Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

          Нэхэмжлэгч: Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Э.У-ын нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.Б-ийн  бие даасан шаардлагатай, Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Г, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ч.Б нарт холбогдох Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дуаар тушаалаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар  сарын  23-ны  өдөр хүлээн авч,  гуравдагч этгээд Д.Б-ийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/39 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Ж.Г, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Э.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.У миний бие 2014 онд Монгол улсын их сургуулийн Завхан сургуулийг Гааль, татварын эдийн засгийн ангийг төгсөөд 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр болсон төрийн албаны шалгалтанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын ирүүлсэн захиалгын дагуу сумын Төсөв, төрийн сангийн мэргэжилтний сул орон тоонд шалгалт өгч тэнцэн уг орон тоонд ажиллах эрхтэй болсон. Үүний дагуу аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд томилуулахаар миний нэрийг дэвшүүлсэн албан бичгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд тус тус хүргүүлсээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ий өдөр намайг санхүүгийн албаны, сумын төсөв төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилсон тушаал гарсан. Гэвч энэхүү тушаал шийдвэрээ үл биелүүлж албан ёсоор ажил хүлээлцэж өгөөгүй тул миний бие аймгийн төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл гарган хандсан. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 46 дугаар албан бичгээр Тонхил сумын Засаг даргын Тамгын газарт Төрийн албан тухай хууль болон холбогдох бусад журмыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэхээ илэрхийлэн, дараагийн шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэсэн тул миний бие захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах гэсэн боловч Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь миний төрийн жинхэнэ албан тушаалд томилсон тушаалыг надад хүчингүй болгох эрх мэдэл байхгүй чиний тушаал хүчинтэй байгаа шүүх байгууллагадаа хандаж болно гэснээр миний бие захиргааны хэргийн шүүхэд хандах боломжгүй болсноор иргэний хэргийн шүүхэд хандсан. Иргэний хэргийн шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч талын тайлбартай танилцахад миний тушаалыг хүчингүй болгосон тухай мэдсэн. Иймд миний бие энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М  нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажлын байрыг зарлуулах санал хүргүүлсэн. 2016 оны 02 сарын 22-ны өдрийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын албан бичгийг хууль бус акт гэж үзэх боломжгүй. Албан бичиг нь захиргааны хэргийн акт мөн үү гэдэг дээр эргэлзээтэй байна. Аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт хавтаст хэрэгт байгаа. Ажлын байрны санал хүргүүлсэн албан бичиг нь өнөөдөр захиргааны акт гэж үзэх боломжгүй юм. У-ын тухайд төрийн албаны тухай хуулийн 17.6 дугаар зүйлд мэргэжлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэж байгаа. Тэгэхээр У-ын тухайд сул орон тоонд төрийн албаны шалгалт өгөөд тэнцсэн байгаа. Тонхил сумын тамгын газрын дарга нь төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцлээ гэсэн бичгээ аваад очсоны дагуу энэ хүнийг ажилд нь томилж тушаал гаргаснаар энэ нь баталгаажна. Тухайн асуудлаар зөвшилцөөд байх шаардлагагүй. Миний ажлын байрыг надад хэлэлгүйгээр зарласан байсан гэж байна. Гэтэл энэ хүн дарга хэлээгүй гэхдээ би өөрөө үзэж байгаад зарлагдсан байна гэдгийг мэдсэн юм гэдэг зүйлийг хэлж байна. Бид нар 2015 онд сургалтад явахад төрийн  албаны шалгалт хэзээ зарлагдах юм бол гэж яригдаж байсан. Тэгээд 2015 онд зарлагдаагүй 2016 онд зарлагдсан гэж байна. Заавал чиний ажлын байрыг зарласан чи шалгалтанд ор гэдэг зүйлийг хэлэх шаардлагагүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 17.1 зааснаар 17.4 т заасны дагуу нөхөх боломжгүй бол Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны 86 дугаартай тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэжлийн шалгалт авах журам байгаа. Тонхил сумын Засаг даргын тамгын газраас сул орон тооны захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн нь хууль зөрчсөн асуудал биш. Тухайн үед Б нь төрийн жинхэнэ албанд ороод ажиллах боломжгүй байсан. Учир нь Б тухайн үед төрийн жинхэнэ албан хаагч биш байсан. Болормаа нь төрийн үйлчилгээний албан хаагчаас төрийн захиргааны албан хаагч болж байгаа учир заавал төрийн албаны шалгалт өгнө. Сул орон тоог төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхдөг Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймгийн салбар зөвлөлөөс 2016 оны 05 дугаар сарын 19-20 өдрүүдэд зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад Тонхил сумын Төрийн сангийн мэрэгжилтэн гэсэн сул орон тоонд Э.У нь сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байгаа. Говь-Алтай аймгийн Тонхил сумын төсөв төрийн сангийн мэргэжилтэн гэсэн ажлын байранд ажиллах эрхтэй болоод 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, 10 дугаар сарын 10-ны өдөр, 2017 оны 01 сарын 16-ны өдрүүдэд өөрийг нь томилуулахаар албан бичиг хүргүүлснээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилд томилсон тушаал гаргасан. Ажлаа хүлээж авах гэтэл албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлж өгөөгүй. 

