Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1928

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01928

 

Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05899 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Баярсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ганбаатар, Г.Одончимэг нарт холбогдох

 

Худалдах худалдан адах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулах, гэрэгээр шилжүүлсэн зүйл болон хохиролд 26 613 541 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй, хохиролд  нийт 64 017 725 төгрөг гаргуулах  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Б.Ганбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.Ганбаатар, Г.Одончимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Я.Баатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайханы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны 66 тоотод байрлах 2 давхар амины орон сууцыг 60.000.000 төгрөгөөр  хашаа, газрын хамт худалдан авахаар тохиролцсон. Ц.Баярсайхан нь өөрийн охин Халиуны нэр дээр худалдаж авахаар, банкинд 30 хувийг төлж зээлээ авах гэхэд Б.Ганбаатарын иргэний үнэмлэх нь барьцаанд байгаагаас зээлийг авах боломжгүй болж маргаан үүссэн. Маргааныг шүүхээр шийдвэрлүүлж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоод наймаа буцсан. Б.Ганбаатарын иргэний үнэмлэхийг авахын тулд Сэлэнгэ аймгаас 1.000.000 төгрөг зарцуулж хүлээлгэж өгсөн, 2.000.000 төгрөгийн өртэй байсныг нь Ц.Баярсайхан өмнөөс нь төлж чөлөөлсөн. Байшинг хүлээж аваад 380 холболтыг 3.000.000 төгрөгөөр хийлгэсэн. Б.Ганбаатарын хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлсөн. Байшингийн балконыг янзлаад хүн амьдрах зориулалттай болгосон. Нийт 25 000 000 төгрөгийн засвар хийсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу байшинг хүлээлгэн өгсөн. Манай зүгээс байшингийн ар талд нэг өргөтгөл гэж өрөө гаргаж 2 давхрыг битүүлээд шатыг өөрчлөөд хүн амьдрах нөхцлөөр хангаж, бүрэн засвар хийсэн. Иймд хариуцагч нараас цахилгааны төлбөр 503 000 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлсөн 2 147 000 төгрөг, Г.Одончимэгт өгсөн 100 000 төгрөг, Б.Ганбаатарт өгсөн 1 000 000 төгрөг, засан сайжруулсан зардал 22 863 541 төгрөг, нийт 26 613 541 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Ц.Баярсайхан нь тохиролцсон ёсоор үнээ төлөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсч Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Г.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр үл хөдлөхийн гэрчилгээнд байгаа боловч би мөнгөний асуудалд холбоогүй энэ хүмүүстэй би аавын хамт уулзаж байсан. Нэхэмжлэгч нь мөнгөө өгөхгүй хугацаа хэтрээд байсан тул наймаа буцсан. Нэхэмжлэл нь надад огт хамаагүй гэжээ.

 

Хариуцагч Б.Ганбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Баярсайхан нь банкны зээл хөөцөлдөөгүй атлаа шүүхийн шийдвэр гарч байшинг хураан авах хүртэл 2 жилийн турш миний өмчид хууль бусаар амьдарч, дур мэдэн засвар хийсэн гэх боловч уг засвар нь чанаргүйн дээр миний байшинг хүн амьдрах нөхцөлгүй болгож эвдэн сүйтгэсэн байсан. Байшинг хүлээн авахад халаалтын систем бүрэн хөлдөж дахин ашиглах боломжгүй болсон.

 

