Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00623

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэнийхэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03035 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар магадлалтай,

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Г.О-, Ц.Б- нарт холбогдох,

Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамж, 384 тоотод байрлах 148.5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуулын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бярзана, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашаанд 1980 оноос гэр бүл И.Лхүндэвийн хамт амьдарч ирсэн. Энэ хашааг анх түүний хадам эцэг Чүлтэмийн төрсөн дүү Лувсандорж нь өөрийн төрсөн ах Чүлтэм, Жамц нарыг нас барсны дараа тэдгээрийн эхнэр болох Ичинхорлоо, Надмид нарт Дашдорж гэдэг хүнээс худалдаж авч өгсөн гэдэг. Жамц, эхнэр Надмид нарын хүү Ж.Мижиддорж хашааг 1986 оноос эзэмшсэн, 2004 онд бүхлээр нь өмчилж авсныг нэхэмжлэгч огт мэдээгүй байсан бөгөөд Ж.Мижиддоржийн өргөмөл хүү Г.О- Баянгол дүүргийн шүүхэд хашааны газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, Д.Ц-г хариуцагчаар татсанаар анх энэ тухай мэдсэн. Иймд Д.Ц- 2012 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 99 дүгээр захирамжаар Ж.Мижиддоржид 189 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр уг захирамжийн иргэн Ж.Мижиддорж, А.Гомбо нарт холбогдох хэсэг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2205001083 дугаар бүртгэлд хамаарах гэрчилгээг тус тус дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсний дараа Баянгол дүүргийн газрын алба нь шүүхийн шийдвэрийн дагуу захиргааны шинэ акт гаргахдаа дахин уг хашааны газрыг бүхэлд нь Ж.Мижиддоржид өмчлүүлэх санал хүргүүлснээр Нийслэлийн засаг дарга нь 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжаар Ж.Мижиддоржид 297 м.кв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тул Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 306 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/286 дугаар захирамжийн Ж.Мижиддоржид холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа 2016 онд маргаан бүхий хашааны газрын талыг эзэмших хүсэлтээ Баянгол дүүргийн газрын албанд гаргахад уг хүсэлтийг хянах явцдаа нас барсан Ж.Мижиддоржийн нэр дээр газар өмчлүүлэх шийдвэр гаргуулсан нь буруу гэдгээ хүлээн зөвшөөрч Нийслэлийн газрын алба руу хүсэлт явуулснаар Нийслэлийн засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар Ж.Мижиддорж, түүний эхнэр А.Гомбо нарт 297 м.кв газрын өмчлүүлэхээр шийдвэрлэсэн А/286 захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Д.Ц- 1980 оноос эзэмшиж ирсэн хашааны хэсэг болох 148.5 м.кв газрыг өмчлөх эрхтэй тул Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамж, 384 тоот хашааны газрын тал хэсэг болох 148.5 м.кв газрыг Д.Ц- өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай аав Ж.Мижиддорж нь Улаанбаатар хотын Октябрын районы АДХГ захиргаанаас 1997 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 90 дүгээр шийдвэрээр олгосон 300 м.кв газар эдлэх эрх олгогдсон, 4134 тоот амины хэрэглээнд газар эдлэх эрхийн үнэмлэх бүхий одоогийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 384 тоот хашааг 1980 онд С.Дашдоржоос худалдан авч 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус дүүргээс Ж.Мижиддорж өөрийн нэр дээр шилжүүлж авснаар тус хашааны газрыг эзэмших эрхтэй болсон. Иймээс Октябрын районы Туулын 19-384 тоот хашааг 1988 онд Ж.Мижиддорж гэдэг нэрээр улсын даатгалд заавал даатгах тухай дүрмийн 2 дугаар зүйлд заасны дагуу Октябрын районы улсын даатгалд бүртгүүлж, улсын даатгалын баталгаа 143156 тоот дэвтэр авч 1989, 1990, 1991 онуудад өөрийнхөө нэрээр даатгалын мөнгө тушаасан мөнгөний баримт хавтаст хэрэгт нь авагдсан. Уг хашаандаа байнга амьдарч байсан тул 2004 онд газар хувьчлахад Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны 297 м.кв газарт анх кадастрын зураг хийлгэж Нийслэлийн засаг даргын 99 дүгээр захирамжаар уг хашааны газрыг Ж.Мижиддорж, А.Гомбо нар өмчлөн авч, газар өмчлүүлэх шийдвэр хянан баталгааны дүгнэлт кадастрын зураг зэргийг өгснийг үндэслэн улсын бүртгэлийн 2205001083-д бүртгүүлэн хувьдаа газартай болсон юм. Энэхүү газраа хүү М.Оюунбилэг, бэр Ц.Б- нарт бэлэглэлийн гэрээгээр 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлэн өгч, одоо энэ газар нь бидний нэр дээр байгаа. Тухайн үед аав ээж хоёр хүү, бэр хоёртоо хашаагаа өгсөн шүү, та нар нүүгээрэй гэж Д.Цэцгээ, Ч.Лхүндэв нарт хэлж байсан. Гэтэл манай хашаанд айл байсан Д.Цэцгээ би энэ хашаанд олон жил байсан тул хамт эзэмших буюу хагасыг нь өмчлөн авна гэж эхний үед 10 000 000 төгрөг нэхдэг байснаа захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