          Тэгээд Говь-Алтай аймгийн төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд төрийн байгууллага хувь хүн зөвхөн хуульд заасан үндэслэлээр иргэний төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулах буюу мөн хориглох ажилд томилохоос татгалзах үндэслэлтэй байгаа. Э.У-ыг ажилд томилсон хэдий ч одоог хүртэл ажлын байрыг нь хүлээлгэж өгөөгүй байгаа. Ажилд томилсон тушаал хүчингүй болгож байгаа энэ эс үйлдэхүй, Үндсэн хуулийн 16.4-т заасан байгаа ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй гэж заасан, Төрийн албаны тухай хуулийн 16.1 дэх заалтыг мөн зөрчсөн байгаа.  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дугаар тушаалаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгоод, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны Б/04 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, Тонхил сумын төрийн сангийн мэргэжилтний ажилд томилох шийдвэрийг Тонхил сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж орж байна гэжээ.

 

       Хариуцагч Ж.Г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.У-ын нэхэмжлэлтэй санал нийлж байна. Гуравдагч этгээд Б-ийн тайлбартай холбоотой тайлбар хийе. Сангийн сайдын зөвлөмжийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн хүнээ шилжүүлж авсан нь үнэн. Санхүү төрийн сан, аймгийн засаг даргатай зөвшилцөөд томилсон байгаа. Тухайн ажил нь зөвлөмжийн дагуу хийгдсэн ажил байгаа. Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээ,  төрийн захиргаа гээд заасан байгаа. Төрийн захиргааны албан хаагч төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөд тэнцээд төрийн захиргааны ажилтнаар ажилладаг байгаа. Үүний дагуу аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс сул ажлын байрны орон тоог авсан байдаг. Зөвхөн төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжсэн хүмүүсийн ажлын байранд сул ажлын орон тоо зарлагдсан байгаа. Ажил олгогч нь тухайн ажлын байрыг зарлах эрхтэй байдаг. Тухайн эрхийн хүрээнд ажлын байрыг зарласан. 2 сард ажлын байрны орон тоог зарлаад 4 сард нийтэд зарласан байгаа. Тэгэхээр Болормаа нь мэдэх боломжтой байсан. Үр дүнгийн гэрээтэй холбоотой асуудал яригдсан байгаа. Төрийн албаны шалгалт 5 сард болсон, 7 сард бичиг ирсэн Ууганбаяр гэдэг хүнийг ажлын байраар ханга гэсэн бичиг ирсэн. Тухайн үед Бо-ийн аавын 49 хоног болж байсан учир эхний удаад У-ыг буцаасан. 10 сард ирсэн орон нутгийн сонгууль болох гэж байсан учир санхүү албаны дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан учир дахин буцаасан. 12 сард тушаал гарсан. Төрийн албаны санхүүгийн тасгаас он гартал ямарч боломж байхгүй гэсэн гэжээ. 

      Хариуцагч Ч.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Тус аймгийн Тонхил сумын  иргэн Д.Б-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бие даасан шаардлагатай холбогдуулан  дараах тайлбарыг гаргаж байна. 

