Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0020

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0020

Улаанбаатар хот

 

 

                                                  “С” ХХК-ийн гомдолтой              

                                                 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “С” ХХК-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 7.9 дүгээр зүйлийн 5, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 29 дүгээр зүйлийн 29.1.8-д тус тус заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.А шүүхэд гаргасан гомдолдоо: “...Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэр нь хууль ёсны шаардлагыг хангаагүй ба үндэслэлгүй байна гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүх хуралдаанд оролцох эрхгүй этгээдийг хариуцагчаар төлөөлүүлж оролцуулсан нь хууль зөрчсөн.

Шүүх хуралдаанд хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай Б.Наранжаргал нь өөрийгөө төлөөлүүлж иргэн Н.З-ыг оролцуулсан ба энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хариуцагчийг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүгч хүлээн аваагүйгээр итгэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар захиргааны байгууллагыг хуулиар бүрэн эрх олгогдсон удирдах албан тушаалтан хуульд заасны дагуу итгэмжлэлгүйгээр, эсхүл хуулиар эрх олгогдсон удирдах албан тушаалтны шийдвэрээр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлнө.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33, 34, 35, 36  дугаар зүйлд заасан хуульд зааснаар бусдыг төлөөлөх хуулийн заалтуудыг зөрчсөн.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал нь өөрийн ажлын хүрээнд ашиглагддаг байгууллагын бусдад төлөөлүүлсэн итгэмжлэл дээр дарж өөрийн эрх, үүрэгтэй хамааруулсан этгээдээр төлүүлсэн нь үндэслэлгүй.

Тухайн итгэмжлэл олгосон тэмдэг дээр нь мэргэжлийн хяналтын газар гэсэн бичээс бүхий дардастай байх ба энэ нь тухайн байгууллагын тэмдгийг хариуцагч нь ашиглаж бусдад итгэмжлэл өгч буй нь өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн ашигласан гэж үзэхээр байна.

Тухайн байгууллагын тэмдгийг хариуцагч зөвхөн ажил хэрэг буюу өөрийн эрх, үүргийн хүрээнд явуулж буй ажиллагаа болох шийтгэлийн хуудас, тэмдэглэл, дүгнэлт гэх мэт эрх зүйн ач холбогдол бүхий баримт бичигт дарж баталгаажуулах болохоос биш итгэмжлэлийг хуулийн дагуу бусдад олгоход ашиглагдах ёсгүй. Иймд шүүх хуралдаанд оролцсон Н.З нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй юм.

2. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0144683 дугаартай шийтгэлийн хуудсаар хэнийг торгосон эсэх нь эргэлзээтэй байна.

Учир нь маргаан бүхий шийтгэлийн хуудас дээр “С” ХХК-ийг торгосон асуудал байхгүй, харин иргэн Д.Б-ын нэр, регистрийн дугаарыг бичиж, хувь хүнийг 3000 нэгжээр торгосон.

Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрээ өөрөө нотлох үүргийг хүлээдэг ба энэ талаар түүнээс шүүх хуралдаан дээр лавлахаар өөрийг нь оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй, төлөөлсөн хүн нь өөрөө зөрчлийн арга хэмжээг аваагүй учраас үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй.

Эрх бүхий этгээдийн хуулийн дагуу гарч байгаа шийдвэр, акт нь тодорхой салаа утгагүй бусдад ойлгомжтой байх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар зөрчил гаргасан гэх байгууллагын удирдлагад мэдэгдэх ажиллагаа хийгдэх ёстой байтал шууд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нь буруу.

3. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын үндэслэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн харин гэрээний нөхцөлийг зөрчин үйл ажиллагаа явуулсан учраас шийтгэл оногдуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгасугай гэсэн болохоор торгууль ногдуулсан гэж хариуцагч тайлбарласан.

Хэрвээ эрүүгийн хэрэг биш гэрээний үйл ажиллагаа зөрчсөн бол Иргэний хэргийн шүүхэд холбогдох албан тушаалтнууд хандаж учирсан хохирол хор уршгаа шийдвэрлүүлэх боломжтой байсан.

Зөрчлийн үндэслэл нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр мод тээвэрлэсэн гэсэн байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын Тамгын газартай /Засаг дарга Б.Атартулга давхар зөвшөөрч баталсан/ 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/12 дугаартай “Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээ”-нд заасны дагуу тээвэрлэлтийг сумын төв дээр очин шилжүүлсэн сийрүүлэлт хийх модны тоогоор төлбөрөө төлөн холбогдох баримтаа аван Улаанбаатар хот руу тээвэрлэх ёстой байтал тээвэрлэж эхлээгүй байхад зөрчил оногдуулсан нь үндэслэлгүй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байна.

Гомдол гаргагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Ар тойлбо”, “Тогосын нарс” хэмээх газраас ухаж авсан 16 ширхэг, 5 метр өндөртэй шилмүүст үүлдрийн зулзаган нарс төрлийн нойтон модыг шилжүүлэн суулгахаар 64-60 АЧ дугаар чиргүүл бүхий “Хюндай” маркын тээврийн хэрэгслээр ачиж явсан, мөн 9 ширхэг модыг ухаж аваад буцааж суулгасан үйл баримттай маргаагүй, харин “...ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, сумын Засаг даргатай байгуулсан 2/12 дугаар “Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээ”-тэй тул мод тээвэрлэсэн, шийтгэлийн хуудсаар иргэн, хуулийн этгээдийн алиныг нь торгож байгаа нь эргэлзээтэй...” гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан.

