Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1036

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.З хөтлөн

улсын яллагч Н.Э

шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Л.Г

хохирогч Э.Г

нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 1705015491213 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... офицер, 1 дүгээр байр ... тоотод оршин суух,

ял шийтгэл: 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 2 сар хорих ялаар шийтгүүлж,

Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 3/08 дугаартай “Ялыг дүйцүүлэн хасах хасах тухай” захирамжаар хорих ял эдэлсэнд тооцож суллагдсан гэх,

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

3. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

... дугаарын регистртэй, Б овогт А Х

 

 

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч А. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Гантөгсөд “чамтай адилхан төрхтэй хүнийг хулгайн хэрэгт сэжиглэж байна, надтай хамт яваад шалгуул” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч 707.000 төгрөгийн үнэлгээ бүхий цүнхтэй “Lenovo” маркийн зөөврийн компьютерийг нь залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч А.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гантөгс гэх энэ залууг залилаж нөүтбүүкийг нь авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уг нь энэ үйлдлээ мөрдөгчид хэлсэн. Тэгээд өмнөх хэргүүдтэйгээ хамтатгаад шийдвэрлүүлье гэсэн боловч мөрдөгч тоогоогүй юм. Би Орхон аймагт байдаг 437 дугаар хорих ангид ял эдэлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 461 дүгээр хорих ангид шилжиж ирээд байгаа.

Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд алдсан компьютерийнхээ үнийг гаргуулж авмаар байна. Хохиролд гэж нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Өөр гомдол санал гэх зүйлгүй. Тухайн үед намайг цагдаа дээр аваачиж шалгах шаардлагатай гээд баахан газраар дагуулж явсан. Тэгснээ “за, чи өөрөө Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр яваад очоорой” гэхээр нь би аав, ээжийгээ дагуулаад очсон. Гэтэл тэнд ийм мөрдөгч байхгүй гэснээр, бүр сүүлдээ энэ хүн өөрөө эрэн сурвалжлагдаж байгаа хүн болох нь тодорхой болсон. Тэгээд би цагдаа өргөдөл гаргасан гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э Г “... 2017 оны 11 дүгээр сарын 16-нд хичээлээ тараад орой 22 цагийн үед Ахуйн үйлчилгээний автобусны буудал орчимд явж байтал үл таних эрэгтэй хүн намайг “зогсож бай, чамтай адилхан төрхтэй хүнийг хулгайн хэрэгт сэжиглэж байна, надтай хамт яваад шалгуул” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд дагаад явж байгаад ойролцоох зоогийн газарт ороод зоогийн газрын ажилтанд очоод “хулгайн хэрэг гарсан байна, танай камерыг шалгана” гэж хэлэхэд тухайн зоогийн газрын камер ажиллахгүй байсан. Зоогийн газраас гараад дээрх эрэгтэй хүн “чамайг хэрэгт сэжиглэж байгаа учраас чиний биедээ авч яваа эд зүйлийг шалгана” гэж хэлээд цүнхтэй зөөврийн компьютер, гар утсыг аваад намайг дагуулаад алхаж байгаад миний утсыг оролдож байгаад “энэ чиний утас мөн байна” гэж хэлээд надад утас өгөөд, манай ээж, аав хоёртой утсаар яриад “хүүхдийг чинь хэрэгт сэжиглэж байна, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирж хүүхдээ аваарай” гэж хэлсэн. Тэгээд намайг Улсын их дэлгүүр рүү дагуулж ороод ТҮЦ машинаас хурууны хээгээрээ иргэний бүртгэлийн лавлагаа авч өгөөд “Чамд миний бичиг баримт байгаа учраас чи энэ лавлагааг аль ч Цагдаагийн газарт аваад очиход намайг олоод өгч чадна” гэж хэлэхээр нь би нээрээ Цагдаагийн байгууллагын ажилтан юм байна гэж итгэсэн. Тэгээд Улсын их дэлгүүрийн гадна талд гараад “чи Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд нөүтбүүкээ аваарай” гэж хэлээд Улсын их дэлгүүрийн ертөнцийн зүгээр замын урд талын төв замын зүүнээс баруун тийш зорчих чиглэлээс такси бариад намайг суулгаад явуулсан.