Бид өмчлөх эрхтэй болохоо баталсан нотлох баримтыг бүрдүүлж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г.О-, Ц.Б- нар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19-384 тоот хашааны газрыг эзэмших өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/00839 тоот шийдвэр гарч дээрхи хашааны 297 м.кв газар нь Г.О-, Ц.Б- нарын өмч болохыг тогтоосон. Дээрхи маргаан бүхий нэгж талбарын 186413113475598 дугаар бүхий 297 м.кв газар нь мэдээллийн сангийн бүртгэлд иргэн Ж.Мижиддоржийн эзэмшилд 2004 онд бүртгэгдсэн нь газрын харилцаа геодези зураг зүйн газрын лавлагаагаар нотлогдоно. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт урьд нь эзэмших эрх нээгдсэн газарт дахин давхардуулж эзэмших эрх олгохгүй гэж заасан болохоор иргэн Д.Ц-д 148,5 м.кв газрыг эзэмших эрх үүсэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03035 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтлан хариуцагч Г.О-, Д.Бямбажав нарт холбогдох, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 19 дүгээр гудамжны 384 тоотод байрлах хашааны 148,5 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэхь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03035 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  ...Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан бүхий хашааны газарт нэхэмжлэгч Д.Ц-, нөхөр Ч.Лхүндэвийн хамт 1980 оноос эхлэн амьдарч байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Харин 1980 онд уг хашааны газрыг худалдан авах үед Жамцын өргөмөл хүү Мижиддорж нь мөн хашаанд амьдарч байгаагүйгээр барахгүй, худалдан авах үйл явцад оролцоогүй, мөн тухайн үед шоронд хоригдож байсан гэдэг нь гэрч С.Мөнхөөгийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл хожим 1986 онд Мижиддорж уг газрыг нэр дээрээ бүртгүүлсэн гэдэг нь түүний уг газрыг өөрөө худалдан авсан гэдгийг нотлохгүй бөгөөд уг хашааны газрыг эзэмшиж байсан өмчлөгчөөр тогтоогдвол зохих этгээд болох Лхүндэв, Цэцэгээ нарт мэдэгдэлгүйгээр хашааны газрын бүртгэлийг зөвхөн өөрийн нэр дээр хийлгэж, улмаар өмчлөн авч, бусдад шилжүүлсэн. Мөн Мижиддорж нь уг маргаан бүхий газрыг өмчлөх хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргахдаа 189 м.кв гэсэн хэмжээгээр өгч, улмаар Нийслэлийн Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 99 дүгээр захирамжаар иргэн Ж.Мижиддорж, эхнэр А.Гомбо нарт 189 мкв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийг үндэслэн гарсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх шийдвэрт 297 м.кв хэмжээгээр нэмж бичиж, энэхүү буруу хэмжээгээр кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, улмаар Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан зэрэг алдаатай үйл баримт нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19-р шийдвэр, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 422-р магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 306 дугаар тогтоолуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Г.О-, Ц.Б- нарын өмчлөх эрхтэй гэх газрын хэмжээний асуудал эргэлзээтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Ц- нь 297 м.кв хэмжээтэй газрын тал хувийг өмчлөх эрхтэй хэмээн маргаж байгаа тохиолдолд эдгээрийн зөрүүг иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө захиргааны журмаар шийдвэрлүүлэх шаардлага зүй ёсоор үүссэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан нөхцөл байдал үүссэн юм. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж тул шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

               Г.О-, Ц.Б- нарт холбогдох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 19 гудамжны 384 тоотод байршилтай газрын тал хэсэг буюу 148.5 м.кв талбайг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох Д.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

            Иргэний хууль, Газрын тухай хуульд зааснаар газар өмчлөх эрх нь хуулийн дагуу болон гэрээний үндсэн дээр үүснэ.

            Нэхэмжлэгч тухайн тоот хаягт байрлах хашаанд 1981 оноос эхлэн амьдарч байгаа нь тогтоогдсон боловч түүний энэ эзэмшил газар эзэмших эрх, улмаар өмчлөх эрхийг олж авах нөхцөл болохгүй талаар шүүх хэргийн баримтад тулгуурласан дүгнэлт хийжээ.

            Газар эзэмших эрхийг Ж.Мижиддорж өмнөх эзэмшигч н.Дашдоржоос худалдан авч, 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр газрын эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 1994 онд Газрын тухай хууль батлагдснаар газар эзэмших эрхээ баталгаажуулсан, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай 2002 оны хуульд заасны дагуу өмчлөгч болж, улмаар өмчлөлийн зүйлээ хүү Ц.Б-т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтыг хоёр шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцүүлэн үнэлжээ.

Хариуцагч нарын өмчлөх эрхийг олж авсан үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Ц-г газрын тал хэсэг буюу 148.5 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.

Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ж.Мижиддоржид өмчлүүлсэн газрын хэсгээс өөрийн амьдарч буй хэсэгт оногдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Д.Ц-ийн нэхэмжлэлтэй хэргийг өмнө нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хоёр удаа шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн Ж.Мижиддорж, А.Гомбо нарт газар өмчлүүлсэн хэсэг болон эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус дахин шинэ захиргааны акт гартал түдгэлзүүлсэн нь нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын эрх зүйн үндэслэл болохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т заасан “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна”, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан газар өмчлөн авах иргэний эрх, үүргийн талаархи зохицуулалтыг нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх зүйн хэм хэмжээ гэж үзсэн нь оновчтой болоогүй энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь буруу байна.

Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн хамгаалалтыг хүссэн гэж үзэх бөгөөд хариуцагчийн зүгээс мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар ...өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй байна.

            Иймд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаар магадлалын 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03035 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг баримтлан...” гэснийг “... Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар...” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