           Д.Б нь Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор  ажиллаж байсан нь төрийн үйлчилгээний албан хаагч. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолоор сумдад санхүүгийн алба байгууллагдсантай холбогдуулан төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны алба буюу санхүүгийн албанд мэргэжилтнээр томилогдсон байна. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн дагуу төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх хуулийн зохицуулалттай байдаг. Иймд Д.Б нь төрийн албаны мэргэшлийн шалгалтыг заавал өгөх ёстой бөгөөд шалгалтанд тэнцсэн тохиолдолд хуулийн дагуу тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болно. Төрийн албан тухай хуулийг хэрэгжүүлж сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь албан бичгээр ажлын байрны захиалга аймгийн төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн. Төрийн албаны салбар зөвлөл нь зохих хууль тогтоомжийн дагуу төрийн албан мэргэшлийн шалгалтыг зохион байгуулсан бөгөөд Тонхил сумын Санхүүгийн албаны мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юмаа. Иймд Тонхил сумын иргэн Д.Б-ийн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан төрийн албаны мэргэшлийн шалгалт явуулсан нь буруу болсон гэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

           Гуравдагч этгээд Д.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн нятлан бодогчоор 2008 оноос ажиллаж байсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаар тогтоолын дагуу сумдад санхүүгийн  алба байгуулагдаж  сумын төсөвт байгууллагын нягтлан бодогч нар болон түүнтэй холбоотой зардлуудыг уг албанд харьяа яамдаас шилжүүлсэн болно. Ингээд Монгол улсын Сангийн яамны 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 4-3/6495 дугаартай албан бичиг, төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүүгийн Төрийн сангийн хэлтсийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн төрийн сангийн мэргэжилтэн нарыг томилохоор зөвшилцсөн албан бичгийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн б/05 дугаартай Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар төрийн сангийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. 

2016 оны 05 сард сонгон шалгаруулалт зарласан гэдэг зарим сумд зарлагдаагүй, сонгон шалгаруулалт зарласан эсэхийг хэлээгүй. Тухайн үед аавын бие муу, 05 сарын  15-ны өдөр аав бурхан болсон. Надад тамгын дарга сонгон шалгаруулалт зарласан эсэх, мөн ажлын байрны санал хүргүүлсэн талаар юу ч хэлээгүй, би мэдээгүй. 2016 оны 07 сард ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаад өөр хүн томилогдож ирсэн гэж хэлсэн. Санхүүгийн алба байгуулах тухай засгийн газрын тогтоол 10 сарын 01-нд гарсан. Сайтад 10 сарын 10-нд тавигдаагүй. Бид 11 сард сургалтад ирэхэд хэлсэн байгаа. Санхүүгийн алба яаж байгуулагдах тухай мэдээлэл аваагүй. Бүх нягтлангууд нэгдэх юм байна гэсэн ойлголттой байсан. Нэг мэргэжилтэн, 2 нягтлан бодогч, 1 санхүү албаны даргатай 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдах юм байна гэсэн ойлголттой байсан. 2015 оны 01 сард сангийн яамны зөвлөмж ирсэн. Засаг даргатай зөвшилцөөд хамгийн олон жил ажилласан туршлагатай хүнээ мэргэжилтнээр,  сонгосон мэргэшсэн нягтлан бодогч төрийн сангийн ажлыг гүйцэтгэдэг хүн санхүү албаны дарга болсон байгаа. Санхүү төрийн сангийн дарга мэргэжилтэн нягтлангуудаа томилсон. Мэргэшсэн гэдэг утгаар бүгд төрийн албаны шалгалт өгөх юм байна гэсэн ойлголттой байсан. 2015 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдаагүй. Ямар ч ойлголтгүй байсан. Манайх интернетгүй сум, би 5 сарын эхээр өөрийн  интернетийн эрхээр ороход санхүүгийн албаны сул орон тоог зарласан байсан. Би бэлдэж эхлэх гэж байхад манай аавын бие муудаад 15-нд нас барсан, тухайн шалгалт 19-нд болсон. Бүртгэл нь явагдах гэж байхад би орж харж байсан тэрнээс өмнө надад мэдэгдээгүй. Надад шалгалтад бэлдээд орох боломж гараагүй. Миний шалгалтад ороогүй шалтгааны талаар төрийн албаны зөвлөлд тоот өгч болохоор байсан хэдий  ч тэгээгүй. Би тухайн шалгалтанд орьё гэж бэлдэж байсан боловч шалтгаан гараад орж чадаагүй байгаа. 