Ц.Баярсайхан нь 2 жил үнэ төлбөргүй суусан, миний зөвшөөрөлгүйгээр засвар хийх нэрийдлээр зуухыг авч хаяж, нарны тусгал, агаар орох цонх ханыг битүүлж, дээвэр хананаас ус алддаг болгосон. Дахин засвар хийж байшинг хэвийн хэмжээнд, анхны байдалд нь аваачихад 32 183 394 төгрөг болсон. Ц.Баярсайханы амьдарч байх хугацааны цахилгааны төлбөр 3 834 331 төгрөгийг төлсөн. Иймд байшинг сэргээн засварлахад гарсан 34 183 394 төгрөг, цахилгааны төлбөр 3 834 331 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, нийт 40 017 725 төгрөг, түрээсийн мөнгийг нэмээд нийт 64 017 725 төгрөгийг Ц.Баярсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй, өмнө нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 318 дугаар зүйлийн 318.1,
492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ц.Ганбаатараас 26 010 541 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ганбаатарт олгож, 603 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ц.Баярсайханаас 3 834 331 төгрөг гаргуулан Б.Ганбаатарт олгож, 60 183 176 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 291 017 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ганбаатараас 288 002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, Б.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 635 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярсайханаас 76 299 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Ганбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр бүхэлдээ үг үсэг, утга найруулгын алдаатай, хариуцагч нэхэмжлэгч нарын нэрийг хольж сольсон. Ц.Баярсайхан, Г.Одончимэг нарын өмчлөлийн байшинд засвар хийж хөрөнгө оруулалт хийсний төлбөрөө нэхэмжлэх эрхтэй гэж үзжээ. Анх 2011 оны 08 сард  Ц.Баярсайхан нь Б.Ганбаатарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр худалдан авахдаа банкинд урьдчилгаа 30 хувийг огт байршуулаагүйн улмаас идэвхитэй хөөцөлдөөгүй байсаар хэлцэл хүчингүй болсон. Гэтэл шүүх Баярсайханыг нэгэнт байгуулсан гэрээнд заасан үүрэг биелүүлээгүй учир цуцлагдсан гэж дүгнэсэн нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Баярсайхан нь банкны зээл хөөцөлдөөгүй атлаа 30 сарын турш Б.Ганбаатарын өмчийг хууль бусаар эзэмшин өмчлөгчид нь огт хэлэлгүй бусдын өмч хөрөнгөд дур мэдэн засвар хийсэн.

Нэхэмжлэгч нь шаардлагад заасан дүнг нотолсон нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй байхад хэрэгт авагдсан мэтээр шаардлагыг бүхэлд нь хангаж шүүхээс томилсон "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийг шинжээчийн дүгнэлтэд тусгасан хувийн сууцны засвар үйлчилгээний зардлыг сууцыг засан сайжруулахад нийт 11 724 575 төгрөгийн шууд зардал гэж тогтоосон нотлох баримт байсаар байтал уг үнэлгээг харгалзахгүйгээр бодит бус дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг буруу шийдвэрлэсэн.  Хас банкнаас урьдчилгаа төлсөн гэх баримт нь хэрэгт огт авагдаагүй хуурамч баримт ирүүлснийг шинжилгээ хийхгүйгээр шууд хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт болгосон.

Шүүх цахилгааны төлбөр 3 834 331 төгрөгийг хангаад бусад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой. Ц.Баярсайханаас болж удаа дараа эд хөрөнгө, цаг хугацаа, эдийн засаг сэтгэл санаа бүхий л зүйлээрээ хохирсон байгааг шүүх огт харгалзан үзээгүйд маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь хариуцагч Б.Ганбаатар, Г.Одончимэг нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйл болон хохиролд 26 613 541 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч Б.Ганбаатар, Г.Одончимэг нар төлөх үндэслэлгүй гэж маргаж, хохиролд 64 017 725 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

           

Анхан шатны шүүх Б.Ганбаатар  Г.Одончимэгт нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа зөвхөн Б.Ганбаатарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэж, Г.Одончимэгт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Баярсайхан болон хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарантуяа нараас гаргасан хэрэг татуулах, нотлох баримтыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь /хх- 91, 174/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. 

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт заасан “....нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбар ....агуулгыг заана” гэсэн шийдвэрт тавигдах хууль зүйн техникийг хангаагүй, мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй  байна.

 

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Сиди бичлэгийг шүүх шинжлэн судалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зааснаар уг цахим мэдээллийн эх сурвалжийн агуулгыг тэмдэглэж бэхжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгожээ. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч Ц.Ганбаатар” гэж хэргийн оролцогчийн нэрийг буруу тусгасан, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл дугаар авагдаагүй, хуралдаан эхэлсэн цаг хугацаа зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасан шийдвэр “хүчинтэй” болох, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасан шийдвэр “хүчин төгөлдөр” болох нь өөр агуулга, үр дагавартай ойлголт бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад “хуулийн хүчин төгөлдөр” гэж буруу бичсэн алдаа байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд  оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/05899 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Ганбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

                                               

                                                ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                          Ш.ОЮУНХАНД