Тэгээд энэ өдрөө буцаад Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд Алтанцэцэгийн Хас-Эрдэнэ гэх хүн цагдаад ажилладаг эсэх талаар асуухад тийм хүн байхгүй гэхээр нь бусдад залилуулсанаа мэдсэн” /хх-н 26-27/ гэж,

гэрч Н У “... манай хүүгийн дугаар болох 80500803 дугаараас миний өөрийн 88226746 дугаар руу нэг эрэгтэй хүн залгаад “өөрийгөө Баянгол дүүргийн цагдаагаас ярьж байна, хэрэг гарсан газар танай хүү байсан байна, та санаа зоволтгүй, хэрэгт холбогдолгүй бол камер шүүчихээд хүүхдийг чинь явуулна” гэж надтай утсаар ярьсан. Ингээд тэр залуу манай хүүхдийн утсаар тэгж ярьснаас хойш манай хүүхдийн гар утас нь холбогдохгүй болсон. Ингээд би хэсэг хугацааны дараа хүүтэйгээ утсаар холбогдож байгаад хамт Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн. Болсон асуудлын талаар хүүхдээсээ асуусан чинь манай хүүхэд надад хандан өөрийгөө цагдаа гэж хэлээд миний нөүтбүүкийг шалгана гэж хэлээд авсан гэж хэлсэн.

Тухайн үед тэр хүний манай хүүд өгсөн иргэний үнэмлэхний лавлагаагаар тухайн өдөр гарч байсан жижүүрээс “Хас-Эрдэнэ гэдэг хүн танай хэлтэст ажилладаг уу” гэж асуусан чинь тийм хүн байхгүй гэсэн. Тэгэхээр нь тухайн өдөр гарч байсан байцаагч руу оруулсан. Тэгээд тэр байцаагчтай уулзахад лавлагааны зургийг хараад “энэ хүн эрэн сурвалжлагдаж байгаа хүн байна” гэж хэлсэн” /хх-н 22-23/ гэж тус тус мэдүүлжээ.

Шүүгдэгч А.Х урьд өмнө удаа дараа “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” буюу хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэргүүд үйлдэж тухайн хэргүүддээ шүүхээс ял шийтгүүлж байжээ.

Ингэж “өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” үйлдэх явцдаа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны орой хохирогч Э.Г залилаж 707.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг нь авсан байна.

Харин мөрдөгч, прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг тухайн цаг хугацаанд бүрэн гүйцэт явуулаагүйн улмаас шүүгдэгч А.Хас-Эрдэнэ өөр гэмт хэргүүддээ ял шийтгүүлж, энэ үйлдэл нь /гэмт хэрэг нь/ орхигдсон байна.

Гэвч шүүгдэгч А.Х үйлдсэн Э.Г хохирогчтой дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зохицуулалтад хамаарна.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А.Х хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч А.Х ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Хохирол төлбөрийн хувьд:

Залилах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.Х 707.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Х холбогдох энэ хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл прокурорын яллах дүгнэлтэд түүний урьд өмнө ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрүүдийг буруу, хооронд нь хольж бичсэн байна.

Жишээ нь:  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг дүйцүүлэн хасах тухай Говь-Сүмбэр аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/08 дугаартай захирамжаар ял эдэлсэнд тооцож суллагдсан гэж бичжээ.

Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 83 дугаартай шийтгэх тогтоол гаргах явцдаа “ялыг дүйцүүлэн хасах тухай Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2017/БХШЗ/08 дугаартай захирамжийг үндэслэн ял эдэлсэнд тооцож сулласан мэтээр ойлгомжгүй бичсэн байна.

Цаашид ийм алдаа гаргахгүй байхыг прокурорт хатуу анхааруулья.

Учир нь, шүүхийн шийдвэрүүдийг /шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж гэх мэт/ үндсэн эх хувиас нь зөв хуулж бичих нь ялтанд оногдуулах ялыг зөв нэмж нэгтгэх хууль хэрэглээнд чухал ач холбогдолтой.

Шүүгдэгч А.Х хамгийн сүүлд буюу Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

уг ялыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 437 дугаар нээлттэй хорих ангид эдэлж байхад нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 225 дугаартай захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих 461 дүгээр хаалттай ангид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шилжүүлэн цагдан хорьсон байна.

Түүний цагдан хоригдсон хоногийг өнөөдрийг хүртэл тоолоход тэрээр 34 хоног хоригджээ. 

Иймд шүүгдэгч А.Х, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 17 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэхээр,

цагдан хоригдсон 34 хоногийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Х оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Б овогт А Х хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Х 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 338 шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 17 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 17 /арван долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. А.Х оногдуулсан 1 жил 5 сар 17 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. А.Х энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон болохыг дурдаж,

түүний цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х 707.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Х “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