         Иймд миний ажлын байрыг надад мэдэгдэлгүйгээр зарлуулах санал хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Тонхил сумын Засаг даргын тамгын газрын даргын албан бичиг нь хууль бус болохыг тогтоож, аймгийн төрийн албаны салбар зөвлөлийг хариуцагчаар татаж миний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь буруу болохыг тогтоож миний эрх ашгийг сэргээж өгнө үү гэжээ.  

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Болормаа нь эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн ажлаа хийж байхад нь 2015 оны Засгийн газрын тогтоолоор сумдад санхүүгийн алба байгуулагдсантай холбоотой төсөвт байгууллага сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч нарын эрхэлж байсан ажил үүрэг нь тус санхүүгийн албанд шилжсэнээр тус төсөвт байгууллагын нягтлан бодогч нарыг санхүүгийн албанд харьяалуулсан, ажил үүрэг нь мөн шилжсэн байдаг. Хуулиар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн болох нь харагдаж байна. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн тохиолдолд төрийн албан хаагч нь орон тоо хасагдсан тохиолдолд тухайн хүнийг цомхотгол гэдгээр өөрчилдөг. Тухайн хүн өөрчилсөн ажилд шилжин ажиллаж журам нь хөдөлмөрийн тухай хуульд хуульчилсан байгаа. Тухайн ажил үүрэг нь өөрчлөгдсөнтэй холбоотой Сангийн яам сумдад зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Зөвхөн сургууль цэцэрлэг, эмнэлгийн нягтлан бодогч нараас бүрдүүл гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. Тухайн зөвлөмж нь Сангийн яамны 2014 оны 02 сарын 04-ний өдрийн албан бичиг байгаа. Аймгийн төрийн сангийн дарга, Аймгийн Засаг дарга нар хэлэлцээд тухайн албан бичгээ сумын Засаг дарга руу хүргүүлсэн байдаг. Тэр талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Тухайн санхүүгийн албанд ажиллах нягтлан бодогч нарын нэрсийг хүргүүлсэн. Тэр дотор Болормаагийн нэр байсан. Гэтэл 2015 онд хийгдсэн ажлыг 2017 онд ажлын байрны шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлын байрыг нь сул орон тоо гэж зарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 2015 онд хийгдсэн ажлыг 2016 онд ажлын байрны сул орон тоог зарлуулах боломжтой байсан. Бусад сум дээр сул орон тоо гэж зарлаагүй байж ганцхан Б-ийн ажлын байранд сул орон тоо гэж зарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Үйлчилгээний албанаас захиргааны албанд шилжсэн гэдэг үндэслэлээр сул орон тоо зарласан тохиолдолд Тамгын дарга нь эсхүл Засаг дарга нь үр дүнгийн гэрээ байгуулдаг. 2015 оны 01 сарын 01-ны өдрөөс томилогдсон байгаа. Тэгэхээр 2015, 2016 онуудад үр дүнгийн гэрээ байгуулна. Үр дүнгийн гэрээ байгуулахдаа сонгон шалгаруулалтад орохыг нь заагаад өгөх ёстой байсан. Ажиллаж байсан хүмүүсээс сонгон шалгаруулна гэж заасан байгаа. Тэгэхээр нягтлан бодогчоор ажиллаад мэргэжил дадлага туршлагыг нь харгалзаад тусгай шаардлагыг хангасан хүнийг томилж яваа нь үндэслэлтэй гэж үзэж байна. 2015  онд  сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Б-г томилсон тушаал өнөөдрийн байдлаар хүчингүй болсон бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гараагүй. Зөвхөн Тамгын газрын даргын үзэмжээр шийдэгдсэн болох нь харагдаж байгаа учир Б-ийн ажлын байрыг тухайн үед томилох үндэслэлгүй байсан гэж үзэж байна. Б-г томилсон эрхийн актыг ямар нэгэн байдлаар хүчингүй болгосон асуудал байхгүй. Тухайн ажилд томилсон тушаал хууль зөрчиж гарсан гэдэг шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Шилжүүлэн ажиллах журмыг Төрийн захиргааны төв байгууллага тогтоодог. Засгийн газар энэ хүмүүсийн эрхэнд халдаад бүтэц зохион байгуулалтыг нь өөрчилсөн. Тухайн үед 2015 онд төрийн захиргааны төв байгууллага тухай асуудлыг шийдвэрлэсэн. Сонгон шалгаруулалтыг тухайн үед яагаад зарлаагүй юм бэ? Хууль зөрчсөн үйлдлийг шаардах эрхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэгчийн эрх яригдана гэж байна. Өнөөдөр захиргааны хуульд гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалсан заалт байсан тулдаа Болормаа бие даасан гуравдагч этгээдээр оролцож байна. Тэгэхээр төрийн байгууллагын хууль бус алдаанаас болж 2 хүний эрх ашиг хөндөгдөж байна. Төрийн байгууллага эхнээсээ хуулиа дагаж ажилласан бол өнөөдөр энэ 2 хүний эрх ашиг хөндөгдөхгүй байсан. Өнөөдөр Б-г чөлөөлөх үндэслэл байхгүй, Э.У-ыг ажилгүй үлдээх үндэслэл байхгүй. Энэ 2 хүн хоёулаа ажлын байртай байх хүмүүс.Тухайн хүн хүндэтгэн үзэх  шалтгаангүйгээр ороогүй бол өөр хэрэг гэтэл тухайн хүн шалтгаантай байгаад төрийн албаны шалгалтад орж чадаагүй байгаа.  Тухайн ажилд нь Э.У-г томилогдсон хэдий ч Б өөр ажлын байранд хамрагдах ёстой байгаа. Тухайн 2 хүний эрх ашиг хоёулаа хангагдах ёстой байгаа. Б ажлын байран дээрээс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй байгаа. Иймээс тухайн хоёр хүний эрх ашгийг хоёуланг нь хангаж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралд хэргийн оролцогч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбар, нотлох баримт зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг Даргын Тамгын Газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/03 дугаар тушаалаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулах гэсэн тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Э.У-ын нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

         Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 326 дугаар дугаартай санхүүгийн алба байгуулах тухай засгийн газрын тогтоолын дагуу сумын Засаг даргын Тамгын газарт сумдад санхүүгийн алба байгуулж ажиллахаар тогтоол гарчээ. Үүний дагуу  Монгол Улсын Сангийн Яамны 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 4-3/6495 дугаар бүхий аймгуудын Засаг дарга нарт санхүүгийн алба байгуулах зөвлөмж хүргүүлж сумдад санхүүгийн албыг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж боловсон хүчнийг нягтлан бодогч, Төрийн сангийн төлөөлөгч, сургууль, цэцэрлэг эмнэлгийн нягтлан бодогч нараас томилохоор заасан байна. Үүний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сумдын “төрийн сангийн мэргэжилтэн” ээр томилохоор зөвшилцсөний дагуу Тонхил сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогч Д.Бг Тонхил сумын эрүүл мэндийн төвийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/05 дугаартай сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар сумын “төрийн сангын мэргэжилтэн”-ээр томилсон байна.

       Говь-Алтай аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс сумдуудад төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалга  хүргүүлж, Тонхил сумд малын үйлдвэрлэл,технологи үржил,бүртгэл хариуцсан мэргэжилтэн, төсөв төрийн сангийн мэргэжилтний захиалгын дагуу тус сумаас 2016 оны 02 дугаар сарын 22-ны Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 3/39 тоотоор тус суманд 3 мэргэжилтний сул орон тоо ажлын байрны захиалгыг хүргүүлсэн  ба түүний дотор сумын төсөв, төрийн сангийн ажлын байр зарлагдаж аймгийн төрийн албаны салбар зөвлөлд уг саналаа явуулжээ. Улмаар тухайн орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалт нь 2016 оны 05 дугаар сарын 20 өдөр болж Тонхил сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний орон тоон дээр Э.У нийт 67,5 оноогоор тэнцсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

          Нэхэмжлэгч Э.У нь 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Завхан дах салбар сургуульд гааль, татварын эдийн засаг мэргэжлийг БАКАЛАВР зэрэгтэйгээр № *************** дугаар бүхий дипломтойгоор дүүргэжээ.