“С” ХХК-ийн сумын Засаг даргатай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ойн салбарт хамтран ажиллах хоёр талын гэрээ”-ний 1-д “...ойн арчилгаа цэвэрлэгээ, ойжуулалт хийх, хөрөнгө оруулах, эрх үүрэг хүлээх, маргаан шийдвэрлэх асуудал нь энэхүү гэрээгээр зохицуулагдана. Гэрээний хугацаа  ... 20 жилийн хугацаатай байна”, 2-т “ “С” ХХК нь Хушаат сумын “Ар тойлбо” дахь хэт шигүүрэлтэй ургасан зулзаган нарсыг биологийн хувьд авран хамгаалж, ойн зохион байгуулалт, ойн цэвэрлэгээ, арчилгаа, мод үржүүлгийн ажлын хүрээнд ажиллах зорилготой” гэж заасныг тус компанид 20 жилийн хугацаанд өөрийн эзэмшлийн гэх 100 га газраас ямар ч цаг хугацаанд, ямар ч төрөл, зориулалт, тоо хэмжээтэй модыг зохих зөвшөөрөлгүйгээр ухаж авч тээвэрлэх эрхийг олгосон гэж ойлгохооргүй байна. 

Учир нь Ойн тухай хуулийн зорилго нь ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлд ойд хориглох үйл ажиллагааг нэрлэн зааж, 29.1.8-д “Байгалийн ойгоос зулзаган модыг энэ хуулийн 14.1-д заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгахыг хориглоно” гэж заажээ. 

“С” ХХК нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж Хушаат сумын ойн ангийн зөвшөөрөлгүй мод шилжүүлэн суулгахаар тээвэрлэсэн нь тогтоогдсон, мөн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 75 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ойгоос мод шилжүүлэн суулгах журам”-ын 2.1-д “Мод шилжүүлэн суулгах хүсэлтдээ ойгоос шилжүүлэх суулгах модны төрөл, тоо, өндөр, нас, зориулалт, шилжүүлэн суулгах газрын талаарх мэдээллийг тусгасан байна”, 3.1-д “Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч, ... тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулна” гэж заасныг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Мөн дээрх 2/12 дугаар гэрээний 4.6-д “... шигүүрэлтэй талбайгаас ... шилжүүлэн суулгах нарсны 1 ширхэг тутмаас 5000 төгрөгийн хураамжийг ... сумын орлого болгоно” гэж заасны дагуу зөрчлийг илрүүлэн тогтоох үед гомдол гаргагчаас ямар нэгэн хураамжийг төлөөгүй байсан бөгөөд уг гэрээнд шилжүүлэн суулгах модны тоо ширхэг, төрөл зэргийг тусгайлан заагаагүй, хэдэн онд, хэдэн ширхэг модыг, хэдэн төгрөгөөр авахыг 20 жилийн хугацаанд урьдчилан тооцох боломжгүй тул 2/12 дугаар гэрээ нь энэ хугацаанд хамтран ажиллах ерөнхий гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5-д заасан ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил нь нэгэнт нотлогдож буй энэ тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 0144683 дугаар шийтгэлийн хуудсаар хуулийн этгээдэд хамаарах нэгж болох 3,000,000 төгрөгөөр торгууль ногдуулсан нь эдгээр хуулиудын зорилго, зарчимд нийцсэн байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 18/02 дугаар Хяналт шалгалт хийх удирдамжийн 3-д “...2.5 кодтой ой ашиглалтын мэргэжлийн байгууллагын мод бэлтгэлтийн үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх байдлыг шалгах...”, удирдамжийн  2-т “чиглэл тус бүрээр илэрсэн зөрчилд зохих хариуцлага тооцох, зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид зөрчлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх...” гэж заасан байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.      

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж заасан бөгөөд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон шийтгэлийн хуудаст холбогдогч  “С” ХХК-ийн менежер Д.Б гарын үсэг зурсныг хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй.

Мөн “....шийтгэлийн хуудсанд хуулийн этгээдийн регистрийн дугаарыг бичээгүй, шийтгэлийн хуудас нь хэнийг торгосон нь эргэлзээтэй...” гэх гомдлын үндэслэлээр 0144683 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй бөгөөд шийтгэлийн хуудсанд хуулийн этгээд гэсний доогуур зурж тэмдэглэснээс гадна шүүх хуралдаанд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Д.Б би тус компанид менежер ажилтай, тухайн үед Хушаат суманд албан томилолтоор ажиллаж байсан...” гэх тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Давж заалдах гомдолд “шүүх хуралдаанд оролцох эрхгүй этгээдийг хариуцагчаар төлөөлүүлж оролцуулсан нь хууль зөрчсөн” гэх тухайд. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж зааснаар хариуцагч байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал нь гомдлын шаардлагыг гардан авч, шүүхэд бичгээр хариу тайлбар[1] болон тодруулга[2] ирүүлж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасныг үндэслэн Н.Зт итгэмжлэл[3] олгосныг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нийтлэг эрх үүргийг зааж, 10.9.11-д “Улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.9.12-т “Хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэснээс үзвэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал нь хуулиар олгогдсон эрх, үүргийг бие даан хэрэгжүүлдэг эрх бүхий албан тушаалтан байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно” гэж зааснаар хариуцагч Б.Наранжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд оролцсоныг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх “Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33, 34, 35, 36  дугаар зүйлд заасныг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчим, холбогдох бусад хууль журамд нийцүүлэн зөв дүгнэж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

               ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

               ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

 

[1] Хавтаст хэргийн 104 дэх тал 

[2] Хавтаст хэргийн 106 дахь тал

[3] Хавтаст хэргийн 108 дахь тал