд миний нүүрэнд цус болчихсон. Тэгэхээр нь би тэр охины үснээс нь бариад авахад муудалцсан эмэгтэй миний нүүр рүү дайраад миний нүүрийг маажаад нүүр рүү цохиод доогуураа өшиглөөд байсан, тэгэхээр нь би тэр хоёрыг зөрүүлээд нөгөө эмэгтэй хүний үснээс нь бариад авсан” /хх-н 15-16/ гэж,

С Б “… 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хар хорин худалдааны төв рүү нөхөр Цогтбаатар хадам аав Отгонхүү хадам ээж Бямбасүрэн нарын хамт ороод эд зүйлээ аваад гарч байх үедээ Хар хорин худалдааны төв дотор эд зүйлээ мартсанаа санаад манай нөхөр машинаа тавьчхаад зах руу буцаад гүйчихсэн юм. Манай нөхөр өөр хүний машин хаагаад тавьчихсан юм тэр хааж тавьсан машины жолооч нь гэх 30-35 насны өндөр нуруутай эмэгтэй бууж ирээд та хааж тавилаа гээд байхаар нь манай хадам ээж Бямбасүрэнгийн нөгөө эмэгтэйд чи ямар сүртэй юм бэ түр хүлээж бай гээд тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгэхэд тэр эмэгтэй дээр нэг настай, ээж нь гэх эмэгтэй хүрч ирээд би машиныг чинь холдуулаад өгье гэж хэлэхээр нь би үгүй ээ хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд нэг харахад анх муудалцаж байсан охин нь манай ээжтэй бие биенийгээ нулимаад манай ээж тэр эмэгтзй рүү татаж байсан тамхины ишээ газар шидчихсэн юм. Тэгэхэзр нь би машинаасаа буугаад чи яагаад манай ээж рүү нулимж байгаа юм гэхэд тэр охин нь гэх эмэгтэй шууд намайг алгадахаар нь би тэр эмэгтэй рүү дайрах гэхэд ээж нь гэх эмэгтэй миний урдуур ороод намайг үстэхээр нь би зөрүүлээд үстсэн, тэгээд бид хоёр биенийгээ үснээс нь зулгааж байхад тэр хавьд байсан хүмүүс бид хоёрыг салгасан” /хх-н 19-20/ гэж,

гэрч Ж О “... буцаад ирэхэд манай машины ойролцоо нэг эмэгтэй манай бэр охиныг үсдээд дарчихсан, эхнэр нөгөө эмэгтэй рүү орилчихсон зогсож байхаар нь би хүү Цогтбаатарын хамт очоод тэр эмэгтэйг охиноосоо салгаж авсан. Энэ үед цагдаа нар хүрч ирээд манай бэр охин, эхнэр, нөгөө зодолдсон хүмүүсийг нь аваад явсан” /хх-н 27/ гэж,

гэрч Ц Н “... жолооч нь цаашаа яваад нэг эмэгтэй тэр машинаас бууж ирээд хойд талын багааж хэсгийг нь онгойлгочихсон байхаар нь би машинаасаа буугаад тэр эмэгтэй дээр очоод машинаа холдуулчих гэхэд хүлээж бай юун сүртэй юм гэсэн, тэгэхээр нь би юу гэсэн үг юм гаръя гэхэд тэр эмэгтэй жолооч нь байхгүй юмыг чи яах юм гээд бид хоёр хэрэлдсэн. Би тэр эмэгтэйтэй хэрэлдээд байж байхад манай ээж хүрч ирээд миний хажууд зогсож байгаад машиныг чинь би холдуулаад өгье гэхэд тэр эмэгтэй чадахгүй чи хүний машин холдуулдаг хэн бэ гэсэн.Гэтэл тэр эмэгтэй нь манай ээж рүү татаж байсан тамхиныхаа ишийг шидээд манай ээж рүү нулимсан. Гэтэл машинаас нь 20-25 орчим насны эмэгтэй бууж ирээд манай ээжийг үстэхээр нь манай ээж зөрүүлээд үстээд тэр хоёр бие биенээ үстсэн бөгөөд салгах гээд дийлээгүй байж байхад ээж нь гэх эмэгтэй над руу дайрахад түлхээд холдуулахад тэр эмэгтэй ’ манай ээж рүү дайраад үстээд байсан. Тэр хавиар явж байсан хүмүүс тусламж дуудаад цагдаад дуудлага өгөөд ээж рүүгээ харахад манай ээжийн нүүр битүү цус болчихсон байсан” /хх-н 36-37/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнИ.И биед нүүрэнд зулгаралт, уруулд язарсан шарх, цээжинд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 13397 тоот /хх-н 35/ дүгнэлт,

... С.Б биед зүүн хацар, эрүү, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 13377 тоот /хх-н 32/ дүгнэлт тус тус гарсан байна.

 

Дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгч И.И, Б.Б нарын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч И.И, Б.Б нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч И.И, Б.Б нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзсан болно.

 

Хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч И.И, Б.Б нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Х овогт И И “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд,

О овогт Б Бг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. И.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар

Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. И.И, Б.Б нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. И.И, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б, И.И нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл И.И, Б.Б нарын тус бүрийн урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