           

           Нэхэмжлэгч Э.У нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй ... тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ.” гэсний дагуу  төрийн албаны шалгалт өгч тэнцсэн тул аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 86 тоотоор Э.Ууганбаяр нь төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн гэх тоот, төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай тоотоор сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн, 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 114 тоотоор мөн Э.Ууганбаярыг 88 дугаартай албан бичгээр томилуулахаар нэр дэвшүүлж холбогдох материалыг явуулж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлэх тухай бичиг, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 88 болон 114 дүгээр албан бичгийн хэрхэн шийдвэрлэсэн талаар аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хариу мэдэгдэх талаар удаа дараа албан тоот явуулж байсан байна.    

         Мөн хуулийн 17 дугаар зүйлийн  17.6 дах хэсэгт зааснаар “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна.” гэсний дагуу Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/03 тушаалаар Э.У-ыг санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэг жилийн хугацаагаар томилсон шийдвэр гаргажээ.                                

        Урьд ажиллаж байсан Д.Б-г төрийн албаны мэргэшлийн шалгалтанд ороогүй гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/02 тушаалаар  санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн байна. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 3/245 дугаар бүхий тоотод Д.Б нь төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа ба төрийн албаны мэргэшлийн шалгалтанд ороогүй гэх тодорхойлолт хавтаст хэргийн материалд авагдсан байна. Өөрөөр хэлбэл: Тонхил сумын  Засаг даргын Тамгын газрын Төсөв төрийн сангийн мэргэжилтний орон тоо нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны албан тушаал учир төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч ажиллахаар байх учир Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 24-ий өдрийн Б/03 дугаар тушаалаа хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, мөн тус сумын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.У-ыг Тонхил сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтний орон тоонд томилох нь зүйтэй байна.                                       

        Гуравдагч этгээд Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаж “ миний ажлын байрыг надад мэдэгдэхгүйгээр зарлах санал хүргүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Тонхил сумын засаг даргын тамгын газрын албан бичиг нь хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт явуулсан нь буруу болохыг тогтоож, миний эрх ашгийг сэргээж өгнө үү.” гэсэн шаардлага гаргасан.

             Гуравдагч этгээд Д.Б-ийн гаргасан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/39 дугаар Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны захиалга хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юмаа. Учир нь: Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын төсөв төрийн сангийн   мэргэжилтний  албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны албан  тушаал ба ТЗ-р цалинждаг төрийн жинхэнэ албан хаагч учир төрийн албаны шалгалт өгсөн, төрийн жинхэнэ албан хаагч ажиллахаар байна. 

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны 86 дугаартай тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэжлийн шалгалт авах журамд зааснаар Тонхил сумын Засаг даргын тамгын газраас сул орон тооны захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь нятлаж үзээд төрийн албаны мэргэшлийн шалгалтын нээлттэй зохион байгуулсан байна. 

         Харин Д.Б-г Монгол улсын Сангийн яамны 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 4-3/6495 дугаар албан бичгийн дагуу Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын төсөв, төрийн сангийн мэргэжилтний орон тоонд томилогдож төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд сэлгэн томилсон атлаа Д.Б-г төрийн албаны шалгалт өгөөгүй гэж ажлаас нь шууд чөлөөлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Д.Б-д тухайн төрийн үйлчилгээний /нягтлан бодогч/ ажил албан тушаалтай нь дүйцхүйц ажил томилон ажиллуулах нь зүйтэй юм.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/03 дуаар тушаалаа хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй  хууль бус болохыг тогтоож,  2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.У-ыг Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.8, 17.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Д.Б-ийн Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/39 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, аймгийн Төрийн албаны салбар зөвлөл нь тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.Б-г эрхэлж байсан ажил албан тушаалд дүйцхүйц ажилд томилохыг хариуцагч Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт  заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.САРАНЧИМЭГ